Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 1383

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2020            07             29                                      2020/ШЦТ/1383

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч П.Мөнхтуяа,   

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх /ҮД3063/,

Шүүгдэгч Ч.Оргодол нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Од холбогдох эрүүгийн 2006 00000 1741 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Наранжаргалыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Ч.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

 

Шүүгдэгч Ч.Оын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 28-ны орой гэртээ хүүхдийн тавилга аваад угсарч байхад эхнэр Наранжаргал нь намайг “чи юу ч чаддаггүй, миний өмнөх нөхөр Мөнхчулуун хамаагүй дээр байсан юм, чи хүүхэнддэг биздээ” гэх мэтээр доромжлоод орилж хашхираад байсан. Тэгэхээр нь би уурлаж алгадах үед газар унахаар нь хоёр  өшиглөсөн...” гэх мэдүүлэг[2],

 

Хохирогч Б.Наранжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн найзууд болох Улаанаа Цоомоо гэх найз нартайгаа уулзаж архи уусан. Тэгээд бид хоёр гэртээ 23 цагийн орчим ирсэн. Тэгэхэд нөхөр ямар нэгэн шалтгаангүйгээр “намайг мэдэх үү” гээд асуусан. Тэгэхээр нь би “мэдэхгүй” гэхэд “хамт амьдраад удаж байгаа хүнээ мэдэхгүй” гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгэхэд намайг нэг удаа зүүн талын хацар луу алгадсан. Үргэлжлүүлээд газар унагаж байгаад зүүн талын хавирга, хөл гар биеийн бүх хэсэг рүү өшиглөж зодож байгаад баруун талын чихнээс хазах үед урагдаж цус гарсан....” гэх мэдүүлэг[3],

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 7497 дугаартай:

“1. Б.Наранжаргалын биед зүүн талын 5, 6, 7-р хавирганы хугарал, тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн чихэнд няцарсан шарх, зүүн зовхи, дээд уруулд, эрүү, зүүн эгэм, зүүн тохой, зүүн шуу, хоёр гуя, цээж, умдаг, цавинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[4],

 

Аюулын зэргийн үнэлгээгээр “5 буюу Дунд” гарсан[5],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[6],

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,[7]

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8]

Оршин суугаа хаягийн тодорхойлолт[9]

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл[10] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Наранжаргалыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Ч.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх[11],

Шүүгдэгч Ч.Оын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би уурлаж алгадах үед газар унахаар нь хоёр  өшиглөсөн...” гэх[12],

 Хохирогч Б.Наранжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг нэг удаа зүүн талын хацар луу алгадсан. Үргэлжлүүлээд газар унагаж байгаад зүүн талын хавирга, хөл гар биеийн бүх хэсэг рүү өшиглөж зодож байгаад баруун талын чихнээс хазах үед урагдаж цус гарсан....” гэх мэдүүлгүүд[13], Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 7497 дугаартай дүгнэлт[14], Аюулын зэргийн үнэлгээгээ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг, 2 дахь хэсэгт “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” гэж хүндрүүлэх шинжийг тодорхойлж тус тус хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ч.О нь хохирогч Б.Наранжаргалын биед халдсаны улмаас хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Б.Наранжаргалд Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 7497 дугаартай дүгнэлтээр “зүүн талын 5, 6, 7-р хавирганы хугарал, тархи доргилт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн чихэнд няцарсан шарх, зүүн зовхи, дээд уруулд, эрүү, зүүн эгэм, зүүн тохой, зүүн шуу, хоёр гуя, цээж, умдаг, цавинд цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ч.О нь хохирогч Б.Наранжаргалыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан байдаг.

 

Шүүгдэгч Ч.О, хохирогч Б.Наранжаргал нар гэр бүлийн харилцан хамаарал бүхий эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

 

Шүүгдэгч Ч.О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч буюу эхнэр Б.Наранжаргалтай хэрүүл маргаан үүсгэж, алгадах, цохих, өшиглөх, чихийг хазах зэргээр гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүнийг буюу эхнэрийн амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, хохирогчийн Аюулын зэргийн үнэлгээгээ “5 буюу Дунд” гарсан нь бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Ч.Оын үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ч.О нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ч.Оыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Ч.О нь “бид хоёр сайн дураараа эвлэрсэн, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү”[15] гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ч.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ч.О уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Ч.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Ч.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар Ч.Од 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ        

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[7] Хавтас хэргийн 39 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[9] Хавтас хэргийн 40 дүгээр хуудас

[10] Хавтас хэргийн 55-60 дугаар хуудас

[11] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[12] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас

[15] Хавтас хэргийн 72 дугаар хуудас