Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 398

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “МӨ” ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э, Б.О нар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Э, Б.О нарын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар актын тогтоох хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, хариуцагч Т.Э, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э, Б.О нар нь “МӨ” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, ******* дугаар актаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 23.211.325,4 төгрөгийн нөхөн татвар, 6.963.397,6 төгрөгийн торгууль, 11.605.662,7 төгрөгийн алданги, нийт 41.780.385,7 төгрөгийн актыг ногдуулсан.

Дээрх  шийдвэрийг “МӨ” ХХК нь  эс зөвшөөрч татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөл нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар тогтоолоор татвар төлөх ёстой бус субъект дээр тавигдсан үндэслэлгүй актыг хэвээр үлдээн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл хувьцаа шилжүүлэх ажиллагаанд оролцоогүй, түүнээс ямар нэг орлого олоогүй “МӨ” ХХК-д акт тавих биш, хувьцааг шилжүүлсэн иргэн Ш.Э, эсхүл хувьцааг шилжүүлэн авсан Сингапур улсын компанид акт тавих ёстой. 

“МӨ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Э нь хөрөнгө оруулалт татахын тулд өөрийн эзэмшлийн 30 хувийн хувьцааг гэрээ, хэлцэл хийж Сингапур улсын компани болох “ПГГРМ” ХХК-д шилжүүлэн өгч, “ПГГРМ” ХХ-ийн Сингапур дахь толгой компанийнх нь 30 хувийн хувьцааг авсан. Энэ үйл ажиллагаанд “МӨ” ХХК оролцоогүй, борлуулалт хийгдээгүй, дундаас нь ямар нэгэн орлого олоогүй.

Гэтэл Баянгол дүүргийн татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан татвар ногдох орлого, орлогоос бусад зүйл, үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг буруу тооцон компанийн хувьцаа шилжүүлэх замаар тус компанийн 5 ширхэг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “ПГГРМ” ХХК-д шилжүүлсэн буюу тусгай зөвшөөрөл худалдсан мэтээр үндэслэлгүй, өрөөсгөл дүгнэлт хийсний улмаас тухайн худалдах, худалдан авах харилцаанд ямар ч оролцоогүй байгаа хуулийн этгээдэд акт тавьсан нь буруу, хариуцагч нар нь ч гэсэн “бид үнэлэх боломжгүй учраас хайгуулын зардлаар тооцсон” гэж байгаа нь хувьцаа борлуулсан, орлого олсон гэдгийг тогтоож чадаагүй, таамгаар акт тавьсан гэдгийг харуулж байна.

Хувьцааг хувьцаагаар сольж байгаа үйлдлийг эрх борлуулсан гэж тооцогдох эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл лиценз нь эзэмшиж байсан компанидаа хэвээрээ байгаа учраас шууд эрх борлуулсан гэж үзэх боломжгүй. Түүнчлэн компанийн хувьцааг шилжүүлэх нь эрх борлуулсанд тооцогдоно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

Бодит байдал дээр “МӨ” ХХК нь 5 ширхэг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өөр хуулийн этгээдэд шилжүүлээгүй, өөр дээр нь байгаа. Иймээс хайгуулын тусгай зөвшөөрлөө өөр хуулийн этгээдэд шилжүүлсэн, эрх  борлуулсан  гэх  үндэслэлээр  “МӨ” ХХК-д  татвар  ногдуулсан нь үндэслэлгүй.  

Нөгөөтээгүүр хувьцаа эзэмшигч болон компани нь тусдаа бөгөөд Компанийн тухай хуульд зааснаар компанийн хариуцлагыг хувьцаа эзэмшигч хүлээхгүй, хувьцаа эзэмшигчийн хариуцлагыг компани хүлээхгүй. 

Мөн хувьцаа шилжүүлэх гэрээ хэлцэл “МӨ” ХХК-тай хийгдээгүй. Хариуцагч нар нь “Бид “МӨ” ХХК-д шалгалтаар орсон учир “МӨ” ХХК-д акт тавьсан, ... суутгагчийн үүргээ хэрэгжүүлээгүй” гэж байгаа боловч “МӨ” ХХК-д шалгалт орсон бол заавал “МӨ” ХХК-д акт тавих ёстой гэсэн хуулийн заалт байхгүй. Мөн “МӨ” ХХК нь бусдад орлого шилжүүлээгүй учраас суутгагчийн үүрэг гүйцэтгэх ёсгүй.

Нэг компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд хийгдсэн хувьцаа шилжүүлэх гэрээтэй холбоотой “МӨ” ХХК-д эрх борлуулсны орлого хэмээн татвар ногдуулсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар хувьцаа эзэмшигч нарын хувьцаагаа шилжүүлсний төлөө “МӨ” ХХК нь ямар нэг суутгал хийх, татвар төлөх үүрэг хүлээхгүй.

Хэрэв татварын улсын байцаагч нар хувьцаа шилжүүлсэн үйлдэл нь татвар ногдох орлого гэж үзэж байгаа бол өөрийн эзэмшлийн 30 хувийн хувьцаагаа “ПГГРМ” ХХК-д шилжүүлсэн Ш.Э-т татварын асуудлыг хандан тавьж, татварыг төлүүлэх ёстой. Харин дээрх хувьцаа шилжүүлсэн үйлдэлд оролцоогүй, нэг ч төгрөгийн орлого олоогүй “МӨ” ХХК-г эрх борлуулсан мэтээр дүгнэж, нийт 41.780.385,7 төгрөгийн акт тавьж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 

Ашиг, орлого олсон гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байхад ирээдүйд бий болох зүйлийг төсөөлж акт тавьсан тул Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э, Б.О нарын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар актын тогтоох хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.

“МӨ” ХХК актын нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсэгтэй маргаагүй” гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Э, Б.О нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, хяналт шалгалтын ажлын 26/1******* тоот томилолтын дагуу 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны хооронд хувьцаа эзэмшигч бус “МӨ” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, холбогдох санхүүгийн бүх анхан шатны баримтыг үндэслэн “МӨ” ХХК-д акт тавьсан.

“МӨ” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2009 оны 04 дүгээр сарын 01-нд бүртгүүлж, 16495 тоот нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ авсан. 

2010 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар ХҮ-0*******0, ХҮ-0*******1, ХҮ-0*******2, ХҮ-0*******3, ХҮ-0*******6 дугаар бүхий 5 лиценз эзэмшигч “МӨ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Ш.Э байсан бөгөөд 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ш.Э нь компанийн 70 хувийг Г.Батбаатарт шилжүүлсэн. 

“МӨ” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч Г.Батбаатар нь 2010 оны 11 дүгээр сард Сингапур улсын хөрөнгө оруулалттай “ПГГРМ” ХХК-д өөрийн 70 хувийн хувьцаагаа шилжүүлсэн байдаг. Энэ нь бид хоёр ажил хүлээж авахаас өмнөх асуудал учир бид авч хэлэлцээгүй. Үлдэх 30 хувийн хувьцааг шилжүүлснийг шалгасан.

“МӨ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмшигч Ш.Э нь 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “ПГГРМ” ХХК-тай байгуулсан “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ээр шилжүүлэх замаар ашигт малтмалын ХҮ-0*******0, ХҮ-0*******1, ХҮ-0*******2, ХҮ-0*******3, ХҮ-0*******6 дугаар бүхий 5 лиценз нь 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжсэн. Нөгөөтээгүүр “ПГГРМ” ХХК-ийн толгой компани болох Сингапур улсад бүртгэлтэй “ПГГР” Пте ЛТД компанийн 30 хувийн хувьцааг Ш.Э-ийн хүсэлтийн  дагуу  түүний  эгч  болох  Ш.Н-д  шилжүүлэн  өгснөөр  эрх борлуулсан үйл явц нотлогдсон. Мөн “ПГГР” Пте ЛТД нь 1000 сингапур долларын үнэтэй компани байх тул “МӨ” ХХК ашиг олсон нь тодорхой байна.

Нэхэмжлэгч тал эдийн засаг талаас нь бус, зөвхөн хууль талаас нь яриад байна. Орлого олсон гэдгийг зөвхөн мөнгөн хөрөнгөөр ойлгож болохгүй. Эрх шилжүүлэх гэрээнд хөрөнгө үнэлсэн үнэлгээ, ямар нэг үнийн дүн байхгүй. Мөн хайгуулын компани нь газрын доор байгаа баялгийг тодорхойлдог бөгөөд тухайн газраас хэчнээн төгрөгийн баялаг гарч ирэх нь мэдэгдэхгүй учраас хайгуулын зардлаар нь тооцсон. Тус компанийн 2009-2011 он хүртэлх хугацааны хайгуулын зардал нь 1.000.000.000 гаруй төгрөг гарсан байдаг. Үүнээс шалгаж байх үеийн хугацааны зардал 247.903.000 төгрөг гарснаас Ш.Э-ийн 30 хувийн хувьцааг Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/711 тоотыг үндэслэн тооцсон. 

Өөрөөр хэлбэл эд хөрөнгө шилжүүлэх эрх /ХҮ-0*******0, ХҮ-0*******1, ХҮ-0*******2, ХҮ-0*******3, ХҮ-0*******6 дугаар бүхий 5 лицензийг/-ийг борлуулсан /шилжүүлсэн 74.371.084,70 төгрөгийн эрх борлуулсны орлогоос орлогын албан татвар суутган авч, суутгагчийн аж ахуйн нэгжид олгосон орлогоос суутгасан албан татварын тайлангаар тайлагнаагүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2-д “эрх борлуулсны орлого...”, 8.2-д “эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна”, 13 дугаар зүйлийн 13.6-д “энэ хуулийн 13.2-т заасан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн элэгдэл хорогдлын шимтгэл тооцох үнийг эдгээр зөвшөөрлийг эзэмших, шилжүүлэн авахтай холбогдон төлсөн үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөр, худалдан авсан үнийн дүнгээр тодорхойлно”, 17 дугаар зүйлийн 17.2.7-д “эрх борлуулсны орлогод 30 хувиар” гэж заасны дагуу 22.311.325,40 төгрөгийн нөхөн татвар, 6.693.397,60 төгрөгийн торгууль, 11.155.662,70 төгрөгийн алданги, нийт 41.780.385,70 төгрөгийн төлбөр ногдуулсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “МӨ” ХХК нь тус шүүхэд “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Э, Б.О нарын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхээс хэргийг хянан хэлэлцэх явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Э, Б.О нарын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар актын тогтоох хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлон маргажээ.   

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Э, Б.О нар нь Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг “МӨ” ХХК-ийн 2012, 2013, 2014, 2015 оны  албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалтыг хийж, татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар  актаар 2012 онд 30 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Э-ийн хувьцаа, эд хөрөнгө шилжүүлэх эрх /ХҮ-0*******0, ХҮ-0*******1, ХҮ-0*******2, ХҮ-0*******3, ХҮ-0*******6 дугаар бүхий 5 лицензийг борлуулсан/ шилжүүлсэн 74.371.084,70 төгрөгийн орлогоос эрх борлуулсны орлогын албан татвар суутган авч, тайлагнаагүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.1.2-т “эрх борлуулсны орлого”, 8.2-т “эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна”, 17.2.7-д “эрх борлуулсны орлогод 30 хувиар” гэснийг тус тус зөрчсөнийг тэмдэглээд актын тогтоох хэсгийн 1.1 дэх заалтаар 2012 онд 74.371.084,70 төгрөгийн эрх борлуулсны орлогоос орлогын албан татвар суутган авч, тайлагнаагүй зөрчилд 22.311.325,40 төгрөгийн нөхөн татвар, 6.693.397,60 төгрөгийн торгууль, 11.155.662,70 төгрөгийн алданги ногдуулж, 1.4 дэх заалтаар шалгалтаар илэрсэн зөрчилд ногдуулсан 23.211.325,40 төгрөгийн нөхөн татвар, 6.963.397,60 төгрөгийн торгууль, 11.605.662,70 төгрөгийн алданги нийт 41.780.385,70 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч “МӨ” ХХК нь дээрх татварын улсын байцагчийн актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд тус зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 075 дугаар тогтоолоор төлбөр ногдуулсан буюу нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын актыг хэвээр баталжээ.

Нэхэмжлэгч “МӨ” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “тус компани нь ... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг борлуулаагүй, бусдад шилжүүлээгүй ... хувьцааг хувьцаагаар сольж худалдан борлуулсан ... ямар нэгэн 

орлого олоогүй байхад акт тавьсан нь үндэслэлгүй”  гэж маргажээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг ойлгоно”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон ... аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.1-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно”, 7.3-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.1.3-т “үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1-т “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.2-т “эрх борлуулсны орлого”, 8.2-т “Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна” гэж тус тус заажээ. 

Дээрх хуулийн холбогдох заалтуудаас үзэхэд тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, өөрөөр хэлбэл энэхүү маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад төлбөртэйгээр худалдан борлуулсан тохиолдолд эрх борлуулсны татвар төлөхөөр ийнхүү эрх борлуулсны шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, суутган авч, төсөвт төлөх үүрэгтэй этгээдийг “суутгагч” гэж үзэхээр байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “МӨ” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Э нь Сингапур улсын “POH Golden ger reources” PTE LTD-тай 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01 дугаар гэрээ  байгуулж, уг гэрээний 1.1 дэх заалтаар Ш.Э нь өөрийн 30 хувийн хувьцааг эзэмшдэг хуулийн этгээд болох “А” ХХК /*******/, “МӨ” ХХК /*******/, “ХЛ” ХХК /5240364/ тус бүрийн 30 хувийг Монголын “ПГГРМ” ХХК-д шилжүүлэхээр, Б тал өөрийн Сингапур улсын “POH Golden ger reources” PTE LTD-ийн 30 хувийн хувьцаагаа Монгол Улсын иргэн Ш.Н-д шилжүүлэхээр, гэрээний 1.2 дахь заалтаар  талуудын  хувьцааны  үнийн  дүн  тэнцүү  болохыг  талууд  харилцан тохиролцжээ.

Энэхүү гэрээний дагуу Ш.Э нь 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “МӨ” ХХК-ийн өөрт ногдох 30 хувийн хувьцааг албан ёсоор Сингапур улсын “ПГГРМ” ХХК-д шилжүүлэх гэрээ  байгуулж, мөн өдрөө компанийн өөрийн өмчлөлийн нэг бүр нь 1000 төгрөгөөр үнэлэгдэх 900 ширхэг хувьцааг нийт 900,000 төгрөгөөр худалдаж, улмаар “МӨ” ХХК нь компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулж, тус компанийн хувьцааны 100 хувийн  эзэмшигчээр “ПГГРМ” ХХК бүртгэгдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. 

Түүнчлэн ашигт малтмалын газрын уул уурхайн кадастрын санд маргаан бүхий актад дурдсан “МӨ” ХХК-д анх олгогдсон ашигт малтмалын хайгуулын *******1Х, *******2Х, *******3Х,*******6Х дугаартай зөвшөөрлүүд нь хүчингүй болсон, харин *******0Х дугаартай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр бүртгэлтэй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 7/2910 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

Дээрх маргааны үйл баримтуудаас үзэхэд “МӨ” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Э нь өөрт ногдох хувьцаагаа бусдад  шилжүүлсэн байх бөгөөд харин маргаан бүхий актад дурдсан ашигт малтмалын хайгуулын 5 тусгай зөвшөөрлийг бусдад төлбөртэйгээр шилжүүлсэн гэж үзэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

Тодруулбал дээрх ашигт малтмалын хайгуулын 5 тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, уг хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн нэр өөрчлөгдөөгүй байна. 

Гэтэл хариуцагч татварын улсын байцаагч нар нь  2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай актаар хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлээгүй, орлого олоогүй, суутгагч биш нэхэмжлэгчийг “эрх борлуулсны орлогоос албан татвар суутган авч, тайлагнаагүй” гэх зөрчилд буруутган, актаар төлбөр ногдуулсан нь хууль бус болжээ. 

Тодруулбал нэхэмжлэгч “МӨ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад төлбөртэй шилжүүлж, өөрөөр хэлбэл эрх борлуулж  орлого олоогүй байх тул нэхэмжлэгчийг уг албан  татварыг суутган авч, төсөвт төлөх үүрэгтэй “суутгагч”  биш гэж үзнэ. Иймд хариуцагчийн “... “МӨ” ХХК нь бусдад орлого өгөхдөө суутгагчийн үүрэг гүйцэтгэх ёстой” гэсэн тайлбар 

үндэслэлгүй. 

Дээрх хэргийн нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий акт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг ойлгоно”, 8 дугаар зүйлийн 8.1-т “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.2-т “эрх борлуулсны орлого”, 8.2-т “Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна” гэж заасныг  тус тус зөрчжээ. 

Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь холбогдох хуулийг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Э, Б.О нарын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар актын тогтоох хэсгийн “Нэг”-ийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж  шүүх үзлээ. 

Маргаан бүхий актын тогтоох хэсгийн “Нэг”-ийн 1.2, 1.3 дахь хэсэг болон хувьцаа борлуулсны орлогод татвар төлөөгүй асуудлаар талууд маргаагүй, эдгээр нь актын үндэслэлд заагдаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар  шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Түүнчлэн хариуцагч татварын улсын байцаагч нар нь “МӨ” ХХК-ийн дүрмийн сангийн 3.000.000 төгрөгийг шалгалтаар илэрсэн зөрчлийн нийт үнийн дүнд оруулан тооцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасан заалтыг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6,  5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1.2,  8.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “МӨ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.Э, Б.О нарын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар актын тогтоох хэсгийн  “Нэг”-ийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “МӨ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “МӨ” ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.Б