Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1350

 

 

 

 

 

 

 

   2020        07           23                                  2020/ШЦТ/1350

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Хохирогч А.Ундармаа,  

Шүүгдэгч Б.М,

Шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуроос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогтой Б.М, Б овогт Д.Ш нарт холбогдох эрүүгийн 2006 02120 1199 дугаар хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.Ш, Б.М нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 118 дугаар байрны зүүн талд байрлах автомашины гражаас иргэн А.Ундармаагийн эзэмшлийн 99-82 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 7.485.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ш мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ундармаа мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг гарах шөнийн өглөө манай машины номер явдаггүй учир би машин руу яваагүй харин манай нөхөр машинаас юм аваад ирье гээд грашид очсон чинь машин байхгүй байсан. Тэгээд анх цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Хохирогчид нь хохирол төлбөр 485.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Ундармаагийн мэдүүлэг /хх-13/, хохирогч А.Ундармаагийн дахин өгсөн мэдүүлэг /хх-15-16/, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ны эд зүйл /хх-30-31/, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хас үнэлгээ” ХХК-ний хохирлын үнэлгээ /хх-35-37/, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ны эд зүйл /хх-41-43/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Д.Ш, Б.М нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын      14-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 118 дугаар байрны зүүн талд байрлах автомашины гражаас иргэн А.Ундармаагийн эзэмшлийн 99-82 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 7.485.000 төгрөгний хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ундармаагийн “...Нөхөр Баяраа 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө 08:10 цагийн үед гэрээсээ гарсан. Гэрээс гарангуутаа надруу залгаад граж дотор машин байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би цонхоороо гражруу хараад өөрийн 89010970 дугаарын утаснаас цагдаа дуудсан. Урьд орой буюу 2020 оны 04 дүгээр сарын 13-ны орой 20-21 цагийн үед Батзориг өөрийнх нь машины дугаар явахгүй өдөр болохоор манай машиныг унаж яваад гражид авчирч хийгээд орж ирсэн...” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ундармаагийн дахин өгсөн мэдүүлэг, “...Би өөрийн тээврийн хэрэгсэл болох 99-82 УБУ улсын дугаартай Тоёото приус 20 маркын тээврийн хэрэгсэлээ 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баягол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс авсан бөгөөд намайг очиж авахад зүүн талын /жолооч/ карлон нь хонхойж дохионы гэрэл нь хагарч хонхойсон, хаалга гажсан байдалтай байсан ба би тухайн эвдэрсэн зүйлсээ албан ёсоор үнэлүүлсэн. Мөн намайг тээврийн хэрэгсэлээ авах үед машин дотор байсан айфоне 5, самсунг эс-2 маркын гар утаснууд байхгүй байсан. Мөн машины чирэгч, анхан шатны тусламж үзүүлэх хайрцаг, ослын гурвалжин, машины холбогч зэрэг эд зүйлс алга болсон байсан. /хх-14/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батзоригийн “...2020 оны 04 сарын 13-ны өглөө 07 цаг өнгөрч байхад аав, ээжийн машиныг унаад ажилдаа явчихаад орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооы нутаг дэвсгэрт байрлах 118 байранд ирсэн. Уг байрны зүүн талд гражаа нээгээд машинаа хийгээд гражаа түгжээд гэртээ ороод 23 цагийн үед унтаж амарсан. ...Өглөө 08 цаг өнгөрч байхад манай аав Баяраа надруу залгаад машин хаана байна гэсэн тэгэхээр нь би гражинд чинь байгаа гэж хэлсэн чинь байхгүй байна гражийн цоож нь ч байхгүй байна гэсэн...” /хх-15-16/ гэх мэдүүлэг,

 

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хөрөнгийн “Damno” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ /хх-30-31/,

 

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хас үнэлгээ” ХХК-ийн хохиролын үнэлгээ /хх-35-37/,

 

2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ны эд зүйлийн /хх-41-43/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Д.Ш, Б.М нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 118 дугаар байрны зүүн талд байрлах автомашины гражаас иргэн А.Ундармаагийн эзэмшлийн 99-82 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 7.485.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Ш, Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

            Хохирогч Д.Ш, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Ш, Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Прокуророос шүүгдэгч Д.Шт эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул түүнд 4 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.Мт эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул түүнд 4 жилийн хорих ялыг тус тус хаалттай хорих ангид эдлүүлэх саналыг шүүхэд гаргасан.

 

  Шүүгдэгч Д.Шын өмгөөлөгч Б.Эрдэнэболор нь “...Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай байдаг учир түүний гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирогчид сайн дураараа хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгчид  2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү...” гэсэн саналыг шүүхэд гаргасан.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Шыг гэмт хэргийг санаачилсан, урьд удаа дараа ял шийтгүүлж өршөөл, тэгшитгэл, магадлалд хамрагдаж байсан хувийн байдал үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын хэмжээг ялгамжтай оногдуулсан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Шт 1 жил 5 сар, шүүгдэгч Б.Мт 1 /нэг/ жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ш, Б.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдсон 85 хоногтой, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод          ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогтой Б.М, Б овогт Д.Ш нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 1, 3 дугаар зүйлийн 7, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Шыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар, шүүгдэгч Б.Мыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Шт оногдуулсан 1 жил 5 сар, шүүгдэгч Б.Мт оногдуулсан 1 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шын цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ш, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ш, Б.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА