Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 94

 

М.Т, Э.Т, Б.С, Н.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ш.Баярбилэг,  

            Шүүгдэгч М.Т,

            Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл,

            Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв,

            Шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг,

            Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1163 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Баярбилэг, М.Гансувд нарын хамтран бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр   М.Т, Э.Т, Б.С, Н.Э нарт холбогдох эрүүгийн 201501000009 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

М.Т нь 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн М.Алтанхуягийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий "Ар дааган" ХХК, "Алтантэнгэр" ХХК, "ХБО" ХХК, "Комфорт импекс" ХХК-иудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний   хорооны   гишүүдэд   нөлөөлж,   тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан, нийт 4.374.544.354 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээг байгуулуулж, 4.084.172.065 төгрөгийн санхүүжилтийг авч, 2.979.123.876 төгрөгийн ажил гүйцэтгэж, улсын төсөвт нийт 1.105.048.189 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд:

-Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газраас Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжигдэх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, "Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн бичил паркийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах" тендерт танил Ө.Пүрэвбаатарын "Комфорт импекс" ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гишүүдэд нөлөөлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг зөрчиж, 2011 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 407.900.016 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 375.656.371 төгрөгийн санхүүжилт авснаас 305.623.762 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 70.032.609 төгрөгийн хохирол учруулсан,

-Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий "Ар дааган" ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, "Ар дааган" ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, 1.217.221.617 төгрөгийн санхүүжилт авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг найз Э.Таар зохион байгуулуулж, хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан,

-Нийслэлийн засаг даргын тамгын газрын улсын төсвөөс 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн найз М.Энхсайханы хамаарал бүхий "ХБО" ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2 заасныг зөрчиж, 2012 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны "Хүүхдийн тоглоом, зам талбай, тохижилтын ажил"-ыг 349.855.214 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 343.568.626 төгрөгийн санхүүжилт авснаас, 157.061.703 төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэн, улсын төсөвт 186.506.923 төгрөгийн хохирол учруулсан,

-Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Орчны тохижилт" СХД/ТА/236/01, 236/04, 236/5, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий "Ар дааган", "Алтантэнгэр" ХХК-иудын нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, "Ар дааган", "Алтантэнгэр" ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, "Ар дааган" ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 /499 383 049 төгрөгийн төсөвт өртөгтэй/ дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулж, 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан,

"Алтантэнгэр" ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/04 дугаартай /615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй/, мөн өдөр СХД/ТА/236/05 дугаартай /595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй гэрээг тус тус байгуулуулж, 1.192.151.786 төгрөгийн санхүүжилт авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулсан,

 

Э.Т нь Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "Ар дааган" ХХК-ийн нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, "Ар дааган" ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 1.217.221.617 төгрөгийн санхүүжилт авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгүүлэн, улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол,

-Мөн Улсын Их хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Орчны тохижилт" СХД/ТА/236/01, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "Ар дааган" ХХК-ний нэрээр оролцож, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, "Ар дааган" ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, "Ар дааган" ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/ дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулж, 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртөгөөр уг ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд дэмжлэг үзүүлж "Ар дааган" ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээ байгуулан, уг ажлыг хийж гүйцэтгүүлэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцож, улсын төсөвт нийт 581.376.118 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Э нь Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "Ар дааган" ХХК-ийн нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, "Ар дааган" ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 1.377.246.669 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар иргэн Э.Ттай "туслан гүйцэтгэгчээр ажиллах" гэрээг байгуулан, компанийнхаа дансаар 1.217.221.617 төгрөгийн санхүүжилтыг авснаас 794.884.607 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 422.337.010 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцсон,

-Мөн дээрх үйлдлийн аргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Орчны тохижилт" СХД/ТА/236/01, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт "Ар дааган" ХХК-ийн нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, "Ар дааган" ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, "Ар дааган" ХХК нь 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр СХД/ТА/236/01 /499.383.049 төгрөгийн төсөвт өртөгтэй/ дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/06 дугаартай /529.336.148 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.028.719.197 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, улмаар иргэн Э.Ттай "туслан гүйцэтгэгчээр ажиллах" гэрээг байгуулан, компанийнхаа дансаар 955.573.666 төгрөгийн санхүүжилт авснаас 796.534.558 төгрөгийн төсөвт өртөгөөр уг ажлыг хийж гүйцэтгүүлэн улсын төсөвт 159.039.108 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд хамжигчаар оролцож, улсын төсөвт нийт 581.376.118 төгрөгийн хохирол учруулсан дээрх 2 үйлдлийн улмаас компанийнхаа дансаар авсан санхүүжилтээс 245.127.087 төгрөгийг хувьдаа авсан,

Б.С нь "Алтантэнгэр" ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Орчны тохижилт" СХД/ТА/236/04, 236/05 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий нэрээр оролцох боломжийг бүрдүүлэн, тендерийн баримт бичгийг тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд гарган өгч, улмаар Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, "Алтантэнгэр" ХХК-иас ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан, "Алтантэнгэр" ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр СХД/ТА/236/04 дугаартай /615.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй/, мөн өдөр СХД/ТА/236/05 дугаартай /595.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй/ нийт 1.210.823.258 төгрөгийн төсөвт өртөгтэй тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулуулсан гэмт үйлдэлд дэмжлэг үзүүлж, 1.192.151.786 төгрөгийн санхүүжилтийг авснаас 925.019.216 төгрөгийн төсөвт өртөгөөр хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 267.132.570 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: М.Тулгын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Э.Т, Н.Э, Б.С нарын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах зарим ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дараах нотлох баримт бүхий үндэслэл тогтоогдов. Үүнд:

1. Гэмт хэрэгт нотолбол зохих байдлыг нотлох буюу мөрдөн шалгах, хянах чиг үүргийн хүрээнд хамаарах зөрчилтэй асуудал. Мөрдөгч, прокурор "гэмт хэрэг үйлдэж төгссөн цаг хугацаа ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шалтгаант холбоо"-г зөв тогтоон, нарийвчлан тодорхойлж чадаагүй байна. Яллах дүгнэлтээс үзэхэд нэр бүхий оролцогч нар тендерт оролцож, шалгарсан цаг хугацаа, улсын төсвөөр хийж гүйцэтгэх ажлын гэрээ байгуулсан цаг хугацаанаас өөр цаг хугацааг бичээгүй, улсын төсвийн нийт 4.084.172.065 төгрөгийн өртөг бүхий "тодорхой нэр төрлийн ажлууд"-ыг хийж гүйцэтгэх гэрээг тухай бүр байгуулж, 2.979.123.876 төгрөгийн ажил гүйцэтгэж, улсын төсөвт нийт 1.105.048.189 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн атлаа тухайн тодорхой нэр төрлийн ажлуудыг тухай бүр хамгийн сүүлд "хэзээ" хийж гүйцэтгэсэн буюу дуусгасан гэж үзсэн эсэх нь тодорхой бус байгааг зөвтгөх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаагаар тооцно" гэсэн зохицуулалтыг буруу хэрэглэн зөрчих ёсгүй. Тодруулбал, улсын төсвөөр хийж гүйцэтгэх ажлын гэрээ байгуулсан цаг хугацаа бол гэмт хэрэгт төгссөн цаг хугацаа биш, тухайн гэрээ байгуулснаар гэмт хэргийн хохирол, хор уршиг шууд учирсан гэж үзэхгүй. Харин улсын төсвөөр хийж гүйцэтгэх ажлын "эхлэлээс төгсгөл" хүртэлх хугацаанд нийт гүйцэтгэсэн гэх цогц ажиллагааны хүрээнд "улсын төсвийн хөрөнгө үрэгдсэн, завшигдсан шинж бүхий байдал" үүссэн нь гэмт хэрэг мөн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй тухайн тохиолдолд улсын төсвийн нийт 4 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг 1 төгрөг ч эс үлдээн бүрэн зарцуулсан гэж тооцсон буюу гүйцэтгэх ёстой ажлуудыг чанар, стандартын шаардлагын дагуу бүрэн хийж дуусгасан гэж үзэн албан ёсоор баталгаажуулсан (эцсийн нэг ширхэг хадаас хадах, эрэг шураг боох, будаг шунх түрхэх, өнгө засал хийх зэргээр гүйцэтгэх ажлаа бүрэн хийж дуусгасан) сүүлчийн тэр өдрийг "гэмт хэрэг үйлдэж төгссөн" өдрөөр тооцох хууль зүйн үндэслэл, баримтыг бүрэн тогтоохоос гадна тухайн үндэслэл, баримтад мөрдөн байцаалт ба хяналтын эрх зүйн хэлбэр үндэслэгдсэн байх ёстой.

2. Улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд хийгдэх ажил үйлчилгээг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохдоо үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж "тендер"-ийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулсан тухай асуудлын хүрээнд мөрдөн шалгах, хянах ажиллагаа дутуу хийгдсэн. Тухайлбал: Хэрэв хэн нэгэн этгээд бусдаар хууль бус шийдвэр гаргуулсан бол нөгөө талд нь хууль бус шийдвэр гаргасан бүхий л этгээд бүрийн үйлдэл, эс үйлдэхүйд холбогдох хууль тогтоомжид зааснаар тооцох хариуцлагын зохицуулалт нэгэн адил үйлчлэх ёстой атал тодорхойгүй орхигджээ. Яллах дүгнэлт, хэрэгт авагдсан баримтаар; Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас Улсын төсвийн хөрөнгөөр 2011 онд санхүүжигдэх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, "Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн бичил паркийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас зарласан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 11 цэцэрлэгийн тоглоомын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын улсын төсвөөс 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн
хөрөнгөөр 2012 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Орчны
тохижилт" СХД/ТА/236/01, 236/04, 236/5, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг
сонгон шалгаруулах зэрэг тендер явагдсан байх ба тендер бүрт "Үнэлгээний хороо"-г
5-аас доошгүй гишүүнтэйгээр байгуулсан, зарим тендерийн хорооны нарийн бичгийн
дарга нь өөрчлөгдсөн эсэх асуудал байх тул хавтаст хэргийн баримтаар нийт 15-с дээш тооны эрх бүхий албан тушаалтнууд тендер шалгаруулах асуудлыг хариуцсан гэж үзэхээр байна. Гэтэл эдгээр хүмүүсээс сэжигтэн, яллагдагчаар Ш.Лхагваханд, сэжигтнээр Л.Цэдэвсүрэн, гэрчээр Ц.Алтанцэцэг, Б.Бадамханд, Н.Батсүх, Н.Хулан, гэрч, сэжигтнээр Р.Дагва, С.Содгэрэл нарыг тус тус байцаан мэдүүлэг авсан, бусад хүмүүсээс мэдүүлэг аваагүй нь тендер шалгаруулахтай холбоотойгоор хууль бус шийдвэр гаргуулсан болон хууль бус шийдвэр гаргасан асуудлыг бүрэн гүйцэд, хангалттай, эргэлзээгүй шалган тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болж байна. Хэрэгт шалгагдах иргэн хэн боловч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул уг эрхийн хүрээнд авагдсан мэдүүлэгт хөтлөгдөх ёсгүй. Тендер сонгон шалгаруулах эрх бүхий албан тушаалтнуудаас хэн нь хууль тогтоомж, түүний дагуу гаргасан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй эсэхийг хууль тогтоомж, бусад нотлох баримтын хүрээнд нэг мөр шалган тогтоох ёстой, урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байх ёсгүй, аливаа асуудлыг таамаглан шийдвэрлэх боломжгүй. Нотолбол зохих байдлыг нотлохын тулд шалгах, байцаавал зохих этгээдийг "гэрч, сэжигтэн, яллагдагч" зэрэг аль оролцогчоор тогтоон мөрдөн шалгах эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нээлттэй болно. Яллагдагч Р.Дагва, С.Содгэрэл нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй байхаас гадна хэрэв гэмт хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бол тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд хамаарах эсэхийг шийдвэрлээгүй. Мөн тус хэргийг хэрэгсэхгүй болгосон байдал нь тендер шалгаруулах бусад хороо тус бүрийн гишүүдэд холбогдох асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан буюу ялгавартай байдал үүсгэсэн үндэслэл болж байна. Тодруулбал Р.Дагва, С.Содгэрэл нарыг тендерийн зарим баримт бичиг хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй байгааг мэдсэн, мэдэх ёстой атлаа хууль бус шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр хэрэгт яллагдагчаар татсан, тэднийг гэм буруутай, гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон, тухайн "тендерийн зарим баримт бичиг хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй" гэх асуудал нь нийт тендер шалгаруулах ажиллагааны "нийтлэг зөрчил" байх тул эрүүгийн хавтаст хэргийн хэмжээ хязгаарын хүрээнд тендер сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий Үнэлгээний хороо тус бүрийн тухайн хорооны хуралд оролцсон нийт гишүүдийн үйлдэл, эс үйлдэхүй нь Р.Дагва, С.Содгэрэл нарынхаас ялгаатай эсэх нь нэг мөр тогтоогдсон байх ёстой. Сэжигтэн, яллагдагч Ш.Лхагваханд, Л.Цэдэвсүрэн нарт холбогдох хэргийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь тодорхой бус. Гэрч С.Содгэрэлийн “...Энхсайхан, М.Т гэсэн хүмүүсээс гадна өөр нэг хүн хамтдаа явдаг байсан. Тендрийн баримт бичгүүдийг Энхсайхан, бас нэг хамт явдаг хүн бүрдүүлж өгдөг байсан. 400.000.000 төгрөгийн 3 багц тендер байсан. Уг тендрийг 3 багцаар нь зарлах юм бол нээлттэй тендер сонгон шалгаруулалт явагдах ёстой бөгөөд ингэж нээлттэй шалгаруулалт явуулахгүйн тулд М.Т уг тендерүүдийн багцыг задалж жижиглээд 50.000.000 төгрөгөөс доошхи үнэтэй болгоод 14-н хэсэг жижиг тендер болгож задалсан. Тэгээд уг тендер нь харьцуулалтын аргаар явагдах болсон. Тухайн урилга явуулах компаниудын нэрсийг Н.Алтанхуяг гишүүний туслах Д.Энхсайхан надад авчирч өгсөн...” гэх мэдүүлгийн хүрээнд "багц буюу нээлттэй явуулах тендерийг хэрхэн задалж, хэлбэрийг өөрчилсөн, хуулийн шаардлага хангаагүй тендерийн баримт бичиг бүрдүүлсэн, хууль бус үйлдэл хийхийг М.Тн шаардсан, нөлөөлсөн эсэх болон хамаарах бусад зарим асуудлыг нотлон тогтоох ёстой атал хийгдээгүй байна. Гэрч Р.Дагвын “...Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга БатМ.Тд тендрийн материалаа бэлдэж зохион байгуулахыг даалгасан” гэх мэдүүлгээс үзвэл Сонгинохайхан дүүрэгт явагдсан тендер шалгаруулах хорооны нарийн бичгийн дарга С.Содгэрэл, мөн БатМ.Т гэх 2 хүн аль тендерийн асуудалд хэрхэн солигдсон эсэх асуудал тодорхойгүй.

3. Яллах дүгнэлтэд нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийн зүйлчлэл хийхдээ, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан атлаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар зүйлчилсэн нь ойлгомжгүй. Хэрэв яллагдагч нарт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж журамлаж байгаа бол холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсгээр өөрчлөх ёстой болно.

4. Мөрдөн байцаалтын явцад яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарыг эрүүгийн
63 хавтаст хэргийн материалтай танилцах хугацаа, боломжоор бүрэн хангаагүй
зөрчлийн асуудал. Урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдол, мөн мөрдөгчөөс оролцогч нарыг хавтаст хэрэгтэй танилцахыг мэдэгдсэн тэмдэглэл, мөрдөгчөөс хэргийг прокурорт шилжүүлэх санал /62х, х-225/ зэргээс үзэхэд мөрдөгчөөс хэргийн зарим оролцогч нарт хэргийн материалтай 2017  оны 10 дугаар сарын 4-ний өдрийн дотор танилцахыг 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр мэдэгдсэн, зарим өмгөөлөгч нарт мэдэгдсэн баримтгүй, оролцогч нар 1-2 хавтаст хэрэгтэй танилцаад хугацаа сунгахыг хүссэн байх боловч мөрдөгч 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хэргийг прокурорт шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журам зөрчигдсөн буюу оролцогч нарын эрх, хэргийн материалтай танилцаад мөрдөн шалгах ажиллагааны талаар хүсэлт, гомдол гаргах боломж нь хязгаарлагдсан гэж үзэх үндэслэл бүхий байна.

5. Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах тухай хуулийн заалтын хэрэгжилтийг бүрэн хангах чиглэлд хийх ажиллагааг нягтлах, шалгах нь зүйтэй.

6. Тус хэрэгт мөрдөх ажиллагаа хийхтэй холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээг хүлээлгэн өгөх, хүлээн авах журам, үнэлгээний хорооны гишүүдийн ажиллах, шийдвэр гаргах журам, тендерийн бүхий л үйл явц, ажиллагаатай холбоотой хавтаст хэрэг буюу архивын нэгж, тайлан зэрэг бүхий л хууль тогтоомж, нотлох баримтыг албан ёсны эх сурвалжаас нь зохих журмаар хуулбарлах, хэрэгт хавсаргах, тус хэргийг мөрдөх, хяналт тавих явцад дээрх хууль тогтоомж хэрхэн зөрчигдсөн эсэх асуудлаар шийдвэр гаргахдаа холбогдох хууль тогтоомжийн зүйл, заалт болон тодорхой үндэслэл, нотлох баримтын эх сурвалжийг бүрэн, зөв тусгаж байхыг анхаарах нь зүйтэй.

7. Гэмт хэргийн талаарх "нотолбол зохих байдал"-ыг бүрэн нотлох, нотолсныг хянах, шалгах, үнэлэх ажиллагааны хүрээнд "холбогдох хууль хэрэглээ, гэмт хэргийн зүйлчлэл, гэмт хэрэгт хамтран оролцогч"-ийн төрөл, хэлбэр бусад зайлшгүй шийдвэл зохих асуудлуудыг нэг мөр зөв, бүрэн шийдвэрлэх шаардлагатай.

Иймд шүүх Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд тус хэргийг прокурорт буцаав. ...” гэжээ.

 

Прокурор Ш.Баярбилэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1163 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь бусад гэмт хэргээс онцлогтой бөгөөд албан тушаалтан өөрийн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийсэн цаг хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа гэж үзэх нь хуульд нийцэж байна. Уг гэмт хэргийн тухайд Улсын их хурлын гишүүн М.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгыг албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу   хувийн   ашиг   сонирхолоо   гүйцэлдүүлэх   зорилгод   ашиглаж,   тендерийн  үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, өөрийн хамаарал бүхий тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулсан, уг шийдвэрийг гаргуулснаар хууль бусаар сонгон шалгаруулсан компаниуд нь тухайн ажлыг хийж гүйцэтгэх эрхийг авч, улмаар гэрээг байгуулснаар гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин шүүгчийн захирамжинд дурдсанчлан гэрээ байгуулж, уг ажлыг хийж гүйцэтгэж дуусган холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн гэх цаг хугацаагаар гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн цаг хугацааг тооцохоор шүүгч захирамжиндаа дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно" гэж заасныг буруу хэрэглэн, тайлбарлаж байна. Учир нь, М.Т нарын үйлдсэн гэмт үйлдлийг гэрээ байгуулсан цаг хугацаанд төгссөнд тооцох нь дээрх хуулийн заалтад нийцнэ. М.Т нарын үйлдсэн гэмт хэргийн төгссөн цаг хугацааг тоолохтой холбоотой бичсэн шүүгчийн захирамжийн энэхүү заалт нь яллагдагч нарын хувьд, тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулж байна гэж дүгнэхээр байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас томилогдсон үнэлгээний хорооны гишүүд Ц.Алтанцэцэг, Б.Бадамханд, В.Янжиндулам нарыг гэрчээр байцаасан ба үнэлгээний хорооны дарга Р.Дагва, С.Содгэрэл нарыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн дарга Далайжаргалын 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 3 тоот тушаалаар Улсын төсвийн 2012 оны хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн тоглоомын талбайг байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, даргаар нь Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэнг, гишүүдэд А.Мөнх-оргил /Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн, Ч.Баярмаа /Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн/, Ж.Мягмар /Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн/, нарийн бичгийн даргаар Ш.Лхагваханд /Барилга захиалагчийн албаны хяналтын инженер/ гэсэн бүрэлдэхүүнтэйгээр томилсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гишүүдээс Ж.Мягмар, А.Мөнх-Оргил, Ч.Баярмаа нарыг гэрчээр байцааж, үнэлгээний хорооны дарга Л.Цэдэвсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Лхагваханд нарыг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын орлогч Б.Баатарзоригийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/433 дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хорооллын нутаг дэвсгэр орчны тохижилтонд 500.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тухайн онд 375.000.000 төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгагдсаны дагуу явуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат, Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Тунгалаг, Нийслэлийн хөрөнгө, оруулалтын газрын хяналтын инженер С.Алтантуяа, Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Н.Батсүх, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Н.Хулан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Уг байгуулагдсан үнэлгээний хорооны гишүүдээс С.Алтантуяа, Н.Батсүх, Н.Хулан нарыг гэрчээр байцаасан нь хэрэгт авагдсан байгаа болно. Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газраас тендер сонгон шалгаруулалтыг хянаад гаргасан зөвлөмж, тайлбараас үзэхэд дээрх үнэлгээний хороод нь тендерийн шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдийг шууд сонгон шалгаруулж, улмаар гэрээ байгуулах эрх олгосон ба 2011, 2012 онд улсын төсөвт "орчны тохижилт" гэсэн ерөнхий нэрээр суугдсан хөрөнгө оруулалтын зардлыг зарцуулах эрхийг шилжүүлэн авсан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас байгуулагдсан үнэлгээний хороод нь сонгон шалгаруулалтыг зарлан, зохион байгуулахдаа яллагдагч М.Тулгын хувийн ашиг сонирхолд нийцүүлж, "Хүүхдийн тоглоомын талбайн тохижилт байгуулах" ажлын тендер болгон зарлаж, түүнтэй хамаарал бүхий компаниудыг хууль зөрчиж шалгаруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад хэрэгт энэ талаар нотолсон нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр үнэлгээний хорооны гишүүдийг байцаалгаж, нотлуулахаар зааж байгаа нь үндэслэлгүй байна. Тендер сонгон шалгаруулалт зохион байгуулах үнэлгээний хорооны гишүүдийг уг хэрэгт сэжигтнээр татаж, холбогдуулан шалгах хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цаашид явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээний хорооны гишүүдээс мэдүүлэг авсныг илтэд үгүйсгэж, прокурор хянаагүй гэж дүгнэж байгаа нь шүүгч нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудтай бүрэн танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй гэж үзэхээр байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 236 дугаартай "Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэрт спорт талбай байгуулах, орчны тохижилт хийх ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн "Үнэлгээний хороо байгуулах" тухай захирамжаар үнэлгээний хорооны даргаар томилогдсон Р.Дагва, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга С.Содгэрэл нар нь бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2012 оны 9 дүгээр сарын 11, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Орчны тохижилт" СХД/ТА/236/01, 236/04, 236/05, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Улсын Их хурлын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгын хамаарал бүхий "Ар дааган", "Алтантэнгэр" ХХК-ниас боловсруулан ирүүлсэн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг үнэлгээний хорооны хуралд танилцуулан улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад "Ар дааган", "Алтантэнгэр" ХХК-иудыг тендерт хууль бусаар шалгаруулан гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, улмаар дээрх үнэлгээний хорооны хууль бус шийдвэр, дүгнэлтийг үндэслэн "Ар дааган", "Алтантэнгэр" ХХК-д нь нийт 2.239.542.455 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2.147.725.452 төгрөгийн санхүүжилтыг авч, 1.721.553.774 төсөвт өртөгөөр уг ажлыг хийж гүйцэтгэн, улсын төсөвт нийт 426.171.678 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2012 оны 9 дүгээр сарын 11, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжсэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Орчны тохижилт" СХД/ТА/236/01, 236/04, 236/05, 236/06 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Улсын Их хурлын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгын хамаарал бүхий "Ар дааган", "Алтантэнгэр" ХХК-иас боловсруулан ирүүлсэн тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй материалыг үнэлгээний хорооны хуралд танилцуулан улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад "Ар дааган", "Алтантэнгэр" ХХК-иудыг тендерт хууль бусаар шалгаруулан гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, улмаар дээрх үнэлгээний хорооны хууль бус шийдвэр, дүгнэлтийг үндэслэн "Ар дааган", "Алтантэнгэр" ХХК-иуд нь нийт 2.239.542.455 төгрөгийн төсөвт өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2.147.725.452 төгрөгийн санхүүжилтийг авч, 1.721.553.774 төсөвт өртгөөр уг ажлыг хийж гүйцэтгэн, улсын төсөвт нийт 426.171.678 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Р.Дагва, С.Содгэрэл нар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад " энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн" нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан. Энэ нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт "хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол" гэж зааснаар тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, тэдэнд ял завшуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Яллагдагч Р.Дагва, С.Содгэрэл нарын холбогдсон дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дууссан байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Түүнчлэн үнэлгээний хорооны хууль бус шийдвэрийн улмаас улсад их хэмжээний хохирол учирсан боловч уг хохирлоос үнэлгээний хорооны гишүүд нь хувь авсан гэх үйлдэл нотлогдоогүй, яллагдагч нарын арилжааны банкны дансанд нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол шилжиж орсон байдаг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийг хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн гэж үзэж иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзсэн.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Д.Золжаргал нь "...Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргалын 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаартай тушаалаар Л.Цэдэвсүрэн нь Үнэлгээний хорооны даргаар, Ш.Лхагваханд нь үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Ттай үгсэн тохиролцож, 2012 оны Төсвийн тухай хуульд үндэслэлгүйгээр тусгагдсан Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамны сайдын багцад "Сургууль, цэцэрлэг" /Улаанбаатар, Сонгинохайрхан/ 1.380.000.000 төгрөгөөр тусгагдсан хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх тендерт "Ар дааган" ХХК-ийг хууль бусаар шалгаруулж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 422.337.010 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчийн үүрэгтэй хамтран оролцсон болох нь нотлогдож байна гэж дүгнэн хэрэг бүртгэлтийг дуусгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргаж прокурорт ирүүлсэн байдаг. Прокурор хэргийг хянахад Ш.Лхагваханд, Л.Цэдэвсүрэн нарын үйлдсэн дээрх хэрэгт цаашид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгон ахлах мөрдөгч, ахлах комиссар Д.Золжаргалын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан Ш.Лхагваханд, Цэдэвсүрэн нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай саналыг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 16,17 дугаартай "мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч "гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн хаа байгаа нь тодорхой" гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт гаргахаар заасан. Прокуророос Ш.Лхагваханд, Л.Цэдэвсүрэн нарыг Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тэднийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй тул тэдэнд холбогдох хэргийг шийдвэрлэсэн тогтоол гаргах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

М.Т, Д.Энхсайхан нарын 400.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж, компьютер, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйл, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх нийлүүлэгчийг шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу харьцуулалтын аргаар нэр бүхий компаниудад урилга явуулж, үнийн санал авч, уг төслийг 14 хэсэг болгон хэрэгжүүлсэн болохыг шалгаж тогтоосон нотлох баримт нь 48-52 дугаар хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байхад шүүгч захирамжиндаа уг асуудлыг шалгуулахаар заасан нь үндэслэлгүй болжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдын 2011 оны 72 тоот захирамжаар 2011 онд Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 42 дугаар сургуулийн гадна мини парк байгуулах тендерийн үнэлгээний хорооны даргаар Р.Дагва, гишүүдээр үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга О.Баасансүрэн, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн тохижилт хариуцсан мэргэжилтэн Б.Батдорж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер Б.Од-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Ч.Баттулгыг томилсон байдаг. Тус үнэлгээний хорооны шийдвэрээр “Комфорт имфекс” ХХК-ийг сонгон шалгаруулсан байдаг. Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Баттулгыг тендер сонгон шалгаруулалттай холбоотой гэрчээр байцаасан. /13-р хх-ийн 56-57 дугаар талд/ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас 2011 онд улсын төсвөөс санхүүжигдэх Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, 42 дугаар сургуулийн хажууд Цэнгэлдэх хүрээлэн байгуулах, орчны тохижилт хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүд нь тендерийн баримт бичиггүйгээр, тендер сонгон шалгаруулалт зарлаж, М.Тулгын хамаарал бүхий Ө.Пүрэвбаатарын "Комфорт" Импекс ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг үндэслэн 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулж, 2011 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 487.345.546 төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, 459.644.712 төгрөгийн санхүүжилт авснаас 363.146.617 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэсний улмаас улсын төсөвт 96.498.095 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 5/6221 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, тайлбарт /2011 онд зарласан Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн дэргэд Мини парк байгуулах гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын захиалагчийн боловсруулсан тендерийн бичиг баримт байхгүй байх тул тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэхэд зөвлөмж, тайлбар гаргах боломжгүй байна гэсэн /1-р хх-ийн 156-158 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 04/1583 дугаартай албан бичиг /19хх-ийн 6 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны газраас 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 311 дугаартай албан бичиг, хавсралт /18хх-208-249, 19хх-ийн 1-5 дугаар тал/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй тул М.Тд холбогдох хэргээс дээрх үйлдлийг 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нарийн бичгийн даргаар ажилласан гэх Баттулгыг дээрх хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлгүй байна. Түүнчлэн “Комфорт Имфекст” ХХК-тай холбоотойгоос бусад үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар С.Содгэрэл томилогдон ажилласан бөгөөд үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга солигдсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй юм.

М.Тд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Э.Т, Н.Э, Б.С нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны шинэчилсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан " үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэсэн заалтыг баримтлан яллагдагч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй юм. 2002 оны Эрүүгийн хуульд заасан зүйл, хэсгээр зүйлчлэх нь яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байддыг дээрдүүлсэн тохиолдолд, өмнөх хуулийг буцаан хэрэглэхдээ одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан "хууль буцаан хэрэглэх" гэх үндэслэлийг баримтлан ял сонсгосон хуулийг нэг мөр хэрэгжүүлэн ажилласан гэж үзэж байна.

Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд заасны дагуу хохирогч, яллагдагч, тэдний өмгөөлөгчид 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн талаарх нотлох баримт 62 дугаар хавтаст хэргийн 205-222 дугаар талд авагдсан байна. Яллагдагч М.Тд хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн ба тэрээр 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр "...3 яллагдагч, өмгөөлөгчийн хамт танилцсаны дараа танилцана..." гэсэн тэмдэглэл бичсэн, 10 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд хэргийн материалтай танилцах эрхийг хангахаар удаа дараа залгахад утсаа аваагүй талаар мөрдөгч тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан байна. Яллагдагч М.Н.Эт 2017 оны 10 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд танилцах талаар мэдэгдэж, хэргийн материалтай танилцах эрхээр хангасан байх боловч хэргийн материалтай танилцаагүй, яллагдагч Б.С нь хэргийн материалтай танилцахгүй, өмгөөлөгч танилцана гэсэн байна. Яллагдагч Б.Сгийн өмгөөлөгч Б.Ганпүрэв нь 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 14 цагт хэргийн материалтай танилцах хүсэлтэй байгаа талаар хүсэлт гаргасан, мөн өдөр байцаагчийг байцаалтанд орсон гэх шалтгаанаар буцсан гэх боловч 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хэргийн материалтай танилцах боломжтой байсаар байхад хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй, прокурор яллах дүгнэлт үйлдсэний дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх явцад хэргийн материалтай танилцах хүсэлтээ прокурорт гаргасан байдаг. Яллагдагч Э.Т нь хэргийн материалтай танилцаж эхлээгүй атлаа 2 хоног хүрэлцэхгүй талаар тэмдэглэл бичиж, өмгөөлөгч А.Зүмбэрэл нь 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 9-12 цагийн хооронд 2 хавтаст хэргийн материалтай танилцаж, хэргийг прокурорт шилжүүлэх хүртэл хугацаанд хавтаст хэргийн материалтай танилцаагүй байна. Мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "... хэргийн материалтай оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж нөхцөлийг бүрдүүлнэ..." гэж заасны дагуу хэргийн материалтай танилцах боломж нөхцөл, цаг хугацааг хэргийн оролцогч нарт нэгэн адил олгож, мөрдөгчөөс тогтоосон цаг хугацаанд хохирогч Л.Амгалан, Ж.Оргилсайхан, яллагдагчаар татагдан шалгагдсан Р.Дагвын өмгөөлөгч н.Тэгшжаргал, М.Энхсайханы өмгөөлөгч Л.Цэндсүрэн болон яллагдагчаар татагдан шалгагдсан С.Содгэрэл нь хэргийн материалтай танилцаж, өөрт хамаарал бүхий нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлан авахаар хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн байдаг. Мөн прокурор хэргийг хүлээн аваад оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэхийг хянаад дээр дурдсан нөхцөл баримтуудаас нэр бүхий яллагдагч, тэдний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн материалтай танилцах эрхээ илтэд хэрэгжүүлэхгүй байх санаа зорилгыг агуулж байна гэж дүгнэж, хэргийн оролцогч нар нь хэргийн материалтай танилцах эрхээ эдлээгүй асуудлыг мөрдөгчид үүрэг болгон хэрэгжүүлэх үндэслэлгүй гэж үзсэн. Хэргийн оролцогч нарын зүгээс мөрдөгчөөс "...хавтаст хэргийн материалтай танилцах цаг хугацаа боломжоор хангасан эсэх байдал, тогтоосон цаг хугацаанд хавтаст хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцах боломжгүй байгаа эсэх ..." гэх асуудлаар прокурорт хандаж, гомдол гаргаж байгаагүйг дурдах нь зүйтэй.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Амгалан нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1.105.048.189 төгрөгийг нэхэмжилсэн. Яллагдагч М.Тас түүний гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгөнөөс Д.Батзориг нь 500.000.000 төгрөгийг зээлсэн гэх ба уг 500.000.000 төгрөгийг яллагдагч М.Тулгын гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын Төрийн сан банкны дансанд 500.000.000 төгрөгийг төлүүлсэн талаарх баримт 18 хх-ийн 68-70 дугаар талд авагдсан, мөн хохирол нөхөн төлүүлэх, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор яллагдагч М.Тулгын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын ХД366-57 тоот 76,8 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн Ү-2204054580 дугаартай 142.935.000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, /40хх-ийн 202-203 дугаар тал/, иргэний хариуцагч М.Энхсайханы эзэмшлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хорооллын 902-61 тоот 38,5 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийн Ү-2202046333 гэрчилгээтэй, 73.484.500 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг тус тус битүүмжилсэн./2хх-ийн 195-207 дугаар тал/  Шүүгчийн захирамжид заасан "... Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах тухай хуулийн заалтын хэрэгжилтийг бүрэн хангах чиглэлд хийх ажиллагааг нягтлах, шалгах нь зүйтэй .." гэсэн нь ойлгомжгүй, үндэслэл муутай болжээ. Учир нь, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн ямар асуудлыг шалгуулж, нягтлуулахаар зааж байгаа нь тодорхой бус байна.

Уг эрүүгийн хэрэгт мөрдөгчөөс тендерийн баримт бичигт хуульд заасан үндэслэл, журмын дагуу үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл үйлдэж, бэхжүүлэн авч хэрэгт хавсаргасан бөгөөд уг тендерийн баримт бичгийг Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газарт хүргүүлж, тус газрын мэргэжилтэн З.Энхболдоос 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зөвлөмж тайлбар /1хх-ийн 147-150 дугаар тал/, мэргэжилтэн Б.Намжилмаагаас 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зөвлөмж тайлбар /1 хх-ийн 157-159 дүгээр тал/-ыг гаргуулсан. Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газраас зөвлөмж тайлбаруудыг гаргахдаа, тендер сонгон шалгаруулалтын баримт бичигтэй танилцаж, түүний үндсэн дээр уг тендер сонгон шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн талаар нэг бүрчлэн тусгасан, яллагдагч нараас мөн хуулийн ямар заалтыг зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн талаар тодорхой дүгнэлт хийж бичсэн байхад шүүхээс холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актуудыг хуулбарлан авч хэрэгт хавсаргах талаар заасан нь ойлгомжгүй. Прокуророос тухайн хэрэгт хяналт тавьж, улмаар яллах дүгнэлтэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны дагуу хавтаст хэргийн хэд дүгээр хуудсанд авагдсан ямар нотлох баримтаар яллаж байгаа талаар дэлгэрэнгүй дурдсан байгаа нь шүүгчийн захирамжийн энэхүү заалт үгүйсгэгдэнэ.

Шүүгч уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудаас аль заалт нь бүрэн нотлогдоогүй байгаа, прокуророос уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хянавал зохих асуудлыг хянаж, улмаар хуульд заасны дагуу дотоод итгэлээрээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэн хэргийг хянан хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр шүүхэд яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн. Гэтэл шүүхийн энэхүү заалт нь хэт ерөнхий агуулгатай, үндэслэл муутай, шүүгч хэрэгт ямар ажиллагааг хийлгэхээр зааж байгаа нь тодорхойгүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор биечлэн оролцож яллагдагч, тэдний өмгөөлөгч нарын зүгээс гаргасан хүсэлт болон шүүгчийн санаачилгаар хийгдсэн урьдчилсан хэлэлцүүлэгт хамаарах асуудлаар тухай бүр нотлох баримттай тайлбар хэлсэн боловч хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид прокуроруудаас гаргасан тайлбарыг дурдаагүй, шүүхээс прокурорын гаргасан тайлбарыг хэрхэн няцааж байгаагаа болон нэмэлт ажиллагаа хийлгэх болсон үндэслэл шалтгааны талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсныг дурдах нь зүйтэй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүлээн авч, захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэх үндэслэлгүй байна.

Иймд Сонгинохайран дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 ны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1163 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч М.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд сонсгосон зүйлийн талаар 9 сард мэдсэн. Намайг 5 сар хорьсон. Өнөөдрийг хүртэл ямар хэрэгт холбогдсон эсэхээ мэдээгүй байсан. Миний зүгээс ямар нэгэн тендер будлиантуулсан, нөлөөлсөн зүйл байхгүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2014 онд уг хэрэгт холбогдож 2017 оны 10 дугаар сарын эхээр ямар хэрэгт холбогдсон талаар мэдэж, зүйл, хэсгийг сонссон. Ямар хэрэгт холбогдсоноо мэдэлгүй явж байгаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт орсон. Шүүгчийн захирамжтай санал нийлж байна. Мөрдөн байцаалтад буцааж, хэргийн материалтай танилцах зэрэг бусад эрхийг хангаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорт буцаах саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Тендерийн хороонд нөлөөлсөн гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Бүх зүйлийг шалгаж болдоггүй юм уу гэв. ...” гэв.

Шүүгдэгч Э.Тын өмгөөлөгч А.Зүмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Э.Т луу мөрдөгчөөс хэргийн материалтай танилцуулах талаар биш ирж уулзаач ээ гэж ярьсан байдаг. Э.Т нь над руу ярьж, бид хоёр 10 дугаар сарын 4-ний өдөр очсон. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан, хэргийн материалтай танилц гэж шаардлага тавьж, хоёр цагийн хугацаанд танилцаж, дараа өдөр, түүний дараа өдөр нь шүүх хуралдаантай байсан учраас танилцах боломжгүй тайлбараа хэлэхэд энэ талаар сунгах байх гэж амаар тайлбар өгсөн. Ингээд хэргийн материалтай дахин танилцуулах байх гэсэн ойлголттой байтал тухайн өдрөө хэргийг шилжүүлэх шийдвэр гаргасан. Иймд танилцах нөхцөлөөр хангаагүй. Шүүгчийн захирамж үндэслэлтэй. Прокурорын эсэргүүцэлд заасан гэмт хэргийн цаг хугацааны хувьд төгссөн талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний зүгээс болон бусад өмгөөлөгчийн хүсэлт болон шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан. Цаг хугацааны хувьд 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Авилгатай тэмцэх газар очиж 10 дугаар сарын 4-ний өдөр хэргийн материалтай танилцах хүсэлтээ гаргаж, 4-ний өдрийн 15 цагт очтол мөрдөгчөөс “байцаалттай байгаа учраас хэргийн материалтай танилцуулах боломжгүй байна” гэсэн. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт очиж хэргийн материалтай танилцах гэсэн боловч Ш.Баярбилэг прокурорыг эзгүй гэдэг шалтгаанаар мөн намайг буцаасан. Энэ талаар бүртгэл байгаа. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөн дахин очиход “хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байгаа” гэсэн тайлбарыг гаргаж, миний зүгээс хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтээ гаргасан. Гэтэл хэрэг шүүхэд шилжсэн гэдэг шалтгаанаар хүсэлтийг хангахаас татлгалзсан. Энэ шийдвэртээ холбогдуулан гомдол гаргасан. Мөрдөн байцаагч, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчдыг хэргийн материалтай танилцуулах талаарх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. ...” гэв.

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос хэрэг шүүхэд шилжих үед өмгөөлөгчөөр оролцсон. Шүүхэд очиж танилцах гэхээр “шүүгч танилцаж байгаа” гэсэн учраас өнөөдрийг хүртэл хэргийн материалтай танилцаагүй. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн материалтай танилцуулаагүй гэсэн хүсэлт гаргаснаар шүүгчийн захирамж гарсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй, захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх М.Т, Э.Т, Б.С, Н.Э нарт холбогдох хэргийг прокурор Ш.Баярбилэг, М.Гансувд нарын хамтран бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

М.Т, Э.Т, Б.С, Н.Э нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 2, 4, 5, 6, 7 дахь заалтуудыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.  

Харин шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 3 дахь заалтад “...Яллах дүгнэлтэд нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийн зүйлчлэл хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан атлаа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар зүйлчилсэн нь ойлгомжгүй. Хэрэв яллагдагч нарт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй гэж журамлаж байгаа бол холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсгээр өөрчлөх ёстой болно. ...” гэсэн нь хууль зүйн үнэслэлгүй болжээ.

Яллах дүгнэлтэд “... М.Т нь тендер сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гишүүдэд нөлөөлж ...” гэсэн байх боловч хэрхэн, яаж нөлөөлсөн байдал буюу энэ талаарх үйл баримт тодорхой биш байна.

Тендер сонгон шалгаруулах үнэлгээний комисст хэдэн гишүүн оролцсон, тэд олонхийн саналаар, эсхүл санал нэгтэйгээр ямар компанийг сонгосон, сонгон шалгаруулалт хийхдээ ямар нөлөөнд автсан /хахууль авах, дарамт шахалтад орсон, зарим гишүүд нь хуурамч материал танилцуулж, бусад гишүүдээ хуурсан зэрэг/ байдлыг дүгнэж, яллах дүгнэлтэд дэлгэрэнгүй тусгах.

Дээрх нөхцөл байдлыг тогтоох зорилгоор, Тендер сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гишүүдээс нэг бүрчлэн мэдүүлэг авахаар заасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн заалт үндэслэлтэй.

Мөн яллах дүгнэлтэд “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар татгалзах ёстой байхад ...” гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалт нь, захиалагч тендерээс татгалзах асуудалтай холбоотой заалт бөгөөд Тендер сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гишүүд яагаад энэ хуулийг хэрэгжүүлээгүй нөхцөл байдлыг шалган тогтоож, энэ байдалд гишүүн бүр ямар хариуцлага хүлээх талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. 

Прокурор эсэргүүцэлдээ, Тендер сонгон шалгаруулах үнэлгээний комиссын зарим гишүүдийг яллагдагчаар татаж болохгүй, үйлдсэн хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдалд орсон талаар дурджээ.

Тендер сонгон шалгаруулах үнэлгээний комиссын хэн гэдэг гишүүн сонгон шалгаруулалтад хэрхэн нөлөөлж, хууль бус үйлдэл хийсэн, уг хууль бус үйлдэл нь М.Т нарын үйлдэлтэй хэрхэн холбогдож байгаа талаар яллах дүгнэлтэд заагаагүй бөгөөд дүгнэлт хийгээгүй байна.

Гэм буруутай нь нотлох баримтаар хангалттай нотлогдсон хүний хэргийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэх ба улмаар уг зүйл, хэсэгт заасан ялын хэмжээ, ямар гэмт хэргийн ангилалд хамаарч байгаагаас шалтгаалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох асуудлыг шийдвэрлэх учиртай.

Гэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын зохицуулалтыг анхааран үзэх нь зүйтэй.

Иймд, гэм буруутай байж болзошгүй хүмүүсийг хэрэгт холбогдуулан шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг хөдөлбөргүй тогтоох нь зүйтэй.

Тендер сонгон шалгаруулах үнэлгээний комиссын гишүүдийн сонгон шалгаруулалт явуулсан үйлдэлд Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл хахууль авах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох.

Яллах дүгнэлтэд “... хууль бусаар гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргуулан ...” гэж заасан бөгөөд энд заасан хууль бус гэдэгт ямар нөхцөл байдлыг хамааруулсан, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг ямар албан тушаалтан гаргасан, уг үйлдэл нь хууль, дүрэм, журам зөрчсөн талаар,

мөн яллах дүгнэлтэд “... тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй ...” гэж заасан боловч тендерийн ямар баримт бичиг нь ямар хууль, дүрэм, журмын шаардлага хангаагүй болохыг тус тус заагаагүй байх тул энэ байдлыг тодруулан яллах дүгнэлтэд тодорхой заах.

Яллах дүгнэлтэд “... М.Тулгыг Улсын Их хурлын гишүүн М.Алтанхуягийн зөвлөхөөр томилогдон ажилаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан ...” гэсэн боловч М.Т нь Тендер сонгон шалгаруулах үнэлгээний комиссоос хууль бус шийдвэр гаргахад Улсын Их хурлын гишүүний зөвлөхийн албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан талаархи байдлын үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийгээгүй байх тул үйл баримтыг тодорхой зааж, яллах дүгнэлтэд тусгах нь зүйтэй.

Тендерүүдийн багцыг задалж, 50.000.000 төгрөгөөс доош үнийн дүнтэй 14 хэсэг, жижиг тендер хэрэгжүүлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх, уг үйлдэлд хэн хэн ямар байдлаар оролцсон нөхцөл байдлыг шалгаж, бусад үйлдэлтэй холбон үзэж, яллах дүгнэлтэд заах.

2011 онд зарласан Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн дэргэд “Мини парк” байгуулах гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын захиалагчийн боловсруулсан тендерийн бичиг баримт байхгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх ба захиалагчийн боловсруулсан тендерийн бичиг баримт байхгүй байгаа нөхцөл байдлыг болон уг тендертэй холбоотой бусад нөхцөл байдлыг шалгаж, гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийх.

Гэрч С.Алтантуяа “... Конфорт импекс компани ажлаа чанаргүй, дутуу хийсэн, ажлаа хийж дуусгаад санхүүжилт авах талаар гүйцэтгэгчид хэлсэн талаар Төмөрчулуун даргад хэлсэн. Төмөрчулуун дарга мөнгийг нь олго, Алтанхуяг гишүүн дарамтлаад байна гэсэн. ...” /12 дугаар хавтас, 174 дүгээр хуудас/,

М.Т нь яллагдагчаар “... ХБО ХХК-ийг шалгаруулах боломж байна уу гэж хэлээд Үнэлгээний хорооны нарийн бичиг Хулангийн үүдний ширээн дээр 1 сая төгрөг орхиод гарсан. ... Э.Т нь Сайнтөгсөөс мэдээлэл авдаг байсан. ...” гэсэн /16 дугаар хавтас, 25 дугаар хуудас/ мэдүүлэг тус тус өгсөн байна.

М.Т, Хулан нарын дээрх үйлдэл нь хээл хахуулийн гэмт хэргийн шинжтэй эсэх, түүнчлэн албан тушаалтануудаас дарамт, шахалт үзүүлж Тендер сонгон шалгаруулахад нөлөөлж байсан эсэх, Сайнтөгс нь Тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд ямар чиг үүрэгтэй ажиллаж байсан, ямар мэдээллийг өгч байсан, уг байдал нь тендер сонгон шалгаруулалтад нөлөөлж байсан эсэхийг шалгах.

Иймд Прокурор Ш.Баярбилэг, М.Гансувд нарын хамтран бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлийн 3 дахь үндэслэлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1163 дугаартай захирамжийг хэвээр үлдээв.