Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2017/00089

 

         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг  

батлах тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа  би,

           Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 34А байрны 1 тоотод оршин суух, Боржигон овогт Эрдэнэгэрэлийн Долгоржавын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 39 дүгээр байрны 26 тоотод оршин суух, Боржигон овогт Сүхбаатарын Энхсайханд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:

                                                ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Э.Долгоржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010-2016 он хүртэл С.Энхсайхантай хамтран амьдрах хугацаандаа 2-6 насны 2 хүүхэдтэй болсон. С.Энхсайхан нь үр хүүхэд, гэр бүлээ гэсэн сэтгэлгүй архины хамааралтай болсон, энэ хүнийг засрахыг хүлээгээд гэрлэлтээ батлуулж чадаагүй өдий хүрсэн. С.Энхсайхан нь 2 хүүхдээ өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрдөг учраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Долгоржав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нөхөр С.Энхсайхантай эвлэрч хамтран амьдарч байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч Э.Долгоржав нь хариуцагч С.Энхсайханаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Долгоржав нь хариуцагч С.Энхсайхантай эвлэрэн хамтран амьдарч байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний татгалзал нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол  улсын Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн  74.1, 74.2-д   заасныг тус  тус   удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Боржигон овогт Эрдэнэгэрэлийн Долгоржавын нэхэмжлэлтэй, Боржигон овогт Сүхбаатарын Энхсайханд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигч энэ шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

                                            ШҮҮГЧ                              П.ТУЯА