Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00051

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэндаргалж хийсэн шүүх хуралдаанаар О.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй, Н.Мягмарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00019/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч 1954 онд төрсөн, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг Мал эмнэлгийн баруун гудамж 09 тоотод оршин суух Тайж овогт Ойдовын Баасансүрэн /РД:ГЮ54031302 /, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч О.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Мягмарыг би сайн танихгүй. Манай нөхөртэй нутгийн хүн юм. Н.Мягмар нь 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 2000000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 15 хувийн хүүтэй зээлж авсан боловч одоог хүртэл үндсэн мөнгө 2000000 төгрөг болон хүүгээ төлөхгүй өдийг хүрч байна. Мөнгө авснаасаа хойш 2 сарын дотор холбоотой байж байгаад тэрнээс хойш холбоогүй болсон. Утсаар ярихаар удахгүй өгнө гэж байсан боловч одоо залгахаар утсаа авахгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Уг нь Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багт оршин суух хаягтай боловч тэндээ амьдардаггүй юм байна лээ. Бид Орхон суманд очсон боловч байгаагүй. Хүүг нь Чулуунбаатарын Ганбаатар гэдэг, 99346479 дугаарын утастай,Булган сумын 5 дугаар баг 22 дугаар байр 5-29 тоотод оршин суудаг байсан боловч энэ хаягтаа бас байхгүй байгаа. Хаан банкны Булган аймаг дахь салбарт Н.Мягмарын дүү нь үйлчлэгчээр ажилладаг юм байна лээ. Дүүгээс нь асуухаар хаана байгааг нь мэдэхгүй, холбоогүй байгаа гэдэг. Н.Мягмар нь одоо Хүй долоон худгийн тэнд улсын аварга н.Санжаадамбын хашааг хардаг сурагтай. Иймд Н.Мягмарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

О.Баасансүрэн нь Н.Мягмарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргажээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Намжилын Мягмар нь Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багт оршин суух хаягтай боловч энэ хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлагаболгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Намжилын Мягмар /РД:ГЮ54123006/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.Мягмарыг эрэн сурвалжлах ажиллагааг Булган аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаарнэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ                                 Л.ДАРЬСҮРЭН