| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 187/2017/0017/э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2018-02-08 |
| Зүйл хэсэг | 10.1, 10.6., 10.9., 10.12., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 145
Б.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Булгантамир,
хохирогч Н.Эийн хууль ёсны төлөөлөгч С.Б,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201725010520 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Батхүүгийн Б.Б, Улаанбаатар хотод 1988 оны 8 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг гэх, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 27-584 тоотод орших албан ёсны хаягтай,
2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2005 оны 2 дугаар сарын 7-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 cap 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,
2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 1 cap 1 хоногийн хорих ялаар тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 225 дугаар “Уучлал үзүүлэх тухай” зарлигаар эдлээгүй үлдсэн хорих ялаас чөлөөлөгдсөн,
2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ял шийтгүүлж, 2010 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан. /регистрийн дугаар: ЕЙ88080612/
Б.Б нь 2016 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Зайсан скуэр” барилгын хашаанд Б.Гыг зодож, олон тооны гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт,
2017 оны 2 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Маршалын гүүрний хажууд байрлах дулаан дамжуулах 12 дугаар худаг дотор хамт архи ууж байсан Д.Т, Д.Б нартай маргалдаж, Д.Тыг 5 удаа хутгалж алахыг завдсан гэмт хэрэгт, Д.Быг хутгалж, улмаар дулааны худгийг галдан шатаасны улмаас хүнд зэргийн согтолттой байсан Д.Б, Н.Э нарыг угаартуулж алсан гэмт хэрэгт, үүний дараа цааш явж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хашаанд байрлах дулааны худаг дотор З.Д.Бтай маргалдан, улмаар 2 удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бийн хохирогч Д.Тыг алахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Д.Б, Н.Э нарыг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар, хохирогч З.Д.Быг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, хохирогч З.Б.Гыг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Бийг хүнийг алахыг завдсан гэмт хэрэг, хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хоёр, түүнээс олон хүнийг, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.6, 2.7 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 15 жил хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад тусгаарлан эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 282 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бэлгэвч 5 ширхэг, хагархай цагаан аяга 1 ширхэг, шинжилгээний дээж 8 ширхэг, Дувавит эмтэй хайрцаг 1 ширхэг, үнсний шилэн сав 1 ширхэг, цаасны хутганы ир 1 ширхэг, шүдэнз 1 ширхэг, асаагуур 2 ширхэг, ногоон өнгийн аяга 1 ширхэг, цагаан өнгийн уранхай тор 1 ширхэг, цагаан тавцантай цэнхэр өнгийн хуванцар сандал 1 ширхэг, хар хөх өнгийн куртик 1 ширхэг, шар өнгийн подволк, улаан өнгийн цэнхэр ханцуйтай цамц 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, судалтай хар хөх өнгийн дотоож, хар өнгийн алаг малгай, малгайтай улаан цамц, хар өнгийн куртик, эрээн өмд, хар саарал өнгийн оймс 1 хос, хар өнгийн үдээстэй гутал, хуванцар шар өнгийн гар 1 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал, цагаан цэнхэр алаг хөлийн ороолт, цэнхэр өнгийн оймс, бор өнгийн оймс, саарал өнгийн оймс, шар өнгийн асаагуур, шүдэнз 2 ширхэг, процитро эм 1 таблет, хурууны лент 5 ширхэг, 10 төгрөгний дэвсгэрт 4 ширхэг, 20 төгрөгний дэвсгэрт 2 ширхэг, нийт 80 төгрөг, дээлний бүс 1 ширхэг, ногоон эрээн өмд 1 ширхэг, саарал бэлтгэлийн өмд 1 ширхэг, цэнхэр бэлтгэлийн өмд 1 ширхэг, саарал брюкэн өмд 1 ширхэг, шар алаг куртик 1 ширхэг, хар савхин куртик 1 ширхэг, заазуур 1 ширхэг, ишгүй хутга 1 ширхэг, бор иштэй тонгорог 1 ширхэг, гар утас 2 ширхэг, цэнхэр өнгийн куртик 1 ширхэг, шар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хүрэн өнгийн майк 1 ширхэг, цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, тэлээтэй цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, 1 ширхэг асаагуур, хар өнгийн хос гутал 1 ширхэг, 2 ширхэг “Си Ди” зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2015 оны 5 дугаар сард гарсан Б.Гыг алсан хэргийн талаар би баригдсан үеэсээ эхлэн хүлээсэн. Гэвч Док буюу Батбаяртай цуг үйлдсэн талаар шалгуулах хүсэлтэй байдаг. Мөрдөн шалгах явцад цагдаагийн хошууч Ганбаяр нь хэргийг хурдасгах зорилгоор өгсөн мэдүүлгийг өөрчлөн хамсаатан болон гэрч нарын талаар мэдүүлэг өгөх бүрд “Эр хүн шиг бай, энэ хүмүүсийг хамааралгүй болгож, байцаалт өг” гэдэг байсан. Батбаяр нь Б.Гыг хамт зодсон нь үнэн. Мөн гэрч Эрдэнэтуяагаас гадна нь талийгаач Д.Б, гэрч Ц.Ганцэцэг нар байсан болно.
Н.Батхуяг гэдэг хүнийг байсан хэмээн шүүхийн нарийн бичгийн дарга шүүх хуралдааны тэмдэглэлд буруу тэмдэглэсэн байна лээ. Би Ишдомбо овогтой Батхуяг нь Батбаярын гэрийг мэддэг гэдгийг л ойлгуулахыг хүссэн. Мөн Н.Батхуяг нь Б.Гын дотно найз ба Д.Б, П.Эрдэнэтуяа, Ганцэцэг нар нь талийгаачийг алга болохоосоо өмнө цуг архи ууж, Батбаяр бид хоёрыг зодсон талаар ярьж байсан. Мөн энэхүү хэргийн талаар анх цагдан хорих 461 дүгээр ангийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Мөнхбаатарт Батбаяр, Эрдэнэтуяа, Ганцэцэг нарыг байсан гэдгийг хэлж байсан болно. Мөрдөгч цагдаагийн хошууч Ганбаяр нь Эрдэнэтуяагаас мэдүүлэг авах гэтэл шууд л тэнд байсан өөр бусад хүмүүсийн талаар ч ярьсан байдаг... Ингээд миний бие 2017 оны 3 дугаар сард сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үзүүлэхдээ мөрдөгч Ганбаяраар Эрдэнэтуяад “хэрэг болох үед байгаагүй, мэдэхгүй гэж мэдүүлэг өгөөрэй” гэсний дагуу мэдүүлгээ өгсөн байдаг. Мөрдөгч Ганбаяр нь Док хочит Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагаа хийх үед ээжтэй минь уулзуулчихаад, эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн гэж тэмдэглэсэн байна. Гэрч Гантөмөр гэх хүнээс мэдүүлэг авахад Батбаяр, Б.Б, Ганцэцэг гэх хүмүүсийг танихгүй гэсэн ч тэр хүн өдөрт олон хүнтэй харьцдаг, хүн бүрийг нэрээр бус зүсээр таних нь ойлгомжтой. Энэ мэтчилэн өнгөн дээрээ хэргийг шалгасан болж харагдуулж үнэн хэрэг дээрээ нуун далдаж байгаад гомдолтой байна.
2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн тухайд:
... Эрдэнэтуяа болон Н.Э эгч хоёр хоол болтол унтах гээд хэвтсэн. Д.Б бид хоёр хоол хийхээр болсон. Д.Б гал түлж байхад, би мах хэрчиж байсан. Д.Т архи аягалж суусан. Яг тэр үед Шарзул буюу Ганзул гэх ах орж ирсэн. Зул ах орж ирээд “Баагий энд байгаа юм уу, хэзээ хальтирчихав” гээд хэдэн үг сольж байсан. Д.Тыг архи аягалж өгтөл “энэ хэн гэдэг нөхөр миний гэрт сууж байна” гээд танилцаж байх шиг байсан. Би бие засаад орж ирэхэд Зул ах тэр хоёрыг зодож байсан. Ингээд би тэр гурвыг салгаад, Зул ахыг “та боль хоол хийж байна, болтол нь унтаж амар” гэтэл Зул ах “би явлаа, маргааш метроны буудал дээр уулзъя” гээд гараад явсан. Тэр үед Д.Б “Зул ах шилээр бид хоёрыг шаачихлаа” гээд толгойноос нь цус гарсан шинжтэй, Д.Тын уруул сэтэрсэн цус асгарч байсан нь үнэн. Ингээд би тэр хоёрт саванд ус хийж өгчихөөд, хоол тавиад паарнаас халуун ус авч хийгээд тэр хоёрт хандаж “чадахгүй байж хүнтэй битгий муудалцаж бай” гэж хэлтэл “чи хар амиа бодож цугтаа биз дээ” гээд бага зэрэг маргаан болсон. Намайг гурил хэрчиж байтал Д.Т юу нь мэдэгдэхгүй хатуу зүйлээр толгой руу цохьсон. Ингээд босохын завдалгүй Д.Б боосон ба тавиулж чадалгүй ухаан алдан унасан. Нэг сэргэтэл хоёр талаас өшиглөж байсан. Гурилын модон дээр хутга байгааг олж хараад шууд хутга аван Д.Тын хөл хэсэг рүү хутгалаад өндийтэл, Д.Б дахин боосон ба Д.Ттай зодолдохоо больж, Д.Бтай зодолдож байгаад хутгалсан. Ингээд Д.Б “Баагий болио, чи намайг шаачихлаа”..., “чи эндээс наад янханаа аваад зайл” гэж, Д.Т “чи энд угаасаа байх ёсгүй, энэ чиний гэр биш” гэж хэлэхээр нь “тэгвэл чи бидний хэн хэн нь энд амьдрахаа болъё” гээд галд шуудай хийн асааж, траншейны голд тавьчихаад Эрдэнэтуяаг сэрээж гаргаад, тэр хоёрт “маргааш эрүүлд чинь ярилцана” гээд гарсан. Эрдэнэтуяа “Home plaza”-ийг чиглэн алхаж байхад нь араас нь очсон... эргээд хартал хүн зогсч байсан ба утаа тортог гарсан юм байгаагүй... Тэгээд зайсангийн Шуналтых гэж нэрлэдэг дэлгүүр орж, 2 годгор хиам, 1 шил 0.75 граммын архи авсан. Энэ үед цаг 19 цаг 30 минут болж байсан... Тэгээд Цэцэрлэгт хүрээлэнгийн траншейнд очиход хүн байгаагүй ба авч явсан архиа уугаад сууж байтал эрэгтэй хүн бууж ирээд нүд рүү асаагуурын гэрэл тусгаад юун хүмүүс вэ гэхээр нь таньдаг хүн шиг санагдаад хэн бэ, Батхуяг ах уу гэтэл юун “Батхуяг танихгүй эндээс зайл” гэхээр нь би “энд хэдхэн хоногийн өмнө амьдарч байсан, чамайг өөрийг чинь танихгүй, тэглээ ч энд өнөөдөр хоноод явна” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүн ирж боохоор нь хутгаа халааснаасаа авч хутгалсан. Энэ гэмт хэрэг нь миний сүүлчийн үйлдэл ба хийсэн хэргээ хүлээж байна. Миний бие нь хийсэн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байна.
Харин 2015 оны 5 сарын хохирогч Б.Гын, 2017 оны 2 дугаар сарын 12-ны оройн 19 цагийн үед болсон гэгдэх Н.Э, Д.Б нарт холбогдох хэргийг дахин шалгаж өгөхийг хүсч байна. Учир нь Шарзул биднээс архи нэхэж байгаад гарсан ч яваагүй байж байгаад намайг явсны дараа буцаж орон үлдсэн архийг ууж байгаад маргалдаж зодоон болсон байж болно. Д.Т юуны учир үргэлж, хуурамч мэдүүлэг өгч байв. Гэрч Д.Пүрэв-Очир цагийн байдал нь 21 цаг 50 минутад утаа гарч эхэлсэн гэж байна. Гэтэл зайсангийн дэлгүүрт 19 цаг 30 минут болж байхад үйлчлүүлсэн. Намайг явж байхад траншейны үүдэнд хэн байв гэхчилэн олон харж шалгах зүйл байна гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Булгантамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж өмгөөлөгчийн санал хэлэхэд анхан шатны шүүх хуралдаанд Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү.” гэв.
Хохирогч Н.Эийн хууль ёсны төлөөлөгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Булгантамирын шүүгдэгч Б.Бд хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг дэмжихгүй байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Б.Бд холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх, Б.Бд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Б.Б нь;
1. 2016 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Зайсан Скуэр” барилгын хашаанд хамт архи ууж байсан Б.Гыг зодож, гавал тархины гэмтэл учруулан алсан болох нь:
- Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Зайсан Скуэр” төвөөс зүүн тийш 200 метр зайд байрлах хашаан дотор хохирогч Б.Гын цогцосыг булсан байсныг бэхжүүлсэн тэмдэглэл, уг ажиллагааны үед хийгдсэн камерын бичлэгийг 2 ширхэг “CD”-нд хуулбарлан буулгаж авч, эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргасан тогтоол /3-р хх-4, 6-9/,
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Sky Square” хотхоны зүүн талын хашаанд хийгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-220-233/,
- Хохирогч Н.Б.Гын хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхзулын “... Би Б.Гын төрсөн эгч нь юм. Б.Г 2014 оноос гадуур архи уугаад тэнээд явчихдаг болсон. 2016 онд Эрдэнэчимэг гэх эмэгтэйг дагуулаад ирсэн... Тэр хүүхэнтэй нийлээд архи дарс уугаад яваад байдаг байсан. Хамгийн сүүлд 2016 оны 4 дүгээр сард “Эрдэнэчимэг нэг хүнтэй нийлээд зодчихлоо” гээд ирээд 2 хонож байхад нь Эрдэнэчимэг ирээд аваад явсан. Тэрнээс хойш талийгаачтай уулзаагүй. Тэгээд 2016 оны 11 дүгээр сард цагдаад эрэн сурвалжлуулж байсан...” /3-р хх-10-13/ гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Нэр, хаяг тодорхойгүй хүний цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын баруун чамархай ясны суурь яс руу орсон цөмөрсөн хугарал, доод эрүүний хугарал, зүүн талын 8 дугаар хавирганы зөрүүгүй хугарал, зүүн талын богтос ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... ямар ч байрлалд авах боломжтой... хэдийгээр талийгаачийн цогцос ялзарч муудан нас барсан шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй болсон байх боловч Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын баруун чамархай ясны суурь яс руу орсон цөмөрсөн хугарал, доод эрүүний хугарал, зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, зүүн талын богтос ясны хугарал гэмтлүүд тогтоогдсон тул талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой...” гэсэн шинжээчийн №557 дугаар дүгнэлт /3-р хх-22-23/,
- Б.Галцогийг талийгаач Б.Гтай садан төрлийн холбоотой эсэхийг тогтоох шинжилгээ хийх зорилгоор цусны дээж авсан тухай тэмдэглэл /3-р хх-28-30/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн нэр, хаяг тодорхойгүй хүний цогцосны Ү-хромосомын ДНХ-ийн тогтоц ДНХ-ийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 3911 дугаартай дүгнэлт гаргахад дурдсан Б.Галцогийн сорьцтой адилхан тогтоцтой буюу Ү-хромосомын ДНХ-ийн тогтоцоороо төрсөн ах, дүү байх боломжтой” гэсэн шинжээчийн №5157 дугаартай дүгнэлт /3-р хх-32/,
- Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би одоо өдрөө санахгүй байна. 2016 оны 5 дугаар сард байх... Зайсан Скуэр гэдэг барилгын хашаанд Б.Г, Док хочит Батбаяр, жижгээ гэдэг одоо талийгаач болсон Д.Б бид 4 архи уусан юм. Манай эхнэр Эрдэнэтуяа их архи уудаг ба Б.Г хуучин нөхөр нь байсан. Б.Г, Эрдэнэтуяаг дагуулж яваад архи уулгаад байдаг болохоор би эхнэрээ хайж яваад Б.Гтай зайсанд таарчихсан. Тэгэхэд Док буюу Батбаяр, Жижгээ буюу Д.Б нартай хамт байсан. Б.Гыг Док эхлээд толгой хэсэг рүү нь цохьсон... би атгасан гараас арай том хэмжээний чулуу аваад түүн рүү шидэхэд яг цээжинд нь оносон. Док дахиад тогоогоор цохих гэж дайрахад Д.Б болиулсан. Би Б.Гыг мөр, нуруу хэсэг рүү тогоог нь булааж аваад цохьсон. Тэгээд Д.Б, Батбаяр буюу Док нар яваад өгсөн. Би Б.Гтай хамт унтаад үлдсэн. Б.Г ёолоод хэвтэж л байсан. Би шөнөөр сэрээд харахад Б.Гын бие нь хөшингө байдалтай, цэв хүйтэн болсон, өмдөндөө чацага алдсан бололтой, өмхий үнэртээд байсан. Тэгэхээр нь би цогцосыг зүүн урд зүгт 100-аад метр зайд үүрч аваачин нүхэнд хийгээд дээрээс нь гудас, төмөр тавиад чулуугаар дүүргээд орхисон...” /2-р хх-6-7/ гэх мэдүүлэг,
- Мөн түүний “... Би байцаалтыг өгөхдөө хэргээ удаашируулах зорилгоор худлаа нэр зохиогоод хэлчихсэн юм. Тэр хэрэг болох үед талийгаач Б.Г, Д.Б бид гурав байсан...” /2-р хх-10/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
2. 2017 оны 2 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Маршалын гүүрний хажууд байрлах дулаан дамжуулах 12 дугаар худаг дотор хамт архи ууж байсан Д.Т, Д.Б нартай маргалдаж, Д.Тыг 5 удаа хутгалж алахыг завдсан, мөн Д.Быг хутгалж, улмаар дулааны худгийг галдан шатаасны улмаас хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалах чадваргүй байсан Д.Б, Н.Э нарыг угаартуулж алсан болох нь:
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршалын гүүрний зүүн хойно байрлах дулааны №12 худаг дотор хийгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-19-37/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-38-46/,
- Хохирогч Б.Д.Тын “... 2017 оны 2 дугаар сарын 12-ны орой Нарантуул захаас танил Б.Б, түүний эхнэр Эрка гэх эмэгтэй, Жижгээ буюу Д.Б, Н.Энхтуяа нарын хамт 2 шил 0,75 литрийн Чингис архи авч уусан. Тэр үед Б.Б согтуурхаад Д.Б бид хоёрыг цохьсон. 18 цагийн орчим Маршалын гүүрний зүүн хойд талд байх траншейны гадаа Б.Б уурлаад согтуурхаад, зүгээр байхад миний зүүн гарын шуу хэсэг, булчин хэсэг, зүүн дал хэсэг, цээж хэсэг, далны дээд хэсэгт мөн нүүр хэсэг, баруун зүүн хөлөнд, таарсан газраа хэд хэдэн удаа хутгалсан. Тэгээд би гадаа цусаа гоожуулаад үлдсэн бөгөөд Б.Б траншейн руу ороод Жижгээ буюу Д.Быг бас хутгалж, зодсон. Би тухайн үед траншейн руу орж болиулах гэтэл ямар ч тамир байхгүй болсон байсан. Тэгээд хартал Д.Быг Б.Б хутгалаад, зодоод байсан. Б.Бийн эхнэр “болиоч ээ” гэж орилоод байсан. Би траншейны гадаа ухаан алдсан бөгөөд намайг нэг хүн сэрээсэн. Нэг мэдэхэд эмнэлэгт байсан... Б.Б нь угаасаа архи уухаараа дээрэлхүү зантай болчихдог юм байна лээ...” /1-р хх-79-83/,
- Хохирогч Н.Эийн хууль ёсны төлөөлөгч С.Бгийн “... Н.Эийн төрсөн охин нь байгаа юм... Талийгаач тэнэмэл амьдралд 2013 оноос орсон бөгөөд бид нар болиулах гэж үзсэн боловч гараад явчихдаг... Жижгээ гэдэг хүнтэй хамт явдагийг нь мэднэ... Гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” /1-р хх-77-78/,
- Хохирогч Дашзэвэгийн Д.Бын хууль ёсны төлөөлөгч Д.Балжиннямын “... Д.Б бол миний төрсөн дүү юм... шүүх эмнэлэг дээр очиход цогцос шатсан учир ямар ч таних боломжгүй болсон байсан... зургийг нь харуулахад манай дүү мөн болж таарлаа... Дүүгийн маань амь насыг хохироосон хүнд гомдолтой байна...” /1-р хх-86-89/,
- Гэрч П.Эрдэнэтуяагийн “... 2 жилийн өмнө Нарантуул худалдааны төв дээр архи ууж явж байгаад Б.Бтэй танилцаж, түүнээс хойш хамт амьдрах болсон... 2017 оны 2 дугаар сарын 12-ны өглөө Б.Б бид хоёр шил, лааз цуглуулж яваад 13 цагийн орчим Энхээ гэж дууддаг Н.Э, Жижгээ гэж дууддаг Д.Б, Баяраа гэж дууддаг Д.Т нартай тааралдсан… Кристал таун хотхоны гадна талын хогийн цэгт уулзахаар тохирсон. Б.Б бид хоёрыг ирэхэд тэд ирчихсэн байсан… харуй бүрий болж байхад траншейн дээрээ ирсэн... Д.Б, Б.Б хоёр хоол хийж, Н.Э эгч бид хоёр ор засчихаад эргээд иртэл Б.Бийг Д.Б, Д.Т хоёр зодож байсан. Намайг очоод салгах гэхэд Б.Б “чи зодоонд оролцоод яах гээд байгаа юм” гээд хөөгөөд байхаар нь би траншейнаас гарсан... араас Б.Б хүрээд ирсэн. Би траншейн руу эргэж хараагүй, бас дотор нь юу болсон талаар мэдээгүй...” /1-р хх-97-98, 99-100/,
- Гэрч А.Пүрэв-Очирын “... Би өчигдөр 18 цагт цагдаагийн дэд ахлагч Лхагвасүрэнгээс постыг хүлээн авч үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 21 цаг 50 минутын үед Маршалын хаалганы зүүн хойно байдаг траншейнаас утаа гарч эхэлсэн. Тэнд очиход траншейны хажууд нэг эрэгтэй үнс, тортог болсон байдалтай байсан. Дотогш харахад энэ тэнд хог болсон, гал асч байсан. Тэр хүн нилээн согтолттой байсан ба “энэ дотор юу болоод байгаа юм бэ?, дотор нь хүн байгаа юм уу?” гэж асуухад “байхгүй” гэж хариулсан... Тэгээд цагдаа дуудахад 5 минутын дараа ирсэн. Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа, дэд ахлагч Ганцогт, дэд ахлагч Лхагвадэмбэрэл нар ирээд нөгөө согтуу хүнтэй ярьж байгаад дотор 2 хүн байгаа гэдгийг мэдсэн. Цагдаа нар траншейн руу “хүн байна уу” гэж нэрээр нь дуудаад байсан. Удалгүй эмнэлэг, онцгой байдлын ажилтнууд ирсэн. Нөгөө согтуу хүнийг эмнэлэг аваад явсан. Гал унтрааж дуусаад онцгой байдлын ажилтан манай даргад “2 хүний цогцос байна” гэж хэлж байсан...” /1-р хх-92-95/ гэх мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “талийгаачид толгой, нүүр, хүзүү, цээж, нуруу, салтаа, 4 мөчний 3, 4 дүгээр зэргийн түлэгдэл тогоогдов. Дээрх гэмтлүүд нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба нас барсны дараа үүсгэгдсэн гэмтэл болно. Талийгаач угаарийн хийн цочмог хордлогоос нас барсан” гэсэн шинжээчийн №407 дугаар дүгнэлт /1-р хх-106-108/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Д.Бын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр бүх биеийн 95%-ийг хамарсан, 3-4 дүгээр зэргийн түлэгдэл, хүзүүний зүүн хэсгээс буулган венийн салааг гэмтээн ховч ясны доод хэсгийн зөөлөн эдийг зүсч суваг үүсгэн хүзүүний баруун хэсгээр нэвт гарсан хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэт өндөр хэмийн болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан хүзүүний зүүн хэсгээс буулган венийн салааг гэмтээн ховч ясны доод хэсгийн зөөлөн эдийг зүсч суваг үүсгэн хүзүүний баруун хэсгээр нэвт гарсан хатгагдсан шарх гэмтэл нь шууд үхэлд хүргээгүй болно. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. Талийгаач нь угаарын хийн хурц хордлого, бүх биеийн 95%-г хамарсан 3-4 дүгээр зэргийн түлэгдэлтийн улмаас нас барсан. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ” гэсэн шинжээчийн №413 дугаар дүгнэлт /1-р хх-112-115/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн “С.Бгийн цус болон нэр, хаяг тодорхойгүй эмэгтэй №1981 дугаартайгаар архивт хадгалагдаж байгаа цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоож ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт 3795-ийн хүснэгт 1-ийн 2, 3-р баганад үзүүлэв. С.Б нь Н.Эийн төрсөн охин байх боломжтой” гэсэн №3795 дугаар дүгнэлт /1-р хх-132/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Дашзэвэг нь аутосомын ДНХ-ийн D3S1358, ТН01, D21S11, D13S317, D7S820, D16S539, Penta D, vWA, D8S1179, ТРОХ, FGA гэсэн локусын аллелиар нэр, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний биологийн эцэг байх боломжтой” гэсэн шинжээчийн №4835 дугаар дүгнэлт /1-р хх-136-137/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Д.Тын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий хуралт, цээжний арьсан дор хий хуралт, толгойн хуйх, нүүр, цээж, зүүн гарын бугалга, шуу сарвуу, зүүн эгэм, зүүн мөр, зүүн дал, хүзүү, баруун гуя, хоёр хөлийн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд... амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн №2719 дүгээр дүгнэлт /1-р хх-120/,
- Хохирогч Б.Д.Тын өвчний түүх /1-р хх-122-130/,
- Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би Жижгээ хочтой Д.Быг 10 гаруй жилийн өмнөөс таньдаг боловч дотно найзалж байгаагүй. Баярааг бараг танихгүй... 5-6 хоногийн өмнө эхнэр Эрдэнэтуяа хүүхдээ ахындаа үлдээгээд надтай хамт траншейнд амьдрах болсон... 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Нарантуул захын ард талын түүхий эд авдаг цэг дээр Эрдэнэтуяа бид хоёр Д.Б, Баяраа, Энхээ гуравтай тааралдаад архи ууцгаасан юм. Бид нар тааралдахаасаа өмнө тус тусдаа архи уусан байсан. Замдаа тавуулаа нэг шил 0.75 литрийн Чингис архи авч хувааж уусан. Тэгээд Маршалын гүүрний траншейнд очоод Д.Б бид 2 хоол хийгээд Баяраа архи аягалаад сууж байсан. Энхээ эгч, Эрдэнэтуяа хоёр ороо засаад хэвтээд унтаад өгсөн. Баяраа ах намайг архиар шахаад 4-5 удаа дараалж аягалж өгөөд байснаа хоол буцлаад намайг гурил хэрчээд явган сууж байхад Баяраа ах гэв гэнэт чулуу барьж босч ирээд миний толгойны зүүн дээд хэсэгт зүүн хажуу талаас цохиход нь би босоод өөдөөс нь заамдаад автал Д.Б араас гараараа боогоод гурвуулаа нилээн ноцолдоод, Баяраа намайг хэдэн удаа шанаадаад авахаар нь уур хүрээд бүсэндээ хуйтай нь зүүж явдаг бор өнгийн иштэй “USA” гэсэн бичиг далбаатай тонгоргоо гаргаад Баяраа ахын цээж рүү нь хутгалсан. Тухайн үедээ би маш их уурласан байсан, дээр нь араас хүн боосон болохоор би хэдэн удаа хутгалснаа сайн санахгүй байгаа юм. Хутгалчихаад Баяраа ахыг цааш нь унагаад, Д.Быг хавирга руу нь тохойлдож байж тавиулаад эргэж хараад Д.Быг хутгалсан. Гэдэс ходоод хавьд нь л хутгалсанаа санаж байна. Д.Б “чи намайг шаачихлаа шүү дээ” гэхээр нь “та хоёр над руу дайраагүй бол юу гэж ийм асуудал болох юм бэ?, та хоёр намайг нийлж зодъё гэж ярилцсан юм биш үү” гэж хэлсэн. Гэтэл Д.Б “энэ траншей минийх, би амьдардаг, чи зүгээр зайл” гэхээр нь би гал руу шуудай хийгээд түүнийгээ буцааж гаргаж ирээд, галтай нь траншейны гол хэсэгт байсан кардон цаасан дээр тавиад Д.Быг өшиглөж унагаагаад Эрдэнэтуяаг унтаж байхаар нь татаж босгоод хувцасыг нь өмсүүлээд аваад гарсан... тухайн үед Баяраа миний толгойны зүүн дээд хэсэгт чулуугаар цохиж хагалсан. Гарны энд тэнд жижиг, жижиг шарх байгаа. Үүнийг бол өөрөө хүн хутгалж байхдаа гэмтээсэн байх... Траншейнаас намайг хөөсөн болохоор би согтуудаа “тэгвэл энэ траншейнд хэн нь ч амьдрахаа болъё” гэж бодоод шатаасан...” /2-р хх-1-3/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
3. 2017 оны 2 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хашаанд байрлах дулааны худаг дотор З.Д.Бтай маргалдан, улмаар 2 удаа хутгалж алсан болох нь:
- Б.Бийн хохирогч З.Д.Быг хутгалж алсан гэх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хашаан дотор байрлах дулааны худаг дотор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-95-103/,
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-103-117/,
- Гэрч П.Эрдэнэтуяагийн “... Бид хоёр тэндээс гараад Аниа гэж дууддаг Ганцэцэг эгчийн траншейн руу явсан. Эзгүй байхаар нь бид хоёр траншейн дотор ороод сууж байтал нэг ах орж ирээд “яагаад траншейнд орж ирсэн юм бэ?” гээд хэрүүл хийсэн. Б.Б нөгөө ахтай хэрэлдээд зодолдсон. Би мөн тэр хоёрын зодоонд оролцохгүй гээд траншейнаас гарахад аман дээр нь Ганцэцэг эгч нэг эмэгтэйн хамт зогсч байсан. Би траншейнаас гараад алхаад явж байтал Б.Б миний араас ирсэн...” /1-р хх-97-98, 99-100/,
- Гэрч Ч.Лхагваагийн “... Би нөхөр, хүүхдийн хамт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хашаан дотор оршин суудаг. Манай хашааны зүүн талд 4 нүхтэй траншейн байдаг. 2 сарын 12-ны өдөр 00 цагийн үед “ахаа, эгчээ гээд орилоод” байхаар нь гартал траншейнд амьдардаг 2 эмэгтэй “манай ахыг хутгалчихлаа, та цагдаа дуудаад өгөөч” гэсэн. Би цагдаад дуудлага өгөөд, “та нар байж байгаарай, цагдаа нар ирэхээр нь хэлж өгөөрэй” гээд гэртээ орсон... Тэр хоёр эмэгтэйгээс асуухад “бид хоёр гаднаас траншейнд орж ирэхэд манай ахыг үл таних эрэгтэй хутгалчихаад зугтаасан” гэж хэлсэн...” /2-р хх-123-124/,
- Гэрч Ц.Ганцэцэгийн “... 2017 оны 2 дугаар сарын 12-ны өглөө Н.Э бид 2 танкнаасаа гараад хог түүж яваад Энхбаяртай таарсан. Бид архи ууж байгаад 21 цаг болж байхад миний амьдардаг танкан дээр очоод бид 3 орох гэтэл доор хүн байна гэсэн. Энхбаяр бууж харчихаад “эрэгтэй, эмэгтэй хүн байна” гэсэн. Удалгүй “тэр залуу намайг хутгалчихлаа” гэсэн. Тэгээд гарч ирэхэд нүүр ам нь цус болчихсон, баруун хэвлийнээс нь цус гарч байсан. Танкнаас миний таньдаг хог түүдэг эрэгтэй, эмэгтэй хоёр гарч ирээд, юм ярилгүй 120-ын буудал руу яваад өгсөн. Тэгээд төв цэнгэлдэхийн урд байрлах эмээ, өвөө хоёр дээр очиж цагдаа дуудсан... Би Энхбаяр гэх хүний талаар сайн мэдэхгүй. Зайсан орчмоор хог түүж явдаг... Эрка ааш зангийн хувьд гайгүй. Харин Батаа түргэн ууртай, дээрэлхүү залуу байгаа юм...” /2-р хх-132-134/,
- Хохирогч З.Д.Бын хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэгийн “... Би Д.Бтай 1990 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2005 онд бид хоёр хамт амьдрахаа больсон... хааяа гэртээ ирдэг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 2 дугаар сарын 8-нд ирээд 2 хоночихоод 10-ны өдөр өглөө шуудайгаа үүрээд гараад явсан. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй...” /2-р хх-123-126/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “талийгаач З.Д.Бын биед хэвлийн баруун дээд эгэмний дунд шугамаар өрцийг гэмтээн хэвлийн хөндийг нэвтэрч элэгний баруун дэлбэнгийн 5-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын нуруунд зүүн талын хамрын хөндийг нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх хэвлийн хөндийг хатгагдаж зүсэгдсэн, элгийг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас барсан” гэсэн шинжээчийн №396 дугаар дүгнэлт /2-р хх-145-148/,
- Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тэгээд өглөө Эрдэнэтуяа бид хоёр 120 мянгатын орчимд нэг траншейн дотор сэрэгсэн. Гэтэл Эрдэнэтуяа “чи өчигдөр Төв цэнгэлдэхийн орчимд нэг траншейнд ороод хүн хутгалсан, траншейнд 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн байсны эрэгтэйг нь хутгалахад нэг эмэгтэй нь гараад цагдаа дуудсан чинь чи намайг чирээд зугтаасан” гэж ярьсан...” /2-р хх-1-3/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.
Анхан шатны шүүх, Б.Бийг “хүнийг алахыг завдсан, хоёр, түүнээс олон хүнийг, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулжээ.
Хохирогч Б.Д.Т нь үнс, тортог болсон байдалтай хэрэг гарсан дулааны худагны хажуугаас олдсон талаар гэрч А.Пүрэв-Очир мэдүүлсэн байх тул хохирогч гал гарах үеэр дулааны хутагт байсан гэж үзэх үндэслэлтэйн гадна хохирогчид учирсан 5 удаа хутгалуулсан шарх гэмтлийн шинж байдлаас үзэхэд түүнийг алахыг завдсан гэсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн Б.Б нь хохирогч Д.Быг хутгалж, хүзүүний зүүн хэсгээс буулган венийн салааг гэмтээн ховч ясны доод хэсгийн зөөлөн эдийг зүсч суваг үүсгэн хүзүүний баруун хэсгээр нэвт гарсан шарх гэмтэл учруулж, өөрийгөө хамгаалах чадваргүй болгосны дараа дулааны худгийг галдан шатааж, хүнд зэргийн согттолтой унтаж байсан хохирогч Н.Эийн хамт угаартуулж алсан хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд хоёр хүнийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан онц харгис аргаар алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болжээ.
2002 оны Эрүүгийн хуульд, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт арваас дээш арван таван жил хорих ял шийтгэхээр, хүндрүүлэх нөхцөл байдлаар хүнийг санаатай алсан гэмт хэрэгт арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр хуульчилсан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хүнийг алсан гэмт хэрэгт найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, хүндрүүлэх шинжтэй хүнийг алсан гэмт хэрэгт арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилснаар энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгаж тогтоосон байх тул Б.Бд холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилж шийдвэрлэсэн нь хууль буцаан хэрэглэх зарчимд нийцсэн байна.
Харин шүүгдэгч Б.Б нь гэмт хэргээ нуун далдлах зорилгоор дулааны худгийг галдан шатаасан байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, тэрээр “... Д.Б траншейнаас хөөхөөр нь “тэгвэл энэ траншейнд хэн нь ч амьдрахаа болъё” гэж хэлээд гал руу шуудай хийж асаагаад траншейны гол хэсэгт байсан кардон цаасан дээр тавьсан ...” гэх мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул “... өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг алсан...” гэх хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгов.
Түүнчлэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №557, №396 тоот дүгнэлтүүдээс үзэхэд хохирогч Б.Гад гавлын баруун чамархай ясны суурь яс руу орсон цөмөрсөн хугарал, доод эрүүний хугарал, зүүн талын 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, зүүн талын богтос ясны хугарал гэмтэл учирч, гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан, хохирогч З.Д.Бт хэвлийн баруун дээд эгэмний дунд шугамаар өрцийг гэмтээн хэвлийн хөндийг нэвтэрч элэгний баруун дэлбэнгийн 5-р сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын нуруунд зүүн талд хамрын хөндийг нэвтэрсэн шарх гэмтэл учирч хэвлийн хөндийг нэвтэрч элгийг гэмтээсэн шархны улмаас цочмог цус алдаж нас барсан болох нь тогтоогдож байхад шүүх ямар үндэслэлээр Б.Бийг нэр дурьдсан хохирогчдыг онц харгис хэрцгийгээр алсан гэж үзсэн талаараа тогтоолдоо дүгнээгүй байна.
Хохирогч Б.Гыг алсан сэдэлт, санаа зорилго болон хохирогчид учирсан тархины битүү гэмтлээс бусад гэмтлийг хэрхэн учруулсан болохыг мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй, хохирогч З.Д.Бт хоёр тооны шарх учруулсны нэг нь амь насанд нь хүрсэн зэрэг нөхцөл байдлыг дүгнэхэд энэ хэргүүдийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Б.Бд ашигтайгаар шийдвэрлэх нь гэм буруугүйд тооцох зарчимд нийцэхээр байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн хэрэг тус бүрт нь 14 жил хорих ял оногдуулж, бусад ял дээр нэмж нэгтгэх зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бийн “талийгаач Б.Гыг алсан гэмт хэрэгт Док хочит Батбаяр оролцсон, Д.Б, Н.Э нарыг Шарзул буюу Ганзул гэх хүн алсан байж болзошгүй тул хэргийг дахин шалгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд,
Хохирогч Д.Т, гэрч П.Эрдэнэтуяа, А.Пүрэв-Очир болон шүүгдэгч Б.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Маршалын гүүрний хажууд байрлах дулаан дамжуулах 12 дугаар худаг дотор болсон хэргийн газарт “Шар Зул буюу Ганзул” гэгч байгаагүй болох нь тогтоогдсон.
2016 оны 5 дугаар сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Зайсан Скуэр” барилгын хашаанд хохирогч Б.Гыг зодож алсан хэргийг Док хочит Батбаяр гэх хүнтэй хамт үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр тухайн хүнийг эрж хайх, холбогдох гэрчүүдийг байцаах ажиллагааг явуулахад “Док хочит Батбаяр” гэсэн нэрийг Б.Б зохиож мэдүүлсэн болох нь нотлогдсон байна.
Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
А. “... Прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн,
“... Прокуророос шүүгдэгч Б.Бийн хохирогч З.Д.Быг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, хохирогч Б.Гыг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хохирогч З.Д.Быг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, хохирогч Б.Гыг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалтуудыг оруулсугай.
Б. Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Б.Бийг хүн алахыг завдсан, хүнийг алсан, хоёр хүнийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж онц харгис аргаар алсан гэм буруутайд тооцсугай” гэж,
Тогтоох хэсгийн 2 заалтыг “Шүүгдэгч Б.Бд хохирогч Б.Д.Тыг алсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял, хохирогч Д.Б, Н.Э нарыг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг нь мэдсээр байж, онц харгис аргаар алсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь заалтуудад зааснаар бүх насаар нь хорих ял, хохирогч З.Д.Быг алсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил хорих ял, хохирогч Б.Гыг алсан гэмт хэрэгт нь 14 жил хорих ял тус тус оногдуулсугай” гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг бүх насаар хорих ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Б.Бийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
М.ПҮРЭВСҮРЭН