Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01164

 

БИДББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/06317 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 706 дугаар магадлалтай,

БИДББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Т-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14.850.000 төгрөг, хүү 12.324.450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.316.000 төгрөг, хууль зүйн туслалцааны зардал 2.950.000 төгрөг, нийт 32.441.050 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч БИДББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Б.Т- нь 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ЗГ0101150118 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5 дугаар байрны 148 тоотын 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, 12 сарын хугацаатай 15.000.000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус байгууллага зээлийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зэлийн гэрээний хүүг 4.5 хувь гэж тохирсон боловч гэрээнд заасан хугацаанд зээлийг төлж байгаа тохиолдолд 3.5 хувиар тооцохоор заасны дагуу эхний 3 сарын хугацааны хүүг 3.5 хувиар тооцож төлүүлсэн. 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш төлөлт хийгдээгүй тул сарын хүү 4.5 хувиар бодогдож байгаа. Хариуцагчийн хүнд байдалд орсныг бид 2016 оны 02 дугаар сард мэдсэн бөгөөд ямар нэгэн байдлаар шахалт үзүүлээгүй, харилцан ярилцаад явж байсан. Манай зүгээс хууль зүйн туслалцааны зардал 2.950.000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан. Иймд зээлдэгч Б.Т-оос зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 14.850.000 төгрөг, зээлийн хүү 12.324.450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.316.600 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т-ын шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие БИДББСБ ХХК-иас Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5-148 тоот 3 өрөө байрыг барьцаалан 15.000.000 төгрөгийн зээлийг сарын 4,5 хувийн хүүтэй 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан авсан. Энэ асуудлаар би Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 3 дугаар сард нэхэмжлэл гаргасан боловч шүүх буцаасан, давж заалдаж төрийн ажлын үргүй зардалд нэрмээс болохыг хүсээгүй ба нөгөө талын нэхэмжлэлээр шүүх дуудах үед нь тайлбараа гаргаж нэг мөсөн хандахаар шийдсэн. Дээрх нэхэмжлэлдээ 2015 оны 11 дүгээр cap 05-06-нд шилжих шөнө миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 3 давхар барилгад түймэр гарч шатсаны улмаас үлэмж хохирол амссан, цаашид зарим хэсэг нь нурах, хүний амь нас эрсдэх аюулын байдалтай байгаа тул Улсын онцгой комиссоос буулгах шийдвэр гарсан. Үүүнтэй холбоотой зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг уг гал гарсан өдрөөс зогсоож үлдэгдлийг төлөх хугацааг нэг жилээр түдгэлзүүлэх хүсэлтийг тавьсан боловч давагдашгүй хүчин зүйл, гал түймрийн улмаас надад учирсан хохирол ба хүндэтгэн үзэх бодит шалтгааныг шүүгч хайхраагүй, нэхэмжлэл нь цаг хугацааны баримт болон зээл зогсоох талаар анхлан хандсан нотлох баримт болж үлдсэн. Өөрөөр хэлбэл шүүхэд зээлийн гэрээний 7.1.3-т заасан зээлдэгч зээлийг эргүүлэн төлөх найдваргүй болсон гэх заалтыг үндэслэн өөрт бий болсон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон.

Иймд сайн дурын үндсэн дээр гэрээг цуцалж, зээлийн гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцохгүй байх нэхэмжлэлийг гаргаж, албан ёсоор хандаж байхад шүүгч хуулийн өмнө эрх тэгш байх шударга ёсны зарчмыг үл тоон нэхэмжлэлийг буцаан, давуу эрхээ хэрэгжүүлсэн нь биднийг хохироож нэмэлт хүү, алдангийн асуудлыг үүсгэн талуудыг цаг хугацааны алдангид нэмж өртүүлсэн. Миний хувьд зээл авсан нь үнэн тул үндсэн зээлээ, хүүгийн 50 хувийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд холбогдох хуулийн хүрээнд асуудалд нухацтай хандан, харилцан ашиг хүртэх үүднээс хийгдсэн энэ харилцааны эдийн засгийн эрсдэлийг нэг тал дангаар хүлээх ёсгүйг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/06317 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Т-оос зээлийн гэрээний үүрэгт 27.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БИДББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 491.050 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5 дугаар байрны 148 тоот, 40 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204069222 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч БИДББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320.155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-оос улсын тэмдэгтийн хураамжид 292.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БИДББСБ -д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 706 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/06317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 27.000.000 гэснийг 22.917.500 гэж, 2.491.050 гэснийг 6.573.550 гэж, 3 дахь заалтын 292.950 гэснийг 272.537 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШЗ2018/02395 дугаар захирамжаар хариуцагч Б.Т-ыг давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

                Хариуцагч Б.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...миний өмчийн орон сууцны өмнө талд байрлах 3 давхар барилгад түймэр гарч 3 давхарын ихэнх хэсэг ба 2-р давхрын тэн хагас нь шатаж гэнэтийн аюулын улмаас онц их хэмжээний эдийн засгийн хор хохирол учирч энэ байдал үргэлжилсээр байгаа тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг уг гал гарсан 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс зогсоож зээл хүүгийн үлдэгдлийг төлөх хугацааг нэг жилээр түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг 2016 оны 3 дугаар сарын 17-ны 101/Ш32016/01279 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж, зориуд саатуулснаар хүү алданги 3 дахин нэмэгдсэн. Зээлийг бүхэлд нь уг барилгад модон материал авахад оруулсан ба нэгэнт урьдчилан төсөөлөх боломжгүй гал түймэрт миний хөрөнгө шатаж орох байсан орлого орох бололцоогүй болсон талаарх нөхцөл байдлаа нотлох баримтуудаар хүргэж мэдүүлсээр байтал хэт нэг талыг барьж, хүү алдангийг багасгалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Зээлдэгч нь намайг төөрөгдүүлэн залилах зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 06-ны орой салбарын эдийн засагч Б.Гансүх цуг суудаг зээлийн эдийн засагчийн хамт манай гэрт ирж, бид эдийн засгийн хямралтай холбогдуулан хүү төлбөртөө томоохон хөнгөлөлт үзүүлж байгаа. Таны гэрээ сунгагдаагүй зөрчилтэй тул дээш нь танилцуулж болохгүй байна. Иймд та хүсэлт дээр гарын үсэг зураад өгчих гэсэн. Тэр орой миний элэг өвдөөд бие тавгүй байсан ба эднийх хөнгөлөлт олгох юм байна гэж ойлгоод хоосон цаасан дээр бас гарын үсгээ зураад өгсөн. Үүнийг ашиглаад сунгалтын гэрээ хийсэн болгодог ба түүгээр баримт болгон 6 сарын хүү нэмж шүүхийн шийдвэр гаргуулсан бөгөөд нөхөн бүрдүүлж нэмэлт үйлдэн хэрэгт хавсаргаснаар төлөх дүнг өсгөсөн үйл ажиллагааг залилан хийж намайг нэмж хохироосон. Мөн 2016 оны 11 сарын 23-ны өдөр төлсөн 500.000 төгрөг шүүхийн шийдвэр дэх тооцоонд огт ороогүй, баримт гарган өгөхдөө зөрүүд нууж залилсан. Сунгалтын гэрээг хуурамчаар үйлдэж санаатай үйлдлээ бүрэн хангасан явдал нь хүн бүрт хууль, шүүх нэгэн адил үйлчилж, ямар нэгэн давуу байдал үүсгэх буюу эрх зүйн байдлыг доройтуулах явдлыг хориглодог. Хууль шүүхийн зарчим нь хүмүүнлэгийн үйл ажиллагаанд үндэслэсэн байх гэдэг. Хуульд нийтэд учирсан гамшигт байдал гэдэгт гал түймэр... гээд заачихсан ба шударга ёсонд бол зээлдэгч зээлдүүлэгч 2 тал эрсдэлээ харилцан хүлээх бөгөөд энэ нь хууль ёсны ба бодитой байх шинжийг хослон хадгалах зарчмын цөм нь юм. Зөвхөн Улсын онцгой комиссоос буулгах шийдвэр гарснаас гал гарсан хэсгийг буулгаж аюулгүй болгоход 12.000.000 төгрөг бусдаас дахин зээлж арга хэмжээ авсан ба одоо энэ мөнгө хүүтэйгээ 18.000.000 төгрөг болоод байгаа ба энэхүү их хэмжээний гамшиг хохирлын улмаас олон арван сая төгрөгийн өр зээл үүсч хэд хэдэн нэхэмжпэл шүүхэд ирээд байгаа ба эдгээрийн улмаас төлбөрийн чадваргүй болоод байна. Иргэдийн эрэлт хэрэгцээг далимдуулж мөнгө хүүлэх шинжийг агуулж гэрээ хийдэг явдлыг магадлах эрх, үүрэг нь шүүхэд байсаар байтал энэ мэт асуудлыг нь огт нягтлахгүй явж ирсэн байдал нь мөнгө хүүлэх аргыг өөгшүүлж, нийгмийн 2 талт ялгарлыг бий болгож байгаа бөгөөд энэ нь улмаар чанаргүй зээл, зээлийн дарамтанд өртөлтийг нийгэмд хавтгай шинжтэй болгоход шууд нөлөөлж байгаа ба би нэг хохирогч хүчинд автагч нь юм. Давж заалдах шатны шүүх 2 төрлийн хүү бичиж төөрөгдүүлсөн ба залилсан үйлдэл хийсэн гэрээг илчлэн тооцоог хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөрт оруулсан. Гэхдээ залилан мэхэлж, хуурамчаар хийсэн 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн миний огт үзээгүй хараагүй сунгалтын гэрээний 6 сарын хугацааг оруулж 12-оор биш нийт 18 сараар хүү төлөх үүрэг үүсгэсэн байна гэж тооцсон нь дутуу дулимаг болсон. Нөхөн бүрдүүлж шүүхэд гол нотолгоо болсон сунгалтын гэрээ нь хууль ёсны байх хэд хэдэн зарчмыг зөрчсөн. Үүнд гарын үсэг зураагүй, гэрээний нэг хувь өнөө болтол надад өгөөгүй ба ирээгүй, түүнийг үндсэн гэрээтэй төсөөтэй хэрэглэхийг хүлээн зөвшөөрөх аргагүй ба ноториатаар гэрчлэгдээгүй зөвхөн зээлдэгчид хуулийн боломж олгохгүйгээр сунгалтын гэрээг хуурамчаар хийж шүүхэд баримтаар гаргаж өмнө нь 5-6 сая төгрөгийн илүү төлбөр гаргуулах шийдвэрийг шүүхээс гаргуулж чадсанаараа үйлдэгдсэн гэмт хэргийн агуулгатай бөгөөд түүний нотолгоо нь уг сунгалтын гэрээг нотариатаар оруулаагүй явдал болно.

          Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар “хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэсэн заалтыг шүүх баримталж хариуцагч Б.Т-ын 14.850.000 төгрөгийн үндсэн зээлийн хүүг 12 сараар тооцож гарах 6.237.000 төгрөгнөөс өмнө нь төлсөн 1.382.500 төгрөгийг хасч үлдэх 4.855.000 төгрөгийн хүүг үндсэн зээл дээр нэмж, нийт 19.705.000 төгрөгийг нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент” ББСБ-д олгохоор шийдвэр гарган, холбогдох хуулийг зөв хэрэглэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

БИДББСБ, Б.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14.850.000 төгрөг, хүү 12.324.450 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.316.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2.950.000 төгрөг, нийт 32.441.050 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  2.950.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 27.000.000 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүүгийн хэмжээг багасгаж, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож, зээлийн үүрэгт 22.917.500 төгрөг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагч зээлийн гэрээ дуусгавар болсноос хойшхи хэтэрсэн хугацааны хүү гаргуулсныг эс зөвшөөрч гомдол гаргасан ба гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Зохигчийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, БИДББСБ нь Б.Т-т 15.000.000 төгрөгийг, сарын 4.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг  хангуулахаар Баянзүрх дүүргийн, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5 дугаар байрны 148 тоотын 3 өрөө орон сууцыг барьцаалсан ба эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д нийцжээ.

Гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч хүүг сар тутам, 2015 оны 6 дугаар сарын 24-нөөс эхлэн өдрөөс үндсэн зээлээс хэсэгчлэн төлөх үүргийг хүлээсэн боловч гэрээний хугацаанд үндсэн зээлд 150.000 төгрөг, зээлийн хүүд 1.382.500 төгрөг төлж, бусад үүргийг биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх сард төлөх зээлийн хүүг гэрээний ерөнхий нөхцөлд заасан 4.5 хувиар тооцсныг, давж заалдах шатны шүүх 3.5 хувь гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж, урьдчилан тогтоосон нөхцөл бүхий үйлчлүүлэгчдээ санал болгосон гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзнэ.

Гэрээнд хүүг өөр нөхцлөөр буюу 4.5 хувь, хэрэв хүүг хугацаандаа төлвөл 3.5 хувь болгон бууруулахаар хоёр утгатай тогтоосныг давж заалдах шатны шүүх зээлдэгчид ашигтайгаар тайлбарлаж, зээлийн хүүгийн тооцооллыг багасгаж өөрчилсөн нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д нийцжээ.

Давж заалдах шатны шүүх нэмэгдүүлсэн хүүгийн талаархи гэрээний нөхцөл хуулийн агуулгад нийцээгүй үндэслэлээр энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Гэрээгээр тохирсон бол зээлдэгч гэрээний хугацаан дахь зээлийн хүүг төлөх үүрэгтэйгээс гадна үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийг эргэн төлөх хүртэл хэтэрсэн хугацааны хүү төлнө.

Хариуцагчийн өмчлөлд байдаг Сонгинохайрхан дүүргийн, 14 дүгээр хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгөд гал  гарч хохирол учирсан нь тогтоогдсон байх боловч, энэ нь зээлдэгчийг хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөх хуульд заасан үндэслэл болохгүй тул энэ талаархи гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 706 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-ын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2018/07001 дугаар захирамжаар хариуцагч Б.Т-ыг хяналтын журмаар гомдол гаргахдаа төлөх 66.350 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ