Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2017/00021

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн овоо баг, Од, 03-03 тоотод оршин суух, ЙС65120904 дугаарын регистртэй, Тайж овогт Жадамбын Цэндийн

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Цэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Цэнд нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд намайг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Цэнд нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ж.Цэнд нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 715 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 3-р хурлын 1982 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №19 дугаартай “Төлчдийг шагнах тухай” тогтоол, тогтоолын хавсралт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 12-р хурлын 1985 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №57 дугаартай “Шагнах тухай” тогтоол, гэрч Р.Цэвэлдоржийн “...Би 1981 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд Ж.Цэнд ч мөн адил 1980 оноос эхлэн ажилласан. Ж.Цэнд нь Хужирт сумын Улаан хад, Бөөрөг гэх газруудад мал маллаж нутагладаг байсан. 1990 онд “Энхтайван” нэгдэл хувьчлагдсан бөгөөд тэр үеэр Ж.Цэнд нь нэгдлээсээ гарсан. Харин “Энхтайван” нэгдэлд 1980 онд анх ажилд орж байсан. Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан “Энхтайван” нэгдэл хувьчлагдаагүй байх үеийн буюу төлчдийн семинар уулзалтын үеэр авахуулсан зураг байна. Манай нэгдлий дарга нар урд талд нь сууж байна. Ар талын эгнээнд “Энхтайван” нэгдлийн малчид зогсоод авахуулсан байна. Хараа муутай болохоор Ж.Цэнд, О.Мандах нарыг сайн олж харахгүй байна. Ж.Цэнд нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд 1980-1990 он хүртэл ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Мандахын “...Би Хужирт сумын захиргаанд тоо бүртгэгчээр 1975 оноос эхлэн ажилласан бөгөөд 1986 оноос Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд няраваар ажиллаж эхэлсэн. Намайг “Энхтайван” нэгдэлд ажилд орох үед Ж.Цэнд нь “Энхтайван” нэгдлийн 3 дугаар бригадын 11 дүгээр хэсэгт хоньчиноор ажиллаж байсан. Ж.Цэнд нь Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд 1990 он хүртэл ажилласан. Тэгээд “Энхтайван” нэгдэлд хувьчлагдсан юм. Ж.Цэнд нь “Энхтайван” нэгдэлд нь хэдэн онд ажилд орсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг 1986 онд ажилд ороход л ажиллаж байсан. 1980-иад оны зураг байх. Сайн санахгүй байна. Төлчдийн семинар уулзалтын үеэр авахуулсан зураг байна. Ж.Цэнд нь дунд талын эгнээний зүүн талаасаа хоёрт нь зогсож байна. Миний бие 3 дахь эгнээний баруун талын захад зогсож байна. Харин Р.Цэвэлдоржийг сайн олж харахгүй байна. Энэ дунд л зогсож байгаа байх. Ж.Цэнд нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Иймд Тайж овогт Жадамбын Цэндийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ж.Цэндийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон                                               

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Тайж овогт Жадамбын Цэндийг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Цэндийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА