Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 0078

 

                                      Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 сарын 23 өдрийн 262 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Жаргалант сумын Соёл мэдээллийн төвд 22 дахь жилдээ ажиллаж байна. Би номын санч үйлчлэгчээр ажиллаж байтал СМТ-ын захирал Б.Оюунгэрэл 2016-08-18-ны өдрийн 23 тоот тушаал гарган, намайг үндэслэлгүйгээр ажлаас халж хохироосонд гомдолтой байна. Би байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй, хөдөлмөрийн хуулинд заасан сахилгын шийтгэл огт хүлээж байгаагүй билээ. Гэтэл Б.Оюунгэрэл захирлын тушаалд намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж ажлаас халсан бололтой юм. Энэ нь намайг гүтгэсэн хэрэг бөгөөд түүний хууль эрх зүйн мэдлэггүй болох нь тодорхой харагдлаа. Мөн тушаалд ажил хүлээлцэх комиссийн бүрэлдэхүүнд гишүүдэд Б.Оюунгэрэл эрхлэгч гэж бичсэн байгаа нь өөрийгөө ажил хүлээлцэх комисст оруулсан нь ямар учиртай юм бол. Б.Оюунгэрэл нь ээлжийн амралттай байхдаа намайг ажлаас халах тушаал гаргаж байгаа нь хүний ёс зүйд нийцэхгүй бөгөөд энэ нь хүчин төгөлдөр эрхийн акт биш гэж үзэж байна. Иймд Оюунгэрэл захирлын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот тушаалыг хүчингүйд тооцож, намайг Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Оюунчимэгийг Жаргалант сумын соёл мэдээллийн төвийн эрхлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай |тушаалаар халсан нь үндэслэлтэй. Б.Оюунчимэг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ажил таслаж, Соёл мэдээллийн төвд сонгуулийн хэсгийн хороо байрлаж байхад ажлын байран дээр архи уусан. Нотлох баримтууд байгаа. Соёл мэдээллийн төвийн эрхлэгч Оюунгэрэл би БСГ-ын даргын 296 тоот дугаартай албан тоотын дагуу 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орж 15-ны өглөө Сумын засаг дарга Х.Бөхтулгад албан ёсоор мэдэгдсэн. Б.Оюунчимэгийг ээлжийн амралттай үедээ халаагүй болно. Иймд Оюунчимэгийн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халах үндэслэлтэй тул Оюунчимэгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23 өдрийн 262 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Оюунчимэгийг Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч-үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 3 588 695 төгрөгийг Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төвөөс гаргуулан Б.Оюунчимэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийн цалинтай тэнцэх нөхөх олговор 3 588 965 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Орхон аймгийн Жаргалант сумын Соёл мэдээллийн төв-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг улсын орлогод оруулсныг Б.Оюунчимэгт буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 72 369 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэл давж заалдсан гомдолдоо:

Жаргалант сумын Соёл Мэдээлэлийн төвийн эрхлэгч Б.Оюунгэрэл би 2016-08-18 ны өдрийн 23 тоот тушааалаараа Б.Оюунчимэгийг 2016 оны 08 сарын 18 нд халсан нь үндэслэлтэй юм. Б.Оюунчимэг нь 06, 07 нд ажил тасалсан, 08-р сарын 04-нд орох байтал 16-нд орсон зэрэг хангалттай нотлогдсон учраас ажлаас халсан болно.

Ээлжийн амралтын мэдэгдэл 2 өөр байна гэсэн. Бид санхүү, цалингийн баримтыг л үндэслэдэг. Санхүүгийн баримт дээр 8-р сарын 04-нд орно гэж өөрөө хоногоо бодож үзэж гарын үсэг зурчихаад намайг 18нд ор гэсэн мэдэгдэх хуудас өгсөн гэж аймшигтайгаар гүтгэсэн. Б.Оюунчимэг 24 хоног амрах ёстой. Гэтэл 18 нд орвол 34 хоног амрах болж байна. Б.Оюунчимэг ажиллаж байх үед намайг мэдэгдэх хуудас оруулж ирж өгсөн гэж хэлсэн. Тэгвэл 07-р сард 18-аас хойш ажиллахыг нь урьдчилан харах боломжгүй юм. Надад энэ тухай юу ч хэлээгүй. Энэхүү мэдэгдэх хуудас хуурамч, ямар нэг аргаар зассан гэж үзэж байна.Учир нь өнөөгийн дэвшилтэт техник, технолги хөгжсөн эрин үед мэдэгдэх хуудас байтугай дипломыг хүртэл ялгахын аргагүй хуурамчаар хийдэг болсон. Анхан шатны шүүх зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд үнэнийг тунгаан үзэж шударгаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдсан гомдолдоо:

Ажил олгогчтой байгууулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, хөдөлмөрийн дотоод журамд “хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан...” гэдгийг нэрлэн заасан сахилгын ноцтой зөрчил бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 6,7 ны өдөр, 2016 оны 08 дугаар сард ажил тасалсан нь нотлох баримтаар хангалттай нотпогдсон.Шүүх хуралдаан эхлэхээс өмнө цагийн бүртгэл эхээр, Ажил хэрхэн тасалсан талаар Э.Оюунтай Б.Оюунгэрэл ярилцсан бичлэг бүхий СД бусад баримтыг хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч шүүх хүлээн аваагүй.Захирамжинд гомдол гаргах эрхгүй гэсэн.Эдгээр баримтууд нь ” ... ажилчдын цагийн бүртгэл засвартай, хэрэгт өгсөн хувийг наториатаар гэрчлүүлсэн хэдий ч, эх хувь нь байхгүй ... хуулбар дээр тамгаа дарж батлуулсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан ...” гэж шүүх үнэлснийг няцаах баримт байсан боловч шүүх аваагүй нь ИХШХШТХ-ийг зөрчсөн алдаа гэж үзэж байгаа.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлд “амралтын ба баяр ёслолын өдөр ажилласан үед цалингийн сан хүрч байгаа тохиолдолд мөнгийг, хүрэхгүй тохиодолд дараагийн өдрүүдэд нөхөж амараана” гэж заажээ ... ээлжийн амралттай байх хугацаандаа баяр ёслолын үеэр ажиллаад нөхөж амарсан асуудал нь ажил тасалсан гэж үзэх шалтгаан болохгүй” гэсэн дүгнэлт дэндүү хийсвэр дүгнэлт болжээ.Б.Оюунчимэгийг 2016 оны 07 дугаар сард ажилласан гэж Э.Оюуны хийж өгсөн бичгийн талаар хэрэгт өгөх байсан СД тодорхой ярьсан бичлэг бий.Шүүхэд гэрчээр асуухад нь энэ талаар өмгөөлөгч миний бие тодорхой асуусан.Шүүх хуралдааны тэмдэглэлд бий.2016 оны 7 дугаар сард сумын баяр наадам 5 өдөр үргэлжпээгүй, 5 өдөр ажилласан асуудал байхгүй.Баяр наадмын үеэр илүү цаг ажилласан ажилчдад мөнгийг 2016-07-18 ны өдрийн 21 дүгээр тушаалаар олгосон юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна .” гэж заасныг шүүх өөрийн үзэмжээр тайлбарлан, “ хууль тогтоогч нэгэнт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж тодотгосон байгааг анхаарах нь зүйтэй...” дүгнэлт хийж байгаа дэндүү бүдүүлэг алдаа юм.

Дээрх заалтыг зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сар гэдэг нь заавал хавсран үйлчлэх хугацаа бөгөөд шүүхийн практикт хэрэглээд хэвшсэн ойлголтыг ажил олгогч зөвхөн илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэж шууд утгаар нь хэрэгжүүлж болохгүй.

Б.Оюунчимэгийн хувьд Сахилгын зөрчил гаргасан 2016 оны 06 дугаар сараас хойш үргэлжлүүүлэн ээлжийн амралт авч, ажил таслаад 2016 оны 08 дугаар сарын 16 ны өдөр ажилд орж ирсэн учраас 8 дугаар сард сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-тзаасныгбаримталсан үндэслэлтэй шийдэл байсан.

Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-02-23 ны өдрийн 262 дугаартай шийдвэрийг хүчингүй оолгож, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хүлээн авч, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч-үйлчлэгчийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ сумын Соёл мэдээллийн төвийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаарын тушаалд үндэслэн тодорхойлсон ба хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн номын санч үйлчлэгчийн ажилд ажиллаж байгаад Соёл мэдээллийн төвийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт байгууллагын дотоод журмын 8.2.2, 8.2.3, 11.1.1, 11.1.2, 11.1.4.6 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 5.1.1 дэх заалт зэргийг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр үүрэгт ажлаасаа халагджээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ажлаас халсан тушаалын үндэслэлээ Б.Оюунчимэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 06 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болон мөн ээлжийн амралтаа 2016 оны 07 дугаар сарын 01-нээс аваад 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр орох байтал 08 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орж, ажил тасалсан, ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар” заасан зөрчил гаргасан гэж тодорхойлон мэтгэлцжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Оюунчимэг 2016 оны 06 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд ажил тасалсан ажлаас халах ноцтой зөрчил гаргасан гэж маргаж байгаа ба энэ зөрчлийг тухайн үедээ илрүүлсэн боловч арга хэмжээ аваагүй 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрйин тушаалаар ажлаас халах сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээрс зүйлийн 131.2-т заасан “сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэлийг ногдуулна” гэсэн заалтыг зөрчсөн. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч Б.Оюунчимэгийг 2016 оны 07 дугаар сарын 01-нээс ээлжийн амралтаа авч 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ажилд орох байтал 16-ны өдөр ажилдаа орж ажил тасалсан зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах 1 үндэслэл болгосон байгаа боловч үүнийг нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Оюунчимэгт өгсөн ээлжийн амралтын мэдэгдэлд 2016 оны 08 дугаар сарын 18-нд ажилдаа орохоор /хх-170/, хэргийн 219 дэх хуудсанд авагдсан /байгууллагад үлдэх хувь нь/ мэдэгдэл нь 2016 оны 08 дугаар сарын 04-ны өдөр ажилд орохоор зөрүүтэй бичигдсэн, Жаргалант сумын баяр наадмын өдрүүдэд нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь 5 хоног ажилласан энэ хугацааг оруулж тооцсон учир 08 дугаар сарын 16-нд ажилдаа орсон гэж тайлбар гаргасан хариуцагч байгууллагын төлөөлөгч баяр наадмын өдрөөр Б.Оюунчимэг ажиллаагүй гэж харилцан мэтгэлцэж байх боловч тус байгууллагын ня-бо Оюун “Б.Оюунчимэг баяр наадмын өдрүүдэд ажилдаа ирсэн байсан” гэж гэрчилсэн гэрчийн мэдүүлгийг няцаах баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй байна.

Анхан шатны шүүхийн байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлд “амралтын ба баяр ёслолын өдөр ажилласан үед цалингийн сан хүрч буй тохиолдолд мөнгийг, хүрэхгүй тохиолдолд дараагийн өдрүүдэд нөхөн амраана” гэж заасан тул ээлжийн амралттай байх хугацаандаа баяр ёслолын үеэр ажиллаад нөхөн амарсан нь ажил тасалсан гэж үзэх шалтгаан болохгүй гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Захирлын гаргасан тушаал эрх зүйн акт болохынхоо хувьд хуулинд заасан ерөнхий болон тусгайлсан шаардлагыг хангасан байх ёстой ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл ажилтны гаргасан зөрчилтэй нийцсэн байхыг шаардах ба гаргасан зөрчил тус бүр нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байхыг шаардана. Зөрчил тус бүрт сахилгын арга хэмжээ авсан байхыг шаардахгүй.

Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар тушаал хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэгч Б.Оюунчимэгийг Соёл мэдээллийн төвийн үйлчлэгч-номын санчийн ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрхэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.369 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

                                            ШҮҮГЧИД                               Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ