Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1411

 

 

 

 

 

 

 

 

   2020        07           31                                  2020/ШЦТ/1411

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч К.Чимгээ,

Шүүгдэгч Ч.Э,

Шүүгдэгч Б.Ш түүний өмгөөлөгч Д.Батдорж нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Ш, Ч.Э нарт холбогдох эрүүгийн 2006 00000 1785 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны подвальд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Этай харилцан зодолдож, аяга авч шидсэний улмаас Ч.Эын биед тархи доргилт, зүүн хөмсөг, хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;

 

Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны подвалд Б.Шд аягаар цохиулж, гэмтэл авч, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсний дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 14-ний шөний 00 цагийн орчим тус эмнэлэгийн үүдний сааданд Б.Штай маргалдаж, нүүр рүү нь өшиглөснөөс Б.Шгийн биед хамар ясны хугарал, зүүн хөмсөг, духанд зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б Ш мэдүүлэг /хх-3-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7114 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-11-12/, яллагдагч Ч.Эын мэдүүлэг /хх 24-26/, хохирогч Ч.Эын мэдүүлэг /хх 3-6/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7069 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх 11-12/, яллагдагч Б.Шгийн мэдүүлэг /хх 24-26/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны подволд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Этай харилцан зодолдож, аяга авч шидсэний улмаас Ч.Эын биед тархи доргилт, зүүн хөмсөг, хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;

 

Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны подвалд Б.Шд аягаар цохиулж, гэмтэл авч, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсний дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 14-ний шөний 00 цагийн орчим тус эмнэлэгийн үүдний сааданд Б.Штай маргалдаж, нүүр рүү нь өшиглөснөөс Б.Шгийн биед хамар ясны хугарал, зүүн хөмсөг, духанд зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Эын “...2020 оны 06 дугаар сарын 13-ны орой манай найз Шинээ намайг дуудсан юм. Тэгээд би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны подволд найзындаа ирсэн. Намайг ирэхэд Ш найзууд гэх Ш болон бас танихгүй 2 залуугийн хамт пиво ууцгааж байсан. Бид 5 нийлээд 2.5 литртэй сэнгүр пивноос 3-ыг ууж байхад нэг залуу нь гараад явсан. Ш гэгч нь Ш бид хоёрт томроод та нар бол миний хэмжээнд хүрэхгүй гээд манай найз Шг цохиод байсан. Тэгээд Ш гэгч нь гарч явах гэж байгаад аяга авч шидээд аяга нь миний хөмсөгний гол хэсэг хзцар болон хамрыг зүссэн. Би гэмтэл орж эмнэлэгт үзүүлээд хөмсөгний гол хэсэгт 7 оёдол тавиулсан” /хх-6-7/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Доржтовуугийн “...Найз Эрдэнэбүрэнгийн гэрт хонож байхад түүний ах нь залгаад бид хоёрыг гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир гэж дуудахаар нь би найзтайгаа хамт очиход түүний ах нь хүнд зодуулсан гээд зураг авахуулж, оёдол тавиулна гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ах нь эмнэлэгийн үйлчилгээ аваад эмнэлэгээс гарч ирсэн” /хх 16-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Азжаргалын "...Эрдэнэбат гаднаас эрүүл орж ирээд хамт уусан ба тэд нар нэмж 1 том пиво, 2 шил 0.75 хэмжээтэй архи ууцгаасан. Тэгж байгаад нилээн согтоод Э, Ш хоёр маргалдаад Э аяга шидэхэд Ш н дух орчимд оноод шалбарсан. Ш зөрүүлээд аяга аваад шидэхэд Эрдэнэбатын нүүрийг оноод түүний хамар, хөмсөгний дээд тал орчимыг сэтлээд цус гараад байсан. Тэгээд тэр 2 салсан ба Э цагдаа дуудаад би 103 руудуудлага өгсөн. Тэгээд 103 ирээд Э, Ш бид хэдийгаваад явсан” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7069 дугаартай шинжээчийн “Ч.Эын биед тархи доргилт, зүүн хөмсөг, хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй ” /хх 24-25/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яплагдагч Б.Шгийн мэдүүлэг /хх-24-26/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Шгийн "...2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байгаад амралтаараа Улаанбаатар хотод ирсэч. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковт найз Шинэбаяр нь өрөө хөлсөлж амьдардаг ба би тэдний гэрт очсон. Намайг очиход Ш, Сайнхүү, Тэлмүүн нар пиво ууж байсан. Тэгээд удалгүй 40 минутын дараа Э ирээд бид нар хамт пиво уусан. Эг ирэхэд Сайнхүү зөрөөд гараад явсан. Бид 4 үргэлжпүүлээд 6 сав 2.5 литр хэмжээтэй пиво, 2 шил 0.75л хэмжээтэй архи уусан. Бид нар нилээн согтоод би дүүрүүгээ залгаад ирээд ав гэж хэлээд Шт явлаа гэж хэлэхэд Ш намайг явуулахгүй гээд бид 2 маргалдсан. Тэгтэл бид хоёрын дундуур Э орж ирээд би Этай маргалдсан. Эхлээд Эрдэнэбат надруу хутга барьж дайрахаар нь Азжаргал хутгыг нь аваад нуусан. Тэгтэл пиво ууж байсан шаазан аягаар миний дух хөмсөг рүү 2 удаа цохихоор нь Азжаргал салгаад түүний гараас аягыг нь авахаар нь би намайг цохьсон аягыг түүн рүү шидэхэд нүүрэн тус газар нь оносон. Тэгтэл Тэлмүүн намайг гаднаас орж ирээд аваад явсан. Удалгүй 30 минутын дараа Азжаргал яриад гэмтлийн эмнэлэг дээр байна хүрээд ир гэхээр нь очсон. Э эмнэлэгээс гарч ирээд намайг зодсон. Би нүүрээ дараад доошоо тонгойход миний нүүр рүү хэн нэг нь өшиглөсөн. Би Эрдэнэбатыг өшиглөсөн гэж бодож байна.” /хх 10-13/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Азжаргалын “...Э гаднаас эрүүл орж ирээд хамт уусан 5а тэд нар нэмж 1 том пиво, 2 шил 0.75 хэмжээтэй архи ууцгаасан. Тэгж байгаад нилээн согтоод Э, Ш хоёр маргалдаад Э аяга шидэхэд Шинэдаваагийн дух орчимд оноод шалбарсан. Шинэдаваагийн нүүр рүү хэн өшиглөснийг хэраагүй, ямар ч байсан хамраа дараад тонгойж байсан. Би Эг өшиглөсөн байх гэж бодож байна” /хх 20-21/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн  Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7114 дугаартай шинжээчийн “Б.Шгийн биед хамар ясны хугарал, зүүн хөмсөг, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ” /хх 30-31/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Эын мэдүүлэг /хх 24-26/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.Ш нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны подвальд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Этай харилцан зодолдож, аяга авч шидсэний улмаас Ч.Эын биед тархи доргилт, зүүн хөмсөг, хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;

 

Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 12 дугаар байрны подвалд Б.Шд аягаар цохиулж, гэмтэл авч, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсний дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 14-ний шөний 00 цагийн орчим тус эмнэлэгийн үүдний сааданд Б.Штай маргалдаж, нүүр рүү нь өшиглөснөөс Б.Шгийн биед хамар ясны хугарал, зүүн хөмсөг, духанд зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Э, Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Э, Б.Ш нар нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Э, Б.Ш  нар нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Э, Б.Ш нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Ш, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш, Ч.Э нарыг тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш, Ч.Э нар нь тус тус шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш, Ч.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Ш, Ч.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш, Ч.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ш, Ч.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА