Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 402

 

Л.Отгонбаярын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/01225 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Отгонбаяр,

Хариуцагч Монголбанкинд холбогдох,

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б503 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэхуягийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дима,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дима шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Отгонбаяр нь 2006 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн банкны мэргэжилтний ангид суралцаж төгсөөд 2006 оны 09 дүгээр сараас эхлэн Монголбанкны Увс аймаг дахь салбарт теллерээр ажиллаж эхэлсэн, 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Увс аймаг дахь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс захирлаар ажилласан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн Б503 тоот тушаалаар ажил, үүргээсээ чөлөөлөгдсөн.

Ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл нь 2016 оны 05 дугаар сард тус салбарт дотоод хяналт шалгалт, эрсдэлийн газраас хийсэн шалгалтын дүгнэлтийг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Уг дүгнэлтийн 01 тоот актаар 11 төгрөг, 90 мөнгийг кассаар илүү төлсөн байна гэсэн ба 02 тоот актаар “Хаан банк” ХХК-иас бэлнээр орж ирсэн 940 000 000 төгрөгийг тоолохгүйгээр авсан гэх 2015 онд гаргасан зөрчлийг 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр актаар илрүүлсэн. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийн  зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах заалтыг зөрчсөн тул ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй тушаал гэж үзэж байна.

Иймд Монголбанкны ажлаас хууль бусаар халагдсан тул урьд ажиллаж байсан Монголбанкны Увс аймаг дахь салбарын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б503 гэсэн тушаал гарсан өдрөөс хойш 2016 оны 08 дугаар сарын 27-28-ны өдөр ажлын 2 өдрөөр тооцон 103 914 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 52 456 төгрөг, нийт 156 370 төгрөг, 9 cap бүтнээрээ ажлын 22 хоног сарын үндсэн цалин 1 508 100 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 754 050 төгрөг, нийт 2 262 150 төгрөг, 10 cap ажлын 21 хоног үндсэн цалин 1 508 100 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 754 050 төгрөг, улирлын урамшуулал 1 327 128 төгрөг, нийт 3 589 278 төгрөг, 11 дүгээр сард ажлын 22 хоног 1 508 100 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 754 050 төгрөг, нийт 2 262 150 төгрөг, 12 дугаар сард 2 хоног 137 100 төгрөг, улсын байцаагчийн нэмэгдэл 68 550 төгрөг, нийт 205 610 төгрөг, нийт ажилгүй байсан хугацааны 5 cap буюу ажлын 69 хоног, нийт үндсэн цалин 4 766 313 төгрөг улсын байцаагчийн нэмэгдэл 2 383 156 төгрөг, улирлын урамшуулал 1 327 128 төгрөг, нийт 8 476 597 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэхуяг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.  Монголбанкны Ерөнхийлөгчийн Увс аймгийн салбарын захирал Л.Отгонбаяр нь  хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан, тушаал хууль зүйн үндэслэлтэй.

Л.Отгонбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.5-д заасан мөнгөн хөрөнгө, санхүүгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсоныг ноцтой зөрчил болно. Монголбанкны Ерөнхийлөгчийн удирдамжийн дагуу Дотоод хяналт шалгалт, үйл ажиллагааны эрсдлийн газраас Увс аймаг дахь Монголбанкны салбарт иж бүрэн шалгалт хийсэн. Улсын байцаагчийн актаар 2 зөрчил илрүүлсэн. Мөнгөн үлдэгдэл баланс 0 үлдэгдэлтэй тэнцэж байх ёстой байтал 11 төгрөг, 90 мөнгө илүүдсэн. Энд хэдэн төгрөгөөр илүүдэж байгаа нь чухал биш, онцгой ажил үүрэгт эрсдэл үүссэн гэсэн үг юм. Монголбанкны орон нутаг дахь салбарын банкуудад мөнгөн тэмдэгт нийлүүлэх онцгой үүрэгт ажил нь дутагдалгүй байх ёстой.

Шалгалт хийх үед буюу газар дээр нь очиж шалгахад Хаан банкнаас оруулж ирсэн мөнгийг журмын дагуу тоолж аваагүй байсан. 940 000 000 төгрөгийг тоолоогүй, шуудайтай нь хүлээж авсан нь ноцтой зөрчил болно. Мөнгийг хүлээж авсан даруйдаа тоолж, бүх тооцоог нь гаргах ёстой. Гэтэл 940 000 000 төгрөгийг тоолж аваагүй нь маш их эрсдэл үүсгэж байна. Эдгээр зөрчлийг ноцтой зөрчлийг улсын байцаагч нар актаар тогтоосон.  Шалгалтын үр дүнг Л.Отгонбаярт танилцуулсан ба тэрээр гарын үсэг зурсан тул улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Монголбанкны ерөнхийлөгч 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажлаас халах тушаал гаргахдаа улсын байцаагчийн шалгалтын үр дүнг баталгаажуулсан. Л.Отгонбаяр   нь банкны үйл ажиллагаанд баримталдаг Монголбанкны кассын ажиллагааны журам, Монголбанкны бэлэн мөнгө тоолох, хүлээн авах заавар зэрэг журмуудыг зөрчсөн. Монголбанкны салбарын захирлын хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ биелүүлээгүй. Өндөр эрсдэлтэй гэж дүгнэгдсэн ба 88.29 буюу дунд гэсэн үнэлгээ авсан. Салбарын захирал нь удирдан чиглүүлж, хяналт тавих үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлт гаргасныг Монголбанкны ерөнхийлөгч 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тушаалаараа баталгаажуулж, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн удирдсан захирлуудын зөвлөлийн хурлаар Б503 тоот сахилгын шийтгэл оногдуулах тушаал гарсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэмэгдэл цалин хөлс, урамшуулал зэргийг олгохыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын байцаагчийн урамшуулал нь ажлын үр дүнгээр нь дүгнэж байж олгодог нэмэгдэл тул ажиллаагүй үед урамшуулал олгохгүй, урамшууллыг заавал өгөх үүрэг байхгүй. Төлөвлөгөөнд заасан ажил үүргээ амжилттай сайн гүйцэтгэж, үр дүнтэй ажилласан гэдгийг нь удирдлагын зүгээс дүгнэсэн тохиолдолд олгодог урамшуулал юм. Монголбанкны бүх ажиллагсад нь урамшуулал авдаггүй. Урамшууллыг өгөх үндэслэл байхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Отгонбаярыг Увс аймаг дахь Монголбанкны салбарын захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Монголбанкнаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 8 476 597 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Отгонбаярт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Отгонбаярын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Монголбанкинд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Отгонбаяр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Монголбанкнаас улсын тэмдэгтийн хураамжид 220 776 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэхуяг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд нөлөөлсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүх нотлох баримт болох Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 6503 дугаар тушаал, Монголбанкны дотоод аудитын газрын улсын байцаагчийн актаар тодорхойлсон үйл баримтыг тогтоож, үнэлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтын холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Ажил олгогч Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал нь Л.Отгонбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчлийн заалтыг дурдаж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэсэн агуулгаар гарсан байхад талуудын гэрээ байгуулах хүсэл зориг, тушаалын агуулгыг холбогдох нотлох баримтад тулгуурлан гаргалгүйгээр ажил олгогчийн шийдвэрийг шууд буруутгах байдлаар тушаалын үндэслэл тогтоогдохгүй гэж шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасны дагу Ерөнхийлөгч нь Монголбанкийг хууль ёсоор төлөөлдөг. Л.Оттонбаяр хөдөлмөрийн гарээнд заасан үүргээ зөрчиж, Увс аймаг дахь Монголбанкны салбарын захирлын үүрэгт ажил болох Монгол Улсын мөнгөн тэмдэгттэй холбоотой бэлэн мөнгөний эмиссийн үйл ажиллагаанд мөрдөх ёстой журам, зааврыг зөрчиж, Увс аймаг дахь Монголбанкны салбарын бэлэн мөнгө, санхүүгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах ноцтой зөрчил гаргасныг Монголбанкны Ерөнхийлөгч ажил олгогчийн хувиар 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр батлан, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр буюу Л.Отгонбаяр зөрчил гаргасан 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 3 cap, 6 хоногийн дотор сахилгын шийтгэл оногдуулсан байхад анхан шатаы шүүх 131.1, 131.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, “ажил олгогч Монголбанкны Ерөнхийлөгч зөрчил гаргасныг мэдэж, батлаагүй буюу шийдвэр гаргаагүй байхад” сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж дүгнэсэн.

Дээрхтэй холбоотойгоор анхан шатны шүүх ажил олгогч Монголбанкны Ерөнхийлөгч нь Монголбанкийг хуулийн дагуу төлөөлөх эрхтэй ганц этгээд, Монголбанкны дотоод аудитын ажилтны акт нь Монголбанкны Ерөнхийлөгчид мэдэгдэж, тушаал гаргах нөхцөл байдлыг тодруулах шинжтэй шийдвэр гэдгийг дүгнэж үзэлгүй, энэ талаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэснийг анхан шатны шүүх 37.1, 37.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн буюу “Монголбанкны Ерөнхийлөгч нь ажил олгож болох тухай”, Увс аймаг дахь шалгалтын акт материалыг ажил олгогч 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн, ийнхүү мэдснээ 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр баталгаажуулж, А-205 дугаар тушаал гаргасан баримтат мэдээллийг Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хуулийн дагуу гаргаж өгсөн баримт бичиг болох нотолгооны хэрэгслээр тогтоогдож байхад хариуцагчийг нотлоогүй гэж дүгнэснээр хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Иймд, Төв банкны тухай хуульд заасан мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргаж зохицуулах онцгой үйл ажиллагаанд эрсдэл үүсгэсэн зөрчил гаргаж, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажлаас халагдсан Л.Отгонбаярын нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Л.Отгонбаяр хариуцагч Монголбанкинд холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/503 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч Л.Отгонбаяр нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Монголбанктай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу /хх 7-9/ Увс аймаг дахь Монголбанкны салбарын захирлаар ажиллаж байсан бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б503 дугаар тушаалаар /хх 6/ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, салбарын захирлын албан тушаалаас чөлөөлжээ.  

            Ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлд “...шалгалтад хангалтгүй үнэлгээ авч, мөнгөн хөрөнгө, санхүүгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн зөрчил гаргасан...” гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхгүй гаргасан” гэж заасныг баримталсан үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.Отгонбаярыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж хариуцагч тайлбарлан, уг тайлбараа нотлохоор Улсын байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2016/12048/001, 2016/12048/002 тоот актыг гаргасан ба уг актад Хаан банкнаас ирүүлсэн 940 000 000 төгрөгийг тоолж, шалгалгүй хүлээж авсан, кассын үлдэгдлийг тоолж шалгахад 11.04 төгрөг илүүдсэн, энэ нь “Монгол банкны кассын үйл ажиллагааны журам”-ын 2.4, 2.8-д заасныг зөрчсөн гэжээ. /хх 143-145/

Дээрх актаар 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зөрчлийг мөн оны 5 дугаар сарын 20-ны өдөр тогтоож, зөрчлийг илрүүлсэн бөгөөд уг зөрчилд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б503 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан “Сахилгын зөрчил ...илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчсөн байна.

Түүнчлэн актад дурдсан “Монгол банкны кассын үйл ажиллагааны журам”-ын 2.4, 2.8-д заасан мөнгөн тэмдэгтийн эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцах, мөнгөн тэмдэгтийг тоолж шалган, хүлээн авч, тавьж олгох үүрэг нь кассын ажилтан, няравын үүрэг байх тул салбарын захирлыг журмын дурдсан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд Монголбанкны хөдөлмөрийн дотоод журмын 10.3-т “ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг тусгана” гэсний дагуу /хх-37/ Л.Отгонбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь хэсэгт тусгасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэхгүй ба хэрэгт авагдсан баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ажил олгогчийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б503 дугаар тушаалыг хуульд нийцсэн гэж үзэхгүй.

            Хэргийн дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Л.Отгонбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байх бөгөөд шүүх түүнийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагч байгууллагаас 8 476 597 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2016/01225 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ