| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0376/Э |
| Дугаар | 388 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 388
2020 5 20 2020/ШЦТ/388
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Батбямба,
шүүгдэгч Ч.Б, Ч.Ц,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Зуун богдынхан овогт Ч.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Баавгай овогт Ч.Ц тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011007640460 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, уурхайн өрөмдөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Аста хотхон 19-1 тоотод түр оршин суух хаягтай,
урьд Хэнтийн аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 534 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хорих ялд 1 жилийн хорих ялыг багтааж нийт 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба 1999 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 5 cap, 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн ба 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн ба 2011 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын үйл ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч үлдсэн 3 жил, 1 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож шийтгэгдсэн ба 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх, Зуун богдынхан овогт Ч.Б
Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1957 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 63 настай, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механик мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, зээ охины хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15-299 тоотод оршин суудаг, урьд Барилгын цэргийн шүүхийн 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 185 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял, 200 дугаар зүйлийн А дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан хөнгөн ялыг хүнд ял болох 5 жилийн хорих ялд багтааж шийтгэсэн ба 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдөр суллагдсан,
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын шүүхийн 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт зааснаар нутаг зааж суулгах буюу хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 5 жилийн хорих ял, 153 дугаар зүйлийн Б дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 157 дугаар зүйлийн А дахь хэсэгт зааснаар 6 cap тус тус хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийг журамлан хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялд багтааж, 5 жилийн хорих ялаар шийтгэсэн ба 1990 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1 жил, 6 cap, 20 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх Баавгай овогт Ч.Ц
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ч.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
яллагдагч Ч.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын 41-639а тоотод хүүхэд зандарлаа гэх шатгаанаар хадам аав Я.Баасанжавтайгаа маргалдах явцад хохирогч Ч.Ц нь ахмад настай хүнтэй хэрэлдлээ гэх шалтгаанаар маргалдаж, улмаар Ч.Цгийн нүүр, толгой руу гараараа, мөн хагалсан хэрчим модоор цохиж. эрүүл мэндэд нь "зүүн гарын шууны богтос ясны далд хугарал, дух, баруун, зүүн нүдний зовхи, баруун чих, баруун шанаа, эрүү, зүүн мөр, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, зулгаралт, шарх зөөлөн эдийн няцрал" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ч.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын 41-639а тоотод өөрийнхөө хадам аав Я.Баасанжавтай хэрэлдсэн гэх шалтгаанаар хохирогч Ч.Бтай маргалдаж, улмаар гараараа цохиж эрүүл мэндэд нь цээж, зүүн бугалга, шуу, хэвлийд цус хуралт, баруун дал, баруун мөр, зүүн даланд зулгаралт, зүүн дал, зулайн хуйх, баруун гуя, баруун бугалганд цус хуралт, зүүн нүдний зовхинд зулгаралт, тархи доргилт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь :
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Цы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Баасанжав зээ охиноо жаахан загнасан би ч бас хажуугаас нь дуугүй унт гэж хэлсэн чинь Баатархуяг хүүхдээ өмөөрч, уурлаад намайг хойморын орон дээр сууж байтал над руу хүрч ирээд намайг заамдаад авахаар нь би ч гэсэн зөрүүлээд түүнийг заамдаж авсан. Тэгээд бид хоёр ноцолдож байтал Баатархуяг намайг нүүр рүү гараараа 1-2 удаа цохиж, зууралдаж явсаар гэрийн голд байрласан, гал түлсэн байсан зууханд тээгэлдэж хоёулаа хамт уг зуухан дээгүүр давж гэрийн хаалга зүг рүү давхралдаж унасан. Унахдаа Баатархуяг миний дээр унасан бөгөөд намайг хэвтэж байхад дээрээс гараараа нүүр, толгой руу гараараа цохиод байсан чинь цаанаас нь Баасанжав жижиг модон сандлаар Баатархуягийн толгой руу нэг удаа цохисон. Гэтэл Баатархуяг бүүр их уурлаж хажуу талд байсан түлээний савнаас хагалсан жижиг түлээний хэрчим мод аваад миний нүүр, толгой руу олон удаа цохиод байсан тул би ухаан алдсан. Нэг сэрсэн чинь Баасанжав л байж байсан. Баатархуяг эхнэр хүүхдийн хамт явчихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,
...тухайн үед Баасанжав, Баатархуяг бид хоёрыг салгах гээд орилоод байсан боловч хөл муутай болохоороо ойртож чадахгүй байсан. Баатархуяг болон намайг цохиж зодсон зүйл болоогүй. Харин бид хоёрыг ноцолдоод байхаар уурлаж сандал аваад зангаад байсан боловч хэн нэгнийг маань цохиогүй юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,
- гэрч Я.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би өөрийн зээгээ тоглоомоор "чамайг нармайг чинь цөм цохино" гэж хэлсэн чинь Баатархуяг уурлаж хүүхдийг нь доромжиллоо гээд маргалдаж эхэлсэн чинь хажуугаас Цолмон намайг өмөөрч "Чи хөгшин хүнийг доромжиллоо гээд Баатархуяг, Цолмон нар маргалдаж байгаад Баатархуяг нь Цолмонг шалан дээр унагааж байгаад хөлөөрөө нүүр болон бие рүү нь цохиж, галын түлээний хайрцагнаас хагалсан түлээ аваад цохиж, зодоод байсан. Би салгах гэхээр өөрөө хөл хөдөлдөггүй, тэгээд ч Баатархуягийг агсан гэдгийг мэддэг болохоороо айгаад хөдөлж чадаагүй. Цолмонгийн толгой нүүрнээс цус гараад байсан бөгөөд Цолмон хэлэхдээ миний гар өвдөөд байна гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,
- гэрч Б.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Цолмон, Баатархуяг нар ноцолдож байх үедээ хоёр биенээ гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд л зодолдоод байсан. Яг хаана, хаана хэрхэн хэдэн удаа цохиж өшиглөхийг нь сайн харах боломж байгаагүй. Мөн хамтдаа халуун зуухан дээгүүр 2 ч удаа хамтдаа тэгнэж унасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 3623 тоот "...Ч.Цгийн биед зүүн гарын шууны богтос ясны далд хугарал, дух, баруун, зүүн нүдний зовхи, баруун чих, баруун шанаа, эрүү, зүүн мөр, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, зулгаралт, шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн болон хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45х/
- шүүгдэгч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Хойт орон дээр хэвтэж байтал Цолмон ах босож ирээд хадамыг өмөөрч миний шанаа руу нэг удаа гараараа цохисон. Цолмон бид хоёр бие биенээ гараараа цохиж, ноцолдож явсаар гэрийн баруун урд талд байх шкаф орчим хамт шанаа дээр унахдаа би доор нь ороод унасан Хамтдаа босож ирээд дахин барьцаж бие биенээ цохиж, ноцолдож байгаад хамтдаа гэрийн голд байсан зуухыг урдаас нь хойшоо чиглэлд хамтдаа давхралдаж, давж унахдаа би Цолмонгийн дээр нь дарж унасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 55-56х/,
- хохирогч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай хадам аав гэнэт манай охин руу муухай орилж "унт пиздаа" гэхээр нь би жаахан хүүхэд хараалаа гээд маргалдаж муудалцаад хэрэлдээд байж байтал хойд орон дээр хэвтэж байсан Цолмон ах босож ирээд миний шанаа руу нэг гараараа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаад авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
- гэрч Б.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Цолмон, Баатархуяг нар ноцолдож байх үедээ хоёр биенээ гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд л зодолдоод байсан. Яг хаана, хаана хэрхэн хэдэн удаа цохиж өшиглөхийг нь сайн харах боломж байгаагүй. Мөн хамтдаа халуун зуух дээгүүр 2 ч удаа тэгнэж унасан... Цолмон ах "чи яахаараа аавтайгаа хэрэлдээд байдаг юм бэ?" гээд босож ирээд манай нөхрийн шанаа руу гараараа нэг удаа цохиод авсан чинь манай нөхөр уурлаж түүнтэй барьцалдаж аваад бие биенээ цохиж, зодоод ноцолдоод байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3629 тоот "...Ч.Бийн биед цээж, зүүн бугалга, шуу, хэвлийд цус хуралт, баруун дал, баруун мөр, зүүн даланд зулгаралт, зүүн дал, зулайн хуйх, баруун гуя, баруун бугалганд цус хуралт, зүүн нүдний зовхинд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38х/;
- шүүгдэгч Ч.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Миний үйлдсэн хэрэг тодорхой болохоор өмгөөлөгч авахгүй. Оройхон унтах гээд Баасанжав зээ охиноо жаахан загнасан чинь Баатархуяг хүүхдээ өмөөрөөд Баасанжавтай маргалдахаар нь би Баасанжавыг өмөөрөөд Баатархуягтай маргалдаж, бид хоёр бие биенээ гараараа цохилцсон. Би ч гэсэн зөрүүлээд нүүр толгой орчим нь гараараа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 58-59х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ч.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ч.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Ч.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тус тус прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул тэдгээрт прокурорын саналын хүрээнд тус бүрд тохирох ял шийтгэлийг оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Цд шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр шүүх тогтоосон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь 90 хоногт уг торгох ялыг бүрэн төлж барагдуулах болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зуун богдынхан овогт Ч.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Баавгай овогт Ч.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Ч.Цг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Ч.Бт шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт таваас /5/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Цг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Б, Ч.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ