Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1283

 

 

 

 

 

 

 

 

   2020        07           09                                  2020/ШЦТ/1283

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б.Ат холбогдох эрүүгийн 2006 00000 1724 дугаар хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг енгөрч байхад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 37-1940 тоотод хохирогч С.Өнөрзаяатай маргалдаж, улмаар зулай, дагзны хуйхны хэсэгт хутгаар зүсэж, зүүн шуу, бугалга хэсэгт цохиж, зүүн гуяанд өшиглөж эрүүл мэндэд нь зулай, дагзны хуйхны зүсэгдсэн шарх, зүүн шуу, бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Өнөрцэцэгийн мэдүүлэг /хх-13-16/, гэрч Г.Дэлгэрцэцэгийн мэдүүлэг /хх-21-22/, гэрч Ч.Тунгалагийн мэдүүлэг /хх-23-24/, шинжээчийн 7220 дугаартай дүгнэлт /хх-29-30/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг енгөрч байхад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 37-1940 тоотод С.Өнөрзаяатай маргалдаж, улмаар зулай, дагзны хуйхны хэсэгт хутгаар зүсэж, зүүн шуу, бугалга хэсэгт цохиж, зүүн гуяанд өшиглөж эрүүл мэндэд нь зулай, дагзны хуйхны зүсэгдсэн шарх, зүүн шуу, бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Өнөрзаяагийн “...2020 оны 06 дугаар сарын 19-нийөдөр 11 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 37-1940 тоотод гэртээ ганцаараа байхад н.Алтанцэцэг, н.Томоо, н.Дэлгэрцэцэг нарын хамт гэрт пиво уусан..., н.Алтанцэцэг гэнэт уурлаад, намайг цохиж эхэлсэн..., тэгсэн миний толгой хэсгээр цус гарсан...,миний хацар хэсэгт цохисон, зүүн гуя хэсэгт өшиглөсөн... Алтанцэцэг яваад өгсөн, бт гэрт ороод цагдаа дуудсан..., намайг бүлэглэж зодоогүй, Алтанцэцэг зодсон... 37.704 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн...надад одоо нэхэмжпэх зүйл байхгүй...” /хх-13-16/ гэх мэдүүлэг

 

Мөрдөн шалгах ажиллаганд гэрч Г.Дэлгэрцэцэгийн “... 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Алтанцэцэг эгчтэй явж байхад С.Өнөрзаяа дуудсан..., нийт 5 пиво Алтанцэцэг, С.Өнөрзаяа нар уусан..., С.Өнөрзаяа хүн зодоод өгөөч гэсэн..., тэр хоёр
маргалдсан..., тэр хоёр үснээсээ зууралдаад байсан...” /хх-21-22/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Тунгалаг-Эрдэний “...2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр н.Уянга нь “С.Өнөрзаяа гэртээ хүнд хутгалуулсан” гэжхэлсэн..., гэртороход С.Өнөрзаяагийн толгой хэсгээс цус гарч байсан...” /хх-23-24-р хуудас/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын           23-ны өдрийн №7220 дугаартай дүгнэлтэд:

 

            1. С.Өнөрзаяагийн биед зулай, дагзны хуйхны зүсэгдсэн шарх, зүүн шуу, бугалга, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, хатгаж зүсэх үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...”/хх-29-30/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 37-1940 тоотод хохирогч С.Өнөрзаяатай маргалдаж, улмаар зулай, дагзны хуйхны хэсэгт хутгаар зүсэж, зүүн шуу, бугалга хэсэгт цохиж, зүүн гуяанд өшиглөж эрүүл мэндэд нь зулай, дагзны хуйхны зүсэгдсэн шарх, зүүн шуу, бугалга, зүүн гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА