Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

 

  Х.Бт холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Н.Булганчимэг,

            шүүгдэгч Х.Батсуурийн өмгөөлөгч Г.Баярмаа,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Батсуурийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201625030585 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Боржигон овгийн Хуягийн Х.Б, Улаанбаатар хотод 1994 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9; эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хорооллын 61-19 тоотод оршин суух албан ёсны хаягтай, хэрэгт холбогдох үедээ Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7-781 тоотод оршин сууж байсан,

2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан. /регистрийн дугаар: УД94112117/;

Х.Б нь 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 3-15 тоотод байрлах Д.Бийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Коnка” загварын 32 инчийн зурагт хулгайлж 240,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7-736 тоотод байрлах М.Дгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Daewoo” загварын 32 инчийн зурагт хулгайлж 192,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар
хороо, Хилчний 8 дугаар гудамжны 26 тоотод байрлах Б.Бын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Конка” загварын 41 инчийн “ЛСД” зурагт хулгайлж 280,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжны 781 тоотод байрлах Д.Оийн монгол гэрийн тооноор нэвтрэн орж, “Монел” загварын 32 инчийн зурагт хулгайлж, 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 6-715 тоотод байрлах М.Оийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Тошиба” загварын 42 инчийн зурагт хулгайлж 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-689 тоотод байрлах Б.Бийн өвлийн сууцны хаалгыг эвдэн орж, мужааны багаж, электрон бараа зэрэг эд зүйл хулгайлж 860,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7-350 тоотод байрлах Ц.Бийн өвлийн сууцны вакум цонхоор орж, 5 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер, архи, тамхи зэрэг эд зүйл хулгайлж 1,517,300 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27-95 тоотод байрлах М.Дгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Тошиба” загварын 32 инчийн зурагт хулгайлж 220,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 27-93 тоотод байрлах Г.Огийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Аpple” загварын зөөврийн компьютер хулгайлж, З.Адъяатөмөрт 220,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 26-93 тоотод байрлах Д.Оийн өвлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж, “Samsung” загварын 42 инчийн лед зурагт хулгайлж, 500,000 төгрөгийн хохирол урчуулсан,

2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14-565 тоотод байрлах Э.Нын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Асеr” загварын зөөврийн компьютер, 42 инчийн “Hyundai” загварын зурагт зэргийг хулгайлж 385,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7-371 тоотод байрлах Л.Оийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, манан хөөрөг, 32 инчийн ЛСД зурагт, мөнгөлөг өнгийн түмпэн, ширэн бүс, үнэртэй ус, будаа агшаагч, тоос сорогч, гар утас, утас цэнэглэгч зэрэг эд зүйл хулгайлж 421,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4-28 тоотод байрлах Л.Бийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч “ТСЛ” загварын 42 инчийн зурагт, 14 инчийн зөөврийн комьютер хулгайлж 790,000 төгрөгийн хохирол урчуулсан,

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо,
Их Дарь-Эхийн 3-52 тоотод байрлах А.Аийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Haеr” загварын зурагт хулгайлж 400,000 төгрөгийн хохирол урчуулсан,

2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо,
Дунд Дарь-Эхийн 47-2326 тоотод байрлах П.Оюундалайгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “ТСЛ” брэндийн 32 инчийн зурагт хулгайлж 190,000 төгрөгийн хохирол урчуулсан,

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны
нутаг дэвсгэрт байрлах “Элит” авто угаалгын газрын цонхыг хагалан орж, 4 ширхэг
ус буудагч насос, бичлэг хадгалдаг хар хайрцаг зэрэг эд зүйл хулгайлж 1,250,000
төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо,
Нуурын 12-188 тоотод байрлах П.Долгормаагийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн “Smart” загварын зурагт, пүүз хулгайлж 158,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, нийт 17 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгөд 8,423,300 төгрөгийн хохирол урчуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Х.Батсуурийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Батсуурийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 266 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Батсууриас нийт 5,888,300 төгрөг гаргуулан, хохирогч Д.Бт 240,000 төгрөг, Д.От 450,000 төгрөг, М.От 350,000 төгрөг, Б.Бд 860,000 төгрөг, Ц.Бэд 767,300 төгрөг, М.Дд 220,000 төгрөг, З.Адъяатөмөрт 220,000 төгрөг, Л.От 386,000 төгрөг, П.Оюундалайд 190,000 төгрөг, О.Болдбаатарт 1,250,000 төгрөг, Б.Долгормаад 30,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Ганхуягт 115,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Амаржаргалд 120,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Л.Дэлгэрдалайд 50,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Очгэрэлд 180,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийсайханд 120,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Гантулгад 90,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Булгансайханд 250,000 төгрөг тус тус олгуулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “СД”-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би өмнө нь алдаж байсан боловч уг гэмт хэрэгт холбогдсоноос хойш хувийн байдалдаа дүгнэлт хийж, эхнэр, хүүхэдтэй болж эцэг хүний ёсоор гэр бүлийнхээ төлөө гэсэн чин сэтгэлээр амьдарч ажиллаж яваа билээ. Мөн ар гэрийн байдал тун хүнд, түрээсийн хашаанд амьдардаг. Хоёр настай охин, эхнэр, эх болон эмэгтэй дөрвөн дүүгийн хамт амьдардаг ба гэр бүлийг минь надаас өөр харж хандах хүн байхгүй. Миний бие нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлгээ тогтвортой мөрдөн байцаалтаас шүүхийн шат хүртэл хүндрэл учруулалгүй өгч байсан. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа ба бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулж байгаа билээ.

Иймд залуу нас, ирээдүй амьдрал, үр хүүхдийн минь ирээдүй сайн сайхны төлөө шүүх энэрэнгүй хандаж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.  

 

            Шүүгдэгч Х.Батсуурийн өмгөөлөгч Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.Батсуурийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. 2015 оны Эрүүгийн хууль батлагдсанаас хойш хэд хэдэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Тэгэхээр үйлдэл тус бүрээр дүүрэг болгон дээр ял шийтгэл оногдуулж байгаа нь Х.Батсуурийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа.” гэв.

 

            Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Х.Бт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсний дараа прокурорын байгууллагуудаас дахин өөр хэргүүд байгаа талаар мэдэгдсэн. Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн учраас шүүх хуралдаан хийж шийтгэх тогтоол гаргасан. Сүүлд шүүгч Ё.Цогтзандан Х.Батсуурийн 5 удаагийн үйлдлийг шийдвэрлээд шийтгэх тогтоолд нэмсэн. Энэ хэрэгт давж заалдах гомдол гарсан эсэх талаар асуухад тухайн үед шүүгчийн туслахаас гомдол гаргаагүй байна гэж хэлээд шүүх хуралдааныг үргэлжлүүлээд ял нэмж оногдуулсан байсан. Х.Батсуурийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар үйлдэл тус бүрт нь ял оногдуулахаар заасан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

                 ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх, Х.Бт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Батсуурийн өмгөөлөгч Г.Баярмаа, прокурор Н.Булганчимэг нар “Х.Бт холбогдох бусад хэргүүд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Үүнээс зарим нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн” талаар тайлбар гаргасан байна.

 

Гуравдугаар хавтаст хэргийн 170 дугаар хуудаст авагдсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 369 тоот дүгнэлтэд “... Хуяг овогтой Батсуурийн гарын хээний дардас 2013.01.28 өдөр СБД-ийн 10-р хороо, Бүрд худалдааны төв дотор байрлах Билгүүн тулга авто сургуульд хулгай орсон гэх хэргийн газрын үзлэгийн 2013-9012-СБД гэсэн бүртгэлийн дугаартай 1 ширхэг гарын мөртэй тохирч хэргийн санд бүртгэгдсэн...” гэснээс үзэхэд Х.Бт өөр үйлдсэн гэмт хэрэг байгаа тухай өмгөөлөгч, прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдов.

 

Х.Батсуурийн холбогдсон хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд ялуудыг нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

 

Учир нь, гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгээр зохицуулж байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Х.Бт оногдуулах ялуудыг нэгтгэхэд энэхүү журмыг хэрэглэх үндэслэлгүй болсон.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулалгүй орхигдуулжээ.

 

Энэ тохиолдолд тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлж, хэд хэдэн шийтгэх тогтоол гаргасан нөхцөлд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй болно.

 

   Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлээр Х.Бт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Х.Батсуурийн “хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Бт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол Х.Бт урьд авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН