Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2017/00020

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1956 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын  Ганган-Орхон баг, Мойлт 1-26 тоотод оршин суух, ЙР56091511 дугаарын регистртэй, Тайж овгийн Дашпэлжээгийн Дэлгэр-Эрдэнийн

 “Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Дэлгэр-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“...Дашпэлжээ овогтой Дэлгэр-Эрдэнэ миний хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг бичихдээ Дэлэгнямын Эрдэнээ гэж буруу бичсэн учир энэ хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь биш болоод байна. Тухайн үед намайг Эрдэнээ гэж дууддаг байсан. Дэлэгням гэдэг нь миний аав болохоор энэ хөдөлмөрийн дэвтрийг нээж бичсэн хүн нь ингэж нэрлэдэг байх гээд ийм нэрээр бичсэн юм болов уу. Би одоо энэ хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь биш болоод байна. Иймд энэ хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр нь Дашпэлжээгийн Дэлгэр-Эрдэнэ миний бие мөн болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогзолмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манай ах Дашпэлжээ овогтой Дэлгэр-Эрдэнэ нь ганц бие бөгөөд бие муутай хүн байдаг юм. Ахын маань хөдөлмөрийн дэвтэр дээр овог нэрийг нь Дэлэгнямын Эрдэнээ гэж буруу бичсэнээс болж хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч биш болоод байгаа юм. Уг нь Дашпэлжээгийн Дэлгэр-Эрдэнэ гэж хөдөлмөрийн дэвтэр дээр бичих ёстой байтал Дэлэгнямын Эрдэнээ гэж бичсэн байсан. Иймд 1975 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр нь Дашпэлжээгийн Дэлгэр-Эрдэнэ мөн болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Дэлгэр-Эрдэнэ хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

1975 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Дэлэгням овогтой Эрдэнээ гэх хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагч Дашпэлжээгийн Дэлгэр-Эрдэнийн овог, нэрийг “Дэлэгням овогтой Эрдэнээ” гэж буруу бичсэн зөрчилтэй болох нь хүсэлт гаргагч Д.Дэлгэр-Эрдэнийн цахим иргэний үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 05/004575 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 1975 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Дэлэгням овогтой Эрдэнээд олгогдсон хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, Дэлэгням, Дашпэлжээ нарын гэр бүл болсон гэх гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 559 дугаартай тодорхойлолт, гэрч Д.Цэвэлмаагийн “...Би 1961 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд Дэлэгнямын 4 дэх хүүхэд болж төрсөн. Хамгийн том ах маань нас барчихсан. Харин дараагийн ах маань одоо энэ шүүхэд хүсэлт гаргаад байгаа Дэлгэр-Эрдэнэ юм. Эхээсээ 9-үүлээ. Манай эцгийг Дэлэгням, ээжийг маань Дашпэлжээ гэдэг байсан бөгөөд хоёулаа нас барчихсан. Эцэг эх хоёр 1957 онд гэрлэлтээ батлуулж байсан. Манай ээж ааваас өмнө хоёр хүүхэдтэй байсан бөгөөд аавтай танилцаад гэрлэлтээ батлуулж байсан юм. Манай аав 2001 онд нас барсан бөгөөд ээж 2016 онд нас барсан. Аавыг нас барах хүртэл эцэг, эх хоёр маань хамт амьдарч байсан. Уг нь Дэлгэр-Эрдэнэ гэсэн нэртэй. Бид нар Эрдэнээ ах гэж дууддаг. Ээж маань дандаа хүүхдүүдээ өөрөөрөө овоглодог байсан бөгөөд би 1981 онд Орос улс руу сургуульд явах гээд овог нэрээ солиулж байсан юм. Тийм болохоор миний иргэний үнэмлэх ааваар овоглосон. Д.Дэлгэр-Эрдэнэ нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд ногоочноор, Хархорин сумын 1 дүгээр цэцэрлэгт сахиулаар тус тус ажилладаг байсан. Хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байсныг нь сайн санахгүй байна...тухайн үед хүмүүсийн нэрийг дуудахдаа дандаа товчилж дууддаг байсан болохоор хөдөлмөрийн дэвтэр дээр нь тэгж бичсэн байх. Дэлэгням овогтой Эрдэнээ, Дашпэлжээ овгтой Дэлгэр-Эрдэнэ хоёр чинь нэг хүн юм. Хүсэлт гаргагч Д.Дэлгэр-Эрдэнэ энэ жил 60 настай бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Мойлтын 01-03 тоотод оршин сууж байгаа болно...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Цэцэг-Эрдэнийн “...Би 1964 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд Дэлэгнямын 5 дахь охин болж төрсөн. Хамгийн том ах маань нас барчихсан. Харин дараагийн ах маань одоо энэ шүүхэд хүсэлт гаргаад байгаа Дэлгэр-Эрдэнэ юм...манай эцгийг Дэлэгням, ээжийг маань Дашпэлжээ гэдэг байсан бөгөөд хоёулаа нас барчихсан...эцэг эх хоёр 1957 онд гэрлэлтээ батлуулж байсан...Дэлэгням гэдэг чинь манай төрсөн аав. Бид нар бага байхдаа Дэлгэр-Эрдэнэ ахыг Эрдэнээ ах гэж дууддаг юм. Уг нь бол өөрийнх нь бүтэн нэр нь Дэлгэр-Эрдэнэ юм. Тухайн үед хүмүүсийн нэрийг дуудахдаа дандаа товчилж дууддаг байсан болохоор хөдөлмөрийн дэвтэр дээр нь тэгж бичсэн байх. Харин Д.Дэлгэр-Эрдэнэ ахын иргэний үнэмлэх дээр ээжийн нэрийг бичсэн байсан. Дэлэгням овогтой Эрдэнээ, Дашпэлжээ овогтой Дэлгэр-Эрдэнэ хоёр чинь нэг хүн юм...” гэсэн мэдүүлэг, хүсэлт гаргагч Д.Дэлгэр-Эрдэнийн шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогзолмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1975 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт Дэлэгнямын Эрдэнээ, Дашпэлжээгийн Дэлгэр-Эрдэнэ нэг хүн болох нь гэрч нарын мэдүүлэг болон дээрх нотлох баримтуудаар  тогтоогдож  байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн Дэлэгнямын Эрдэнээ нэрээр 1975 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Тайж овогтой Дашпэлжээгийн Дэлгэр-Эрдэнэ мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна .

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Дэлгэр-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Дэлэгнямын Эрдэнээ нэрээр 1975 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Тайж овогтой Дашпэлжээгийн Дэлгэр-Эрдэнэ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Дэлгэр-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд  гомдол  гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА