Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1374

 

 

 

 

 

 

 

 

   2020        07           27                                  2020/ШЦТ/1374

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Ц.Уранцэцэг,

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Г.Т холбогдох эрүүгийн 2006 01374 0629 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2-р хороо Сэлбийн 1-7 тоот байранд байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Ч.Эрдэнэбаттай маргалдаж, түүний цээжинд хутгаар хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-6/, хэргийн газраас хурааж авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-62-63/, хохирогч Ч.Эрдэнэбатын мэдүүлэг                /хх-15-16, 72-73/, гэрч Б.Болортуяагийн мэдүүлэг /хх-17-18/, 2020 оны 03 сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3179 дугаартай дүгнэлт /хх 23-24/, яллагдагч Г.Тын мэдүүлэг /хх-74-75/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Т нь 2020 оны 02 сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2-р хороо Сэлбийн 1-7 тоот байранд байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Ч.Эрдэнэбаттай маргалдаж, түүний цээжинд хутгаар хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-6/,

 

Хэргийн газраас хурааж авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-62-63/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Эрдэнэбатын: “...2020 оны 02 сарын 29-ний өдөр ...Төөгийгийн гэр буюу Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн 1-7 тоот нийтийн байрны 2 давхар 12 тоот өрөөнд орж ирсэн. Тэгээд бид хоёр архиа ууж эхэлсэн. Шилтэй архиа талдаа орсон үед би салхинд гарсан юм. Гадаа гараад ширхэгийн тамхи авчихаад 5-10 минутын дараа буцаж Төөгийгийн гэрт орж ирсэн. Тэгээд нөгөө архинаасаа нэг нэг татчихаад бууз, банш хийхээр болоод би буузны мах татаж суусан. Тэр үед Төөгий хутгаа өгч бай би мах татъя гээд надаас хутга авангуутаа шууд намайг цээж руу хутгаараа хатгачихсан. Тухайн үед миний цээжнээс цус гараад тогтохгүй байсан. Төөгий утсаараа түргэн тусламж, цагдаа дуудсан байсан. Би тухайн үед хутгалуулсан шарх нь гайгүй юм болов уу гэж бодоод Төөгийтэй ярьж тохирсон. Цагдаа ирэхэд би гадаа хутгалуулаад орж ирсэн гэж хэлье гэж тохирсон юм. Тэгээд цагдаа нарыг ирэхэд түүгээрээ хэлж, ярьж өгсөн...” /хх-15-16, 72-73/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болортуяагийн “...тэр үед 12 тоотын хүн ганцаараа байсан ба миний дэргэд гар утсаараа эхнэртэйгээ ярьж байсан. Тэгэхээр нь би за за гэртээ орлоо гэтэл гаднаас үл таних эрэгтэй хүн согтуу орж ирсэн. Тэр хүн гадуураа богино хар өнгийн пальто өмссөн байсан. Тэгээд пальтогоо тайлж өлгөсөн ба дотуураа саарал өнгийн футболктой байсан. Тэр хүн гартаа юм бариагүй байсан ба хувцас нь цус болсон юм байгаагүй. Хутгалуулчихлаа гэж яриагүй зүгээр гутлаа тайлаад дээшээ гараад сууж байсан...” /хх 17-18/ гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3179 дугаартай “...1. Ч.Эрдэнэбатын биед цээжний баруун урд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ....” /хх-23-24/ гэх дүгнэлт,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Тын мэдүүлэг               /хх 74-75/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Т нь 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2-р хороо Сэлбийн 1-7 тоот байранд байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Ч.Эрдэнэбаттай маргалдаж, түүний цээжинд хутгаар хатгаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Т нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА