Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 444

 

 

 

 

 

 

 

 

 

2020           06          08                                   2020/ШЦТ/444 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Г.Б,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Халх овогт Ганбатын Буянжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000499 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 9536 тоотод оршин суух, урьд нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 295 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Халх овогт Г.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:  яллагдагч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б  2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 19-999э тоотод согтуугаар тодорхой шалтгаангүйгээр Х.Мөнхдоржийг нүүр, хүзүү хэсэгт цохих, маажих зэргээр бие махбодид нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Х.Мөнхдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  "...2020 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө 07-08 цагийн үед Буянжаргал, Наран, Лхагвадорж нартай манай гэрт 3 шил 0,75 граммын Их Монгол нэртэй архи уусан. Архи ууж байхдаа юу болсныг сайн санахгүй байна, нэг мэдэхэд Буянжаргал миний дээр суучихсан, миний нүүр, хүзүү рүү цохиж, маажиж байсан. Миний үүдэн шүднүүд хиймэл болохоор уруулд цохиход хавсраад их цус гарсан. Буянжаргалын хамраас цус гарсан байсан, яагаад гарсныг мэдэхгүй, би согтуудаа юу болоод байгааг ойлгоогүй тул эсэргүүцэл үзүүлж чадаагүй, гэхдээ хамарт нь цохисон байж магадгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй, дүгнэлтэнд дурьдсан гэмтлүүдийг Буянжаргал учруулсан, түүнд гомдолгүй" гэх мэдүүлэг. /хх-ийн 15-18х/,

- гэрч Г.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...2020 оны 4 дүгээр сарын 29-ний орой 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрт хүнгүй, хаалга онгорхой, баруун талын орны урд шалны хулдаасан дээр цус болсон, мөн орон дээр байсан хөнжил цус болсон байсан. Би шалны цусыг нь цэвэрлэсэн байхад цагдаа нар ирсэн. Манай нөхөр Х.Мөнхдорж ер нь тэр хавийн хүмүүстэй нийлж архи уугаад байдаг юм" гэх мэдүүлэг. /хх 25-26х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Золжаргалын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5307 дугаартай "Х.Мөнхдоржийн биед уруулд шарх, баруун зүүн нүдний доод зовхи, цээж, баруун бугалганд цус хуралт, зүүн хацар шанаа, хүзүү, баруун чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, Х.Мөнхдоржийн биед учирсан уруулын шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, харин бусад гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" " гэх дүгнэлт /хх-ийн 28-29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г.Бд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч Халх овогт Г.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бд 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Г.Бд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаагаас /6/ дээшгүй цагаар эдлүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

             

              4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

             

              5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

              6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Б урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ