| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1312/Э |
| Дугаар | 1321 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 1321
2020 07 20 2020/ШЦТ/1321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Хулан,
Улсын яллагч Л.Галав,
Шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт А.Н холбогдох эрүүгийн 2006 02145 1736 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Н нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 4 дүгээр хэсэг 1866 тоот хашаанд иргэн Б.Баярсайхантай маргалдаж улмаар түлхэж газар унагаж, унасан байхад нь нүүрэн тус газар нь 2 удаа дэвсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Баярсайхан мэдүүлэг /хх-10/, гэрч С.Доржандын мэдүүлэг /хх-14-15/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5038 дугаартай дүгнэлт /хх-15-16/, А.Нгийн мэдүүлэг /хх-65-66/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Н нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 4 дүгээр хэсэг 1866 тоот хашаанд иргэн Б.Баярсайхантай маргалдаж улмаар түлхэж газар унагаж, унасан байхад нь нүүрэн тус газар нь 2 удаа дэвсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баярсайханы "... 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цагийн үед би найз Догмидсүрэнтэй Сонсголонд дүүгийн гэрт уулзаж 0,75 шилтэй Соёрхол архи хувааж уугаад тэндээ унтаад маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Догмидсүрэн Нямбууруу залгаад “Хүрээд ир” намайг Лавай гээд баруун талын хөдөө орон нутаг явдаг товчоо руу хүргээд өгөөч гэсэн. Удалгүй Нямбуу ирээд бид хоёрыг аваад тээврийн товчоон дээр ирэхэд замыг хаасан байсан. Тэгээд бид гурав Улиастайн хуучин эцэс дээр зогсоод би мөнгөөрөө нэг тараг, 0,75 шилтэй Хараа архи аваад Догмидсүрэнгийн дүүгийн гэрт ирсэн. Гэрт архи хувааж уугаад Нямбуу эхлээд гэрээс гарсан. Би араас нь мөн бие засахаар гараад би Нямбуугаас “Машинд пиво ууж байсан аяга хаана байна” гэсэн чинь Нямбуу хогийн сав руу хаячихсан, тэндээс ав” гэхээр нь би уурлаад бид хоёр барилцаад авсан чинь Нямбуу намайг түлхсэн чинь миний хөл хаууд байсан төмөр дээр тээглээд унахад миний дээрээс нүүрэн дээр Нямбуу хөлөөрөө хоёр удаа дэвссэн. Догмидсүрэн ах гарч ирээд салгаад цагдаа дуудсан. Миний биед учруулсан хүнд зэргийн хохирлыг Нямбуу ганцаараа учруулсан. Тухайн үед Нямбуу өрөө эрүүл, би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” /хх-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Доржхандын “... Хажуу айлд машинтай хүмүүс ирсэн. Би цонхоор харсан чинь нойлын хажууд муудалцаад байсан ба эрүүл хүн нь согтуу хүнийг зодоод байсан. Тэгээд газар унагаад дээр нь дэвссэн. Нөгөө хүн нь биеэ хамгаалах чадваргүй байсан...” /хх-14-15/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5038 шинжээчийн дугаартай:
“Б.Баярсайханы биед гавлын суурь ясны хугарал, баруун хацар ясны хугарал, эрүү ясны хугарал, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун нүдний гадна буланд зулгаралт, баруун чамархай, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, эрүү, хоншоор хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хх-15-16/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.Нгийн “... Баярсайхан надаас нэг удаагийн цаасан аяга хаана байна. Архи уух гэсэн юм гэхээр нь би уурлаад хаячихсан гэж хэлсэн. Тэгэхэд хохирогч Б.Баярсайхан миний урд талаас 2 гараараа боосон тухайн үед би зөрүүлж боогоод нүүр хэсэгт нь баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгэхэд хохирогч Баярсайхан жорлонгийн хажууд байх төмөр рүү унасан ба унасан байхад нь би хөлөөрөө толгой хэсэгт нь нэг удаа дэвссэн ...” /хх-65-55/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.Н нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 4 дүгээр хэсэг 1866 тоот хашаанд иргэн Б.Баярсайхантай маргалдаж улмаар түлхэж газар унагаж, унасан байхад нь нүүрэн тус газар нь 2 удаа дэвсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч А.Н нь бусдад төлөх төлбөргүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч А.Н нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт А.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд сар бүр 277,777 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА