Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0117

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Р.Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж

Нэхэмжлэгч “М” ХХК

Хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 775 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Д.А, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, М.А, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0060/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдуулан

1.1. “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 170 дугаар тогтоолын “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болохыг тогтоолгох, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай тогтоолын “Монгол ураниум ресурс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн эзэмшиж байсан ХҮ021700, ХҮ018243 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Улсын тусгай хамгаалалтад авсаны дагуу Ашигт малтмалын хуульд заасан нөхөн олговор олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 29.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасны дагуу тогтоогдсон эрсдэлийн хуримтлал бүхий талбайд “М” ХХК-ийн ХҮ021700, ХҮ018243 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд дүйцэх 2 ширхэг тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 775 дугаар шийдвэрийн

-1 дэх заалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 170 дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг, Монгол Улсын Засгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай тогтоолын “М” ХХК-ын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр тус тус хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмал газрын тосны газраас нөхөх олговор олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайгаас “М” ХХК-д 2 тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Монгол улсын Засгийн газарт, Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу “М” ХХК-д 2 тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газарт тус тус даалгаж,

-2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан “...Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай 170 дугаар тогтоол болон Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Төмөр замын чигийг тогтоох тухай 232 тогтоолын “М” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бусаар, хууль зөрчиж гарсны улмаас учирсан хохирол болох 3,873,049,698 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шийдвэрлэсэн хэсгийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газрын улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 170 дугаар тогтоол болон Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Төмөр замын чигийг тогтоох тухай” тогтоолын “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр тус тус хууль бус болох нь тогтоогдсон.

3.2. Дээрх хууль бус тогтоолуудын улмаас “М” ХХК-д бодит хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгчийн тусгай зөвшөрлийн төлбөр төлсөн баримтад үндэслэн хохирлын хэмжээг тооцох бүрэн боломжтой байхад шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг тооцож гаргах боломжгүй гэх үндэслэлээр захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 3,873,049,698 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.3. Нэхэмжлэгч захиргааны актуудыг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хамт уг актуудын улмаас учирсан хохирол болох 3,873,049,689 төгрөгийг гаргуулахыг даалгах шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хохирлын хэмжээний талаар маргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар шүүх хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхээр заасан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т “шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг дүгнээд шүүх нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг тооцож гаргах боломжгүй байна гэж үзлээ. Хэдийгээр шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хохирлын үнийн дүн дээр маргаантай, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаас хойш тусгай зөвшөөрлийн төлбөр болох 163,473,012 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн зэргээс үзвэл нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг шүүхээс шууд тооцох боломжгүй байх тул нэхэмжлэгчийг өөрт учирсан бодит хохирлоо нарийн судалж тооцсоны үндсэн дээр Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэв” гэж дүгнэсэн нь хууль бус захиргааны актын улмаас хохирол учирсан гэж үзсэн хэр нь хохирлын хэмжээг тогтоохоос татгалзаж дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна.

3.4. Иймд шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад нэхэмжлэгчид учирсан хохирлын хангасан байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон,

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай 170 дугаар тогтоолын “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болохыг тогтоолгох,

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай” 232 дугаар тогтоолын “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болохыг тогтоолгох,

-“М” ХХК-ийн эзэмшиж байсан ХҮ021700, ХҮ018243 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Улсын тусгай хамгаалалтад авсаны дагуу Ашигт малтмалын хуульд заасан нөхөн олговор олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 29.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасны дагуу тогтоогдсон эрсдэлийн хуримтлал бүхий талбайд “М” ХХК-ийн ХҮ021700, ХҮ018243 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд дүйцэх 2 ширхэг тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” шаардлагыг гаргасан.

4.2. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 170, 2019 оны 232 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж, мөн дээр нь эрсдэлийн талбайгаас өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай нийцэхүйц тусгай зөвшөөрөл шаардаж байгаа нь хоёр өөр агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн шийдвэрлэж хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

4.3. Шүүх шийдвэртээ “тусгай зөвшөөрлийн талбайтай нийцэхүйц талбай олгохыг Засгийн газарт, түүний шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохыг даалгах хууль зүйн үндэслэлтэй” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шүүх нэгэнт Засгийн газрын тогтоолын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон бол дахин тусгай зөвшөөрөл олгох шаардлагагүй байсан. Уг компани шүүхийн шийдвэрийн дагуу дахин 2 тусгай зөвшөөрөл нэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

4.4. Монгол Улсын Засгийн газрын 170 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж байгаа газар ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, эсхүл солиход гарах зардлын хэмжээ, нүүлгэн шилжүүлэх хугацааг тохиролцох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд, Барилга хот байгуулалтын сайд нарт даалгасугай” гэж заасны дагуу Барилга хот байгуулалтын яаманд байгуулсан хамтарсан ажлын хэсэгтэй тохиролцож, газар дахин авах болон нөхөн олговрын талаар тохиролцох боломжтой талаар хариуцагчийн зүгээс хүсэлт тавьсаар байхад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийхгүйгээр хэргийг шүүхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

4.5. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 170 дугаар тогтоолын 2 дахь заалтад нөхөн олговор олгох, гарах зардлын хэмжээ, нүүлгэн шилжүүлэх хугацааг тохирохыг холбогдох яамдын сайд нарт даалгасан нь тухайн тогтоолын үйлчлэлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажилласныг нотолсон байгааг шүүх анхааран үзээгүй байна.

4.6. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсон боловч уг шинжээчийн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шийдвэр гаргахдаа үндэслээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэхээр байна. Учир нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хариуцагч нар давхцалтай газрын хэмжээ дээр маргасан байдаг. Тиймээс хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлгийн явцад “шинжээчийн дүгнэлтийг дахин нарийвчлан гаргах” хүсэлт гаргасан байхад шүүгч “нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой” гэж үзсэн боловч шүүхийн шийдвэрт “...хэргийн оролцог нар нэхэмжлэгчийн давхцалтай газрын хэмжээн дээр маргаагүй болно” гэж зөрүүтэй дүгнэсэн байна.

4.7. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

5. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1. Засгийн газрын 170 дугаар тогтоолын үйлчлэлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн хувьд төрөөс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан зарчмыг баримтлан дээрх тогтоолд тусган нөхөх олговрын асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх гэж холбогдох судалгааг хийж санал дүгнэлт боловсруулах ажиллагаа хийгдэж байна.

5.2. Харин тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заасны дагуу нөхөх олговортой холбоотой асуудлаар Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 64 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт хандаагүй байж Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5.3. Иймд шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэгэнт захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг авч чадаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу тухайн тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцэх талбай олгох шийдвэр гаргахыг Монгол Улсын Засгийн газарт, Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т заасны дагуу “М” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын газарт даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн.

6.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

6.3. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тус компанийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн талбайг Улсын тусгай хэрэгцээнд авсаны дагуу Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор авах асуудлаа шийдвэрлүүлэхээр өргөдлөө Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлээгүй байхад шүүхээс захиргааны байгууллагын хууль бус эс үйдэхүйн улмаас нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг авч чадаагүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6.4. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус холбогдуулан, “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай” 232 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 170 дугаар тогтоолуудын “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болохыг тогтоолгох, “М” ХХК-ийн эзэмшиж байсан ХҮ021700, ХҮ018243 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Улсын тусгай хамгаалалтад авсаны дагуу Ашигт малтмалын хуульд заасан нөхөн олговор олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар тогтоогдсон эрсдэлийн хуримтлал бүхий талбайд “М” ХХК-ийн ХҮ021700, ХҮ018243 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд дүйцэх 2 ширхэг тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, нэхэмжлэгчид учирсан хохирол болох 3,873,049,698 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргахыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд хандан тогтоох болон үүрэг хүлээлгэх нэхэмжлэл гаргасан гэж үзэж дараахь байдлаар шийдвэрлэлээ. 

3. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай” 232 дугаар тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 170 дугаар тогтоолын нэхэмжлэгч “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

3.1. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай” 232 дугаар тогтоолоор “...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барих төмөр замын шугамын чигийг хавсралтаар...”, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 170 дугаар тогтоолоор “...Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд сумдын нутаг дэвсгэрийг дамнан баригдах Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 километр төмөр замын зурвас газар болох 5802 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг хавсралтаар...” тус тус баталж шийдвэрлэсэн байна.

3.2. Анхан шатны шүүхээс дээрх маргаан бүхий тогтоолуудыг хариуцагчаас гаргахдаа “...нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй, мэдэх, оролцох, сонсох” ажиллагааг хийгээгүй гэх үндэслэлээр “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгийг “хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

3.3. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13-д “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэж заасан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, эрх бүхий байгууллагын мэдэлд шилжүүлэх нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарч байна. Маргаан бүхий Засгийн газрын 232, 170 дугаар тогтоолын хавсралтаар Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах сумын нутагт байрлах “Шувуун уул” нэртэй ашигт малтмалын хайгуулын ХҮ-18243, ХҮ-021700 дугаар тусгай зөвшөөрлүүдийн талбай нь төмөр замын зурвас газартай давхцалтай болох нь тогтоогдсон байна.

3.4. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдлыг тодорхойлсон, 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж зааснаар хариуцагч Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах, Сайншанд сумдын нутаг дэвсгэрийг дамнан баригдах Тавантолгой-Зүүнбаяр чиглэлийн 416.2 километр төмөр замын зурвас газар болох 5802 га газрыг үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг хавсралтаар баталсан нь нийтийн эрх ашгийн хүрээнд гаргасан тул заавал сонсох ажиллагааг явуулах шаардлагагүй, хариуцагчаас “сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй” гэж үзэн хууль бусаар захиргааны актыг гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.

3.5. Учир нь хариуцагч Монгол Улсын Засгийн газраас Газрын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар нэхэмжлэгчийн эзэмшлийн Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах сумын нутагт байрлах “Шувуун уул” нэртэй ашигт малтмалын хайгуулын ХҮ-18243, ХҮ-021700 дугаар тусгай зөвшөөрлүүдэд холбогдох хэсгийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барих төмөр замын шугамын чигийг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай нэхэмжлэгч “М” ХХК-ийн эзэмшиж байгаа газар, ашигт малтмалын хайгуулын болон ашигтлалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, эсхүл солиход гарах зардлын хэмжээ, нүүлгэн шилжүүлэх хугацааг тохиролцох асуудлыг зохих сайд нарт даалгаж шийдвэрлэснийг буруутгахгүй, дээрх тогтоолуудыг хариуцагчаас нийтийн ашиг сонирхлын үүднээс нийцүүлэн гаргасан тул “мэдэгдэх, сонсох, оролцоог хангах” ажиллагааг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй байна.

3.6. Нэгэнт хууль бусаар, хууль зөрчиж гарсан үндэслэл тогтоогдохгүй байх тул мөн нэхэмжлэгчид учирсан хохирол болох 3,873,049,698 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргахыг даалгах шаардлагыг эрсдэлийн хуримтлал бүхий талбайд “М” ХХК-ийн ХҮ021700, ХҮ018243 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд дүйцэх 2 ширхэг тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шаардлагыг тус тус нэхэмжлэлийн шаардлага гэж тайлбарлах боломжгүй. Даалгах нэхэмжлэл нь “үүрэг хүлээлгэх” нэхэмжлэлийн төрөлд хамаарах бөгөөд үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах...” гэж тодорхойлсон байна. Хуулийн зохицуулалтыг бүхэлдээ даалгах нэхэмжлэлийн агуулгыг илэрхийлж байх бөгөөд захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох болон захиргааны акт гаргуулахыг даалгах гэдгийг салгаж ойлгохгүй тул “нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаас гаргахыг даалгах” шаардлагыг тусдаа гаргасан нэхэмжлэл гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

4. “М” ХХК-ийн эзэмшиж байсан ХҮ021700, ХҮ018243 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Улсын тусгай хамгаалалтад авсаны дагуу Ашигт малтмалын хуульд заасан нөхөн олговор олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар тогтоогдсон эрсдэлийн хуримтлал бүхий талбайд “М” ХХК-ийн ХҮ021700, ХҮ018243 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээнд дүйцэх 2 ширхэг тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах шаардлагын тухайд:

4.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/205 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 232 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүн баян баг хүртэл баригдах төмөр замын шугамын чигийг тогтоосон бөгөөд энэхүү төмөр замын шугамын чигээс хоёр тийш 1 км газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад тулгарч буй асуудлыг судалж, газар дээр нь ажиллах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайн давхцал, эдгээр асуудлыг холбогдох хууль, журмын дагуу судалж, шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ... байгуулж, үүнээс хойш тус газраас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1/2771 дугаар албан бичиг /Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд/, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” /Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст/, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Санал авах тухай” 1/927, 1/928 дугаар албан бичгээр тус тус санал хүргүүлж, үүний дараагаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Барилга, Хот байгуулалтын сайд руу хүргүүлсэн албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын даргад хүргүүлсэн 3/4713 дугаар албан бичиг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 01/1594 дүгээр албан бичиг, Барилга, Хот байгуулалтын сайдын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлын хэсэгт нэр ирүүлэх тухай” 1/524 дүгээр албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Ажлын хэсэгт нэр ирүүлэх тухай” 3/622 дугаар албан бичгүүд зэргээс үзвэл, нэхэмжлэгч “М” ХХК-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайг нөхөх олговортойгоор эргүүлэн авах, эсхүл солиход гарах зардлын хэмжээ, нүүлгэн шилжүүлэх хугацааг тохиролцох асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй бөгөөд тухайн шийдвэрлэх асуудлаар нэхэмжлэгчийн оролцоог хангасан нөхцөл тогтоогдохгүй байна.

4.1.1. Өөрөөр хэлбэл, дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн нөхөх олговрын асуудлыг бодитойгоор хэрэгжүүлж, шийдвэрлээгүй буюу нөхөх олговрын асуудлыг Засгийн газарт уламжлаагүй, маргаан бүхий 2019 оны 232 дугаар тогтоол, 2020 оны 170 дугаар тогтоолуудаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-018243 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай 447.27 га, ХҮ-021700 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай 188.42 га, талбайгаар тус тус давхцаж байгаа болон эдгээр тогтоол гарснаас хойш нэхэмжлэгчид нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

4.2. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газар дараахь газар хамаарна”, 16.1.13-д “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай” 232 дугаар тогтоол, 2020 оны “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 170 дугаар тогтоолуудаар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар “нөхөх олговрын асуудлаа” шийвэрлүүлэх эрхтэй. Нэхэмжлэгчээс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 20/36 дугаар албан бичгээр нөхөн олговор, эсхүл дүйцүүлэн газар олгох хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн байхад энэ асуудлаар нэхэмжлэгчид хариу өгөөгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан буюу “эс үйлдэхүй” гаргасан гэж үзнэ.

4.2.1. Анхан шатны шүүхээс “...тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээний зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нөхөх олговор олгох үүргийг биелүүлэхдээ зөвхөн мөнгөн хэлбэрээр биш, улсын төсвийн хөрөнгөөр хуримтлал тогтоогдсон талбайгаас “олгож болно” гэж сонгох боломжийг Засгийн газарт олгосон...” гэж зөв дүгнэлт хийсэн атлаа “... тухайн тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцэх талбай олгох шийдвэр гаргахыг ...Засгийн газарт, ... тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газар даалгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ...” гэсэн нь үндэслэлгүй байна.

4.2.2. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан “тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд авах” гэсэн нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалттай газрын зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан нөхцөлд хамаарахаар, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заасан нь тусгай зөвшөөрөл бүхий талбайг зохих журмаар тусгай хэрэгцээнд авсан бол нөхөх олговор олгохыг тухайн эрх бүхий этгээдэд үүрэг болгосон, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хамгаалсан зохицуулалт байна. 

4.3. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуульд заасан “хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн хуульд заасан эрх зөрчигдсөн байх энэ тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар нөхөх олговор олгох хүсэлтийг хүлээн авч судлан үзэж Монгол Улсын Засгийн газарт уламжлах байдлаар шийдвэрлэхээр байна.

4.3.1. Тодруулбал, хариуцагч нараас нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-018243, ХҮ-021700 тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг мөнгөн хэлбэрээр олгох, түүнийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул “нөхөх олговор”-ыг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

5. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 775 дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн, “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 18 дугаар зүйлийн 18.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “...Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 170, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Төмөр замын шугамын чигийг тогтоох тухай” 232 дугаар тогтоолуудын “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа хэсгээр тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох тухай...” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Монгол ураниум ресурс” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын /ХҮ-018243, ХҮ-021700/ дугаар тусгай зөвшөөрлүүдийн талбайг улсын тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН