Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00050

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1978 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Цагдаагийн байрны 03 тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэбазарын Доржпалам /РД:ГЖ78092821/-ын нэхэмжлэлтэй,

М.Алтанхуягтай хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00035/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Доржпалам, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Доржпалам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие талийгаач нөхөр М.Алтанхуягтайгаа 1996 онд гэр бүлж болж амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байх хугацаанд 1997 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүү Модун, 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр охин Номин-Эрдэнэ нар төрсөн. Бид 1997 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ Булган аймгийн Бүрэгхангай суманд батлуулсан. Бичиг баримтаа гээгдүүлээд хүүгийнхээ төрсний гэрчилгээг дахин авахаар баримтаа бүрдүүлж өгөхөд улсын бүртгэлд бүртгээгүй байсан учраас төрөлт бүртгэсэн лавлагаагаар гэрчилгээг нь авч байсан. Гэрлэлтийн баталгаагаа гээгдүүлсэн учраас Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авах гэтэл гэрлэлтийг улсын бүртгэлд бүртгээгүй байсан. Нөхөр М.Алтанхуяг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нас барсан. М.Алтанхуяг бид хоёр 1996 оны 5 дугаар сараас 2007 оны 12 дугаар сар хүртэл хамт амьдарсан Иймд талийгаач нөхөр М.Алтанхуягтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Доржпалам нь М.Алтанхуягтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Э.Доржпалам нь М.Алтанхуягтай 1996 оноос 2007 оны 12 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан ба тэдний дундаас 1997 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүү Модун, 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр охин Номин-Эрдэнэ нар төрсөн байх бөгөөд М.Алтанхуяг нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, паспортны хуулбар, нас барсны гэрчилгээ, гэрч М.Алтансүх, М.Алтантуяа нарын ...Миний дүү М.Алтанхуяг нь Э.Доржпаламтай нь 1996 онд танилцаж, 1997 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр том хүү Модун, 2001 онд бага охин Номин-Эрдэнэ нар төрсөн. Тэд 1996 оноос 2007 оныг хүртэл Бүрэгхангай суманд мал маллаж амьдарч байгаад 2007 оноос тусдаа амьдарч эхэлсэн. М.Алтанхуяг нь Булган суманд ирээд хувиараа тээвэрт явдаг байсан ба 2014 оны 5 дугаар сард авто осолд орж нуруу нугасны гэмтэл авсан тул суумгай болж асруулж байгаад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас нас барсан гэх шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Э.Доржпаламыг М.Алтанхуягтай 1996 оны 5 дугаар сараас 2007 оны 12 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Боржигон овогт Эрдэнэбазарын Доржпалам, Боржигон овогт Максимын Алтанхуяг нарыг 1996 оны 5 дугаар сараас 2007 оны 12 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН