Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 158

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Бэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батхишиг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анхбаяр, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 931 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батхишигийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Т.Бэд холбогдох 201624000856 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

.............. овгийн ..............ийн .............., 1976 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............../,

Т.Б нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 6 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 22-ын товчооны зам, Малчин дэлгүүрийн урд замд буюу зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд “Faw EQ1170” загварын 43-68 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үед нь тээврийн хэрэгсэлд эвдрэл үүссэн улмаар зогсолт хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээвийн хэрэгслээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино”, мөн дүрмийн 6.3-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй ... зайд байрлуулна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгслийн араас С.Б жолоочтой “Nino Ranger” загварын 74-46 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Т.Бийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: 1. Тусгай мэдлэгийн хүрээнд нотолбол зохих байдлыг нотлохын тулд шинжээчийн дүгнэлт 2 удаа гарсан боловч өөр хоорондоо зөрүүтэй, зөрчилтэй, бүрэн гүйцэд бус, хууль ёсны ба үндэслэл бүхий байх шалгуур шинжийг бүрэн хангаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Нотолгоо: Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, шинжээчийн давтан дүгнэлтийг харьцуулан шалгахад тус хэрэгт дээрх үндэслэлүүд хангалттай тогтоогдсон ба энэ хүрээнд хамаарах асуудлууд урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд тодорхой бэхжигдсэн ба мөрдөн шалгах ажиллагаа хийх чиглэл буюу зөрчилтэй асуудал бүрийг шүүх нарийвчлан заах шаардлагагүй гэж үзэв.

2. Шинжээч нарын хэн нь дүгнэлтийг худал гаргасан эсэх асуудлыг нэг мөр шалган тогтоож, хариуцлагын асуудлыг шийдвэрлэх.

Шинжээч нар дүгнэлт гаргахдаа хууль зүйн болон шинжлэх ухааны нотолгооны үндэслэл, эх сурвалжийг тодорхой заах буюу холбогдох шинжлэх ухааны онол, баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байх шалгуурыг заавал баримтлах ёстой.

Дүгнэлт нь эргэлзээтэй, тодорхой бус, шалгуур үндэслэл, баримтаа заагаагүй тохиолдолд “тусгай мэдлэг”-ийн асуудлаар таамаглан дүгнэх боломжгүй ба зөрүүтэй дүгнэлтүүд нэгэн зэрэг “үнэн зөв” байх боломжгүй юм.

3. Тус хэргийг буцаасан шүүхийн өмнөх шийдвэрийн заалтууд зохих ёсоор биелэгдээгүй буюу тус шүүхийн шийдвэрийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу бүрэн гүйцэд явуулаагүй байх тул энэ хэргийг прокурорт буцаах үндэслэлд нэгэн адил хамаарна гэж үзнэ.

Тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүсэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг тус тус анхаарах нь зүйтэй гэх үндэслэлээр Т.Бэд холбогдох 201624000856 дугаартай эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Яллагдагч Т.Бийн өмгөөлөгч Ц.Дарьжав тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Т.Бэд холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой зарим асуудлуудыг тодруулан шалгах шаардлагатай гэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан 240 дугаартай захирамжид Б.Батхишиг прокурор эсэргүүцэл бичээгүй хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 240 дугаартай захирамжид дурдсан асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж тодруулалгүй хэргийг шүүхэд дахин шилжүүлсэнтэй холбоотойгоор өөрөөр хэлбэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүхийн захирамж биелэгдээгүй шалтгаанаар хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байдал үүсч хэргийг буцаасан байхад прокурор өмнө нь захирамжинд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрсөн атлаа эсэргүүцэл бичиж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Дээр дурдсан шүүхийн 240 дугаартай захирамжинд заасан дараах асуудлууд шалгагдаж тодорхой болоогүй.

- Жолооч Т.Б ослын тэмдэг хэрэглээгүй нь замын хөдөлгөөний дүрмийн 6.3-д заасан а,б,в,г хэсгийн алинд хамаарч байгаа эсэх гэх асуудал,

- Жолооч Т.Б замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д зааснаар тухайн тээврийн хэрэгслээ зайлуулах ямар төрлийн арга хэмжээнүүд авах ёстой байсан асуудал,

- 74-46 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг зөв тодорхойлон тогтоохдоо мөргөсөн болон мөргүүлсэн тээврийн хэрэгсэл тус бүрийн хүндийн болон ачааны жин, тухайн 2 тээврийн хэрэгслийн мөргөлдсөний дараа явж зогссон уртын  хэмжээ, бусад шалгуур үзүүлэлтийг шалгуур болгохыг анхаарах зэрэг шүүхийн захирамжид заасан асуудлууд огт шалгагдаагүй, техникийн шинжээч ямар нэг хариулт өгөөгүй бөгөөд үндэслэлээ дурдаагүй болно.

Түүнчлэн Техникийн шинжээч Алтайбаатарын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 718 дугаартай дүгнэлтэд 74-46 УНӨ улсын дугаартай автомашины жолооч С.Б нь замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасныг зөрчсөн гэж буруутгасан байхад Механик тээврийн дээд сургуулийн шинжээчдийн дүгнэлт буюу 2 дахь дүгнэлтэд 74-46 УНӨ улсын дугаартай автомашины жолооч С.Б нь замын хөдөлгөөний дүрмийн 9.2-р заалтыг зөрчсөн гэж үзэхгүй, ямар нэг заалт зөрчсөн эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэснээр тусгай мэдлэгийн хүрээнд тогтоовол зохих асуудал тодорхойгүй болж шүүх асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээлтэй болсон,

Механик тээврийн дээд сургуулийн шинжээчдийн дүгнэлтийн “Хариулт 2.11-д 74-46 УНӨ улсын дугаартай автомашины тормосны мөр гарсан байгаа” гэж тэмдэглэсэн нь зогсож байсан тээврийн хэрэгслийг араас нь мөргөхөөс өмнөх эсвэл мөргөсний дараа тодорхой зайд яваад зогсох хүртлэх мөрийн алин болохыг ялгаж заахгүйгээр Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-р заалтыг зөрчсөн гэж үзэхгүй хэмээн үзсэн нь ойлгомжгүй байдал үүсгэсэн. /Мөргөсөн тээврийн хэрэгсэл мөргөгдсөн машиныг тодорхой зайнд түрж зогсох хүртэлх мөрийг мөргөхөөс өмнөх тормосны мөр мэт ташаарсан бололтой/ Хэрэв 74-46 УНӨ улсын дугаартай автомашин зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөхөөс өмнөх тормосны мөр байгаа тохиолдолд эдгээр шинжээч нар “Хариулт 2.6”-д 74-46 УНӨ улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй гэж үзэх нь логик зөрчилтэй.

Камерын бичлэгт 74-46 УНӨ улсын дугаартай автомашин 3 эгнээтэй замаар явахдаа 1, 2 дугаар эгнээг дамнан явсаар зогсож буй тээврийн хэрэгслийн араас мөргөж байгаа нь тодорхой харагдаж байхад Механик тээврийн дээд сургуулийн шинжээчдийн дүгнэлтийн “Хариулт 2.7-д 74-46 УНӨ улсын дугаартай автомашин осол болохоос өмнө замын нэг хоёрдугаар эгнээгээр явж байсан эсэхийг тогтоох боломжгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд үнэн зөв дүгнэлт гаргасан хэмээн үзэх боломжгүй зэргээр шүүхийн 240 дугаартай захирамж биелэгдээгүй, техникийн шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, ойлгомжгүй бүрхэг агуулга бүхий, үндэслэлгүй, дотроо зөрчилтэй байхад прокурор шинжээчийн дүгнэлтүүд зөрүүгүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй хэмээн эсэргүүцэл бичсэн нь буруу байна.

“Нино Ранжер” загварын 74-46 УНӨ улсын дугаартай автомашины жолооч шөнө 1 цаг гаруй унтаад замын хөдөлгөөнд оролцсон байх тул 56 настай хүн ийм хугацаагаар унтахад бүрэн амрах эсэх, энэ тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодсон нь жолооч ядарсан үед тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон заалтад хамаарах эсэх асуултад шинжээч нар дүгнэлтийн Хариулт 2.10 хэсэгт “Энэхүү асуулт нь техникийн шинжээчийн мэдлэгийн хүрээнд хамаарахгүй асуулт байгаа тул хариулах боломжгүй” гэсний дагуу энэхүү байдлыг тогтоолгохоор анагаах ухааны мэдлэг бүхий шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай талаар гаргасан удаа дараагийн хүсэлтийг анхаарч шийдвэрлэх нь хэргийг хуулийн дагуу шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн үзнэ. Иймд анхан шатны шүүхийн захирамж үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Батхишиг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс гурав дахь удаагаа буцаж эсэргүүцэл бичсэн. Шинжээчийн дүгнэлт хоёр удаа гарсан. Энэ дүгнэлтүүд нь эрс зөрүүтэй байхад аль нь үндэслэлтэй эсэх, худал дүгнэлт гаргасан бол хүлээлгэх хариуцлагын талаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу шинжээч нар өөрийнхөө гаргасан дүгнэлтийг хариуцах тухай дурдсан байдаг. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүх бүрэлдэхүүнд хандаж Дарьжав өмгөөлөгч хүсэлт гаргасан байдаг. Урьдчилсан хэлэлцүүлэг хийх талаар гурван хоногийн өмнө ямар хүсэлт гаргаж, ямар талаар гэдэг нь тодорхой бус байсан. Мөн шинжээч нарыг оролцуулах тал дээр учир дутагдалтай хандсан. Энэ үндэслэлүүдээ тайлбарлаж, зөрүүтэй байдал нөхцөл байдлууд үүсэх юм бол шинжээч нарыг оролцуулсан бол тодорхой ойлгомжтой хариулт авах боломжтой байсан гэж үзэж байна. Мөн шинжээчийн урьд нь гаргасан дүгнэлттэй холбогдуулж, урьдын анхан шатны шүүхээс гаргасан мөрдөн байцаалтад буцаах, шүүгчийн захирамжийн зарим заалт биелэгдээгүй. Энэ хэрэгт ажиллагаа дутуу хийгдсэн гэж өмгөөлөгч Дарьжав үзэж байгаа. Гэтэл зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд суурингийн дотор 10 метр, суурингийн гадна 30 метр, ослын зогсолтын гэрэл асаагаагүй, 15 метр зайд тэмдэг тавиагүй ийм асуудал үүссэн. Тус хэрэгт техникийн шинжээчийн дүгнэлт 2 удаа гарсан бөгөөд уг дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүгүй, өөрөөр хэлбэл сүүлд гарсан техникийн шинжээчийн дүгнэлт нь Механик тээврийн дээд сургуулийн мэргэшсэн, шинжлэх ухааны зэрэг, цол, бүхий шинжээчийн баг гаргасан, энэхүү дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байна. Т.Б замын хөдөлгөөний дүрмийн 11.7 дугаарт зааснаар тухайн тээврийн хэрэгслээ зайлуулах ямар төрлийн арга хэмжээнүүд авах ёстой байсан, 6.3-д заасан хэсгийн зөрчсөн гэж үзэж байна. Өмнөх эсвэл мөргөсний дараа тодорхой зайд яваад зогсох хүртэлх мөрийн аль нь болохыг ялгаж заахгүйгээр Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-р заалтыг зөрчсөн гэж үзэхгүй хэмээн үзсэн нь ойлгомжгүй байдал үүсгэсэн. Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нарын эрхийг хязгаарлах ч юм уу, үүний талаар шүүгчийн захирамжид тодорхой, дэлгэрэнгүй зааж, мөрдөн байцаалтын ажиллагаа хийх ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан учраас эсэргүүцэл бичсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анхбаярын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж, прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас ослын шалтгаан нөхцөл байдлыг тогтоодог гурван нотлох баримт байгаа. Хэргийн газрын схем зураг мөн камерын бичлэг үзэхэд ослыг хэн үүсгэсэн бэ гэхээр Т.Бийг буруутай гэж үзэж байна. Энэ хүн гарц дээр зогссон юм уу гэхээр зогссон байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 1.4 дүгээр заасан замын хажууд ямар нэгэн объект байгаа зорчих хэсгийн шатахуун түгээгүүрийн хажууд зогссон. Гарц дээр буюу түүнээс 20 метрийн зайд удаан зогсохыг хориглоно гэж Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 дугаарт заасан байгаа. Үүнийг анх зөрчиж зогссон байсан. Зогссон шалтгаан нөхцөл нь тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэл гарч зогссон гэж байгаа. Энэ нь хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн гэж байгаа нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан. Тээврийн хэрэгслээ зайлуулах арга хэмжээ авах ёстой гэж байна. Үнэхээр зайлуулах арга хэмжээ авах боломжгүй араа нь гацаж, дугуй нь зуурсан эвдрэл үүссэн бол ослын дохионы гэрэл асаах ёстой, ослын зогсолтын тэмдэг тавих ёстой гэтэл энэ үйлдлийг огт хийгээгүй. Заавал Шинжээчийн дүгнэлтээр явах эд анги, тоормосны механизмд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, зайлуулах боломжтой байсан учраас ийм үйлдэл хийгээгүй учраас прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 931 дүгээр н захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Т.Бэд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулан зохих мэдүүлэг, тодруулах тайлбарыг авсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлох замаар хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой байжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зам тээврийн ослын талаар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 718 дугаартай болон 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 11/25 дугаартай хоёр удаагийн техникийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд энэхүү дүгнэлтүүдээр яллагдагч Т.Бийг Замын хөдөлгөөний дүрмийн 11.7 дахь заалтыг зөрчсөн эсэх талаар ойлгомжтой, тодорхой дүгнэсэн байна.

Иймд анхан шатны шүүх Т.Бэд холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Т.Бэд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 931 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Т.Бэд холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Т.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                    Ц.ОЧ