| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2016/00304/И |
| Дугаар | 146/ШШ2017/00016 |
| Огноо | 2017-01-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 146/ШШ2017/00016
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1962 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, 5 дугаар багт оршин суух, ЙБ62090818 дугаарын регистртэй, Боржигон овгийн Норовын Гонгор
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Гонгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Гонгор шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
“...Н.Гонгор миний бие нь 1977 оны 09 дүгээр сарын 16-ний өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум Сангийн аж ахуйн 2 дугаар тасагт үтрэмд норомчин хийж байгаад 1980 оны 04 дүгээр сарын 25-ний өдрөөс эхлэн 4 дүгээр бригадад тээвэрчин хийсэн. 1980 оны 06 дугаар сарын 29-нд цэргийн албанд татагдаж 1983 оны 06 дугаар сарын 13-нд цэргийн албанаас халагдаж ирээд 1983 оны 09 дүгээр сарын 24-нөөс 1990 оны 12 дугаар сар хүртэл 1 дүгээр бригадад тээвэрчин хийж байгаад, 1991 онд халагдсан. 1995 оноос Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их-Боргодой ХХК-д сахиулын ажлыг хийж байгаад 2000 онд халагдсан. Учир нь Орон тооны цомхотголд орсон. Миний улсад ажилласан жилийг тооцон үзэж тэтгэвэр тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч Н.Гонгор нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
“...Миний бие 1977 оноос 2000 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан юм. 1977 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 1980 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1990 оноос 2000 он хүртэлх ажиллаж байсан жилээ тогтоолгохоос татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Гонгор ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Н.Гонгор нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйн 4 дүгээр бригадад 1980 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тээвэрчинээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Хархорины сангийн аж ахуйн даргын 1980 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №55 дугаартай ажилд томилох тухай тушаал, гэрч С.Дашсүрэн, Н.Цэрэндэжид нарын мэдүүлэг, 1980 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ний өдрийг хүртэл цэргийн албанд татагдсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, №412130 дугаартай цэргийн батлах, 1983 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Хархорины Сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад тээвэрчин хийж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №566793 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэх, 1983 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №156 дугаартай Хархорины Сангийн аж ахуйн даргын тушаал, гэрч С.Дашсүрэн, Э.Цэрэндэжид нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Боржигон овгийн Норовын Гонгорыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйн 4 дүгээр бригадад 1980 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тээвэрчинээр, 1980 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ний өдрийг хүртэл цэргийн албанд татагдсан, 1983 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Хархорины Сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад тээвэрчинээр ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Норовын Гонгорыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйн 4 дүгээр бригадад 1980 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тээвэрчинээр, 1983 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Хархорины Сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад тээвэрчинээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Гонгорын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА