Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
Хэргийн индекс | 146/2017/00019/И |
Дугаар | 146/ШШ2017/00024 |
Огноо | 2017-01-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 146/ШШ2017/00024
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багт оршин суух, ЙС67030205 дугаарын регистртэй, Боржигин овгийн Сэрээнэндоржийн Ганчимэгийн
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Ганчимэг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...С.Ганчимэг миний хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй байгаа юм. Би 1983 оны 06 дугаар сараас 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Аймгийн архиваас лавлагаа авсан. Иймд намайг 1983 оны 06 дугаар сараас 1991 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Ганчимэг нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.Ганчимэг нь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Үүнд: Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1668 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр С.Ганчимэгт олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ё.Зоригтийн “...Би 1987 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд ерөнхий зоотехникчээр ажиллаж эхэлсэн. Намайг ажилд орох үед С.Ганчимэг нь “Энхтайван” нэгдлийн 2 дугаар бригадад хоньчин хийдэг байсан бөгөөд намайг нэгдэлд орох үеэр бригад нь хэсэг болсон юм. С.Ганчимэг нь хэдэн оноос эхлэн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд орсныг нь мэдэхгүй байна. Намайг “Энхтайван” нэгдэлд орох үед ажиллаж байсан. Ихэвчлэн хонь хариулдаг байсан ба хариулсан малынхаа сүүг авдаг байсан. “Энхтайван” нэгдэлд 1992 оны 06 дугаар сард өмч хувьчлал явагдаж тарсан бөгөөд С.Ганчимэг нь тэр үеэр нэгдлээсээ хувьдаа мал авч гарсан. С.Ганчимэг нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Ням-Адъяагийн “...Би 1980 онд цэргээс халагдаж ирсний дараа буюу 11 сараас эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Харин С.Ганчимэг нь намайг ажилд орсноос хойш буюу 1983 онд “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Ихэвчлэн хонь хариулдаг байсан. “Энхтайван” нэгдэлд 1992 оны 06 дугаар сард өмч хувьчлал явагдаж тарсан бөгөөд С.Ганчимэг нь тэр үеэр нэгдлээсээ хувьдаа мал авч гарсан. С.Ганчимэг нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” 1983-1992 оны 06 дугаар сарыг хүртэл нэгдэлд ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Боржигин овогт Сэрээнэндоржийн Ганчимэгийг 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч С.Ганчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Боржигин овогт Сэрээнэндоржийн Ганчимэгийг Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Ганчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА