Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2017/00088

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        

         Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 15 тоотод оршин суух, Монгол овогт Готовын Галбадрахын нэхэмжлэлтэй

Хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ны байрны 205 тоотод байрлах “Суман тэрх” ХХК-д холбогдох Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байр, 15 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянаад                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Г.Галбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Суман тэрх” ХХК-тай Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 15 тоот, 32.4 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан, урьдчилгаа 3.565.100 төгрөг төлсөн. Ингээд захиалсан байрандаа 2014.08.21-ний өдөр орж үлдэгдэл төлбөрөө бүрэн төлж дуусгасан.

         Дээрх байрыг “Суман тэрх” ХХК нь Улсын комисст хүлээлгэн өгөөгүйн улмаас хохирсоор байна.

         Иймээс намайг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 80 дугаар байрны 15 тоот, 32.4 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

         Хариуцагч “Суман тэрх” ХХК-ийн захирал Д.Одгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 15 тоот байрны захиалагч нь Г.Галбадрах мөн бөгөөд байрны төлбөрөө бүрэн төлсөн. 2013 оны 10 дугаар сард байрандаа орж одоог хүртэл оршин сууж байгаа тул гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Г.Галбадрах ямар нэгэн төлбөрийн тооцоогүй тул 80 дугаар байрны 15 тоотын хууль ёсны өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч байна.            

           Иймд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 15 тоот байрыг Г.Галбадрахын өмч болохыг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ  нь

             Нэхэмжлэгч Г.Галбадрах, хариуцагч “Суман тэрх” ХХК-д холбогдуулан Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 15 тоот, 32.4 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч Г.Галбадрах нь хариуцагч Суман тэрх ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Багануур дүүргийн 1-р хороо Наран хороолол 82 дугаар байрны 1 өрөөтэй  32.4 м2 талбайтай 13 тоот орон сууцыг худалдах, худалдан  авах гэрээг бичгээр байгуулжээ.

           Талууд 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний Газар, хот байгуулалт газрын кадастр, мэдээллийн хэлтсийн даргын 2013.03.11-ний өдрийн 3/349 тоот шийдвэрийн дагуу гэрээгээр худалдаж буй орон сууцны хаягийг Наран хороолол 80 дугаар байрны 1 дүгээр орц 5 давхрын  15 тоот болгож өөрчилсөн байна.

            Нэхэмжлэгч Г.Галбадрах нь худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь төлбөр төлсөн баримт, Суман тэрх ХХК-иас олгосон тооцооны үлдэгдэлгүй талаарх баримт, хариуцагчийн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

            Хариуцагч “Суман тэрх” ХХК-ны захирал Д.Одгэрэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 15 тоот орон сууцны захиалагч Г.Галбадрах мөн бөгөөд байрны төлбөрөө төлсөн, ямар нэг зөрчилгүй байх тул Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 15 тоот орон сууц Г.Галбадрахын өмч болохыг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.   

          Иймд  хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

          Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн  74.1, 74.2 дахь хэсэгт  заасныг тус тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч Г.Галбадрахын нэхэмжлэлтэй хариуцагч “Суман тэрх” ХХК-нд холбогдох орон сууцны  өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт Багануур дүүргийн 1 дүгээр хороо 80 дугаар байр,  1 дүгээр орц 15 тоот  1 өрөө орон сууцны өмчлөгч Г.Галбадрах болохыг тогтоолгох  нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Суман тэрх” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөгийг  тус тус гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     П.ТУЯА