Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2017/00019

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Арцатын 23 гудамж 08 тоотод оршин суух, АЯ90052008 дугаарын регистртэй, Иш овгийн Гэндэнгийн Няммандахын

Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батбаяр, гуравдагч этгээд, үрчлэн авагч Б.Гэндэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Няммандах шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“...Би 2011 оны 05 дугаар сарын 29-нд хүү болох Нямбаярыг төрүүлсэн. 2013 оны 01 дүгээр сарын 29-нд хүү болох Нямбаярыг өөрийн эцэг болох Иш овогт Гэндэнд өргүүлсэн. 2013 оны 08 сард хуримаа хийж хүү Нямбаярыг өөрийн асрамжинд авсан. Түүнээс хойш хүү минь миний асрамжинд байна. Нямбаяр нь цэцэрлэгт хамрагдах гэсэн боловч харъяалалгүй гэх шалтгаанаар цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгох шаардлагатай болоод байна. 2013 оны 08 сараас хойш би өөрийн асрамжинд байлгаж байгаа цаашид ч асрамжиндаа байлгах хүсэлттэй байна. Мөн үрчилж авсан Гэндэн нь үрчлэлтийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан үзээд үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Г.Няммандах бид хоёр гэр бүл болоогүй байхдаа хүүхэдтэй болсон бөгөөд тухайн үед манай хүн гадаад улсад сурахаар болсон. Тэгээд бид хоёр хүүхдээ хадам аав, ээж хоёртоо үрчлүүлсэн юм. Г.Няммандах бид хоёр 2012 оны 08 сард гэр бүл болсон. Одоо хүү Г.Нямбаярыг сургуульд оруулах гэсэн чинь өөр харъяалалтай гээд манай хүүхдийг авахгүй байгаа юм. Манай хүүхэд Нямбаяр эхнэр бид хоёр дээр байнга байдаг. Ерөнхийдөө үрчлүүлсэн болохоос биш байнга бид хоёртой хамт амьдарч байгаа. Хүү Г.Нямбаяр нь 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүүхдээ үрчлүүлсэн. Иймд Г.Нямбаярыг хадам аав Б.Гэндэнд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Гуравдагч этгээд, үрчлэн авагч Б.Гэндэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тухайн үед Г.Няммандах, Ж.Батбаяр нар нь гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд манай охин Г.Няммандах нь гадаад улсад сурах гээд хүү Нямбаярыгаа эхнэр бид хоёрт 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үрчлүүлсэн. Охин Г.Няммандах нь гадаад руу явж чадаагүй бөгөөд хүү Нямбаярыгаа өнөөдрийг хүртэл өөрөө өсгөж хүмүүжүүлж байна.  Хүү Г.Нямбаярыг Хархорин суманд цэцэрлэгт өгөх гэхээр өөр харъяалалтай гээд авахгүй юм. Иймд үрчлэлтийг хүчингүйд тооцохыг зөвшөөрч байна ...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Няммандах нь 2011 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Г.Нямбаярыг Б.Гэндэн, С.Энхжаргал үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Үрчлүүлэгч Г.Няммандах нь хүү Г.Нямбаярыг 2011 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрүүлж, өөрийн нэрээр овоглосон нь төрсний бүртгэлийн лавлагаагаар, хүү Н.Нямбаярыг 2013 оны 01 дүгээр сарын 29-нд үрчлүүлэгч Н.Няммандахын эх, эцэг, Б.Гэндэн, С.Энхжаргал нарт үрчлүүлсэн нь үрчилсний бүртгэлийн лавлагаа, үрчлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Үрчлүүлэгч Г.Няммандах нь өөрийн асрамжиндаа хүү Г.Нямбаярыг өсгөж хүмүүжүүлж байгаа, үрчлүүлэгч, үрлэгч нар харилцан тохирч үрчлэлтийг хүчингүй болгож, хүү Г.Нямбаярыг төрсөн эх Г.Няммандахын асрамжинд буцаан өгөхийг зөвшөөрч байна.

Иймд хүү Г.Нямбаярыг Б.Гэндэн, С.Энхжаргал нарт үрчлүүлсэн үрчлэлтийг  хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.Нямбаярыг төрсөн эх Г.Няммандахын асрамжид үлдээж  шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Г.Няммандахын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус удирдлага болгон                                               

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2011 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Иш овогтой Гэндэнгийн Нямбаярыг Иш овогтой Бавдайгийн Гэндэн, Боржигон овогтой Самбуудоржийн Энхжаргал нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2011 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Иш овогтой Гэндэнгийн Нямбаярыг асран хүмүүжүүлэх эрхийг түүний эх Иш овогтой Гэндэнгийн Няммандахын асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Няммандахын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ДУЛМАА