Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 146/ШШ2017/00023

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1957 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багт оршин суух, ЙЗ57070515 дугаарын регистртэй, Хунчир овгийн Дашзэвэгийн Хөнхөрийн

 “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Хөнхөр нь шүүхэд гаргасан хүсэлтэдээ:

“...Д.Хөнхөр миний бие нь 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс Өвөрхангай аймгийн  Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд малчнаар 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл  хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Хөнхөр нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“...Д.Хөнхөр миний бие нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан. Манайх Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багт оршин суудаг ба сумын төвөөс 70 км-ын зайд хөдөө мал малладаг тул хүйтний улиралд нааш цааш олон дахин явах ямар ч боломжгүй байна. Мөн бие муутай бөгөөд гэртээ хэвтрийн дэглэмд байнга байдаг тул хэргийг маань яаралтайгаар эзгүйд шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Хөнхөр нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.Хөнхөр нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №679 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1990 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д.Хөнхөрт олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч О.Цэцгээгийн “...Би 1982 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар анх ажилд орж байсан. Д.Хөнхөр нь 1973 оноос тус нэгдэлд ажиллаж эхэлсэн. Намайг нэгдэлд орох үед манай нөхөр “Хөгжил” нэгдэлд ажиллаж байсан. Манай нөхөр Д.Хөнхөр нь 2004 онд Өвөрхангай аймгийн шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгож байсан бөгөөд тус шүүх нь 1973-1982 оныг дуустал ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгсөн. Тийм болохоор одоо 1983 оноос 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан юм. 1992 он хүртэл ажилласан бөгөөд “Хөгжил” нэгдэл нь 1992 оны 01 сард хувьчлагдсан юм. Тэгээд бид хоёр нэгдлээсээ гарч байсан. Ихэвчлэн эм мал, сувай мал малладаг байсан...тухайн үед авч байсан шагнал урамшуулал, баярын бичиг одоо байхгүй болсон бөгөөд устаж үгүй болсон. Д.Хөнхөр нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд 1983-1992 он хүртэл ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Хунчир овогт Дашзэвэгийн Хөнхөрийг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Хөнхөрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээв.

Хүсэлт гаргагч Д.Хөнхөр нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх  хүсэлт шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 100 дугаар зүйлийн 100.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Хунчир овогт Дашзэвэгийн Хөнхөрийг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Хөнхөрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Э.ДУЛМАА