Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 146/ШШ2017/00015

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, Ерөнхий шүүгч Э.Дулмаа, шүүгч Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн 9-129 тоотод оршин суух Их Наран овгийн Дагвын Цэрэндоржийн  /РД:ЙР77092270/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн-Овоо баг, Од хороо, 8-13 тоотод оршин суух Баяжих овгийн Эрдэнэхүүгийн Даваадолгорт /РД:ЙЮ84042386/ холбогдох

“Гэм хорын хохирол 6.988.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Хишигсүрэн, хариуцагч Э.Даваадолгор, хариуцагчийн  өмгөөлөгч С.Мядагмаа, иргэдийн төлөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэрэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хархорин сумын Засаг даргын тамгын газартай газар ашиглах гэрээг 2013 оноос байгуулан Эрдэнэзуу хийдийн төв хаалганы чигт байрлах газарт хүнсний болон бэлэг дурсгалын зориулалтаар худалдаа үйлчилгээг эхнэр Г.Бямбасүрэнгийн хамтаар эрхэлж ирсэн. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын эхээр Э.Даваадолгор нь уг газарт байсан миний эзэмшлийн байрыг хүчээр чирж өөр газарт байрлуулан, оронд нь өөр байр барьж хүнсний дэлгүүр ажилуулсан. Уг газарт Э.Даваадолгор нь байр барих болон газар эзэмших зөвшөөрөлгүй атлаа жуулчид ихээр ирж орлого олох үе буюу 6-10 сар хүртэл газрыг минь чөлөөлж өгөхгүй хууль бусаар хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Би уг газрыг чөлөөлүүлэхээр сумын Засаг даргад хандахад Э.Даваадолгор болон түүний нөхөр Ч.Бямбатогтох нарт Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн албан шаардлагаар газар чөлөөлөхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй. Мөн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр газар чөлөөлөх ажиллагаа явуулсан боловч тэд эсэргүүцэж чөлөөлөөгүй тул шүүхэд газар чөлөөлөх нэхэмжлэл гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан болно. Энгийн иргэн би хууль ёсны дагуу ашиглах газраа ашиглаж чадахгүй, хууль бусаар ашиглаж байгаа хүн нь Засаг даргын албан шаардлагыг биелүүлэхгүй, цагдаагийн байгууллагын тавьсан шаардлагыг үл тоомсорлож байна. Одоо болтол газрыг минь чөлөөлөхгүй байгаагаас манай гэр бүлийн орлогын эх үүсвэр дэлгүүрээ ажиллуулж чадахгүйд хүрч, хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна.          

Иймд Иргэний хуулийн 495.1, 495.6, 92.1, 228.1-д тус тус зааснаар хариуцагч Э.Даваадолгороос: Өөрт учирсан хохирол буюу 6-10 сарын хооронд олох ёстой байсан орлогыг 2015 оны 6-10 сард олсон ашиг 7.060.840 төгрөгийн 50 хувиар тооцож 3.500.000 төгрөг, 2016 онд үүнээс илүү орлого олох боломжтой байсан. Гэвч энэ дүнгээр дүйцүүлж нэхэмжилж байна. Газар байсан байрыг хүчээр чирж эвдэж өөр газарт байрлуулснаас эргэж засварлахад гарсан зардал 1.500.000 төгрөг, Газраа ашиглаж чадаагүй ба 2016 оны газрын түрээсийн төлбөрт төлсөн 120.000 төгрөг, Уг газрыг ашиглаж үйл ажиллагаа явуулахын тулд эхнэр Г.Бямбасүрэн Хас банкнаас 7.000.000 төгрөгийн зээл авсан ба Э.Даваадолгорын буруутай үйлдлээс дэлгүүрээ ажиллуулж чадаагүйгээс 5-9 сард зээлд 1.868.000 төгрөгийг төлсөн. Хэрвээ дэлгүүрээ хэвийн ажиллуулж байсан бол зээлийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой байсан. Нийт 6.988.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хариуцагч Э.Даваадолгороос 6.988.000 төгрөгийг юуг үндэслэж нэхэмжилсэн бэ? гэвэл Эрдэнэзуугийн урьд талын талбайд байрлах дэлгүүрт би өөрөө үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ дэлгүүр манай нэр дээр байдаг дэлгүүр юм. Хариуцагч Э.Даваадолгор нь 2015 оны 3 дугаар сард над руу яриад би Түмэндэмбэрэл гэдэг хүнээс дэлгүүрийн талыг худалдаад авчихлаа гэсэн. Ямар үндэслэлээр Түмэндэмбэрэлээс худалдаж авч байгаа юм бэ гэхэд тал нь Түмэндэмбэрэл эгчийнх гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадахыг чинь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хадам ээжийн бие муу байна гэсэн чинь буулгалаа шүү гэж хэлээд утсаа тасалсан. Би 2015 оны 05 дугаар сард захиргаан дээр ирээд түрээсийн гэрээгээ сунгаад татвараа төлчихөөд явсан. Тэгээд төлчихөөд явсан хойгуур хариуцагч Э.Даваадолгор миний дэлгүүрийг шууд зайнаас татаж буулгаад өөрийнхөө дэлгүүрийг сунгасан байсан. Тэгээд би үүнийг мэдээд өмгөөлөгчдөө мэдэгдэхэд хоёулаа шүүхэд хандана гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шүүхэд хандсан боловч өмчлөл, эзэмшлийн гэрчилгээ байхгүй учраас Засаг даргын шийдвэрлэх ёстой асуудал байна гээд шүүгчийн захирамж гарсан байсан. Ийм асуудлаас болж би 2016 онд үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр 2015 оны тайлан болон дэлгүүрүүдээс авдаг байсан паданыг үндэслэж тайлан гаргаад 7.000.000 төгрөгийн ашигтай ажилласнаас татвар бага төлдөг байсан учраас 3.500.000 төгрөг нэхэмжилсэн. 1.500.000 төгрөг нэхэмжилсэн нь энэ хүмүүс тухайн дэлгүүрийг буулгахдаа дотор тал гадна талыг нь эвдсэн байсан. Тэрийг засварлах гэж материал авсан тэр мөнгөө нэхэмжилсэн. Дэлгүүр ажиллуулдаг гэж би банкнаас зээл авдаг байсан тэр гэрээнийхээ дагуу  2016 оны 05 дугаар сарын 01-нээс 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл би дэлгүүрээ ажиллуулж чадаагүй гэх үндэслэлээр тэр мөнгийг нэхэмжилж байгаа. 120.000 төгрөгийн хувьд би 2016 онд дэлгүүрээ ажиллуулж чадаагүй орлого олоогүй гэж нэхэмжилж байгаа...” гэжээ.

Хариуцагчийн Э.Даваадолгор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Цэрэндорж нь огт үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Э.Даваадолгор миний бие Эрдэнэзуугийн урд байрлах Б-4-ийг Д.Цэрэндоржтой хамтран эзэмшдэг. Н.Эрдэнэбатын эхнэр Түмэндэмбэрэлээс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өргөн нь 1,5 метр, урт нь 3 метр хэмжээтэй №Б-4-ийн талыг ашиглах эрхийг 1.250.000 төгрөгөөр худалдаж авсан. Б-4-ийг анх 2009 онд миний нөхөр Бямбатогтох, Эрдэнэбат, Цэрэндорж нар хамтран ажиллахаар авч Засаг даргын тамгын газартай тухайн үед гэрээ байгуулж байсан. 2010 онд Бямбатогтох нь Батбаяр, Батсайхан гэдэг хүмүүсээс Б-3-ийг худалдан авч Б-3-д орсон. Уг Б-4-ийн байранд Эрдэнэбат, Цэрэндорж нар хамтран үйл ажиллагаа явуулж үлдсэн. Уг байранд Эрдэнэбатын эхнэр Түмэндэмбэрэл нь 2014 онд үйл ажиллагаа цаашид явуулж чадахгүйд хүрэн өөрийн эзэмшлийн талыг 1,5 метр өргөн, урт нь 3 метр, хамтран эзэмшигч Д.Цэрэндорж түүний эхнэр Бямбасүрэн нарт худалдаж ав гэж хэлсэн боловч аваагүй. Тиймээс 2015 оны 6 дугаар сард Батболд гэдэг хүнд түрээслэж байсан боловч борлуулалт байхгүй учир гэрээгээ цуцалсан. Түмэндэмбэрэл нь Э.Даваадолгор надтай уулзан 2015 оны 11 дүгээр сард уг Б-4-ийн талыг ашиглах эрхээ харилцан тохиролцож  1.250.000 төгрөгөөр өгсөн. 2016 оны 03 дугаар сард миний бие Цэрэндоржийн эхнэр Бямбасүрэнд Түмэндэмбэрэлээс Б-4-ийн талыг ашиглах эрхээ авсанаа удаа дараа хэлсэн. Үүнийг мэдсээр байж миний авсан ашиглах Б-4-ийн тал дээр бидэнд хэлж мэдэгдэлгүй Цэрэндорж нь 2016 оны 04 дүгээр сард түрээсийн 120.000 төгрөгийг төлж Засаг даргын тамгын газартай өөрийн нэр дээрээ гэрээ байгуулсан байсан. Түрээсийн мөнгөний  тавин хувийг миний бие Засаг даргын тамгын газарт төлөх гэсэн боловч Цэрэндорж төлсөн учир давхар авахгүй гээд аваагүй. 2016 оны 05 дугаар сард Цэрэндоржийн эзэмшлийн 1,5x3 метр зайг 1,8x3 метр, болгож үлдээн өөрийн худалдаж авсан 1,5x3 метр зайг 1,2x3 метр болгон өөрийн эзэмшлийн Б-4-ийн тал дээрээ хүнсний дэлгүүрээ сунгаж барьсан. Цэрэндоржийнх 2016 оны 7 дугаар сарын 10-наас Эрдэнэзуугийн өмнө /хувцас өмсдөг/ зураг авдаг ажлаа 9 дүгээр сар хүртэл хийсэн. Уг үлдээсэн Б-4 (1,8x3 метр) тал дээрээ үйл ажиллагаа явуулах боломж байгаа. Уг байрыг чирж эвдээгүй бөгөөд миний бие Цэрэндоржийн эхнэр Бямбасүрэнд утсаар Түмэндэмбэрэлээс худалдаж авсан Б-4-ийн тал дээрээ байшингаа сунгаж барих талаар удаа дараа хэлсэн гэсэн. Иймд уг байрыг 3 хүнээр хойш нь тавиулсан. Уг байшинд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй. Засвар үйлчилгээ хийгээгүй. Засвар хийх гэж байгаа талаар надад ерөөсөө хэлээгүй. Мөн энэ байрны тал нь 1,5x3 метр газартайгаа надад ирэх ёстой. Бямбасүрэн нь байрны талыг нь ав гэж хэлж байсан. Энэ зун зурагны хувцаснуудаа дотор нь хийж үйл ажиллагаа явуулж байсан. Иймд Д.Цэрэндоржийн нэхэмжилж буй 6.928.000 төгрөгийг ямар ч үндэслэлгүй нэхэмжилж байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин түрээсийн 60.000 төгрөгийг Засаг даргын тамгын газар давхар авахгүй гээд аваагүй бөгөөд Цэрэндорж нь бидэнд хэлэлгүйгээр Засаг даргын тамгын газарт өөрөө очиж өгсөн байсан. Иймд уг 60.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад нэхэмжилж буй 6.928.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түмэндэмбэрэл нь 2015 оны 10 дугаар сард надад худалдаж авах санал тавиад би худалдаж авсан. Би 1.250.000 төгрөгийг өгсөн байсан. Би Г.Бямбасүрэнд удаа дараа хэлсэн тэгсэн тэг гэж хэлсэн учраас би 5 сард өөрийнхөө хүнсний дэлгүүртэй нийлүүлэн барьсан. Уг дэлгүүрийг эслэг хавтан, даавуу зэргээр хийсэн болохоор хүнсний зориулалтаар үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй байсан. Тухайн дэлгүүр нь тоггүй энэ хавтаст хэрэгт гаргасан баримтууд нь үндэслэлгүй яг ямар бараа гардаг, ямар бараа худалдаж авч ямар үнэ өртөгөөр зардаг зэргээ худлаа тааж бичсэн. Жишээ нь энэ Д.Үдэнбаарай гэх хүний баримтууд дээр зайрмаг авсан гэх баримтууд нь ямар ч үндэслэлгүй багцаагүй худлаа таамгаар бичсэн үнэтэй байна. Энэ дэлгүүр тоггүй учир ийм их хэмжээний зайрмаг хөлдөөж зарна гэж байхгүй. Тухайн дэлгүүрийг зөвхөн хувцасаа хийх зорилгоор ашигладаг байсан. Арвижих дэлгүүрээс хэдэн хроп ундаа авч ирээд дэлгүүрийнхээ баруун талд өрөөд тавьчихдаг зүүн тал нь бараг хоосон байдаг үндсэндээ бараг бараа байхгүй байсан. Уг байрыг чирч эвдсэн гээд 1.500.000 төгрөг нэхэмжлээд байна. Тэгэж чирч эвдсэн зүйл бол байхгүй. Гурван хүнээр өргүүлж тавьсан. Ислэг хавтан учраас их хөнгөн байсан. Уг Д.Цэрэндоржийн эзэмшлийн тал газар нь хэвээрээ байгаа. Би зөвхөн Түмэндэмбэрэлээс худалдаж авсан хэсэг дээрээ өөрийнхөө дэлгүүрийг өргөжүүлж барьсан. 1.500.000 төгрөгийн засвар үйлчилгээ орно гээд байгаа үүнийг бас үндэслэлгүй гэж үзэж байна. Одоо тэр дэлгүүр урьд ямар байсан яг тэр хэвээрээ байгаа. Дэлгүүрийг барихад ашигласан материал нь даавуу нь 1.500.000 төгрөг хүрэхгүй гарын доорх материал ашиглаж засвар хийх боломжтой. Газрын түрээсийн 120.000 төгрөг бол намайг худалдаад авсан гэхээр надад хэлэлгүй нууцаар ганцаараа эзэмших зорилгоор газрын даамал дээр очиж гэрээ байгуулсан. Тухайн гэрээг бол 6 дугаар сарын 20-нд газрын даамал өөрийн биеэр түрээслэгч нар дээр ирж хийдэг гэрээ байгаа. Үүнийг энэ хүмүүс урьдчилан хийж татвараа төлсөн байсан. Би 6 сард татвараа төлөх гэсэн боловч Г.Бямбасүрэн төлсөн давхар төлөх боломжгүй гэсэн учраас би төлөөгүй. Үүнийг одоо 60.000 төгрөгийг төлж болно гэж үзэж байгаа. Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Цэрэндорж нь хариуцагч Э.Даваадолгорт холбогдуулан гэм хорын хохирол болох 2016 онд үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр 2015 оны тайлан болон дэлгүүрүүдээс авдаг байсан паданыг үндэслэж тайлангаар олсон орлого 7.000.000 төгрөгийн 50 хувь болох 3.500.000 төгрөг, дэлгүүрийг буулгахдаа дотор гадна үгүй эвдсэн байсаны эвдрэл 1.500.000 төгрөг, 2016 оны газрын түрээсийн төлбөрт төлсөн 120.000 төгрөг, дэлгүүр ажиллуулж чадаагүй  улмаас банкны зээл авч түүнийгээ төлсөн зээлийн төлбөр 1.868.000 төгрөг нийт 6.988.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хариуцагч Э.Даваадолгор нь Эрдэнэзуугийн урд байрлах Б-4 дэлгүүрийг Д.Цэрэндоржтой хамтран эзэмшдэг. Н.Эрдэнэбатын эхнэр Түмэндэмбэрэлээс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өргөн нь 1,5 метр, урт нь 3 метр хэмжээтэй №Б-4-ийн талыг ашиглах эрхийг 1.250.000 төгрөгөөр худалдаж авсан. Б-4-ийн газарт 2009 онд миний нөхөр Бямбатогтох, Эрдэнэбат, Цэрэндорж нар хамтран худалдаа үйлчилгээ явуулахаар Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж, газрыг ашиглах эрхтэй байсан. Эрдэнэзуу хийдийн урд байрлах Б-4 тоотын газрын талыг Түмэндэмбэрэлээс 1.250.000 төгрөгөөр худалдан авсан. Үүнийгээ Д.Цэрэндоржийн эхнэр Г.Бямбасүрэнд мэдэгдэн уг дэлгүүрийг 3 хүнээр зөөлгөж хойш тавьж газраа чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй харин нэхэмжлэгч нь тухайн газарт 2016 онд үйл ажиллагаа явуулаагүй тул газрын түрээсийн төлбөр 120.000 төгрөгийн тал 60.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж маргажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг дарга нь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн өмнө Б-4 тоот газрыг худалдаа үйлчилгээний зориулалтайгаар ашиглуулахаар харилцан тохиролцож гэрээг Д.Цэрэндоржтой байгуулан 2013, 2014, 2015, 2016 онуудад сунгасан ба дээрх гэрээгээр Д.Цэрэндорж нь Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн урд талбайн Б-4 тоот газрыг 2016 оны 06 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл худалдаа үйлчилгээний зориулалттайгаар ашиглах эрхтэй болох нь хэрэгт авагдсан гэрээ, газрын түрээсийн төлбөрийг төлсөн орлогын ордер зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Э.Даваадолгор нь  Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн өмнө Б-4 тоот газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Түмэндэлбэрэлээс 1250.000 төгрөгөөр худалдан авсан гэх боловч хавтаст хэрэгт М.Түмэндэлбэрэл нь Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн өмнө Б-4 тоот газрыг худалдан борлуулах болон ашиглах бусдад шилжүүлэх эрхтэй болох нь тогтоогдохгүй гэрч М.Түмэндэмбэрэлийн мэдүүлэг болон иргэд хоорондийн байгуулсан гэрээг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Цэрэндоржийн шүүхэд гаргаж өгсөн ашиг алдагдалын тайлан, гэрч Г.Чинчулууны “...Д.Цэрэндорж нь Эрдэнэзуу хийдийн урд талбайд бүргэд болон хувцастай хүмүүсийн зургийг авдаг. Энэ зун уг байрыг ашигласан эсэхийг мэдэхгүй байна. ...Уг байрыг хойш нь зөөгөөд тавьсан учраас үйл ажиллагаа явуулсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-87/, Гэрч Х.Лхагвадуламын “...Түр ашиглах гэрээний дагуу Цэрэндоржийн нэр дээр байдаг... 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэрээ сунгагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-94/, Шүүх хуралдаанд гэрч Батдоржийн “...Зандан шоо гэсэн баримт нь манай компанийнх боловч миний гарын үсэг биш гэхдээ Цэрэндорж, Бямбасүрэн нар нь манайхаас бараа авдаг байсан...” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нь 2016 оноос өмнө уг газар дээр үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээний орлого олдог байжээ.

Нэхэмжлэгч Д.Цэрэндоржийг 2016 оноос өмнө уг газар дээр үйл ажиллагаа явуулж байсан талаар хариуцагч Э.Даваадолгор маргадаггүй ба хариуцагч нь Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн урд талбайн Б-4 тоот дэлгүүрийг газраас нь зөөж хойш нь байрлуулан түүнийг ашиглах боломжгүй болгосон болох нь хавтаст хэргийн 8, 9, 68, 69 дүгээр хуудсанд авагдсан фото зургууд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газрын Ч.Бямбатогтоход хүргүүлсэн албан шаардлага /хх-10/, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/204 тоот албан бичиг /хх-11/, Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 41А/468 тоот албан бичиг зэргээр нотлогдож байх тул 2016 оны олох байсан орлого 7.000.000 төгрөгийн тал 3.500.000 төгрөг, 2016 оны газрын түрээсийн төлбөрт төлсөн 120.000 төгрөг, нийт 3.620.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 зааснаар хариуцагч Э.Даваадолгороос гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас уг байрыг хүчээр чирсэний улмаас  хохирол 1.500.000 төгрөг, мөн олох байсан орлогоороо төлөх зээлийн төлбөр  1.868.000 төгрөг, нийт 3.368.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Учир нь дээрхи байрыг одоогийн байдлаар засварлаагүй, хичнээн төгрөгийн хохирол учирсаныг нотлоогүй, мөн Хас банкны зээлийг 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр авсан байгаа нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзлээ.

Хэрэгт хавсаргасан зарлагын баримтууд дээр Д.Үдэнбаарай, Ц.Батдорж нар нь гарын үсэг зурагдаагүй нь энэ хэрэгт ач холбогдолгүй учир нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Э.Даваадолгороос 3.620.000 /гурван сая зургаан зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цэрэндоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.368.000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Даваадолгороос 72.870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цэрэндоржид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ДАГИЙМАА

               ШҮҮГЧИД                                 Э.ДУЛМАА

                                                                        Б.САРАНТУЯА