Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2016/00030/И |
Дугаар | 146/ШШ2017/00022 |
Огноо | 2017-01-13 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 146/ШШ2017/00022
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 6-1 тоотод оршин суух, ЗБ82090900 дугаарын регистртэй, Их догшин овогт Цагаан-Өвгөний Нансалмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн Арцатын 13-05 тоотод оршин суух, ЙР89041908 дугаарын регистртэй, Тулга овогт Довдонгийн Бат-Отгонд холбогдох
“2.560.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Нансалмаа, хариуцагч Д.Бат-Отгон, гэрч Х.Нарантуяа, Г.Норлохсүрэн, нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Д.Бат-Отгон нь 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ц.Нансалмаа надтай зээлийн гэрээ байгуулан 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатайгаар зээлсэн. Д.Бат-Отгон нь 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн бөгөөд 8 дугаар сарын хүү 230000 төгрөгийн хамт, үлдэгдэл 2300000 төгрөг үлдсэнийг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр Д.Бат-Отгон зөвшөөрч гэрээндээ нэмэлт бичиж гарын үсэг зурсан. Үүнээс хойш үндсэн зээл болон хүүнд төлөлт хийхгүй явсаар 2014 оны 09 дүгээр сард 230000 төгрөгийн хүү төлж зээлийн үлдэгдэл 2300000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр болж гарын үсэг зурсан. 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сар хүртэл үндсэн зээл, хүүнд төлөлт хийгдээгүй явсаар сарын 230000 төгрөгийн хүү нийт 4 сар өгөөгүй бөгөөд нийт хүү 920000 төгрөг болж үүнийг үндсэн зээл дээр нэмж үлдэгдэл 3220000 төгрөг болсон. Үндсэн зээлнээс 200000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 10-нд төлж гарын үсэг зурсан. Үлдэгдэл зээл болох 3020000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож зээлийн гэрээгээ сунгасан. 2015 оны 04 дүгээр сард үндсэн зээлнээс 20000 төгрөг, хүүнд 300000 төгрөг, 2015 оны 05 дугаар сард зээлийн хүүнд 300000 төгрөг төлсөн. Ингээд үндсэн зээл, хүүнээс төлөлт хийхгүй явсаар 2015 оны 07 дугаар сард 6, 7 сарын хүү 600000 төгрөг үндсэн зээлээс 1400000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд дээрх төлөлтүүд хийгдсэний дараа үндсэн зээл 1600000 төгрөг үлдсэн. Миний бие Д.Бат-Отгоноос удаа дараа зээлийн гэрээнд заасны дагуу шаардаж, шүүхэд хандах болсон тухайгаа хэлэхэд “та шүүхэд битгий өгөөч би удахгүй төлнө” гэж хэлсээр өнөөг хүрч надад хохирол учруулж байна. Иймд миний бие Д.Бат-Отгоноос үндсэн зээлийн үлдэгдэл 1600000 төгрөг, 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сар хүртэл нийт 6 сарын хүү болох 960000 төгрөг, нийт 2560000 /хоёр сая таван зуун жаран мянга/ төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандаж байна. Миний нэхэмжлэлийг хүлээн авч зохих шийдвэрийг гаргаж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Бат-Отгон шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Бат-Отгон би Ц.Нансалмаагаас 3500000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан зээлсэн. Уг зээлийн хүүг сар бүр цалингаас суутгуулж төлж байсан ба үндсэн зээлээс хасч явж байгаад хамгийн сүүлд 2015 оны 07 дугаар сарын 22-нд 2000000 төгрөг өгч үндсэн зээлийг хааж дуусгасан. Ц.Нансалмаад 2015 оны 6, 7 дугаар сарын хүүг өгөөгүй байсан бөгөөд Ц.Нансалмаа нь үндсэн зээлээ хаачих, 6, 7 сарын хүүг тооцохоо болъё гэж хэлсэний дагуу 2015 оны 07 дугаар сарын 22-нд 2000000 төгрөгийг дансанд нь хийсэн ... Ц.Нансалмаа нягтлан байсан учраас миний цалингаас шууд суутгаж авдаг байсан. 2014 оны 9 сард би амаржсан учраас 10, 11, 12 сар, 2015 оны 01 сар буюу нийт 4 сарын хүүг өгч чадаагүй. Би 2015 оны 2 сард ажилдаа орсон. Ажилдаа орсон учраас 2300000 төгрөгний хүү болох 230000 төгрөгийг 2 сарын цалингаас суутгаж авсан. 3 сард 230000 төгрөг авсан тэгээд чиний хуримтлагдсан 4 сарын хүү гээд 2014 оны 10, 11, 12, 2015 оны 01 сарын хүүг чинь нэмнэ гэж надад хэлсэн. Би өөрөө нэмүүлье та үндсэн зээл дээр нэмчих гэж гуйж нэмүүлээгүй. 4 сарын төлөөгүй хүүг үндсэн зээл дээр нэмлээ гэж надад хэлж байсан. Үүнийг нь харин тухайн үед зөвшөөрөөгүй. Ийм учраас би өргөдөл гаргасан юм. Өөрөө зөвшөөрөөгүй байхад цалингаас хүүг нь шууд суутгаж авдаг эрхээ ашиглаад үндсэн зээл 2300000 төгрөгний хүү 4 сарын хүү 920000 төгрөг нэмээд 3220000 төгрөг болсон. 3 сарын цалин надад 522000 төгрөг бодогдсон байсныг бүгдийг нь авсан байсан. Үүнээс 322000 төгрөг нь хүү, 200000 төгрөг нь үндсэн зээлээс чинь хасагдлаа шүү гэж хэлж байсан. 4 сард мөн 3020000 төгрөгнийхөө хүү болох 300000 төгрөгийг суутгаж авсан байдаг. 4 сард би 20000 төгрөг өгч үндсэн зээлээс хасуулсан. 5 сараас 3000000 төгрөгний хүү 300000 төгрөгийг суутгаж авсан байсан. Зээлийн гэрээний хугацаа 05 сарын 10-нд дууссан. 6 сард цалингаас суутгаагүй. Яагаад гэвэл Ц.Нансалмаа нь ажлаасаа гарсан. Ц.Нансалмаа нь 2015 оны 5 сарын хүүг цалингаас суутгаж авч байсан. Харин 6, 7 сарын хүүг бол авахгүй гэж тухайн үедээ тохирсон. 4 сарын хуримтлагдсан 920000 төгрөгийг хүчээр нэмээд цалингаас хүү аваад явж байсан. Үүнийг би гарын үсэг зурж буруудаад нэмсэн гэж үзэхэд 3000000 төгрөг үлдсэн. 3000000 төгрөгнөөс 7 сард 2000000 төгрөг өгсөн. Үлдсэн 1000000 төгрөгөөс Х.Нарантуяа, Г.Норлохсүрэн нараас авсан 125000 төгрөгийг хасаад Ц.Нансалмаад 875000 төгрөг өгөхөөр байгаа юм. Үүнийг би 2 янзаар бодсон ч 875000 төгрөг төлөхөөр байна гэв.
Гэрч Г.Норлохсүрэн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “...2015 оны 6 сард Ц.Нансалмаа надаас Д.Бат-Отгоноос авлагатай гэж 80000 төгрөг ерөөсөө надаас нэхээгүй. Би Ц.Нансалмаад ч өр, авлага байхгүй. Би Д.Бат-Отгоноос 3 сард 400000 төгрөг аваад 4, 5 сард 400000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Одоо Бат-Отгонд 80000 төгрөгний үлдэгдэл ерөөсөө байхгүй гэв.
Гэрч Х.Нарантуяа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “...2015 оны 04 дүгээр сард дурсгалын зүйлд 45000 төгрөгний үнэтэй зургийг Д.Бат-Отгоноос байгууллага авсан нь үнэн. Д.Бат-Отгон нь амралтаа авч яваад хуримтлалын мөнгө өгөөгүй байсан. Д.Бат-Отгон би танд өртэй байгаа та энэ зурагны мөнгөнөөс авчих гээд Д.Бат-Отгонтой харилцан тохиролцсоны үүднээс хуримтлалд тэр зурагны мөнгийг суутгаж байсан. Хуримтлалын хувьд гэвэл энэ чинь байгууллагын архивт хадгалагдах баримт биш юм. Хувь хүмүүс тухайн жилдээ тооцоогоо хийгээд явдаг. Тэгээд он дуусахаар устчихдаг юм. Ц.Нансалмаад 45000 төгрөг өгсөн зүйл надад байхгүй. Ц.Нансалмаа надаас авсан зүйл байхгүй. Би тэр 45000 төгрөгийг хуримтлал руу оруулсан гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нансалмаа хариуцагч Д.Бат-Отгонд 2014 оны 03 дугаар сарын 27-нд 3500000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлүүлсэн, зээл 1600000 төгрөгийг хүү 960000 төгрөгийн хамт нийт 2560000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Д.Бат-Отгон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 80000 төгрөг, хүү 920000 төгрөг нийт 1000000 төгрөгнөөс Г.Норлохсүрэн, Х.Нарантуяа нараас авсан 125000 төгрөгийг хасч 875000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, 1685000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.Нансалмаа нь хариуцагч Д.Бат-Отгонтой 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 5 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй, хүүг сар бүрийн цалингаас, үндсэн мөнгийг гэрээний хугацаанд төлөхөөр зээлийн гэрээг бичгээр хийсэн болох нь зээлийн гэрээ, хариуцагчийн Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүүг тохирсон байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.Нансалмаа хариуцагч Д.Бат-Отгонд зээлийн гэрээний дагуу 3500000 төгрөгийг шилжүүлж өгсөн талаар маргаагүй байна.
Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /1 дүгээр хх-27-35 хуудас/, 2014 оны 04 сараас 2016 оны 06 сар хүртэлх цалингийн жагсаалт, зохигчийн тайлбар, зээлийн гэрээгээр хариуцагч Д.Бат-Отгон нь 3500000 төгрөгийн зээлийн хүү 350000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сараас 07 сарын хооронд төлсөн, хариуцагч 7 сард 1200000 төгрөг төлснийг нэхэмжлэгч үндсэн зээлээс хасахыг зөвшөөрсөн байна. 2300000 /3500000-1200000/ төгрөгийн үндсэн зээл үлдсэн байна. Үүний хүү 230000 төгрөгийг 8 дугаар сард төлсөн, зээлийн гэрээндээ 2300000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-д төлөхөөр, 2015 оны 02 дугаар сарын 25-нд төлөхөөр гэрээг сунгаж зээлийн гэрээнд бичилт хийж Д.Бат-Отгон гарын үсгээ зурсан байх тул гэрээг тухай бүр сунгаж байсан гэж үзлээ.
2014 оны 9 сард зээлийн хүү 230000 төгрөгийг төлсөн, 2014 оны 10 сар, 11 сар 12 сар, 2015 оны 01 сарын хүү нийт 4 сарын хүү 920000 /230000х4/ төгрөгийг хариуцагч төлөөгүй, 2015 оны 3 сард зээлийн хүүнд 300000 төгрөг, үндсэн зээлд 220000 төгрөгийг төлсөн байна. 2015 оны 3 сард нэхэмжлэгч нь зээлийн гэрээндээ үндсэн зээл 2300000 төгрөг, 4 сарын хүү 920000 төгрөгийг нэмж 3220000 төгрөгийн үндсэн зээлийг 2015 оны 06 дугаар сарын 10 хүртэл сунгасан бичилт хийж хариуцагч Д.Бат-Отгон гэрээнд гарын үсэг зурсан байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д зааснаар хүүгээс анз тооцохгүй гэж заасан тул хүү 920000 төгрөгнөөс хүү тооцсон нь үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч 2015 оны 3 сард хариуцагчийн цалингаас 520000 төгрөгийг зээлэнд суутган авч хүү 300000 төгрөг, үндсэн зээлээс 200000 төгрөг хассан гэж тайлбарлаж байх тул үндсэн зээл 2300000 төгрөгөөс 200000 төгрөгийг хасч үндсэн зээл 2100000 төгрөг үлдэж, 3 сард 230000 төгрөгийн хүү төлөхөөс 320000 төгрөг төлсөн тул хүү 90000 төгрөг илүү төлсөн. 4 сард үндсэн зээл 2100000 төгрөгийн хүүнд 300000 төгрөг, үндсэн зээлд 20000 төгрөг төлсөн, хүүнд 90000 төгрөг илүү, үндсэн зээлээс 20000 төгрөг нэхэмжлэгч хассан тул 2080000 төгрөгийн үндсэн зээл үлджээ. 5 сард хүүнд 300000 төгрөг төлсөн байх ба 2080000 төгрөгийн хүү 208000 төлөх ба илүү 92000 төгрөгийн хүү төлөгджээ.
2015 оны 6, 7 сарын хүү төлөөгүй байх ба 2000000 төгрөг хариуцагч төлснийг нэхэмжлэгч хүүнээс хассан нь үндэслэлтэй болжээ. Хариуцагч зээлийн хүү төлөөгүй тул 2000000 төгрөгнөөс эхэлж хүүг төлүүлэх нь хуульд нийцэж байх ба нийт төлөөгүй зээлийн хүү 920000+416000=1336000 төгрөг болсон байна. Үүнээс илүү төлсөн хүү 90000+90000+92000=ийг 272000 төгрөгийг 1336000 төгрөгийн төлөөгүй хүүнээс хасч төлөөгүй хүү 1064000 төгрөг болсон. 2000000 төгрөгөөс төлөгдөөгүй хүү 1064000 хасч 936000 төгрөг үлдсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан тул үндсэн зээл 2080000 төгрөгөөс 936000 төгрөгийг хасч 1144000 төгрөгийн үндсэн зээл үлдсэн.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул /1144000+114400х6/ 1830000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзлээ.
Гэрч Г.Норлохсүрэн, Х.Нарантуяа нарын мэдүүлгээр 125000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч Д.Бат-Отгоны зээлэнд суутгаж авсан нь тогтоогдохгүй байх тул 125000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн гэж тооцох үндэслэлгүй байна.
Хариуцагч 2000000 төгрөгийг төлөөд үндсэн зээл хаагдсан гэх хариуцагчийн тайлбар, 2000000 төгрөг төлчих үндсэн зээлийг хаая гэж хэлсэн гэх гэрч Б.Батмандахын мэдүүлэг бусад баримтаар нотлогдохгүй, үндсэн зээлд тооцохыг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байх тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3-т зааснаар үндсэн зээл төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 730000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд хариуцагч Д.Бат-Отгоноос зээл, зээлийн хүү нийт 1830000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нансалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 730000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44236 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хавтаст хэргийн 124-197 хуудас дах цалингийн жагсаалт хэрэгт нотолгооны ач холбогдолгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хариуцагч Д.Бат-Отгоноос зээл, зээлийн хүү нийт 1830000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нансалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 730000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 44236 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА