Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 33

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч хяналтын прокурор Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Д.Л  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б   овогт Д ийн Л д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000000030 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 19 оны  дугаар сарын -ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл  , ээж дүүгийн  хамт  Өвөрхангай аймгийн  Арвайхээр сумын 13 дугаар багийн Онги хороололын Өгөөмөр  дүгээр гудамжны  тоотод  оршин суух, РД:    , Б  овогт Д ийн Л ,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч  Давгадорж овогтой Л  нь Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг дэвсгэрт орших “МоЭнКо” ХХК-ны 5 дугаар постонд албан үүргээ гүйцэтгэх явцдаа О.Батдорж, С.Болдбаатар, Ж.Энхбаяр нартай 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд архидан согтуурч, улмаар Ж.Энхбаяртай хэрүүл маргаан үүсгэж, түүний баруун талын нүд, хөмсөг орчим газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

          Шүүгдэгч Д.Л ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед С.Батдорж, С.Болдбаатар, Ж.Энхбаяр бид дөрөв нэг шил архи ууж байгаад дуусах дөхөж байхад С.Болдбаатар, С.Батболд хоёр явчихсан байсан. Ж.Энхбаяр бид хоёр 5 дугаар постонд үлдсэн. Тухайн үед бид хоёр нэлээн согтуу байсан Ж.Энхбаяр намайг чи муу мангар бацаан гэж доромжилсон болохоор уурандаа ганц хоёр цохичихсон. ...Би Ж.Энхбаярын баруун хацар болон хөмсөг рүү хоёр удаа цохисон. Намайг цохих үед Ж.Энхбаярын баруун талын хөмсөг задарч цус гарсан байсан харин баруун нүд нь хөхөрсөн...” гэх мэдүүлэг

          Шүүгдэгч Д.Л ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн орчим үдийн цайны үеэр бид 4үүлээ 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. Тэгж байгаад Батдорж, Болдбаатар хоёр явсан. Ж.Энхбаяр бид 2 үлдсэн. Бид 2 нилээд согтуурсан байсан. Тухайн үед Ж.Энхбаяр надруу мангар бацаан энэ тэр гээд доромжлоод байхаар нь би хөмсгөнд нь 2 удаа цохьсон. Би “Бамбай” харуул хамгаалалтын албанд харуулаар ажилладаг. Тэр өдөр би 4 дүгээр постод ээлжтэй байсан. Би ажлын байран дээрээ архи уусан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би хохирогчоос уучлалт гуйсан. Ж.Энхбаяр бид хоёр хамт ажилладаг, ажлын шугамаар танилцсан найзууд юм” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Надад гаргаж өгөх хохиролын баримт байхгүй, би Д.Л аас хохирлын мөнгө төгрөг гэж ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, Д.Л  бид хоёр сайн найзууд байгаа юм. Тэгээд ч бид хоёр ижилхэн амьдрах гээд тав гурван цаас олох гээд хаа байсан хол энэ нутагт ажиллаж байгаад хамтдаа архи ууж ийм асуудал гаргасан.Тэгээд ч миний нүдэнд тийм аймаар сүртэй гэмтэл бэртэл учраагүй болохоор би Д.Л аас мөнгө төгрөг нэхэмжлэхгүй гэж бодож байгаа. Мөн найз маань ээж дүүгийнхээ хамт амьдардаг амьдрал нь хүнд мөнгө төгрөг өгөөд байх боломжтой бишээ. Д.Л  цалингаа аваад ээж рүүгээ явуулдаг. Тэр мөнгөөр тэдний гэр бүл амьдардаг. Д.Л д хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж би хуулийн байгууллагаас хүсэж байна...” гэх мэдүүлэг,

         Гэрч Т.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”...Би болсон явдлыг хараагүй. Тэр өдөр хамгаалагч нарыг өдрийн хоолонд оруулчихаад ажилд нь гаргачихаад жаахан амарч байгаад 15 цагийн үед шалгахад ийм асуудал болчихсон байсан. Тухайн үед Д.Л  нь би Ж.Энхбаярын нүдэнд нэг удаа цохичихсон юмаа гэж байсан ... “ гэх мэдүүлэг,     

           Хохирогч Ж.Энхбаярын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 391 дугаартай шинжээчийн:

         1. Ж.Энхбаярын биед нүдний дээд, доод зовхинд цус хуралт, нүдний алимны дотор салстад цус  хуралт, хамарны хэсэгт зулгаралт, хөмсгөнд  шарх гэмтэл тогтоогдлоо.                

        2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэх боломжтой

        3. Ж.Энхбаярын биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн  чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,

         Шүүгдэгч Д.Л ын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 390 дугаартай шинжээчийн:

        1. Д.Л ын биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт,

        - О.Батдоржийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 392 дугаартай шинжээчийн:

        1. О.Батдоржийн биед гэмтэл тогтоогдоогүй ... гэх дүгнэлт

        - С.Болдбаатарын  биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 389 дугаартай шинжээчийн:

        1. С.Болдбаатарын биед гэмтэл тогтоогдоогүй.... гэх дүгнэлт 

        - гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  

        - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

             Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Д.Л  нь Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг дэвсгэрт орших “МоЭнКо” ХХК-ны 5 дугаар постонд албан үүргээ гүйцэтгэх явцдаа О.Батдорж, С.Болдбаатар, Ж.Энхбаяр нартай 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд архидан согтуурч, улмаар Ж.Энхбаяртай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний баруун талын нүд, хөмсөг орчим газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  хохирогч Ж.Энхбаярын мэдүүлэг, шинжээчийн 390, 392, 389 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

             Прокуророос шүүгдэгч Д.Л ыг хохирогч Ж.Энхбаярын биед хөнгөн хохирол санаатай  учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

             Иймд шүүгдэгч  Д.Л  нь Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг дэвсгэрт орших “МоЭнКо” ХХК-ны 5 дугаар постонд албан үүргээ гүйцэтгэх явцдаа О.Батдорж, С.Болдбаатар, Ж.Энхбаяр нартай 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд архидан согтуурч, улмаар Ж.Энхбаяртай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний баруун талын нүд, хөмсөг орчим газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.     

Хохирогч нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч  Д.Л  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна

Шүүгдэгч Д.Л аас гаргуулах хохирол төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч  Д.Л д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Б   овогт Д ийн Л ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Д.Л ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Д.Л  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

           5. Шүүгдэгч Д.Л  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.