| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2017/0102/и |
| Дугаар | 105 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 105
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Хайлааст”-ын 26-21 тоотод оршин суух, /РД:ЛА55041519, утасны дугаар 99721680/, Хэрээдийн хундага овогт Жигжидийн Ганбаатарын
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Ганбаатар, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Ганбаатар нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэл болон “Соёмбо” компанид зоотехникч, бригадын даргаар тус тус ажиллаж байсан. Гэтэл энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичигдсэн гарын үсэг, тамгагүй, ажлаас чөлөөлсөн тушаал бичигдээгүй тул шүүхээр баталгаажуул гэсэн юм. Иймд миний Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэл болон “Соёмбо” компанид 1978 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Хэрээдийн хундага овогт Жигжидийн Ганбаатар нь 1978 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1995 он хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэл болон “Соёмбо” компанид ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Хэрээдийн хундага овогт Жигжидийн Ганбаатар нь 1978 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн Мал аж ахуйн цехэд зоотехникчээр, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн Дөхөмийн 4 дүгээр хэсгийн даргаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 168/15 тоот лавлагааны хуулбар, Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн даргын 1978 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 31 тоот тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 34 тоот тушаалын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,
-гэрч Зээрднүүд овогт Сайнбаярын Мажигсүрэн /РД:ЛА34042717/-ийн “ Ж.Ганбаатар нь 1976-1978 онд цэргийн алба хааж ирээд Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн Дөхөм бригадад малын зоотехникчээр 1978-1987 он хүртэл ажиллаж байсан. 1987-1995 он хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн Дөхөм бригадын даргаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдэг, гарын үсгийн асуудал бол тухайн үеийн дарга нарын хариуцлагагүй байдлаас шалтгаалж байгаа байх. Өөрөө ч хөөцөлдөж явахгүй болохоор ийм асуудал гарч байгаа. Энэ асуудал надтай ч холбоотой. Би тухайн үеийн бригадын дарга байсан. Ер нь тэр үед тэтгэвэрт гарна гэдгээ ухамсарлахгүй байсан байх” гэх мэдүүлэг,
-гэрч Ёндон овогт Дашийн Өлзийбүрэн /РД:ЛА59100617/-ийн “Ж.Ганбаатар нь Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн Дөхөм бригадад 1978-1987 он хүртэл малын зоотехникчээр, 1987-1995 он хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн Дөхөм бригадын даргаар ажиллаж байсан. Ж.Ганбаатар нь тухайн нэгдэлдээ тасралтгүй ажилласан” гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Иймд Ж.Ганбаатарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хэрээдийн хундага овогт Жигжидийн Ганбаатар нь 1978 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн Мал аж ахуйн цехэд зоотехникчээр, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн Дөхөмийн 4 дүгээр хэсгийн даргаар ажиллаж байсан ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ж.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ