Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 380

 

 

 

 

 

 

 

 

 

2020           05          15                                   2020/ШЦТ/380 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Б.М,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Мэргэд овогт Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000439 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, “Эрдэм транс” ХХК-нд кузов засварчинаар ажилладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатарын дүүргийн 12 дугаар хороо, 11-457 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэх Мэргэд овогт Б.М, РД: УК92031610;

 

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кузов засварын газарт Г.Энхмөнхтэй маргаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохих, дэвсэх, газар унагаах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Г.Энхмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагт Гандангийн гэрлэн дохионы ертөнцийн зүгээр ард талд байрлах Кузов засварын төв ажиллуулдаг Гэрэлт-Од гэдэг найзтайгаа уулзахаар ажил дээр нь очсон. Намайг очиход Гэрэлт-Од, Мөнх- Эрдэнэ, Энхбаяр нар өчигдөр жоохон уусан, бие тааруухан байна, өглөө нэг пиво уусан гээд байж байсан. Бид нар мөнгөө нийлүүлээд 0,75 л 1 шил архи худалдаж авч уусан. Дахиад 0,75 л 1 шил архи Гэрэлт-Од худалдаж авсан. Архи уугаад сууж байтал Мөнх-Эрдэнэ "Та худлаа, пялдага гар, чамайг Туултай суугаагүй бол би суух байсан юм" гэсэн утгатай зүйл хэлээд над руу агсарсан. Над руу дайраад бид хоёр маргалдсан. Гэтэл Мөнх-Эрдэнэ босч ирээд надруу дайраад гараараа миний нүүр, толгой хэсэг рүү цохьсон. Гэрэлт-Од бид хоёрыг салгаад буцаад суугаад юм ярьж байтал Мөнх-Эрдэнэ дахин асаж, надруу дайрч, газар унагааж дээрээс дэвсэж цохьсон. Миний нүүр хавдаж. цус гарсан байхыг хараад Мөнх-Эрдэнэ надаас уулчлалт гуйгаад намайг гэрийн гадаа хүргэж өгөөд явсан. Гэрт ороход манай аав, ээж, ах намайг хараад хүнд зодуулсан байна гээд цагдаа дээр дагуулж ирсэн. Намайг газарт унагаад зодоод байсан болохоор энэ хоёр хүн зодоонд оролцсон эсэхийг сайн санахгүй байна. Мөнх-Эрдэнэ нь миний толгой, нүүр хэсэг рүү цохиж газарт унагааж, чирч дээрээс дэвссэн. Миний нүүрний зүүн талын хацар, хоёр нүд хавдаж хөхөрсөн, нурууны ар хэсэгт хүндүүрлэж өвдөж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10х/”

- гэрч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн найз Бямбахүүгээр машинаа будуулах гээд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо кузов засварын газарт өглөө нь очсон. Цагийг нь санахгүй байна. Тэгээд Гэрэлт-Од, Бямбахүү бид гурав 2.5 литрийн нэрийг нь мэдэхгүй байна, пивыг хувааж уучихаад хөзөр тоглож байсан. Тэгтэл өдөр Мөнх-Эрдэнэ ирээд нэмээд архи хувааж уугаад сууж байсан. Удалгүй Энхмөнх ах ирээд бид нар цуг архи уугаад сууж байсан. Тэгтэл Энхмөнх, Мөнх-Эрдэнэ нар муудалцаад байсан муудалцсан шалтгааныг нь мэдэхгүй байна. Нэг мэдэхэд зодолдоод байсан. Бямбахүү бид хоёр Энхмөнх, Мөнх-Эрдэнэ нарыг хэд хэдэн удаа салгасан ерөөсөө үгэнд орохгүй босч ирээд зодолдоод байсан. Энэ өдөр бүгд нилээн согтуу байсан. Нэг санахад Энхмөнх алх билүү сүх билүү нэг зүйл бариад Мөнх-Эрдэнэ рүү очих гээд байхаар нь би очиж салгасан. Ер нь бол Энхмөнх ахыг Мөнх-Эрдэнэ бол цохиж унагаад өшиглөсөн. Хэд хэдэн удаа зодолдоод Бямбахүү бид хоёр салгасан. Бусдыг бол санахгүй байна. Ямар ч байсан тэр өдөр найз Батцэнгэл машинтайгаа ирээд Энхмөнх ахыг гэрийнх нь гадаа буулгахдаа эвлэрээд уучлал гуйгаад оруулах гэтэл би гэртээ орохгүй гэж хэлж байсан. Тухайн өдөр бид нар 2.5 литрийн пиво, сүүлдээ Экс нэртэй 0.75 архи нилээн хэдийг ууж байсан. Энхмөнх ах, Мөнх-Эрдэнэ хоёрыг зодолдож байх үед би Бямбахүү, Гэрэлт-Од бид гурав л байсан. Мөнх-Эрдэнэ, Энхмөнх ах хоёрыг юунаас маргалдсан талаар мэдэхгүй байна. Мөнх-Эрдэнэ л Энхмөнх ахыг цохиж, зодож гэмтээсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 13х/,

- гэрч Б.Бямбахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кузов засвар дээр Энхбаяр, Мөнх-Эрдэнэ, Гэрэлт-Од бид нар ажиллаж байсан. Гаднаас Энхмөнх ах ирээд юм ярьж сууж байгаад Энхмөнх ах нэг Сэнгүр нэртэй 2.5 литрийн пиво аваад бид нар хувааж уусан. Тэгтэл хэн авсаныг мэдэхгүй байна дахин нэг пиво уусан. Тэгээд би өмнөх өдөр нь нойр муутай байсан болохоор машиндаа ороод хэсэг унтаж байсан чинь найз Энхбаяр намайг сэрээгээд нэг хундага архи өгөөд намайг сэрээсэн. Тэгээд бид нар дахин нэг шил архи хувааж уугаад тэгээд буцаад унтсан. Тэгээд сэрээд кузов дотор ортол Мөнх-Эрдэнэ, Энхмөнх ахтай муудалцаад хэрэлдээд байсан. Тэгээд Энхмөнх ах "чи их том болжээ, яадаг болчихсон юм" гээд хэрэлдээд хоорондоо муудалцсан. Тэгээд нэг мэдэхэд Мөнх-Эрдэнэ нь Энхмөнхийн нүүрэн тус газарт цохиод авахаар нь Энхбаяр бид хоёр салгаад суулгасан. Тэгтэл Энхмөнх ах босч яваад нэг зүйл хайж байснаа буланд байсан улаан өнгийн тайл /машины сэв гаргадаг багаж/ аваад Мөнх-Эрдэнэ рүү далайгаад байхаар нь Энхбаяр салгасан дахин суулгасан. Тэгтэл Энхмөнх, Мөнх-Эрдэнэ нар 2 талаасаа босч ирээд Мөнх-Эрдэнэ, Энхмөнхийг жийж унагахаар нь дахин бид салгатал Энхмөнх газарт унасан энэ үед Мөнх-Эрдэнэ тойрч ирээд Энхмөнх ахын нүүр хэсэгт нэг удаа хөлөөрөө дэвссэн. Тэгээд Энхбаяр бид хоёр энэ хоёрын учрыг олуулаад дотор бүгдээрээ юм ярьж сууж байгаад 20 цаг өнгөргөөд кузов засвараас гарсан. Засварын гадна байсан цагаан өнгөтэй Гэрэлт-Од ахын машинд суугаад явах гэж байхад Энхмөнх, Мөнх-Эрдэнэ хоёр бие засахаар үлдээд машин руу очихдоо хоёулаа сугадалцаад очсон. Тэгтэл машины хажууд гадаа зогсож байгаад Энхмөнх, Мөнх-Эрдэнэ хоёр дахин муудалцаад Мөнх-Эрдэнэ Энхмөнх ахын нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиод гадаа байсан Энхбаярын машины хажу, -унагасан. Тэгээд тэнд хэдэн удаа хашаа нь цохисоныг хараагүй. Тэгээд удалгүй очиж Гэрэлт-Од ах, Энхбаяр нар Энхмөнх, Мөнх-Эрдэнэ нарыг салгасан. Тэгэад бид нар машинтай Энхмөнх ахыг хүргэж өгөхдөө Мөнх- Эрдэнэ уучлалт гуйгаад энэ хоёр бие биендээ туниад байсан. Энхмөнх ахыг хүргэж өгөөд бид нар гэр гэрлүүгээ явсан”...гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4582 дугаартай “...Г.Энхмөнхийн биед тархи доргилт, зүүн завьжны дотор салстад шарх, баруун нүдний алим, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн өвдөгт цус хуралт, дух, баруун чих, хүзүү, эрүү, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 17-18х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өөрийнх нь  санал, түүний орлого олох боломж зэргийг шүүх харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосон хэдий ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор төлж барагдуулахыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг бичигдсэн байх тул тус хэрэгт үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Мэргэд овогт Б.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.М торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ