Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 360

 

Ч.Долгормаа, Ц.Төмөр нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2016/01193 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Долгормаа, Ц.Төмөр,

Хариуцагч “Нурамт Холдинг” ХХК, Б.Ёндонжамцад холбогдох,

 

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч Ч.Долгормаа, Ц.Төмөр нараас компанийн гэрчилгээ, тэмдэгийг хууль бусаар ашиглахыг зогсоож, Б.Батбаярт гаргуулан өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Долгормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг,

Нэхэмжлэгч Ц.Төмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба,

Нэхэмжлэгч Ц.Төмөрийн өмгөөлөгч Э.Билгүүн,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, Б.Диваачамба, өмгөөлөгч Э.Билгүүн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Долгормаа миний бие “Кашмир Консепт” ХХК-ийн 45 хувийн хувьцааг 2014 оноос хойш эзэмшиж байгаа. Уг компани нь анх гурван хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд Ц.Төмөр 45 хувийг, “Нурамт Холдинг” ХХК 45 хувийг, үлдэгдэл 10 хувийг Б.Ёндонжамц эзэмшдэг байсан. Ц.Төмөр нь “Кашмир Консепт” ХХК-ийн өөрийн эзэмшиж байсан 45 хувийн хувьцаагаа Ч.Долгормаа надад шилжүүлэн өгснөөр тус компанийн хувьцаа эзэмшигч болсон тул 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр компанийн дүрэмд өөрчлөлт оруулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл “Кашмир Консепт” ХХК-ийн 45 хувийн хувьцаа эзэмшигч /хуучин нэрээр “Спейшил Интернэйншил” ХХК/, 10 хувийн хувьцаа ззэмшигч Б.Ёндонжамц нар 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор 411 000 ам.доллар, 168 000 000 төгрөгийг Ц.Төмөр, Ч.Долгормаа нараар төлүүлэхээр хүчин төгөлдөр бус, хууль бус шийдвэр гаргасан байна. Тодруулбал, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаартай “Кашмир консепт” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын 2 дахь заалтад “...“Нурамт холдинг” ХХК /хуучин нэрээр "Спейшил Интернэйншил” ХХК/ болон “Хордено” ХХК-ийн “Кашмир Консепт” ХХК-ийн Голомт банкнаас авсан өр зээлийг хаасан, төлж барагдуулсны 45 хувь болох 411 000 ам.доллар, 168 000 000 төгрөгийг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан Ц.Төмөр, хувьцаа ззэмшигч Ч.Долгормаа нараас буцаан төлүүлсүгэй” гэсэн хувьцаа эзэмшигчийн эрх, эд хөрөнгөд халдсан хууль бус шийдвэрийг хувьцаа эзэмшигч “Нурамт Холдинг” ХХК, Б.Ендонжамц нар 55 хувийн ирцтэйгээр гаргасан байна.

Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг ханган улсын бүртгэлд бүртгүүлсэн “Кашмир Консепт” ХХК-ийн хүчин төгөлдөр дүрмийн 6.1 дэхь хэсэг “...Компанийн эрх барих дээд байгууллага нь ...хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь хувьцаа эзэмшигч нарын дийлэнх олонх нь оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг. Гэтэл энэхүү заалтыг зөрчин хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц дийлэнх олонх хүрээгүй байтал хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хөндсөн хүчин төгөлдөр бус шийдвэр гаргасан нь илт үндэслэлгүй юм.

Ч.Долгормаа, Ц.Төмөр бид уг тогтоолыг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хэтрүүлсэн, компанийн хоёр хувьцаа эзэмшигч хоорондоо хуйвалдан нөгөө хувьцаа эзэмшигчдээ мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах Компанийн тухай хуульд заасан журмыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд “Кашмир Консепт” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Долгормаа нь 2013 оны 07 сарын 05-ны өдөр “Кашмир консепт” ХХК-ийн ажилчдыг хамгаалалтын албаар ажлын байрнаас хөөн гаргаж, үйлдвэрийн байрыг хүч түрэн хаалгасан. Энэ байдлаас компани банкны өр төлж чадахгүйд хүрч, их хэмжээний алдагдал хүлээсэн. Хан-Уул дүүргийн прокурор, цагдаагийн байгууллагаас Ч.Долгормаад Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эдгээр байдал нь “Кашмир Консепт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Нурамт холдинг” ХХК болон Б.Ёндонжамц нарын 55 хувийн хувь эзэмшигч хөрөнгөөрөө хохирох байдал үүссэн. Иймд бид “Кашмир Консепт” ХХК-ийн 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулж тус компанийн Голомт банк болон бусад компанид өгөх их хэмжээний өр төлбөрийг барагдуулах, хэвийн үйл ажиллагааг хангуулах нь өнөөдрийн нэн шаардлагатай тулгамдсан асуудал болоод байна.

“Нурамт Холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шийдвэр гаргаж “Кашмир консепт” ХХК-ийн 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуралдуулахаар зарласан хурлын зарыг Ч.Долгормаад буухиа шуудангаар хүргэсэн. Ч.Долгормаа 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэл ирүүлж, хуралд оролцоогүй. “Нурамт Холдинг” XXK-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр 2 дугаар шийдвэрээр тус компанийн хурлыг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хуулийн дагуу зарлан хуралдуулсан. Хурал зарласан шийдвэр мэдэгдлийг Ч.Долгормаад “Монгол шуудан” ТӨХК-ийн буухиа шуудангаар хүргүүлсэн.

Мөн цахим шуудангийн хаягаар болон өдрийн сониноор зар мэдээлсэн. “Кашмир консепт” XXK нь төлөөлөн удирдах зөвлөл байхгүй компанийн шинэчилсэн дүрмээс хойш гүйцэтгэх захиралгүй ТУЗ-ийн дарга байсан Ц.Төмөр өөрийн хувьцаагаа эхнэр Ч.Долгормаад шилжүүлсэн. Тэрээр компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг хувьцаа эзэмшигчдэд гаргаж өгөхгүй нуун дарагдуулсан. Компанийн үндсэн бичиг баримт байхгүйгээс тус компанийн 55 хувийн хувьцаа эзэмшигчид үйл ажиллагаа явуулах ямарч боломжгүй болгосон.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан “Нурамт Холдинг” ХХК-д холбогдох “Кашмир консепт” ХХК-ийн 2016 оны хувьцаа ззэмшигчдийн ээлжит хурал хуралдуулах тухай 1 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Ч.Долгормаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг мөн хангахгүй орхисон.

Хувьцаа эзэмшигчид бид Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасны дагуу хурлаа зарлан хуралдуулах эрхтэй. Хувьцаа эзэмшигч Ч.Долгормаа   “Кашмир консепт” ХХК-ийн 2016 оны хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлыг мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу хувьцаа эзэмшигч “Нурамт Холдинг” ХХК, Б.Ёндонжамц нар хуралд оролцон компанийн өр барагдуулах тулгамдсан шийдвэрүүд гаргасан. “Кашмир консепт” ХХК-ийн дүрмийн 6.2-т заасны дагуу тус компанийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хурлын тогтоолын 2 дахь заалт хуулийн дагуу зөв гарсан гэж үзэж байна. Иймд Ч.Долгормаа, ЦТөмөр нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Кашмир Консепт” ХХК-ийн Голомт банк болон бусдад өгөх их хэмжээний өр төлбөрийг барагдуулах, хэвийн үйл ажиллагааг хангуулах зорилгоор тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж 1 дүгээр тогтоолоор Б.Батбаярыг гүйцэтгэх захирлаар томилсон. Уг тогтоолын тогтоох хэсгийн 3-т тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдэг болон холбогдох үндсэн бичиг баримтыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс гаргуулан авч, Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэн гэрчилгээнд бичилт хийлгэж ажиллахыг гүйцэтгэх захирал Б.Батбаярт үүрэг болгосон. Тус компанийн хувьцаа эзэмшигч Ч.Долгормаа танхай байдлаар үйлдвэр хааж, ажилчдыг хөөж гаргасан, дампууруулсан хэргээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа.Энэ үедээ манай “Кашмир Консепт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байгаагүй, хөндлөнгийн этгээд байсан. Хувьцаа эзэмшигчдийг мэхлэх байдлаар Ц.Төмөрөөс хувьцааг нь шилжүүлж авсан.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9,4.8-д заасныг үндэслэн “Кашмир Консепт” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан Ц.Төмөр, “Кашмир Консепт” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Долгормаа нараас тус компанийн 5110874 регистрийн дугаартай улсын бүртгэлийн 9011049123 дугаар бүхий гэрчилгээ мөн ТТА5970 5110874 дугаартай тэмдгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж буй үйлдлийг зогсоож тус компанийн хууль ёсны захирал Б.Батбаярт гаргуулан өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, Б.Диваачамба, өмгөөлөгч Э.Билгүүн нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Ч.Долгормаа, Ц.Төмөр нар нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолыг хүчин төгөлдөр буст тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул одоогоор Б.Батбаярыг тус компанийн гүйцэтгэх захирал гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Ч.Долгормаад “Кашмир Консепт” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга байсан нь үнэн боловч одоо надад байхгүй ба харин “Кашмир Консепт” ХХК-ийн байранд 2016 оны 07 дугаар сараас хойш хадгалагдаж байгаа.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйл 9.4.2-т зааснаар эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж заасныг үндэслэсэн байна. Гэсэн хэдий ч зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх буюу улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга надад байхгүй учраас гаргаж өгөх боломжгүй юм. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа надад байгаа зүйлийг гаргуулахаар бус байхгүй зүйлийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх тул үүнийг хангах боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Ч.Долгормаа нь өөрт байхгүй байгаа улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг гаргаж өгөхгүй боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан “Кашмирконсепт” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Нурамт Холдинг” XXK, Б.Ёндонжамц нарын Ч.Долгормаа, Ц.Төмөр нарт холбогдуулан тус компанийн 5110874 регистрийн дугаартай улсын бүртгэлийн 9011049123 дугаар бүхий гэрчилгээ, мөн ТТА59705110874 дугаартай тэмдгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж буй үйлдлийг зогсоож, тус компанийн хууль ёсны захирал Б.Батбаярт гаргуулан өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зуйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Ч.Долгормаа, Ц.Төмөр нарын 70 200 төгрөг, хариуцагч “Нурамт Холдинг” ХХК, Б.Ёндонжамц нарын 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Төмөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Диваачамба давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх шийдвэртээ нэхэмжлэгч Ц.Төмөрийн талаар огт дүгнээгүй. Ц.Төмөр нь уг компаниин хувьцаа эзэмшигч биш атал компанийн эд хөрөнгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, эд хөрөнгөд халдсан, илт хууль бус шийдвэрийг дүрэмд заасан ирц хүрээгүйгээр хуралдаж шийдвэрлэсэн юм. Гэтэл шүүх хариуцагчаас нэхэмжлэгчийн эрх, эд хөрөнгийг хохироох шийдвэрийг хууль бусаар гаргасныг нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хэт нэг талыг баримталсан, нэхэмжлэгчийн эрхийг илтэд хохироосон үйлдэл гэж үзэж байна.

            Иймд дээрх үндэслээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “Кашмир консепт” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Долгормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...“Нурамт Холдинг” ХХК-ийн “Кашмирконсепт” ХХК-ийн 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хойшлогдсон хурал хуралдуулах тухай 2 тоот шийдвэр нь хувьцаа эзэмшигч Ч.Долгормаагийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул...” гэжээ. Уг хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хууль болоод компанийн дүрмээр олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлж, 411 000 ам.доллар, 168 000 000 төгрөгийг Ц.Төмөр, Ч.Долгормаа нараар төлүүлэхээр шийдвэрлэж, иргэдийн өмчлөх эрхэд халдсан гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс Ч.Долгормаагийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнээд байгаа нь огт үндэслэлгүй юм.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 855 дугаар магадлалын хянавал хэсэгт “...харин анхан шатны шүүх “Кашмирконсепт” ХХК-ийн 45 хувийн хувьцаа “Нурамт холдинг” ХХК нь хувьцаа эзэмшигчдийн 2016 оны ээлжит хурлыг хуралдуулах санал, шаардлагыг журмын дагуу гаргаснаа нотлоогүй, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах эрхгүй байхад хурал хуралдуулах тухай шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн алдаатай дүгнэлт хийсэн.”  гэж дүгнэсэн байдаг. Уг шүүхийн магадлал гарах үед хувьцаа эзэмшигч Ч.Долгормаагаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр гарсныг мэдээгүй байсан бөгөөд зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэрийн талаар маргаж байсан юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт тодорхой заасан байдаг. Давж заалдах шатны шүүхээс хурал зарлах эрхгүй байхад хурал хуралдуулах тухай шийдвэр гаргасан гэж дүгнэсэн 2016 оны ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах 1 тоот тогтоолын үндсэн дээр одоо маргаж байгаа 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарсан байдаг. Мөн Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг тодорхой заасан байдаг. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурал өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн, өөрт хамааралгүй асуудлаар буюу хувьцаа эзэмшигчдээсээ мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Гэтэл анхан шатны шүүх ямар үндэслэлээр хууль зөрчөөгүй гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйл 60.3 дахь хэсэгт энэ талаар заасан байдаг. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гаргаад 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан байдаг. Компанийн тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.2.5 дахь хэсэгт “...хуралд бэлтгэх явцад хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалтыг хурал хуралдуулах шийдвэрт заана” гэж заасан боловч хурал хуралдуулах шийдвэрт энэ талаар заагаагүй. Шүүхийн шийдвэрийн дүгнэлтээс үзвэл 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит хурал эсвэл ээлжит бус хурлын чухам алинаар нь ойлгож дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Ч.Долгормаа, Ц.Төмөр нар нь хариуцагч “Нурамт холдинг” ХХК, Б.Ёндонжамц нарт холбогдуулан “Кашмир Консепт” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, Ч.Долгормаа, Ц.Төмөр нараас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдгийг гаргуулж, гүйцэтгэх захирал Б.Батбаярт өгөхийг даалгах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаар 2007 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр үүсгэн байгуулагдсан “Кашмир Консепт” ХХК-ийн 45 хувийн хувьцааг “Нурамт холдинг” ХХК, 45 хувийн хувьцааг Ч.Долгормаа, 10 хувийн хувьцааг Б.Ёндонжамц эзэмшдэг нь тогтоогдсон ба “Нурамт холдинг” ХХК нь Б.Батбаярт итгэмжлэл олгосноор Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн 2016 оны ээлжит хурлыг 2 дугаар сарын 15-ны өдөр хуралдуулахаар зарласан нь нэхэмжлэгч Ч.Долгормаагийн эрхийг зөрчөөгүй, хуульд нийцсэн талаар дүгнэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Дээрх зарлагдсан хурлыг хойшлуулахдаа хэлэлцэх асуудлыг өөрчлөлгүйгээр 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хуралдуулахаар 2 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэснийг 45 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Долгормаад мэдэгдэж, хүргүүлсэн нь ээлжит хурал хойшлуулсан тухай шийдвэр /хх-60-62/, “Монгол шуудан” компанийн шуудан хүргэсэн тухай тасалбар /хх-50/, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/413 дугаар албан бичиг /хх-72/, Өдрийн сонины 2016 оны 2 дугаар сарын 26-ны дугаарт тавигдсан зар /хх-44/-аар тогтоогдсон бөгөөд хурлын зарыг хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу  мэдэгдэж,  69 дүгээр зүйлийн 69.6 дахь хэсэгт заасан хугацаанд хуралдуулсан, хурал хуралдуулах тухай шийдвэр нь мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, хурлын хэлэлцэх асуудалд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.12-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  нэхэмжлэгч Ч.Долгормаа, Ц.Төмөр нарт төлбөр хариуцуулах асуудлыг оруулсан гэж үзнэ.

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт зааснаар саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болох тул хувьцаа эзэмшигчийн дийлэнх олонхи нь оролцоогүй тул шийдвэр хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй ба мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан шүүхэд гомдол гаргаж болох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хувьцаа эзэмшигчдийн хуульд заасан журмын дагуу хийж, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.12-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2 дугаар тогтоол нь хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд илт харшилсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд, “Кашмир Консепт” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдэг өөрт нь байгааг нэхэмжлэгч Ч.Долгормаа үгүйсгэсэн бөгөөд хариуцагч эдгээр баримт бичгийг гаргуулах үндэслэлээ нотлоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2016/01193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Төмөр, Ч.Долгормаа нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ