Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 146/ШШ2017/00026

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 3 дугаар баг, Өвт 1-09 тоотод оршин суух Бадамгаравын Төмөржаагийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Төмөржаа, нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Төмөржаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь 1975 оны 12 дугаарсарын 10-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл “Батзам” нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. 1979 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Бат-Өлзий сумын хүн эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан. Өвөрхангай аймгийн Тээврийн Удирдах газрын харьяа 15 дугаар баазад Бат-Өлзий сумын бригадын шуудангийн жолоочоор 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Тухайн үеийн бичиг баримт тамга тэмдэг зөрчилтэйн улмаас архиваас олгосон бичиг баримтыг үндэслэн дээрх хугацаанд ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Төмөржаа нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч  Б.Төмөржаа нь

- 1975 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд тракторчнаар,

- 1979 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрахангай аймгийн Бат-Өлзий сумын хүн эмнэлэгт жолоочоор,

- 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймаг дахь Тээврийг удирдах газрын харьяа 15 дугаар баазад Бат-Өлзий сумын бригадын шуудангийн машины жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн №1/18 тоот Архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн даргын 1976 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №02 тоот “ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдлийн зөвлөлийн 1976 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №14 тоот “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, БНМАУ Тээврийн яамны харъяа Өвөрхангай аймаг дахь Тээврийг удирдах газрын даргын 1982 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №95 тоот “шинэ системийн шагнал олгох тухай” тушаал, БНМАУ Тээврийн яамны харъяа Өвөрхангай аймаг дахь Тээврийг удирдах газрын даргын 1988 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №46 тоот тушаал,  БНМАУ Тээврийн яамны харъяа Өвөрхангай аймаг дахь Тээврийг удирдах газрын даргын 1984 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №01 тоот “ажилчдын ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаал, БНМАУ Тээврийн Яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Тээврийг Удирдах Газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №56 тоот “Зарим ХЗБУБ, хүмүүст олгох шагнал тэтгэмжийн тухай” тушаал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №48 тоот “Суманд хүн ам малын жилийн эцсийн тооллого явуулах тухай” захирамж, хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Чулуунбат, О.Дулмаа, М.Цэцэгмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч  Б.Төмөржаа нь 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Ардын армийн 119 дүгээр ангид цэргийн алба хааж байсан болохыг дурдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Өөлд овгийн Бадамгаравын Төмөржааг

- 1975 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд тракторчнаар,

- 1979 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын хүн эмнэлэгт жолоочоор,

- 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймаг дахь Тээврийг удирдах газрын харьяа 15 дугаар баазад Бат-Өлзий сумын бригадын шуудангийн машины жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН