Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

 

 

 

2020         05         07                                   2020/ШЦТ/370

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч А.А,

хохирогч Э.Аззаяа, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт А.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011004800170 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эх, ах, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоот 52 дугаар байрны 610а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт А.А /РД: УК96092734/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч А.А нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А: “Тухайн өдөр хамт бүжиглэдэг эгчийнхээ төрсөн өдөрт нь очоод хамт бүжиглэсэн. Би бие засах өрөө орох гээд явж байхад хохирогчийн найз нь нэлээн биерхүү залуу намайг хүчтэй мөрлөсөн. Тэгээд уучлаарай гэхээр нь би яваад өгсөн. Хохирогч миний талийгаач найзын маань дуулдаг дууг дуулахаар нь би гоё дуулдаг залуу вэ гэж хэлэхэд миний яаж дуулах чамд ямар хамаатай юм бацаан минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би уучлаарай гэж хэлээд яваад, буцаж ирээд би зүгээр гоё дуулдаг гэж хэлсэн гэхэд босоод ирсэн. Тэгээд би пивоны шилээр цохисон” гэв,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Аззаяа: “Би эрүүл мэндээр маш их хохирч байна. Би амьд хөгжмийн хамтлагтай дуучин хүн. Гэмтэлээс болж одоо дууны чимээ сонсож чадахгүй байгаа учраас ажлаасаа халагдчихсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх гэхээр орлогын эх үүсвэргүй болчихсон болохоор чадахгүй байна. Сонгдо эмнэлгийн эмч нар хэлэхдээ заавал хэвтэж эмчлүүлэх ёстой гэсэн. Учир нь тархины гэмтэл 5-6н жилийн дараа илэрдэг гэж хэлсэн. Нэхэмжилж байгаа зүйл маань баримтаар гаргаж өгсөнөөс гадна цаашдаа гарах эмчилгээний зардалд мөнгө болон одоог хүртэл надаас гарсан мөнгийг авмаар байна. Би нийтдээ 4.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би энэ хүнээс болж 3 сар ажилгүй байсан учир тэрийгээ нэхэмжилж байна” гэв.

 

Шүүгдэгч А.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "Maxipot" /Максипот/ нэртэй зоогийн газарт хохирогч Э.Аззаяатай үйл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь “Heineken” /Хайнекен/ гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн шар айрагны шилээр цохиж, бие махбодид нь зүүн хацар ясны нумны хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

-   шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны яллагдагчаар  өгсөн:  "...намайг муу бацаан минь яах гээд өдөөд байна гээд босоод ирэхээр нь би "Heineken" /Хайнекен/ нэртэй пивоны шилийг ширээн дээрээс аваад Аззаяагийн шанаан тус газарт нь нэг удаа цохиж гэмтээсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 44х/,

- хохирогч Э.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би найз Ууганбаяр ээжийнх нь ажлын газрын хүний төрсөн өдөрт нь дуулах гэж очсон... найз Ууганбаярын ээжийг бүжиглэж байхад намайг цохисон танихгүй залуу түлхсэн чинь найз Ууганбаяр ээж рүүгээ гүйхдээ тэр залуугийн мөрлөх маягтай хажуугаар нь гарсан. Нөгөө залуу найз Ууганбаярын араас муухай хараад зогсоод байхаар нь би очоод чи хөгшин настай хүнийг түлхээд унагачихлаа гэсэн чинь нөгөө танихгүй залуу уучлаарай ахаа гэж хэлчихээд яваад өгсөн. Мөн эргэж дахин ирээд түрүүний явдалд уучлаарай гэж хэлэхээр нь одоо ойлгосон бол цаашаа яв гэж хэлсэн чинь хажууд талын ширээн дээр байсан Heineken /Хайнекен/ 0.33 литрийн шилтэй пивоор миний зүүн хацрын шанаа орчим нэг удаа цохиж, зүүн хацрын нумны цөмөрсөн зөрөөтэй хугарал, тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай гэсэн гэмтэл учирсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

- гэрч А.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Азаа гэх залуу тухайн төрсөн өдөр дээр байсан бас танихгүй залуутай маргалдахаар нь бид нар дундуур нь орж салгасан. Тэгсэн удалгүй нөгөө залуу буцаж хүрч ирээд Азаатай дахин юм ярьж байсан бөгөөд "тас" гэх чимээ гарахаар нь хартал Азаатай маргалдсан залуу гартаа шил барьчихсан зогсож байсан...Азаа гэх залуугийн зүүн шанаа нь хонхойсон байсныг харсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,

- гэрч Б.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...тэр залуу Азбаяр руу харж байгаад "чи яагаад намайг ахын дүү гээд байгаа юм бэ" гэсэн. Тэгсэн Азбаяр сандал дээрээсээ босоод тэр залуугийн зогсож байсан байрных нь хажууд талд нь очиж зогсоод тэгсэн тэр 2 чихээ наагаад юм ярьсан. Азбаяр тэр залууг ахын дүү чи яах гээд байгаа юм бэ гэхэд тэр залуу дахиад уучлаарай гэж хэлээд тэгсэн ширээн дээрээс дүүрэн 0.33 пиво аваад Азбаярын зүүн талын хацар тус газар нь цохиод шил хагараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 16х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2319 дугаартай "...Э.Аззаяагийн биед зүүн хацрын нумны цөмөрсөн зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 25х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 398 дугаартай "...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2319 тоот дүгнэлт үндэслэлтэй байна... Э.Аззаяагийн биед зүүн хацар ясны нумны хугарал гэмтэл учирсан нь тогтоогдож байна...хамрын таславчийн мурийлт нь хуучин гэмтэл байна..." гэх дүгнэлт /хх-ийн 63-66х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч А.Аийн хохирогч Э.Аззаяатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт нь шар айрагны шилээр зохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Э.Аззаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжилсэн үнийн дүнгээс хавтас хэрэгт баримтаар авагдсан нийт 463.700 төгрөгийн хохиролыг шүүгдэгч А.Аээс гаргуулж, түүнд олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин хохирогч Э.Аззаяагийн бусад хохиролын нэхэмжлэлд холбогдох баримт нь хавтас хэрэгт авагдаагүй, шүүхэд ирүүлээгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, гарсан зардлыг нэхэмжилнэ гэж байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Аээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.     

 

Шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шудрага ёсны зарчимыг баримтлан үл ялих зүйлээр шалтаглан хүний нүүрэн тус газарт дотроо шар айрагтай шилээр цохиж буй нийтэд аюултай аргаар гэмт үйлдэл хийснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээ буюу 720 цагийн ялыг оногдуулж, түүний цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоож шүүх шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.33 литрийн “Heineken” /Хайнекен/ гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн шилийг шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Боржигон овогт А.А хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан А.Аийн цагдан хоригдсон нийт 7 /долоо/ хоногийг, нэг хоногийг нь нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 56 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд шүүхээс оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 664 /зурган зуун жаран дөрөв/ цагаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан А.Ад шүүхээс оногдуулсан 664 /зургаан зуун жаран дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.Аээс нийт 463.700 /дөрвөн зуун жаран гурав мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Аззаяа /РД:УП88120351/-д  олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус журамлан А.Аийг 1 /нэг/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар үүргийг хүлээлгэсүгэй.

 

6. Хохирогч Э.Аззаяа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0.33 литрийн “Heineken” /Хайнекен/ гэсэн бичиглэл бүхий ногоон өнгийн шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.  

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. А.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

 

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ