Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0540/3 |
Дугаар | 221/МА2022/0115 |
Огноо | 2022-02-10 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2022/0115
“И-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М,
Нэхэмжлэгч: “И-И” ХХК
Хариуцагч: нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/419 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах“,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 713 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,
Хэргийн индекс: 128/2021/0540/3.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “И-И” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/419 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 713 дугаар шийдвэрээр: ”Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “И и” ХХК-ийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/419 дүгээр захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.Тус компани 2017 онд дээрх газрын газар эзэмшигч болсноос хойш 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр МЗХ2017/20-06 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан бөгөөд өөр ямар нэгэн үйл ажиллагаа огт хийгээгүй 2021 он хүрсэн.
2017 оны 10 дугаар сард батлуулснаас хойш маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/419 дүгээр захирамж гарах хугацаанд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын дагуу барилгын зураг төсөл батлуулах, барилга ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах ёстой байсан боловч тэр ажиллагаа хийгдээгүй.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаанд хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байршуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино. Хуулийн дээрх зүйл, хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацаа сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино” гэж тус тус заасан.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсгийн дагуу захиргааны байгууллага нь нэхэмжлэгч “И-И” ХХК-аас 2 удаа тайлбар авах ажиллагаа хийсэн бөгөөд тухайн эзэмшил газар дээрээ зориулалтын дагуу бодитой хийгдсэн үйл ажиллагаа байхгүй нь нотлогдож байсан тул нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/419 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцэж гарсан захиргааны акт юм.
Гэтэл анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр МЗХ2017/20-06 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авсан үйл ажиллагааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй юм. /Шүүхийн шийдвэр 9 тал/ гэж үзсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт болон Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмж болон Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолтой зөрчилдөж байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, дүгнэлт өгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.
2.Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангав. Үүнд:
2.1.Нэхэмжлэгч “И-И” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/419 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.
2.2.Маргаан бүхий А/419 дүгээр захирамжаар[1] “И-И” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
2.3.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлэхээр, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан.
2.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус заажээ.
2.5.Анх нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/245 дугаар захирамжийг[2] үндэслэн 000321674 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг[3] олгож, “Газар эзэмшүүлэх гэрээ”[4]-г байгуулж “орон сууц, сургууль, цэцэрлэгийн” зориулалтаар маргаан бүхий 42,740 м.кв газрыг нэхэмжлэгч компанид эзэмшүүлсэн.
2.6.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч компанид 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр газар эзэмших эрх олгосноос хойш маргаан бүхий захирамж гарах хүртэлх 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх 4 жил гаруйн хугацаанд нэхэмжлэгч компани эзэмшлийн газартаа “орон сууц, сургууль, цэцэрлэг”-ийн зориулалтаар эзэмшихтэй холбоотойгоор ямар үйл ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч компаниас газраа эзэмшиж эхлээгүй тохиолдолд тус компаниас хамаарахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал байсан эсэх талаарх нотлох баримтыг анхан шатны шүүх цуглуулаагүй байна.
2.7.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компанид маргаан бүхий газар эзэмших эрх олгосон 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/245 дугаар захирамж гарахаас өмнөх цаг хугацааны “2011 онд “Стандарт хороолол”-ын “Стандарт хотхон” эскиз зураг, 2014 онд үйлчилгээтэй орон сууц цогцолбор хорооллын эскиз зураг, 2017 онд 1200 хүүхдийн ерөнхий боловсролын сургуулийн цогцолбор, 106 айлын багш сурагчдын орон сууцны эскиз зураг, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар” зэрэг нотлох баримтыг үндэслэн “нэхэмжлэгч компанийг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахаар ажиллаж байгаа, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь шүүхээс хэрэгт хамааралтай нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
2.8.Хэрэгт авагдсан баримтууд нь маргаан бүхий газартай хамааралгүй, нэхэмжлэгч компани газар эзэмших эрх үүсэхээс өмнөх цаг хугацааны баримтууд гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших болсон 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш өөрөөс үл шалтгаалах ямар үндэслэлээр маргаан бүхий газрыг ашиглаагүй, эсхүл газраа зориулалтын дагуу ашиглахаар холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байсан талаарх баримтыг цуглуулах шаардлагатай.
2.9.Мөн хэрэгт авагдсан баримтууд болон шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл[5] зэргээс үзэхэд Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх “Стандарт орон сууцны хорооллын үерийн хамгаалалтын зураг төсөл” боловсруулсан, үерийн даланг барьсан зэрэг үйл ажиллагааг маргаан бүхий газар эзэмших эрх авснаас хойших цаг хугацаанд хэрэгжүүлсэн эсэх, ямар далан барьсан, уг далан маргаан бүхий газрын аль хэсэгт хамаарч байгаа эсэх, мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/1355 дугаар “Арга хэмжээ авах тухай” албан бичигт[6] зааснаар нэхэмжлэгчийн газар нь ойн сангийн, эсхүл усан сан бүхий газарт хамаарч байгаа эсэх, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр газар эзэмших эрх олгосон эсэх нь тогтоогдохгүй байх тул уг нөхцөл байдалтай холбоотой баримтуудыг цуглуулах шаардлагатай байна.
2.10.Түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбарлаж буй “2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр МЗХ2017/20-06 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авсан, Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх “Стандарт орон сууцны хорооллын үерийн хамгаалалтын зураг төсөл”, барилгын ажил гүйцэтгэхэд шаардлагатай техникийн нөхцөл, зураг төслийг батлуулан ажиллаж байсан, мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/1355 дугаар албан бичиг болон Ковидын нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан зэрэг нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой газар эзэмших эрх үүссэнээс хойших нотлох баримтыг цуглуулах, тухайн нөхцөл байдлууд нь нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлтэй ямар хамааралтай гэдэгт дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Эдгээр үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ