Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1394

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2020             07           30                                           2020/ШЦТ/1394

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,   

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 2006 02739 1752 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Энхтайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

 

Шүүгдэгч Б.Э яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байтал хашаан дотор чимээ гарахаар нь гудамжинд гүйгээд гартал нэг согтуу ах манай гэрийн ойролцоо явж байхаар нь барьж аваад тэр ахын нүүрэнд нь гараараа 2 удаа цохиод цагдаад дуудлага өгөх гэтэл тэр ахтай хамт явж байсан эмэгтэй битгий цагдаа дуудаач гэж гуйхаар нь цагдаад дуудлага өгөөгүй...” гэх мэдүүлэг[2],

 

Хохирогч Д.Энхтайван мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед ажлаасаа буугаад хамт ажилладаг Батболд гэх дүүтэй “Өгөөмөр” зах дээр 1 шил 0,5 литрийн “Хараа” нэртэй архи уучихаад бид 2 салаад явсан. Тэрнээс хойш би тасарчихсан, юу болсон талаар санахгүй, нэг мэдсэн чинь нэг залуу ирчихсэн намайг цохиж зодож байсан. Тэгээд хартал миний хажууд нэг эмэгтэй намайг өмөөрөөд байсан. Тэгээд удалгүй манай ач хүрч ирээд цагдаа дуудаад нөгөө хүмүүсийг олж авсан....” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч А.Баттөгөлдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед өөрийн ... дугаарын гар утаснаасаа өвөө Энхтайвангийн ... дугаарын гар утас руу залгаж ярихад манай өвөө Энхтайван архи уучихсан “би хаана яваагаа мэдэхгүй байна, харанхуй урт гудамжинд явж байна” гэж ярихаар нь би “таны ойр орчимд явж байгаа хүн байна уу? байвал хаана явж байгаагаа асуугаад мэдчих, би одоо гэрээс гараад яваад очъё” гэж ярьсан. Манай өвөө “Өгөөмөр” зах дээр машин засдаг болохоор би өвөөг “Өгөөмөр” зах дээр архи уучихаад харих гээд гэр хорооллын гудамжинд явж байна гэж бодсон. Тэгээд би гэрээс гараад “Өгөөмөр” зах руу явж байхдаа “Отгонтэнгэр” их сургуулийн урд замаар алхаж явахдаа өвөөгийн ... дугаарын гар утас руу залгаад “та хаана явж байгаагаа мэдсэн үү?” гэж асуутал хажууд нь нэг эмэгтэй хүний ярих чимээ сонсогдохоор нь би өвөөдөө “та гар утсаа хажуудаа байгаа эмэгтэйдээ өгчих” гэхэд манай өвөө өөрийн гар утсаа хажуудаа байсан эмэгтэйдээ өгсөн. Тэгээд би нөгөө эмэгтэй хүнтэй өвөөгийн гар утсаар яриад “сайн байна уу?” гэхэд нөгөө эмэгтэй “танай өвөө чинь Улиастайн эцсийн энд согтуу явж байхад нь би тааралдаад аав шиг маань хүн байхаар нь туслая гэсэн юм аа, чи өвөөгөө ирж авах уу? хаана явж байна” гэхээр нь би “Кино үйлдвэрт явж байна” гэхэд нөгөө эмэгтэй “за тэгвэл би эндээс такси бариад өвөөг чинь аваад очъё, чи зам дагуу таараад өвөөгөө тосоод авчихаарай, харин надад таксины мөнгө өгөөрэй” гэж ярихаар нь би “өөрөө такси бариад байгаа газар чинь яваад очъё яг хаана байгаагаа заагаад өг” гэж ярихад нөгөө эмэгтэй “Шар хадны эмнэлгийн тойргийн урдуур Улиастай руу явсан зам байгаа би өвөөг чинь зам дээр дагуулаад явж байя” гэж ярихаар нь би кино үйлдвэрээс такси бариад Эмнэлгийн тойргоос зүүн зүгт явсан засмал замаар 1 км орчим яваад таксинаасаа буугаад өвөөгийн гар утас руу залгатал нөгөө эмэгтэй гар утсыг нь аваад “хаана явж байна” гэхээр нь би “Эмнэлгийн тойргоор эргээд Улиастай руу явж байна та хоёр зам дагуу явж байгаарай” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би зам дагуу алхаад явж байтал замын уулзвар таараад хашаа явахаа мэдэхгүй өвөөгийн гар утас руу 4-5 удаа залгахад утсаа авахгүй байхаар нь би такси бариад Улиастайн эцэс ороод буцаад явж байтал таксины жолооч “би цаашаа дахиж явахгүй гэр лүүгээ харилаа, чи энд буучих” гэхээр нь би таксинаас буугаад Шар хадны эцэс чигт алхаж байхдаа өвөөгийн гар утас руу 4-5 удаа залгахад гар утас нь холбогдох боломжгүй гэж хариу өгч байсан. Тэгээд би замын зүүн талаар алхаад явж байтал манай өвөө нэг танихгүй эмэгтэйтэй хамт замын хажуу талд сууж байхаар нь би яваад очтол манай өвөө нэлээн архи уучихсан хамарнаас нь цус гарчихсан сууж байсан тэгсэн нөгөө эмэгтэй сая танихгүй хоёр залуу танай өвөөг чинь өшиглөөд цохиж нүдээд гар утсыг нь аваад гэр лүүгээ орчихлоо” гэх мэдүүлэг,[4]

 

Гэрч Д.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байх гэрээсээ гараад Шар хадны эцэст байдаг найзынхаа гэрт очих гээд Улиастайн гол гараад Шар хадны Эмнэлгийн тойргийн урд замаар алхаж байтал гудамжны үзүүрт 60 орчим настай согтуу хүн даарчихсан бололтой чичрээд зогсож байхаар нь би уулзаад зогсож байтал гар утас нь дуугараад нөгөө ах “манай ач хүү яриад байна намайг хаана байгааг хэлээд өгөөч” гээд надад гар утсаа өгөхөөр нь би утсаар ярьж байгаа залууд хаана байгаагаа зааж өгсөн. Тэгээд би нөгөө ахтай хамт замын хажуу талаар ертөнцийн зүгээр хойшоо Шар хадны эцэс рүү гар утсаар нь ач хүүтэй нь яриад алхаад явж байтал замын хойд талын хашаанаас нэг согтуу эмэгтэй гарч ирээд нөгөө ахыг “яагаад манай хашаанаас юм хулгайлаад байгаа юм” гээд нөгөө ах руу дайраад байсан тэгснээ миний гарт байсан өвгөний “Nokia” маркийн гар утсыг булаагаад авсан. Тэгсэн нөгөө эмэгтэй араас өндөр бор царайтай 30 гаран насны архи уучихсан согтуу залуу гарч ирээд нөгөө ахыг гараараа цохиод газар унагаагаад 2-3 удаа цохиод байж байтал нэг намхан залуу гарч ирээд нөгөө хоёрыг бид хоёроос салгасан” гэх мэдүүлэг,[5]

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6814 дугаартай:

“1. Д.Энхтайван-н биед нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[7],

Оршин суугаа хорооны тодорхойлолт,[8]

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Энхтайвантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх[10],

Шүүгдэгч Б.Э яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...согтуу ах манай гэрийн ойролцоо явж байхаар нь барьж аваад тэр ахын нүүрэнд нь гараараа 2 удаа цохиод...” гэх[11],

Хохирогч Д.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг мэдсэн чинь нэг залуу ирчихсэн намайг цохиж зодож байсан...” гэх[12],

Гэрч А.Баттөгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай өвөө нэлээн архи уучихсан хамарнаас нь цус гарчихсан сууж байсан тэгсэн нөгөө эмэгтэй сая танихгүй хоёр залуу танай өвөөг чинь өшиглөөд цохиж нүдээд гар утсыг нь аваад гэрлүүгээ орчихлоо...” гэх,[13]

Гэрч Д.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “согтуу залуу гарч ирээд нөгөө ахыг гараараа цохиод газар унагаагаад 2-3 удаа цохиод” гэх мэдүүлгүүд,[14] Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6814 дугаартай дүгнэлт[15] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.Энхтайваны нүүрэн тус газарт цохиж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Д.Энхтайванд Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6814 дугаартай дүгнэлтээр “нүүрний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт, хамарт зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.Энхтайваны нүүрэн тус газар цохисон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Эын үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Д.Энхтайван нь “ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү”[16] гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Б.Э уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Прокурорын зүгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргаж, яллагдагчид танилцуулах ажиллагаа болон яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар тус тусдаа хийгдэх ажиллагаа болохыг цаашид анхаарвал зохино. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                        М.ТҮМЭННАСТ      

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас

[4] Хавтас хэргийн 21 дүгээр хуудас

[5] Хавтас хэргийн 22-23 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас

[8] Хавтас хэргийн 53 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас

[10] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[11] Хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас

[13] Хавтас хэргийн 21 дүгээр хуудас

[14] Хавтас хэргийн 22-23 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас

[16] Хавтас хэргийн 65 дугаар хуудас