| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1390/Э |
| Дугаар | 1345 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 1345
2020 08 03 2020/ШЦТ/1345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
Улсын яллагч С.Чимэдцэеэ,
Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овогт С.Т холбогдох эрүүгийн 2006 00000 1888дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Т нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Мөнх-Оршихыг найз охинтойгоо хардаж, түүний толгойн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас Т.Мөнх-Оршихын биед хоншоор ясны баруун талын цөмөрсөн, дотор хана зөрүүтэй, баруун талын нүдний ухархайн дотор хана, доод хана, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, зулайн хуйх, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаархи гомдол /хх-2/, хохирогч Т.Мөнх-Оршихын мэдүүлэг /хх-5-7/, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7542 дугаартай дүгнэлт /хх-11-12/, С.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30-32/, хохирогч, яллагдагч нараас гаргасан хүсэлт /хх-39-40/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.Т нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Мөнх-Оршихыг найз охинтойгоо хардаж, түүний толгойн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас Т.Мөнх-Оршихын биед хоншоор ясны баруун талын цөмөрсөн, дотор хана зөрүүтэй, баруун талын нүдний ухархайн дотор хана, доод хана, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, зулайн хуйх, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол /хх-ийн 2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Мөнх-Оршихын “...Би 2020 оны 05 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед 13 дугаар хороололд байрлах зүс таних С.Т ахынд түүний эхнэр Шинээ эгчийн хамт байж байгаад Шинээ эгч бид 2 гарч цэцэрлэгт хүрээлэнд очиж салхилангаа юм яриад алхаж байтал зүс таних С.Т ах бид 2 дээр ирээд миний нүүрэн тус газар хөлөөрөө 1 удаа өшиглөөд, 1 удаа баруун гараараа нүүрэн тус газар цохьсон. Би С.Т ахаас зугтаагаад төв зам руу гарч такси бариад Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очоод үзүүлтэл намайг Улсын нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь би тэр өдрөө гэртээ хариад амарсан. 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улсын нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлтэл цаг байгаагүй учраас би Халдвартын эмнэлгийн автобусны буудлын хажууд байрлах Энсо хувийн эмнэлэгт очиж хамарны хагалгаанд орохоор болсон. Энэ тухай надад гэмтэл учруулсан С.Т ахад залгаж хэлтэл над дээр ирээд 3,400,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. Би 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хагалгаанд орж тэр өдрөө эмнэлгээс гарсан...С.Т ах намайг эхнэр Шинээтэй хардсан. С.Т ах намайг яагаад эхнэртэйгээ хардах болсныг нь би сайн мэдэхгүй байна. Би С.Т ахын эхнэртэй нь дотно харилцаа үүсгээгүй...” /хх-ийн 5-7/ гэх мэдүүлэг,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7542 дугаартай:
1. Т.Мөнх-Оршихын биед хоншоор ясны баруун талын цөмөрсөн, дотор хана зөрүүтэй, баруун талын нүдний ухархайн дотор хана, доод хана, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, зулайн хуйх, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх хоншоор ясны баруун талын цөмөрсөн, дотор хана зөрүүтэй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-ийн 11-12/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Тэмүүжингийн яллагдагчаар өгсөн: “...Цэцэрлэгт хүрээлэн дээр Санчирын ажил тарахыг хүлээнгээ...алхаж байтал манай найз охин Шинээ хуурай дүү Т.Мөнх- Орших нар өөд өөдөөсөө хараад зогсч байсан. Би хуурай дүү Т.Мөнх-Оршихыг наашаа хүрээд ир гээд өөдөөс нь алхтал хуурай дүү Т.Мөнх-Орших хойшоо алхахаар нь би зүүн хөлөөрөө нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөөд зүүн гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохьсон...” /хх-ийн 30-32/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.Т нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Мөнх-Оршихыг найз охинтойгоо хардаж, түүний толгойн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсний улмаас Т.Мөнх-Оршихын биед хоншоор ясны баруун талын цөмөрсөн, дотор хана зөрүүтэй, баруун талын нүдний ухархайн дотор хана, доод хана, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, зулайн хуйх, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч С.Т нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Т нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА