| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1350/Э |
| Дугаар | 1375 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 1375
2020 07 27 2020/ШЦТ/1375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Ц.Гантулгабат,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорол /ҮД:0179/,
Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Мд холбогдох эрүүгийн 2006 02343 1421 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М нь “Фэйсбүүк чат” буюу цахим хэрэгсэл ашиглаж “Сугалааны бараа зарна” хэмээн Г.Намууны цахим хаяг, гар утасны дугаарыг нь хууран авч улмаар түүнийг нь ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр интернет банкаар нь нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,121,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Э.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
Шүүгдэгч Э.Мийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод байх газаргүй болоод мөнгөний хэрэг гарсан учраас хэн нэгний интернет банкийг ашиглаж мөнгө олох санаа төрсөн. Тэгээд өөрийн фэйсбүүк хаягаар ороод байж байтал надтай найз “namuun gantsetseg” гэсэн хаягтай охин байхаар нь өөрийн шинээр нээсэн Намуун.Х гэсэн хаягнаас “гоо сайхны бараа авах уу” гэсэн санал тавьсан тэгтэл над руу сонирхож байгаа бололтой хариу бичиж байсан. Тэгээд би хэсэг чаталсан боловч бараа авахгүй болчих шиг болохоор нь дахиад “сугалаанд орох уу” гэж бичихэд зөвшөөрсөн. Тэгээд би сугалаанд орохын тулд өөрийн утасны дугаар болон майл хаягаа явуулна гэхэд над руу явуулсан. Тэгэхээр нь майл хаягаар нь ороод нэвтрэх нэр хэсэгт нь өөрийнх нь утасны дугаарыг хийхэд таараад орчихсон. Би түүний майл хаягнаас интернет банкных нь нэрийг болон нэг удаагийн нэвтрэх кодыг хараад орсон. Тухайн дансанд нэг сая гаран төгрөг байсан санаж байна. Тэгээд би Намуун гэх эмэгтэй данснаас 2 удаагийн үйлдлээр нийт 1,121,000 төгрөгийг “Dota-2” тоглоомын “Item” авахаар зарж байсан хүний данс руу шилжүүлсэн боловч 500,000 төгрөгийг нь “Item” дууссан гээд буцаагаад шилжүүлсэн байсан учраас тэр чигт нь хаяад өөрийн авсан “Item”-ээ өөр хүнд бэлэн мөнгөөр зараад 500 гаран мянган төгрөгтэй болсон...” гэх мэдүүлэг[2],
Хохирогч Г.Намууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гэртээ байх үед 2020 оны 4 дүгээр сарын 23-ны 03 цаг 14 минутын үед миний Хаан банкны интернет эрх рүү хандалт хийж миний нэвтрэх эрхийг блок хийсэн байсан. Тэгээд би өглөө нь интернетээр нууц үг сэргээх үйлдэл хийж өөрийн интернет банкны эрхээ буцааж нээлгэсэн. Интернет эрхээ нээгээд удаагүй байхад миний интернет банкны эрх блоклогдсон байсан. Тэгээд дахиад өөрийн нууц үгээ сэргээж интернет эрхээ нээсэн. Тэгээд орой 2020 оны 4 дүгээр сарын 24-ний 00 цаг өнгөрч байх үед миний ..... дугаарын Хаан банкны данснаас 371,000 төгрөг болон 750,000 төгрөгийн зарлага гүйлгээг хийгдлээ гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь өөрийн дансаа шалгах гэтэл миний интернет банкны нэвтрэх эрх блоклогдсон байсан. Тэгээд дахиад өөрийн нууц үгээ сольж интернет банкны эрхээ сэргээж шалгахад ....... дугаарын хаан банкны Жамъянсэнгэ гэх хүний данс руу 371,000, 5084205890 дугаар Хаан банкны Анар-Эрдэнэ гэх хүний данс руу 750,000 төгрөг интернет банкаар дамжиж шилжсэн байсан. Анар-Эрдэнэ гэх хүний .... дугаарын данснаас .... “butsaalt” гэсэн утгатай буцаж орж ирсэн байсан...” гэх мэдүүлэг[3],
Гэрч О.Анар-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхэлж “Dota-2” тоглоомын “Item” худалдан авч зарж эхэлсэн. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны 23 цаг 41 минутын үед Facebook хаяг дээр “Намуун Х.” гэх нэртэй хүн надтай “Item” авах гэж холбогдсон. Тухайн үед надад нийт 100 америк долларын үнэ бүхий 29 ширхэг “Dota-2” тоглоомын “Item”-ийг www.vpgame.com дээрх “Namuuuk” гэх нэртэй хаяг руу явуулсан. 1 америк долларыг нь 2000 төгрөгөөр бодож өгсөн. Тэгээд миний данс руу 750,000 төгрөгийг шилжүүлж хийсэн бөгөөд үлдсэн мөнгөнд нь өөр “Item” зардаг хүнээс аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөр хүнээс авч өгөлгүй над руу мөнгө шилжүүлсэн данс руу нь 500,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. 200,000 төгрөг нь “Item” зарсан үнэ байсан...” гэх мэдүүлэг[4],
Гэрч Д.Жамъянсэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Jass Item Store” гэх нэртэй Facebook хуудас нээгээд уг хуудсаараа дамжуулан “Item” худалдаа хийх гэж байсан. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны 23 цаг 22 минутад “Намуун Х.” гэх нэртэй Facebook хаягнаас миний Facebook хуудас руу чат бичиж холбогдсон. Тэгээд надаас 371,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг “Dota-2” тоглоомын “Item” худалдаж авахаар болсон тэгээд миний данс руу 371,000 төгрөгийг шилжүүлэхээр нь www.vpgame.com дээрх “Namuuuk” гэсэн хаяг руу 8 ширхэг “Item”-ийг шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлэг,[5]
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга[6],
Интернет банканд үзлэг хийсэн тэмдэглэл,[7]
Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,[8]
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа[9],
Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт,[10]
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11] зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[12] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.М нь “Фэйсбүүк чат” буюу цахим хэрэгсэл ашиглаж “Сугалааны бараа зарна” хэмээн Г.Намууны цахим хаяг, гар утасны дугаарыг нь хууран авч улмаар түүнийг нь ашиглан 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр интернет банкаар нь нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,121,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Э.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх[13],
Шүүгдэгч Э.Мийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намуун гэх эмэгтэй данснаас удаагийн үйлдлээр нийт 1,121,000 төгрөгийг “Dota-2” тоглоомын “Item” авахаар зарж байсан хүний данс руу шилжүүлсэн...” гэх[14],
Хохирогч Г.Намууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 24-ний 00 цаг өнгөрч байх үед миний .... дугаарын Хаан банкны данснаас 371,000 төгрөг болон 750,000 төгрөгийн зарлага гүйлгээг хийгдлээ гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь өөрийн дансаа шалгах гэтэл миний интернет банкны нэвтрэх эрх блоклогдсон байсан...” гэх[15],
Гэрч О.Анар-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намуун Х. гэх нэртэй хүн миний данс руу 750,000 төгрөгийг шилжүүлж хийсэн...” гэх[16],
Гэрч Д.Жамъянсэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намуун Х. гэх нэртэй Facebook хаягнаас миний Facebook хуудас руу чат бичиж холбогдсон. Тэгээд надаас 371,000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг “Dota-2” тоглоомын “Item” худалдаж авахаар болсон тэгээд миний данс руу 371,000 төгрөгийг шилжүүлэхээр нь www.vpgame.com дээрх “Namuuuk” гэсэн хаяг руу 8 ширхэг “Item”-ийг шилжүүлж өгсөн.” гэх мэдүүлгүүд,[17] Депозит дансны дэлгэрэнгүй хуулга[18], Интернет банканд үзлэг хийсэн тэмдэглэл,[19] Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тухай тэмдэглэл[20] зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Шүүгдэгч Э.М нь хохирогч Г.Намууныг сугалаанд оролцуулна гэж цахим хэрэгсэл ашиглаж, утасны дугаар майл хаягийг нь хуурч аван улмаар түүнийг нь ашиглан интернет банкаар нь нэвтэрч 2 удаагийн гүйлгээгээр 1,121,000 төгрөгийг шилжүүлсэн нь цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болсон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Э.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Г.Намуун нь “...хохирлоо барагдуулж авсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”[21] гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Э.М д уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Мийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30 нэгжтэй тэнцэх хэмжээний 30,000 төгрөгийг хасч тооцон, түүний биечлэн эдлэх ялыг 420,000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь бусдад төлөх төлбөргүй, шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Прокурорын зүгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргаж, яллагдагчид танилцуулах ажиллагаа болон яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар тус тусдаа хийгдэх ажиллагаа болохыг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Мийг цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Мийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30 нэгжтэй тэнцэх хэмжээний 30,000 төгрөгийг хасч тооцон, түүний биечлэн эдлэх ялыг 420,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.М нь шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас
[5] Хавтас хэргийн 20 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас
[7] Хавтас хэргийн 41 дүгээр хуудас
[8] Хавтас хэргийн 45-51 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 67 дугаар хуудас
[10] Хавтас хэргийн 66 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 97 дугаар хуудас
[12] Хавтас хэргийн 56-57 дүгээр хуудас
[13] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[14] Хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас
[17] Хавтас хэргийн 20 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас
[19] Хавтас хэргийн 41 дүгээр хуудас
[20] Хавтас хэргийн 45-51 дүгээр хуудас
[21] Хавтас хэргийн 99 дүгээр хуудас