Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1369

 

 

 

 

 

 

 

 

   2020        07           27                                  2020/ШЦТ/1369

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г овогт Г.Э холбогдох эрүүгийн 2006 00000 1884 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Г.Э нь согтуурсан үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Моносын 1-13 тоот хашаанд байрлах нийтийн байрны 1 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Б.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хутгаар баруун гарын сарвууг нь зүсэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр
гаргасан өргөдөл /хх-1-2/, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-24-26/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын мэдүүлэг/хх-6-8/, гэрч Д.Үүрцолмонгийн мэдүүлэг /хх-19-20/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэгийн шинжээчийн 2020 оны 07
дугаар сарын 12-ны өдрийн №8039 дугаартай дүгнэлт /хх-12-13/, яллагдагч Г.Эы мэдүүлэг /хх-38-39/, яллагдагч Г.Эы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Э нь согтуурсан үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Моносын 1-13 тоот хашаанд байрлах нийтийн байрны 1 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Б.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хутгаар баруун гарын сарвууг нь зүсэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-1-2/,

 

Аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-24-26/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжпэгч Б.Мөнхжаргалын “... 2020 оны 07 дугаар сарын 11-ний орой 17 цагт хамтран амьдрагч Г.Эы найз нь нийтийн байранд ирсэн. Улмаар 0.5 литр хэмжэзтэй архи 3 шилийгуусан, тэгээд ууж байхдаа надад өгөхөөр нь 3-н удаа уусан юм. Уг хүнийг архи уухаараа тавьтаргүй гэдгийг нь мэддэг учир 3 дахь шил архиа авахаар гарахад нь гарч явдаг юм уу гэж бодож байгаад больсон. Дэлгүүр гарахад нь цаг харахад 19 цаг өнгөрч байсан...Архиа ууж дуусчихаад байж байгаад уурлаж эхэлсэн. Уг хүн хартай, храктер муутай, архи уучихаараа зодоод байдаг юм. Тэгээд шүүгээнд байсан...дунд зэргийн хутга авч ийшээ тийшээ савчаад байсан. Тэгээд би найзтайгаа хамт намайг алчихаж магад гэж бодоод тайвшруулах гэж дөхөж очтол миний гарыг зүсчихсэн. Тэгэхээр нь би шүүгээн дээр байсан 2 алчуур авч гараа боогоод тайвшруулах гэж үзээд болохгүй байхаар нь гараад гүйчихсэн...Тэгээд цус гараад байхаар нь нийтийн байрны хаягаа мэдэхгүй болохор нь шууд такси бариад ГССҮТ-д ирсэн...хамтран амьдрагч маань өмнө зодож цохиж байсан. Сүүлд 1 сарын өмнө эрүүл байхдаа маргалдаж намайг зодсон. Цуг амьдарч эхэлсэнээс хойш намайг зодож байгаа. Уг хүнтэй танилцаад 3 жил болж байгаа бөгөөд сүүлийн 2 жил байр хөлсөлж амьдарч байна. Ер нь цагдаад дуудлага өгч очиж байсан. Би сүүлд нь гомдолгүй гэж хэлээд өргөдлөө авчихдаг байсан...өмнө удаа дараа уг үйлдлээ гаргаж байсан. Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нийтийн байранд ирээд 2-3 сар болж байна...уг асуудал 2020 оны 07 дугаар сарын 11-ний орой 19-20 цагийн орчимд манайх буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1-13 тоот хашаанд байрлах нийтийн байрны 1 тоотод болсон...” /хх-6-8/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Үүрцолмонгийн “...Би өчигдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд найз Эөдөр 15 цагийн үед очоод 2 шил архи хувааж уугаад бид хоёр их согтсон юм, бараг санахгүй байна, өглөө сонсоход найз Э нь эхнэр Мөнхжаргалын баруун гарын шуу хэсэгт хутгааар зүссэн байсан...” /хх-19-20/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэгийн Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн №8039 дугаартай: Б.Мөнхжаргалын баруун сарвууд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...”                        /хх-12-13/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Эы “...Би 2020 оны 07 дугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байх Моносын 1-13 тоотод гэртээ байхад найз Үүрийнцолмон 15 цагт ирээд бид хоёр 1 шил 0.5 , 1 шил 0.75 Хараа архи дэлгүүрээс авч манайд уусан. Тэгээд цаашаа юу ч санахгүй байна. Манайд ахуйн хүрээнд хэрэглэж байсан шар иштэй хутга байдаг тэр хутгыг л барьсан байх гэж боодж байна, өөр бариад байхаар хутга байхгүй, дараа нь гудманд согтуурхаж явахдаа хаясан юм шиг байна...” /38-39/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Э нь согтуурсан үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Моносын 1-13 тоот хашаанд байрлах нийтийн байрны 1 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Б.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хутгаар баруун гарын сарвууг нь зүсэж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Э нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА