Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 17

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

Хохирогч  Я. Хадбаатар

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг

Шүүгдэгч Т.Б 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, Б.Хосбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б   овогт Т  ын Б  д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000110010 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 19 оны 0 дугаар сарын -ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, гадаад худалдаа гаалийн удирдлагын мэргэжилтэй, Баян-өлгий аймгийн Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч ажилтай, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Н багийн Их монгол хотхоны Б байрны  тоотод оршин суух, РД:        , Б   овогт Т  ын Б  .

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Т.Б   нь 2017 оны 0 дугаар сарын -ний өдрийн 21 цаг 30 минутын үед 00-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүргээ гүйцэтгэж байсан Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэд ахлагч Я.Хадбаатарыг авто тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зам тээврийн осол гаргаад хэргийн газраас зугтаасан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б   мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би Увс аймаг явж байсан найз нөхөдтэйгээ 2-3 шил архи уугаад Булган сумруу орж ирсэн. Миний унаж явсан 00-99 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Мөнхцоожийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн үед би хүн шүргэчихлээ гэж бодсон. Эргээд харахад босоод ирж байсан. Зүйлчлэл дээр миний хувьд маргах зүйл байхгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүн мөргөсөн нь үнэн. Маргах зүйлгүй. Харин хохирогчийн цаашид гарах хохиролыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчид нийт 3.800.000 төгрөгний хохирол төлсөн” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Хадбаатар мэдүүлэхдээ: “Уг ослын улмаас миний гар гэмтсэн. Одоо хүнд юм өргөж, ажил хийж чадахгүй, болохгүй байна. Хавар эмчилгээнд явах гэж байгаа. Миний цаашид эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Шүүгдэгч Б  ий өгсөн 3.800.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулсан. Ховд аймаг, Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэсэн. Энэ хэргийн хувьд гомдолтой байгаа. Шүүгдэгч надаас уучлалт гуйгаагүй. Миний гарын мөрний яс зөрүүтэй эдгэсэн тул ажил хийн, албан үүргээ гүйцэтгэхэд бэрхшээлтэй байна. Б  ий машинд мөргүүлсний улмаас ийм гэмтэлтэй болсон. Миний гар бэртлийн улмаас хөндүүрлэж өвдөж байгаа. Санхүүгийн боломж муутай учраас явж эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Миний цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Я.Хадбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой д/а Л.Мөнх-Эрдэний хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэсвгэрт Минжит Булган цогцолбор сургуулийн доод урд талын гурван замын уулзвар дээр автомашин шалгаж байхад 21 цаг 30 минутын үед дээрээс доошоо буюу зүүнээс баруун тийш нэг автомашин урдаа яваа автомашиныг гүйцэж түрүүлээд хурдтай явахаар нь улаан модоор зогсох дохио өгөөд шүгүүлдэхэд зогсохгүй хурдтай ирсэн би замын голоос хойд зүгрүү зугтаахад араас дарж орж ирээд миний баруун талруу тухайн автомашины баруун урд хэсгээр мөргөөд би тухайн автомашины хамар дээгүүр нь гараад 3 замын уулзварын баруун хойд хэсгийн шороон дээр унасан, автомашин тэр чигээрээ яваад өгсөн...”,

“...00-99 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн автомашин мөргөсөн гэж хамт үүрэг гүйцэтгэж байсан Л.Мөнх-Эрдэнэ цагдаа хэлсэн, тухайн үед би урдаас гэрэл гялбаад улсын дугаарыг нь харж чадаагүй. Надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Л.Мөнх-Эрдэнэ харсан, намайг эмнэлэг дээр хүргэж өгсөн жижиг цагаан автомашины жолооч харсан би нэрийг нь мэдэхгүй байна тухайн автомашиныг гүйцэж түрүүлж ирээд намайг мөргөсөн. Тухайн үед би д/а Л.Мөнх-Эрдэний хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан, жагсаал хувцастай, улаан мод, шүгүүлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл шалгаж байсан. Миний баруун гар мөр хэсгээр мултарсан, баруун хөлийн булчин хэсэг өвчтэй байна, зүүн гарны тохой хэсэг зулгарсан, толгой өвдөж байна одоогоор өөр мэдэгдэх зүйл байхгүй байна. Би ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна” гэх мэдүүлэг, 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Мөнх-Эрдэний гэрчээр өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой дэд ахлагч Я.Хадбаатарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад Минжит Булган цогцолбор сургуулийн баруун урд талын 3 замын уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгаж байхад 21 цаг 30 минутын үед дээрээс доошоо буюу зүүнээс баруун тийш нэг автомашин хурдтай урдаа явсан автомашиныг гүйцэж түрүүлээд бид хоёрыг чиглээд ирсэн би замын урд хэсэгт  байсан д/а Я.Хадбаатар замын голд зогсож байгаад улаан модоор зогсох дохио өгөөд шүүгүүл үлээсэн тухайн автомашин зогсох шинжгүй байсан, д/а Я.Хадбаатар замын хойд хэсэг рүү гарах гээд зугтаахад 00-99 ХОҮ улсын дугаартай, цагаан өнгийн автомашин ирээд баруун урд хэсгээрээ мөргөөд тэр чигээрээ яваад өгсөн д/а Я.Хадбаатар гурван замын уулзварын баруун хойд хэсэгт очиж унасан, би яваад очиход суугаа байдалтай эмнэлэг дууд гээд босч чадахгүй байсан араас нь ирж байсан автомашиныг зогсоогоод Я.Хадбаатарыг эмнэлэгт хүргэж өгсөн. Бид хоёр оройн эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан, жагсаал хувцастай улаан мод, шүүгүүлтэй, би гэрэлтдэг хантаазтай байсан. 00-99 ХОҮ улсын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл хурдтай өндөр хаазтай ирээд д/а Я.Хадбаатарыг мөргөчихөөд явчихсан. Тухайн хүн согтуу байсан байх. Хэн барьж явсаныг нь мэдэхгүй харанхуй байсан болохоор харагдаагүй, 00-99 ХОҮ улсын дугаартай автомашин д/а Я.Хадбаатарыг мөргөөд тормозлоод замын хажуу руу шороотой хэсэгрүү гараад зогсолгүй тэр чигээрээ яваад өгсөн. Жижиг цагаан суудлын автомашинтай явсан автомашины жолооч мэдэж байгаа байх араас нь явж байсан, машин ирж зогсоод эмнэлэгт хүргэж өгсөн, тэр автомашин дотор хоёр хүн явж байсан, өөр хүн харсан үзсэн хүн байсан үгүйг мэдэхгүй байна. Тухайн үед д/а Я.Хадбаатар улаан модоор дохиод, шүгүүлдсэн би замын урьд талд харж байсан.  Ямар нэгэн автомашин шалгаагүй дээрээс буюу зүүн талаас хоёр автомашин ирж байсан нэг нь 00-99 ХОҮ улсын дугаартай автомашин, нөгөөх нь цагаан өнгийн жижиг автомашин байсан улсын дугаарыг нь мэдэхгүй байна, өөр автомашин байгаагүй” гэх мэдүүлэг,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Мөнхцоожийн гэрчээр өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Гаалийн ахлах байцаагч Т.Б   надаас автомашинаа өгч бай би Булган сум ороод ирэх ажил байна гээд миний 00-99 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн гаранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан, орой 21 цаг 40 минутын үед 99100262 дугаарын утаснаас Т.Б   яриад би хүн мөргөчихлөө гэсэн ямар хүн гэж асуухад цагдаа мөргөсөн гэж хэлсэн, тэгээд би Булган суманд 22 цаг 40 минутын үед ирэхэд Эмнэлэгийн гадна миний 00-99 ХОҮ улсын дугаартай автомашин байсан Т.Б   эмнэлэг дотор байсан. ... Миний автомашины баруун урд талын копуд хэсэг нь хонхойсон өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Болдбаатарын гэрчээр өгсөн: “Би Хадам ах Ганболдын хамт өөрийн 25-88 УНЕ улсын дагууратай цагаан өнгөтэй Раип маркийн автомашинтай Минжит Булган цогцолбор сургуулийн урд талын замаар дээрээс доошоо чиглэл хурд сааруулагч дээр хурдаа хасаж байхад хажуугаар 00-99 ХОҮ улсын дугаартай цагаан өнгөтэй гранд марк хоёр маркийн автомашин хурдтай гүйцэж түрүүлээд гурван замын уулзвар дээр байсан 2 цагдаагийн нэгийг нь мөргөөд зогсолгүй тэр чигээрээ цааш явсан би тухайн мөргүүлсэн цагдааг эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тухайн автомашин намайг гүйцэж түрүүлээд зам дээр зогсож байсан цагдааг мөргөхөөс урьд бөгөсний улаан гэрэл нь асаад зогсолгүй тэр чигээрээ цагдааг мөргөж, цагдааг гурван замын уулзварын баруун хойд хэсэгт шороон дээр замын хажууруу унагаагаад зогсолгүй тэр чигээрээ яваад өгсөн” гэх мэдүүлэг,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ганболдын гэрчээр өгсөн: “Би хүргэн Болдбаатарын хамт Болдбаатарын машинтай 2017 оны 08 дугаар сарын 29-ний орой Минжит Булган сургуулийн урд талын хурд сааруулагч дээр хурдаа хасаад гарч байтал хажуугаар 00-99ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн суудлын авто машин гүйцэж түрүүлээд цааш яваад сургуулийн урд талын уулзвар дээр зогсож байсан 2 цагдаагийн алба хаагчийн нэгийг нь мөргөж унгаагаад зогсолгүй цааш явчихсан. Араас нь бид хоёр очиход Хадбаатар гэх цагдааг мөргөсөн байсан бөгөөд түүнийг машинаараа эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг,

Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Бат-Эрдэний 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтэд:

1. Жолооч Т.Б   нь 00-99 ХОҮ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

2. 00-99 ХОҮ улсын дугаартай Тоёота марк-2 маркийн авто машин жолоодож явсан Т.Б   нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 2.5.Б Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.

 Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх

2.5.В Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй гэсэн дүрмийн зүйл заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт,

Хохирогч Я.Хадбаатарын биед учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1010 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

“1. Я.Хадбаатарын биед баруун гарын атгаал ясны их төвгөрийн тасарсан хугарал, шөрмөсний тасрал, булчин хоорондын цус хуралт, баруун мөрний үений мултрал, тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дугаартай:

“1. 2. Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Тогтохын 2017 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн 446 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1010 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

3. 4. Я.Хадбаатарын биед баруун бугалга /атгаал, оs hитегиs/ ясны дээд булууны их төвгөрийг дайрсан зөрүү үүсээгүй ташуу сэлтэрсэн хугарал, хагас мултрал, зөөлөн эдийн няцрал, далны дээд болон доод хөндлөн холбоосны /transversит sсариlае sиреriиs, inferiиs/ бүрэн бус урагдал, булчин хоорондын цус хуралт, тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт гэмтэл учирчээ.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд нэг дор үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

7. Я.Хадбаатарын биед баруун бугалга /атгаал, оs humегиs/ ясны дээд булууны их төвгөрийг дайрсан зөрүү үүсээгүй ташуу сэлтэрсэн хугарал, хагас мултрал, зөөлөн эдийн няцрал, далны дээд болон доод хөндлөн холбоосны /tгаnsvегsиm scарulае sиреriиs, inferiиs/ бүрэн бус урагдал, булчин хоорондын цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, тархи доргилт, зүүн тохойд зулгаралт, баруун бугалга, баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

           - Гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Т.Б   нь 2017 оны 08 дугаар сарын 29-ний шөнийн 21 цаг 30 минутын үед Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 00-99ХОҮ улсын дугаартай Марк-II маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн “2.7. а гэсэн заалтыг зөрчиж, улмаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүргээ гүйцэтгэж байсан Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэд ахлагч Я.Хадбаатарыг авто тээврийн хэрэгслээр мөргөж эрүүл мэндэд нь баруун бугалга ясны дээд булууны их төвгөрийг дайрсан зөрүү үүсээгүй ташуу сэлтэрсэн хугарал, хагас мултрал, зөөлөн эдийн няцрал, далны дээд болон доод хөндлөн холбоосны бүрэн бус урагдал, булчин хоорондын цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч Я.Хадбаатарыг мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдээд Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 б, в заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Я.Хадбаатар, гэрч Л.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхцоож, Ц.Ганболд, М.Болдбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 71 тоот дүгнэлт, Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Бат-Эрдэний 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эмчийн үзлэгийн тэмдэглэлүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийг хууль сахиулагчийг эсэргүүцэх, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Б   нь “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарласан, түүний дээрх үйлдлийн улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч өөртөө найдан машин жолоодож явахдаа аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ авч чадалгүй хор уршигт хүргэсэн тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол … хөнгөн ялыг хүнд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор зохицуулсан байх тул шүүгдэгч Т.Б  д Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, ялыг тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь баримтаар гарсан бодит зардлыг нөхөн төлсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, болгоомжгүй болон санаатай гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарахгүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн өмгөөлөгчийн хөлсөнд харилцан тохиролцож гэрээний үндсэн дээр төлсөн 820000 төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндэд хохирол учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардал гэж үзэхгүй тул өмгөөлөгчид төлсөн 820000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлөх үүрэггүй байна. Иймд дээрх зардлуудыг буюу 820000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг дурдаж, хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирол болон гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Боржигон овогт Т  ын Б  ийг хууль сахиулагчийг эсэргүүцэх, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

               2. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Т.Б  д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Б  ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Б  ийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Б   нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Б  д оногдуулсан 3000.000 төгрөгний торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б   нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

8. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өмгөөлөгчийн хөлс, зардал 820000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болон гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэг явдлын талаарх дүрс бичлэгийг хуулбарлан авсан хар өнгийн “Verbatim” гэсэн бичиглэлтэй DVD-ыг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

10. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Т.Б  ий 388834 дугаартай В, С ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Ховд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б  д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.