| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1190/Э |
| Дугаар | 1351 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 1351
2020 07 23 2020/ШЦТ/1351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж
Нарийн бичгийн дарга: И.Санаасайхан,
Улсын яллагч: Б.Бямбадагва,
Шүүгдэгч У.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.М холбогдох эрүүгийн 2002 00246 0185 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч У.М нь өөрийн биедээ 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Хаан” банктай байрны 4 давхрын 402 тоотод “шавар” гэх нэршилтэй 0,0584 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас У.М биед 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийсэн: тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-13/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-17/, хэрэг бүртгэлтийн 2002002464 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлтийн хамт буцаан ирүүлсэн эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-25-27/, гэрч Б.Нямдаваагийн мэдүүлэг /хх-29/, Гэрч А.Амарбатын мэдүүлэг /хх-30/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2463 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-38-41/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2462 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-44-47/, У.М хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 572 дугаартай дүгнэлт /хх-51-52/, гэрч Б.Батжаргалын мэдүүлэг /хх-69-70/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч У.М нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Хаан” банктай байрны 4 давхрын 402 тоотод “шавар” гэх нэршилтэй 0,0584 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, өөрийн биедээ хадгалсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
У.М биед 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үзлэг хийсэн: “...У.М “Танд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл, түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн эд зүйл байна уу?” гэж асуухад “Миний биед хар тамхи мансууруулах бодис болон түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж байгаа. Миний үүрч яваа цүнхэн дотор шаргал өнгийн эмийн саванд хийсэн шавар гэх бодис болон түүнийг хэрэглэхэд ашигладаг хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, тугалган цаас зэрэг байгаа” гэж хэлээд сайн дураараа гаргаж өгснийг хураан авч шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-13/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай:
“У.М нь тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэх утгыг урьдчилсан байдлаар заасныг тэмдэглэлд тусгав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-17/
Хэрэг бүртгэлтийн 2002002464 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлтийн хамт буцаан ирүүлсэн эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-25-27/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нямдаваагийн: “...тухайн залууг биедээ хар тамхи хадгалж байсан талаар нь мэдээгүй. Цагдаа нарт баригдсаныхаа дараа өөрийнхөө биед хар тамхи байгаа гэж байсан...” /хх-29/ гэсэн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Амарбатын: “...Би Мөнхбаганыг хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг талаар нь мэдэхгүй. Өнөөдөр манай ажлын газарт цагдаа нар ирсний дараа биедээ хар тамхи байгаа талаараа өөрөө хэлэх үед нь гайхсан...” /хх-30/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2463 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн дээжнүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Folca” гэсэн бичиглэлтэй улбар шар өнгийн хуванцар саванд наалдсан шар хүрэн өнгийн зүйл, хуйлсан AV2160809 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- 38-41/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2462 дугаартай:
“...”Мөнхбагана УЮ97011119 2020.04.22” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-44-47/,
У.М хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 572 дугаартай дүгнэлт /хх-51-52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батжаргалын: “...Би У.Мд өвс гэх ургамал огт өгч байгаагүй....” /хх-69-70/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхээс шүүгдэгч У.М нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Хаан” банктай байрны 4 давхрын 402 тоотод “шавар” гэх нэршилтэй 0,0584 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/-ын агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайг тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч У.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэв.
Энэ гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд нийгмийн хор аюулын түвшин нь өндөр тооцогдоно.
Шүүгдэгч У.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн шатанд байх хугацаандаа тээврийн хэрэгсэл тээврийн жолоодох эрхгүйгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 120 шүүгчийн шийтгэвэрээр 10 хоног баривчлагдсан хувийн байдалтай байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуйлсан AV2160809 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлэхийг, Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалаж байгаа 0,0584 грамм цэвэр жинтэй шавар мэт бодис, хар өнгийн тав тогтож бохирлогдсон тугалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад нь даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч У.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт У.М хориглосон мансуурулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч У.Мд оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 0,0584 грамм цэвэр жинтэй “шавар” мэт бодис, хар өнгийн тав тогтож бохирлогдсон тугалган цаасыг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг даалгаж, мөн У.Мөнхбаганын биед үзлэг хийх, биологийн дээж авах ажиллагааны үеийг бэхжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг Си Диг хэрэгт хавсаргаж, хуйлсан AV2160809 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд хүргүүлэхийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.
6. Шүүгдэгч У.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА