Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 1387

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2020             07            28                                      2020/ШЦТ/1378

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,   

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Оыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.От холбогдох эрүүгийн 2006 00000 1859 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Мягмартай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Г.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

 

Шүүгдэгч Г.Оын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 00 цаг өнгөрч байсан байх Ц.Мягмарынд очиход Мягмар ах Нараа гэж хүнтэй архи ууж байсан ба би хамт байж байгаад муудалцаад Ц.Мягмарыг нүүрэн тус газар нь нэг л цохисон...” гэх мэдүүлэг[2],

 

Хохирогч Ц.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ байхад миний хуурай дүү Өлзий-Очир гаднаас нэг шил архи авч ирсэн тэгээд бид хоёр хувааж уусан юм. Тэгээд дуусаад уг хүнийг явуулчихаад унтаж амарч байсан юм. Тэгсэн шөнө 4 цагийн орчим манай гэрийн хаалга онгорхой байхад гаднаас Г.О нь ганцаараа орж ирсэн. Тэгсэн уг залуу шууд миний найзыг зодсон “хэн бэ хөгшин пизда вэ, байнга манай найзыг дарамталдаг” гэж хэлээд гараараа нүүр лүү нилээн хэдэн удаа цохиод, хөлөөрөө нэг удаа нуруу руу өшиглөж зодсон...” гэх мэдүүлэг[3],

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 7462 дугаартай:

“1. Ц.Мягмарын биед тархи доргилт, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүүсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[4],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[5],

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[7] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Мягмартай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Г.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх[8],

Шүүгдэгч Г.Оын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Мягмарыг нүүрэн тус газар нь нэг л цохисон...” гэх[9],

Хохирогч Ц.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гараараа нүүр рүү нэлээн хэдэн удаа цохиод, хөлөөрөө нэг улаа нуруу руу өшиглөж зодсон...” гэх мэдүүлгүүд[10], Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 7462 дугаартай дүгнэлт[11] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Г.О нь хохирогч Ц.Мягмарын нүүрэн тус газарт нь гараараа цохиж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Ц.Мягмарт Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 7462 дугаартай дүгнэлтээр “тархи доргилт, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.О нь хохирогч Ц.Мягмарыг цохисон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

 

Шүүгдэгч Г.Оын үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Ц.Мягмар нь “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”[12] гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Г.О уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Г.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ        

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 42 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас

[7] Хавтас хэргийн 22-23 дугаар хуудас

[8] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[9] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас

[12] Хавтас хэргийн 41 дүгээр хуудас