Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2021/0555/З |
Дугаар | 221/МА2022/0103 |
Огноо | 2022-02-10 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2022/0103
Б.О-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б
Нэхэмжлэгч Б.О
Хариуцагч нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 823 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 128/2021/0555/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан “Б.О-той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоож, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 823 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О-ны гаргасан Нэхэмжлэгч Б.О-той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Б-ийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэгч Б.О-той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах тухай тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг заасныг үндэслэж “...хариуцагч ... албаны дарга нь нэхэмжлэгчийн гаргасан 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гомдолд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13/2427 дугаар албан бичгээр хариу өгснөөс үзвэл гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй гэж үзэхгүй болохоос гадна шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэхээргүй байна” гэж үзэж эс үйлдэхүй биш гэж буруу дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад годмол гаргасан бөгөөд уг гомдлын хариу нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13/2427 дугаар албан бичгээр Газар зохион байгуулалтын албанаас ирсэн, тус албан бичгээр ирүүлсэн хариутай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх албан бичгээр хариу өгч татгалзаж шийдвэрлэсэн байна гэж буруу дүгнэлт хийсэн байна.
3.2. Газар зохион байгуулалтын албаны дарга нь Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б-ын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/460 дугаар захирамж заасан газар эзэмшигч нартай гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүргээ, нөгөө талаар нэхэмжлэгч газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ авахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Газар зохион байгуулалтын албаны дарга нь Засаг даргын захирамжид заасан үүргийг болон Б.О-ы хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
3.3. Шүүх “нэхэмжлэгчи эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрууд нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасан бүсэд хамаарч байх тул Засаг даргын захирамж анхнаасаа хуульд нийцээгүй байх бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга нь энэхүү хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгохоор нэхэмжлэгчид мэдэгдсэн байна” гэж хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтад тулгуурлаагүй үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
3.4. Шүүхийн дээрх дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй байна. Тодруулбал, Засаг дарга шийдвэрээ өөрөө хүчингүй болгохоор мэдэгдсэн үйл баримт, нотлох баримт хэрэгт байхгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2-р хэсэг Төмөр зам 93, 93а тоот тус бүрийн 699 м.кв талбайтай газруудад анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгогдсон байна. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/149 дүгээр захирамж гарах үед Газрын тухай хуульд “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэдэг зохицуулалт ороогүй байсан бөгөөд А/149 дүгээр захирамж нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны сонирхлыг зөрчөөгүй, хуулийн дагуу гарсан хүчин төгөлдөр захирамж юм. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарт шүүх дүгнэлт хийгээгүй байна.
3.5. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэдэг зохицуулалт нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хуулиар Газрын тухай хуульд нэмэлтээр орсон байна. Хуульд нэмэлтээр орсон зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар дагаж мөрдөх журмын тухай хууль гараагүй буюу усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхээр гаргасан хүчин төгөлдөр шийдвэрийг хэрхэх талаар зохицуулалт бахйгүй байхад шүүх Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийг баримталж нэхэмжлэгчид сөрөг шийдвэр гаргаж байгаа нь иргэн Б.О-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
3.6 Газрын тухай хууль болон “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д тус тус зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан тохиолдолд уг шийдвэрийг үндэслэж Газар зохион байгуулалтын албаны дарга газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзах эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Б.О-оос 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б.Э-тэй “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын 93 тоотын 699 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, мөн өдрөө иргэн Д.Б-тай “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын 93а тоотын 699 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус өөрийн нэр дээр шилжүүлэн авсан бөгөөд үүний дараагаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/460 дугаартай захирамж гарч, маргаан бүхий газруудын “газар эзэмших” эрхийг нэхэмжлэгч Б.О-нд шилжүүлж, улмаар нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулахаар Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргахад хариуцагчаас “...тус газрууд нь “Ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүс” болон “Бохир усны шугамын хамгаалалтын бүс”-д орсон байгаа тул газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгох боломжгүй...” гэх хариуг өгсөнөөр нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “...Б.О-той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоож, Б.О-той газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах”-уулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... газар зохион байгуулалтын албаны дарга газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох л үүрэгтэй болохоос бус уг шийдвэрийн үндэслэлийг хянах, гэрээ байгуулж гэрчилгээ олгохоос таталзах эрхгүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.
3.1. Хэрэгт авагдсан хх-38, 39, 40, 43, 44, 64, 65, 66 дугаар тал, бусад эрх бүхий байгууллагаас ирүүлсэн тодорхойлолтуудаар маргаан бүхий Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр замын 93 тоотын 699 м.кв талбайтай, 93а тоотын 699 м.кв талбайтай газрууд нь “Ундны усны эс үүсвэрийн хориглолтын бүс” болон “Бохир усны шугамын хамгаалалтын бүс”-д орсон болох нь тогтоогджээ.
3.2. Нэхэмжлэгчээс “газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох” агуулгаар гаргасан өргөдөл гомдлыг хариуцагчаас хүлээн авч, шийдвэрлэж нэхэмжлэгчид хүргүүлсэн, ингэхдээ өргөдөлд дурдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь /хүсэлтийг хангах, эсхүл татгалзах нь/ хариуцагч захиргааны байгууллагын сонгох боломжид хамаарч байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн хүссэн маргаан бүхий газрын эрхийн урьдчилсан нөхцөл бодит байдалд хангагдсан эсэхийг тогтоох нь чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрууд нь ундны усны төв эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон бохир усны шугамын хамгаалалтын бүсэд хамаарч байгаа энэ тохиолдолд хариуцагчаас өөрийн сонгох боломжийн хүрээнд нэхэмжлэгч Б.О-нд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 13/2427 дугаар албан бичгээр татгалзаж, мэдэгдлээ хүргүүлснийг буруутгах боломжгүй юм.
4. Тодруулбал, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “... албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж .. зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох” эрх хариуцагчид хадгалагдаж, маргаан бүхий газрууд нь нэгэнт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаартай хавсралтаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-аар тогтоосон ундны усны төв эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын болон бохир усны шугамын хамгаалалтын бүсэд хамаарч байгаа нь тогтоогдсон агуулгаар хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтэд тулгуурлан хариуг өгснийг “эс үйлдэхүй” гаргасан гэж үзэхгүй.
4.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд хариуцагчаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу “...хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгох”-оор нэхэмжлэгчид мэдэгдсэн нь хууль бусаар татгалзсан шийдвэрийг гаргасан гэж үзэхээргүй байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүссэн “нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” шаардах эрхийн урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН