Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 403

 

Б.Энхзулын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01586 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Энхзул,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Орон сууцны албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Б.Энхзулаас 149 021 766 төгрөг гаргуулж, “Пүре финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр үнийн санал авахад 300 000 000 төгрөгийн үнийн санал өгсөн байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээч томилж “Мөнх-Оргил трейд” ХХК-иас 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний тайлангаар Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай 3 өрөө орон сууцыг 88 000 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 3/26455 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдлээр мэдсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээ хийх ажиллагаанд Б.Энхзулыг оролцуулахгүй, мэдэгдэлгүйгээр хийсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээ тогтоосныг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Мэдэгдэлд дурдсан үнэлгээ нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоот байрлах 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Иймд уг орон сууцыг 88 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунзаяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Б.Энхзулаас 149 021 766 төгрөгийг гаргуулж “Пүре финанс” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Энхзулын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 51 байрны 84 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 171/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 171/03 дугаартай тогтоолоор хураан авсан.

Төлбөр төлөгч Б.Энхзул, өмчлөгч Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нараас 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг авахад 300 000 000 төгрөгийн үнийн санал өгсөн ба төлбөр авагч “Пүре финанс” ББСБ-ын зүгээс үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан. Иймд орон сууцанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход уг орон сууц нь 88 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Төлбөр төлөгч Б.Энхзул, өмчлөгч Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 3/25469 дугаартай мэдэгдлийг хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлсөн. Иймд төлбөр төлөгч, өмчлөгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдол гаргах хугацаа дуусгавар болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч Б.Энхзулын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Энхзулын гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 3390 дугаар захирамжийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү 3\26455 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдэлд дурдсан үнэлгээ нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар тус үнэлгээ хийх ажиллагааг надад буюу өмчлөгч нарт мэдэгдээгүй байхад, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг шүүх үнэлэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоот байрлах 3 өрөө орон сууцыг 88 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Энхзул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан орон сууцны албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, тайлбар, татгалзалдаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, энэ асуудлаар гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Б.Энхзулаас 149 021 766 төгрөг гаргуулж, “Пүре финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж, /хх 5-7/ уг шийдвэрт тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 13717 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж”, /хх 26/ 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1592 дугаар “Шүүхийн гүйцэтгэх хуудас” бичигдсэнийг үндэслэн /хх 33/ хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол” гаргаж, /хх 27/ Б.Энхзулаас 149 021 766 төгрөгийн төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар эхлүүлжээ.

Хариуцагчаас Б.Энхзулын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 51 байрны 84 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 171/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 171/03 дугаартай тогтоолоор хураан авснаа Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар талуудад мэдэгдсэн, нэхэмжлэгч уг ажиллагааны талаар маргаагүй. /хх 36-40/

Харин анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн саналыг төлбөр төлөгч буюу орон сууцны өмчлөгч Б.Энхзул, Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нар 300 000 000 төгрөгөөр гаргасан,  /хх 41-43/ үүрэг гүйцэтгүүлэгч “Пүре финанс ББСБ” ХХК-иас төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг эс зөвшөөрч, шинжээч томилон үнийг тогтоолгож өгөхийг хүссэн /хх 44/  үйл баримт зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон ба үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шинжээчээр үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасанд нийцсэн байна.

 “Пүре финанс ББСБ” ХХК-ийн хүсэлтийн дагуу хариуцагч байгууллага нь хөрөнгийн үнэлгээчнээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилон, /хх 53/ үнэлгээ хийлгэхэд уг орон сууцыг 88 000 000 төгрөгөөр үнийг тодорхойлж, үнэлгээний тайланг /хх 54-60/ ирүүлснийг төлбөр төлөгч нарт 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн баримт хэрэгт авагджээ. /хх 45-46/

Иймд нэхэмжлэгч Б.Энхзул нь үнэлгээний талаарх  мэдэгдлийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр  хүлээн авснаас хойш шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр /хх 1/ гомдол гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан”  гэж үзэхгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлээр  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ