Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 453

 

 

 

 

 

 

 

 

 

2020          06        10                                   2020/ШЦТ/453

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч А.Баярмаа,

нарийн бичгийн даргаар Б.Тэргэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Ганцэцэгийн Өсөхбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911030550362 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8-108 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогтой Г.Ө

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Ө нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 8-108 тоотод хохирогч П.Пүрэвсайхан болон бусад хүмүүстэй нийлж урьд өдөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоноод, улмаар өглөөний 09.00 цагийн орчим хохирогчтой хоёул хамт байхдаа хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт үйлдэл хийсэн болох нь: 

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Өын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  

- хохирогч П.Пүрэвсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...Өсөхбаярын гэрт очоод 2 том пиво Өсөхбаяр, Бат-Эрдэнэ бид гурав хувааж уусан, манай дүү найз хоёр нь маргааш өглөө нь хичээлтэй гээд эрт унтаад өгсөн огт пиво уугаагүй, ...унтахаар болоод Өсөхбаяр Бат-Эрдэнэ хоёр газраар унтсан, орон дээр би манай дүү найз нь бид гурав унтсан, бараг 3 цагийн үед унтсан байх, өглөө манай дүү 7 цагт хичээлтэй байсан болохоор өглөө эрт явсан байх яг хэдэн цагт явсанг нь би мэдэхгүй байна. Би өөрөө өглөө 09 цагийн үед сэрсэн, намайг сэрэхэд гэрт Өсөхбаяр бид хоёр л үлдсэн байсан, Бат-Эрдэнэ намайг өглөө явья гэж дуудсан боловч би сэрээгүй гэсэн. Учир би өмнөх өдөр ажилтай байсан болохоор тэрэндээ ядраад нам унтсан байсан. Тэгээд би өглөө сэрчихээд өнөөдөр хичээлгүй шүү дээ очиж хувцас хунараа угааж хичээл номоо хийе дээ гээд явах гэсэн боловч Өсөхбаяр намайг явуулахгүй гэсэн, тэгэхээр нь би юу яриад балайраад байгаа юм бэ? Би энд юу хийж байдаг юм гэсэн чинь намайг ор луу түлхсэн, тэгээд намайг орон дээр түлхээд дээр гарч хоёр гар хөлөн дээр дарсан, тэгээд би бараг Өсөхбаярыг эсэргүүцэж бараг 1 цаг болсон, би бүр сүүлдээ тэнхэлгүй болоод найз нь 3-н сартай жирэмсэн чи битгий тэгэлдээ гэж орилж чаралсан боловч тэр чинь надад хамаагүй гээд дайраад байсан, тэгээд би утсаа авах гэсэн боловч миний гар хүрэхгүй газар утас тавьчихаад надад өгөхгүй байсан. Тэгээд би ус уумаар байна, толгой тархи өвдөөд байна, миний хэвлий орчим өвдөөд байна, эмч дуудья, тусламж авмаар байна, хоёулаа эсвэл гадаа гарья гэж хэлсэн боловч миний дээрээс буулгүй, би тавьмаар байна, согтуу хүн тийм амархан тавьдаггүй, би тавьж байж л сална гэсэн, би Өсөхбаярыг болиоч ээ буугаач ээ гэсэн боловч огт тоолгүй бараг 30-40 минут өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэнрүү хийж хөдөлсөн. Тэгээд нэг босож ус уучихаад ахиж ирээд дахин миний дээр гарч дахин хүчирхийлж эхэлсэн.Тэгээд би Өсөхбаярт би болохоо больлоо бөөлжлөө би 00 ормоор байна, би явахгүй миний утас хувцас хунар тэр чигээрээ байж байгаа, би тавчиктай 00 орчихоод ороод ирье гэсэн чинь үгүй цуг гарна гээд 00-н цаас аваад цуг гарсан, тэр үед миний утас дугараад байсан болохоор манай ээж байна би хичээлтэй гээд хэлчихсэн чимээгүй газар ярьж болохгүй ш дээ гадаа гараад ярьмаар байна гээд дагуулж гарсан.Тэгээд жорлонд сууж байхдаа Өсөхбаярыг чи ороод 00-н цаас аваад ир гэсэн. Тэгээд Өсөхбаяр гэрлүүгээ орж      00-н цаас аваад гарч ирсэн, тэгээд би Өсөхбаярт чи миний утсыг аваад орж бай би явахгүй ээ гээд Өсөхбаярыг гэрлүү нь оруулсан. Тэр хооронд хашааных нь хаалгыг онгойлгоод зугтсан. ...дур тавиагүй болохоор миний үтрээнээс Г.Өын эр бэлгийн эс ДНХ илрээгүй байх. Өсөхбаярт хүчиндүүлэхээсээ өмнөх өдөр нь билүү урьд өдөр нь нөхөртэйгээ хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон шиг санагдаж байна. Магадгүй миний үтрээнээс илэрсэн эр бэлгийн эс манай нөхрийнх байх магадлалтай..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8х, 53х/,

- гэрч П.Энхмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...эгч Пүрэвсайхан, Өсөхбаяр гэх залуу хоёр тэндээ унтаад үлдсэн. ...тэгээд хичээлээ тараад орой гэртээ очсон чинь эгч Пүрэвсайхан нь надад Өсөхбаяр намайг гэртээ хүчирхийлсэн, хүчиндсэн. Ерөнхийдөө бол бараг 1 цаг орчим хэрцгий үйлдэл гаргаж, тамалсан гэсэн утгатай зүйлийг ярьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 10х/,

- гэрч Б.Төгсжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  "...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчим би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны цагдаагийн хэсэг дээр ажлын байран дээрээ иргэнээс мэдүүлэг аваад сууж байхад гаднаас 20 гаран насны 1 эмэгтэй орж ирээд дуудлага өгье гэсэн. Тухайн үед тэр эмэгтэй хөлдөө тавчик угалчихсан байсан. Дээгүүрээ өмссөн байсан хувцас хунарыг бол санахгүй байна. ...тухайн эмэгтэйгээс юу болсон талаар асуухад найзынхаа гэрт нэг найздаа хүчиндүүлчихлээ гэж хэлсэн. ...надад хэлэхдээ урьд шөнө нь бид нар шоудсан, Өсөхбаяр нь намайг 2 цаг гаран дарж хэвтсэн гэж ярьж байсан. ингэж ярьж байхдаа бага зэрэг салгалсан, сандарсан байдалтай байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26х/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 632 дугаартай шинжээчийн "...П.Пүрэвсайханы биед гэмтэл тогтоогдсонгүй. ...П.Пүрэвсайханы үтрээнээс авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн байна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 30х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г.Өыг хохирогч П.Пүрэвсайханы хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч П.Пүрэвсайхан тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад өгсөн мэдүүлгээрээ “нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн тул Г.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.Өт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь тус тус харгалзан нийгмээс тусгаарлан хүмүүжүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаанд тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Г.Ө хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Г.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналтандаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Г.Өт тэнсэнгийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ө урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ