Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 146/ШШ2017/00017

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 4 дүгээр багт оршин суух Дамба  овогтой Лхагвасүрэнгийн Оюунчимэгийн /РД:ЙБ77030108/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 4 дүгээр баг, “Зөрүүлэг” гэх газар оршин суух Чойдор овогтой Пүрэвсүрэнгийн Бандид /РД:ЙБ76031830/ холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Оюунчимэг, хариуцагч П.Банди, нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Оюунчимэг миний бие нь П.Бандитай гэр бүл болон хоёр хүүхэд төрүүлэн 9 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд Банди нь архи ууж агсан согтуу тавьж бид удаа дараа салж тусдаа амьдарч байсан боловч үр хүүхдээ бодож эргэн нийлдэг байсан. Сүүлдээ бүр тэвчихээ болиод 2010 оноос одоог хүртэл 6 жил тус тусдаа амьдарч байна. Би 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авна. Хоёр хүүхэддээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй. Том хүү маань энэ жил 12 дугаар анги төгсөж элсэлтийн шалгалт өгөхөөр өөрийн суугаа газартаа шалгалт өгөх учир хаягийн хөдөлгөөн хийлгэх шаардлагатай байна. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү... Хариуцагч П.Бандитай 1999 онд гэр бүл болсон. 1999 онд том хүүхэд Б.Энхсайхан төрсөн, Бага хүүхэд Б.Энхтайван 2003 онд төрсөн хоёр хүүхэдтэйгээ одоо хамт амьдарч байгаа хариуцагч П.Бандиас салах шалтгаан гэвэл хариуцагч архи уухаараа зодож нүддэг. Зодож нүддэгийг хариуцагчийн ах, эгч хоёр нь нотолно.Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага нарангийн 43-42 тоотод хоёр хүүхэдтэйгээ 7-н жил амьдарч байхад энэ хүн ерөөсөө ирээгүй гэв.

Хариуцагч П.Банди нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Банди миний бие нь эхнэр 2 хүүхдээсээ салахгүй шалтгаан нь эхнэр хүүхэдтэй хайртай 2 хүүхдээ бие сэтгэлээр нь өнчрүүлмээргүй байгаа учир салмааргүй байна ... Нэхэмжлэгчийн ярьсан зүйл болгон үнэн би өөр ярих зүйл байхгүй гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Оюунчимэг нь хариуцагч П.Бандид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн ба хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Энхсайхан, Б.Энхтайван нарыг эх Л.Оюунчимэгийн асрамжид үлдээнэ гэсэн тайлбар өгч маргаагүй байна. 

Зохигчид 1999 оноос гэр бүл болж хамт амьдарч байсан бөгөөд тэдгээрийн дундаас 2003 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б.Энхтайван, 1999 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Энхсайхан нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, №2976  тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн 026 тоот төрсний гэрчилгээний хуулбар, Б.Энхсайханы иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх” бөгөөд  мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон байдал нь эцэг, эхийг үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч Л.Оюунчимэг, хариуцагч П.Банди нар нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулна гэсэн тул тэдгээрийн гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхол харшлахааргүй бол тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуульд заасан эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон байх тул П.Банди нь эцгийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь эх Л.Оюунчимэг хориг саад болох эрхгүйг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Л.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бандиас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Оюунчимэгт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Зохигч нь шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаагүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Чойдор овогтой Пүрэвсүрэнгийн Банди, Дамба овогтой Лхагвасүрэнгийн Оюунчимэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2003 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Энхтайван, 1999 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Энхсайхан нарыг эх Л.Оюунчимэгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, талуудын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэсниийг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Оюунчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бандиас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Оюунчимэгт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 300 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Л.Оюунчимэгт олгосугай.

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Б.САРАНТУЯА