| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1293/Э |
| Дугаар | 1396 |
| Огноо | 2020-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 1396
2020 07 30 2020/ШЦТ/1396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Б.Тулга,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Хохирогч Б.Нямдаваа, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,
Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн 2006 01757 1242 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нямдавааг архи ууж гадуур явлаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний тус газарт нь нэг удаа өшиглөж алгадаж, үснээс нь чирч, хүзүү орчмоос нь барьж угзарч унагаан нүүрэн тус газарт нь алгадаж, хоолойг нь боон ухаан алдуулж, орилоход нь дуугүй бай гэж аманд нь алчуур чихэж, гуя руу нь 2 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 21-нээс 3 дугаар сарын 22-ныг шилжих шөнө 12 цагийн үед эхнэр гарч явсан. Эхнэр хөлдөөгч аваад ирнэ гээд явсан. Тэгээд над руу 19 цагийн үед нэг удаа залгасан. 23 цагийн үед гэрт уусан орж ирсэн. Тэгээд би хардаж сэрдээд уурлаад биеийг нь гэмтээсэн.” гэх мэдүүлэг[1],
Хохирогч Б.Нямдаваа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 21-нээс 3 дугаар сарын 22-ны шилжих шөнө 12 цагийн үед манай найз над руу залгасан. Би нөхөртөө хоол хийж өгчихөөд 15 цагт гэрээсээ гарсан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад гэртээ халамцуу орж ирсэн. Тэгээд би цүнхээ сандал дээр тавьчихаад нойл руу орсон чинь хойноос нөхөр өшиглөөд унагаагаад, хардаад, үсдэж чирсэн. Ч.Б 12 цагт гарсан гэдэг нь худлаа. Би дэлгүүр лүү ороод 2 хүүхдэдээ талх авчирсан гэдэг нь ч худлаа. Сүүлийн хэрэг болсон өдөр Ч.Б эрүүл байсан. Миний хүү бид хоёртой хамт амьдардаггүй. Охин, нөхөр бид гурав байдаг. Хүүхдүүдийнхээ нүдэн дээр цоо эрүүл байж намайг зодсон. Батнасан, Эрхэмболор хоёр найз нь байнгын архи ууж уруу татдаг архины хамааралтай хүмүүс. Манай гэрийг тойроод 2 найз нь өөрийн хашаа мэт орж ирдэг. Эрхэмболор гэдэг хүн маш их манайд ирдэг. Би энэ хэдтэй хамт архи уусан удаа байхгүй. Нэгнийх нь төрсөн өдөр болоод би 2-3 удаа л архи уусан. Би Ч.Бтой архи ууж явдаггүй. Эрхэмболор манай хашаанд ийм машин байна ингэе тэгье гээд Ч.Бг аваад яваад орой нь архи уугаад ороод ирдэг. Ч.Б эрүүлдээ надад гар хүрч байна гэдэг нь үнэхээр даварч байна. 2019 оны хэрэг дээр би өөрийнхөө биеийн гэмтлийг өөрөө эдгээсэн. Ч.Б бид хоёр 21-т сар гаран барилга дээр ажиллаж би машинаа ломбарданд тавиад торгуулийн мөнгийг нь төлдөг байсан. Ч.Б үнэхээр даварч байна” гэх мэдүүлэг,[2]
Шүүгдэгч Ч.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн гэртээ байж байсан. Тэгэхэд хохирогч Б.Нямдаваа согтуу ирсэн ба 2 хүүхэд маань өлсөөд байсан болохоор би гадуур хувцсаа өмсөөд дэлгүүр орох гээд гэрээс гарахад эхнэр Нямдаваа “хаачих гэж байгаа архичин бэ?” гээд араас орилоод байхаар нь би жорлон дээр очоод “Би талханд явах гэж байна” гэж хэлэхэд эхнэр Нямдаваа миний өөдөөс салаавч гаргаад байсан. Тухайн үед миний уур хүрээд баруун гараараа жорлонгийн модноос бариад зүүн хөлөөрөө Нямдаваагийн духны дээд хэсэгт нэг удаа өшиглөсөн. Нямдаваа хойшоогоо унасан ба тэгээд би Нямдавааг өргөж босгосон тэгэхэд нэг гараараа миний цамцнаас барьж байгаад нөгөө гараараа миний нүүрийг маажсан. Тэгээд би гарыг нь тавиулаад гэрийнхээ үүдэнд ирээд тамхи асаагаад зогсож байхад дахиад гүйж ирээд миний хүзүү эрүүг маажсан. Тэгээд би цамцнаас заамдаж боогоод унагаагаад орилоод байхаар нь алчуур аман дээр тавиад “дуугүй бол” гэж хэлээд баруун гараа атгаж байгаад Нямдаваагийн нүүрэнд тулгаж байгаад нударсан. Тэгээд Нямдаваа намайг “Ус уумаар байна пизда минь” гэж хэлэхээр нь гэрээс орж цай авчирж уулгаад хамт тамхилаад гэр лүүгээ орсон. Тэгээд гэрт ороод байж байхад Нямдаваа “Би яахаараа гарч орж болдоггүй юм бэ?” гэж орилоод байхаар нь алчуур авч аманд хийж дуугүй болгосон. Дээрх дүгнэлтэд тусгагдсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан.” гэх мэдүүлэг,[3]
Хохирогч Б.Нямдаваа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...халамцуу /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ орсон. Тэгээд би буцаж гараад нойл ороод сууж байхад нөхөр Ч.Б ирээд “ямар өдсөн гичий вэ?” гэж хэлээд миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би босоод нойлоос гараад ирэхэд намайг Ч.Б нэг удаа алгадсан. Тухайн үед би гэр лүү гүйгээд орох гэхэд гэрийн үүдэн дээр намайг барьж аваад үсдээд чирсэн, би босч ирээд цамцнаас нь бариад авахад хоолойноос барьж угзарч унагаагаад миний нүүр хэсэгт өвдөглөж байгаад гараараа алгадаад байсан. Миний дээрээс босохгүй байгаад байхаар нь би орилоод Ч.Бгийн нүүрийг маажсан хөлөөрөө тийчилсэн. Тэгэхэд Ч.Б миний хоолойг боогоод байсан /тэгэхэд би хэсэг ухаан алдсан байх/ миний дээрээс Ч.Б ус асгаж сэрээсэн. Тэгээд сэрээд орилоход намайг дуугүй бай гэж хэлээд алчуур ам руу чихсэн би хүн дуудах гээд баахан орилсон тэгэхэд хажуу хаалга онгойж нэг хүн харж байгаад буцаад гэр лүүгээ орсон. Ч.Б бид 2 гэрийн гадаа зөндөө ноцолдож байгаад би сүүлдээ Ч.Бгоос гуйж байгаад босоод гэр лүүгээ орсон. Гэрт Ч.Б намайг зодох гээд байж байхад жижиг өрөөнөөс 2 хүүхэд гарч ирэхэд Ч.Б та 2 цаашаагаа яв, тэгэхгүй бол та 2-г бас зодно шүү гэж хэлсэн. Ч.Б миний гуя руу 2 удаа гараараа цохиод дараа нь бэлэг эрхтэн рүү хуруугаа хийж үнэртээд чи муу хэнтэй унтсан бэ? угаасан юм уу гэж хэлсэн. Тухайн шөнө шөнөжингөө Ч.Б бид 2 хэрэлдэж Ч.Б намайг цохиж зодсон...” гэх мэдүүлэг[4],
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3919 дугаартай:
“1. Б.Нямдаваагийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор хананд хугарал, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус хуралт, хоёр хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язрал, эрүүний баруун, зүүн доор зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун мөр, зүүн тохой, зүүн бугалга, зүүн дал, цээж, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгөнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[5],
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 660 дугаартай:
“1.Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2020.03.26-ны өдрийн 3919 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Б.Нямдаваагийн 2020.03.25-ны өдрийн Натур эмнэлгийн КТГ-н онош 3919 тоот дүгнэлтэд бүрэн тусгагдсан байна.
3. Б.Нямдаваагийн биед учирсан гэх 3919 тоот дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь бүгд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Зарим хуучин эмгэг, гэмтлүүд нь хэдийд үүссэнийг тогтоох боломжгүй байна.” гэх дүгнэлт,[6]
Хохирогчийн аюулын зэргийн “Эрсдэлийн түвшин 15 буюу өндөр” гэх үнэлгээ[7],
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт[8],
Хохирогчоос гаргаж өгсөн гэрэл зургууд[9],
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10],
Иргэний үнэмлэхийн лавлагаа[11],
Оршин суугаа газрын тодорхойлолт[12],
Шийтгэх тогтоолын хуулбар[13]
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл[14] зэрэг болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[15] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ч.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нямдаваатай архи ууж гадуур явлаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөж алгадаж, үснээс нь чирч, хүзүү орчмоос нь барьж угзарч унагаан нүүрэн тус газарт нь алгадаж, хоолойг нь боон ухаан алдуулж, орилоход нь дуугүй бай гэж аманд нь алчуур чихэж, гуя руу нь 2 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох:
Шүүгдэгч Ч.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “би хардаж сэрдээд уурлаад биеийг нь гэмтээсэн.” гэх[16],
Хохирогч Б.Нямдаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “нойл руу орсон чинь хойноос нөхөр өшиглөөд унагаагаад, хардаад, үсдэж чирсэн.” гэх,[17]
Шүүгдэгч Ч.Бгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед миний уур хүрээд баруун гараараа жорлонгийн модноос бариад зүүн хөлөөрөө Нямдаваагийн духны дээд хэсэгт нэг удаа өшиглөсөн. ...би цамцнаас заамдаж боогоод унагаагаад орилоод байхаар нь алчуур аман дээр тавиад “дуугүй бол” гэж хэлээд баруун гараа атгаж байгаад Нямдаваагийн нүүрэнд тулгаж байгаад нударсан. ...орилоод байхаар нь алчуур авч аманд хийж дуугүй болгосон. Дээрх дүгнэлтэд тусгагдсан хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан..” гэх,[18]
Хохирогч Б.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. ...нэг удаа алгадсан. ...гэрийн үүдэн дээр намайг барьж аваад үсдээд чирсэн, би босч ирээд цамцнаас нь бариад авахад хоолойноос барьж угзарч унагаагаад миний нүүр хэсэгт өвдөглөж байгаад гараараа алгадаад байсан. ...миний хоолойг боогоод байсан /тэгэхэд би хэсэг ухаан алдсан байх/ миний дээрээс Ч.Б ус асгаж сэрээсэн. Тэгээд сэрээд орилоход намайг дуугүй бай гэж хэлээд алчуур ам руу чихсэн ...миний гуя руу 2 удаа гараараа цохиод...” гэх[19], Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3919 дугаартай дүгнэлт[20], Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 660 дугаартай дүгнэлт,[21] Хохирогчийн аюулын зэргийн “Эрсдэлийн түвшин 15 буюу өндөр” гэх үнэлгээ[22], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт[23], Хохирогчоос гаргаж өгсөн гэрэл зургууд[24] зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Б.Нямдаваагийн эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Б.Нямдаваад Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3919 дугаартай дүгнэлтээр “тархи доргилт, баруун ухархайн дотор хананд хугарал, хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус хуралт, хоёр хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, хамрын нуруунд цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, язрал, эрүүний баруун, зүүн доор зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун мөр, зүүн тохой, зүүн бугалга, зүүн дал, цээж, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, баруун өвдөгөнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Б.Нямдавааг цохисон, өшиглөсөн, хоолойг нь боосон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан байдаг.
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг; мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгодог.
Шүүгдэгч Ч.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Нямдавааг бусадтай хардан зодож, харгис хэрцгий догшин авирлаж буюу түүний нүүрэн тус газар нь цохих, өшиглөх, бусдаас тусламж хүсэхэд амыг таглаж хоолойноос боож, дуу гаргахгүй болгож тарчлаах шинжтэй үйлдэл хийснийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Ч.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Нямдаваа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан зардал нийт 302,910 төгрөг, шатахууны зардал 320,500 төгрөг нийт 623,410 төгрөгийн баримтыг[25] мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт эм тариа авсан 122,700 төгрөгийг баримтыг нэмж гаргаж өгсөн.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Иймд хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан 623,410₮ +122,700₮ нийт 746,110 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болгож,
шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргахгүй байгаа тул хамгийн доод хэмжээний ялаар оногдуулж өгнө үү”,
хохирогчийн өмгөөлөгч “улсын яллагчийн саналыг дэмжиж байна”, хохирогч “торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлтүүдийг гаргасан.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын хувьд гэр бүлийн хамаарал бүхий Б.Нямдавааг бусадтай хардаж, түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл буюу хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан, уг гэмт хэргийг үйлдсэн арга хэлбэрийн хэрцгий догшин авирлаж, тарчлаах шинжтэй үйлдсэн байх ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнд 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тус тус анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Бд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Ч.Бд оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Бд 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бгоос 746,110 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Нямдаваад олгосугай.
7. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтас хэргийн 58 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас
[6] Хавтас хэргийн 66-67 дугаар хуудас
[7] Хавтас хэргийн 28 дугаар хуудас
[8] Хавтас хэргийн 29-39 дүгээр хуудас
[9] Хавтас хэргийн 85-91 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 94 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 92 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 95 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 97-103 дугаар хуудас
[14] Хавтас хэргийн 74-81 дүгээр хуудас
[15] Хавтас хэргийн 17-19 дүгээр хуудас
[16] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[17] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[18] Хавтас хэргийн 58 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас
[20] Хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас
[21] Хавтас хэргийн 66-67 дугаар хуудас
[22] Хавтас хэргийн 28 дугаар хуудас
[23] Хавтас хэргийн 29-39 дүгээр хуудас
[24] Хавтас хэргийн 85-91 дүгээр хуудас
[25] Хавтас хэргийн 106-108 дугаар хуудас