Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 527

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: С******* дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Э, Н.О

Нэхэмжлэлийн шаардлага: “С******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Н.О нарын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар актын нөхөн татварт 10,538,141.9 төгрөг төлүүлэхээр тогтоосныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.Э, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: Д.Б миний бие нь Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газартай 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулан С******* дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Сэлбэ хотхон Г байрны 19 тоотын орон сууц болон 14 тоот автомашины зогсоолыг 2012 оны 05 дугаар сарын 26-наас 2014 оны 05 дугаар 26-ны өдөр хүртэлх хугацаанд хөлслүүлэхээр харилцан тохиролцсон. Энэхүү гэрээний зүйл болох 19 тоот орон сууц болон 14 тоот автомашины зогсоол нь миний өмчлөлийн зүйл биш бөгөөд миний хувьд өмчлөгчийг төлөөлөн гэрээ байгуулсан болно. Тодруулбал, уг үл хөдлөх хөрөнгө нь Ц.Г-ын өмч бөгөөд миний хувьд түүнийг төлөөлөн гэрээ байгуулсан юм.

Гэтэл С******* дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Э, Н.О нар нь ******* тоот актаар 10,538,141.9 төгрөгийн нөхөн татвар, 3,161,442.6 төгрөгийн торгууль, 4,792,320.1 төгрөгийн алданги нийт 18,491,904,6 төгрөгийн төлбөр төлөхийг шаардсан. Үүнийг миний бие эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлөөс актын торгууль болон алданги оногдуулсан хэсгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөлд хамруулан хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Миний хувьд татварын улсын байцаагч нарын ******* тоот актаар нөхөн татварт 10,538,141.9 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Учир нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон ... Монгол Улсын иргэн ... энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна” гэж заасан. Мөн хуулийн 8-р зүйлийн 8.1.3-д “хөрөнгийн орлогод татвар ногдуулах”, 13-р зүйлийн 13.1.1-д “хөрөнгийн орлогод түрээсийн орлого хамаарах”-аар зохицуулжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татвар төлөгч нь өөрийн хөрөнгийг бусдын эзэмшил, ашиглалтад төлбөртэйгөөр шилжүүлэн орлого олсон байх, тухайн орлогоосоо татвар төлөх үүрэг хүлээхээр байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийн орлого гэх ойлголт тухайн хөрөнгийн өмчлөгчийн хувьд үүсч буй үр шим юм. Иймд бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх эрх зөвхөн өмчлөгчид байдаг бөгөөд өмчлөгчийг төлөөлөн гэрээ байгуулснаар холбогдох татварыг төлөх үүрэг хүлээх боломжгүй юм.

Мөн  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19-р зүйлд хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг 19.1.1-д зааснаар хөрөнгө түрээслүүлснээс олсон нийт орлогоос тухайн хөрөнгийг түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хассан зөрүүгээр нь тодорхойлохоор заасан. Гэтэл хөрөнгийг түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардлыг огт хасаж тооцолгүй шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд С******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Н.О нарын 2017.03.22-ны өдрийн ******* дугаар актын нөхөн татварт 10,538,141.9 төгрөг төлүүлэхээр тогтоосныг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Э, Н.О нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: С******* дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй ТЕ******* тоот регистрийн дугаартай, иргэн Дашдоржийн Баянцагааны 2012 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07/212 тоот албан бичгийн дагуу удирдлагын шийдвэр, удирдамжаар шалгалт хийж, 105,381,419.40 төгрөгийн зөрчилд 18,491,904.60 төгрөгийн төлбөр ногдуулан төлүүлэхээр ******* тоот акт тогтоосон.

Хяналт шалгалтын явцад иргэн Д.Б-д зөрчлийг танилцуулж, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр актыг өөрт нь гардуулсан.

2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус иргэнийг шалгах томилолт олгогдсоны дагуу 02 дугаар сарын 31-ний өдөр утсаар холбогдож мэдэгдсэн боловч зав муу, хөдөө явж байна гэсэн шалтгаанаар хойшлогдож, 03 дугаар сарын 15-ны өдөр ирж уулзахад нь “Татварын хяналт шалгалт хийх томилолт”, Татварын ерөнхий газрын 07/212 тоот албан бичиг болон түүний хавсралтаар ирүүлсэн “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас орлого хүлээн авсан мэдээллийг танилцуулж, ярилцлага хийн, баримт материалыг шаардахад “ баримт олдохгүй, баримтаа олоод ирье” гэснээр шалгалтын ажил хойшлогдсон.  Бид “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад хандан, иргэн Д.Б-тай байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ” болон 2012-2014 онд орлого шилжүүлэхдээ Хувь хүний орлогын албан татвар суутгалгүйгээр төлбөрийг шилжүүлсэн харилцах дансны 12 гүйлгээний талаарх мэдээллийг авч өөрийн нэрийн харилцах  дансаар орж ирсэн орлоготой тулган шалгахад 2012-2014 онд нийт 105,381,419.40 төгрөгийн орлого олсон боловч 2012-2014 онуудад хувь хүний орлогын албан татварын тайлан гаргаж, татвар ногдуулаагүй байсан. Иймд тус иргэний орлого олсон нь анхан шатны баримтаар нотлогдож байгаа тул илэрсэн зөрчилд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот татварын улсын байцаагчийн актаар нийт 18,491,904.60 төгрөгийн төлбөр ногдуулсныг хууль ёсны, үндэслэлтэй гэж үзэж байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татвар болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө.” гэж заасан бөгөөд энэ хуулийн дагуу тухайн хугацаанд тайлан ирүүлээгүй байсан.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна.” гэж заасан. Иймээс 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тогтоосон татварын улсын байцаагчийн ******* тоот акт нь уг хуулийн хүрээнд хамрагдахгүй болно.

Иргэн Д.Б нь Нийслэлийн Татварын газрын болон Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргаж, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 52 тоот болон 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэн Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 07 тоот тус тус тогтоолоор татварын улсын байцаагчийн ******* тоот актаар 105,381,419.40 төгрөгийн зөрчилд 10,538,141.90 төгрөгийн нөхөн татвар, 3,161,442.60 төгрөгийн торгууль, 4,792,320.10 төгрөгийн алданги нийт 18,491,904.60 төгрөгийн төлбөр ногдуулснаас 3,161,442.60 төгрөгийн торгууль, 4,792,320.10  төгрөгийн алданги нийт 7,953,762.70  төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж, 105,381,419,40 төгрөгийн зөрчилд 10,538,141,90 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр актыг өөрчилсөн шийдвэр гарсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч  Д.Б  нь  тус  шүүхэд  “С*******  дүүргийн  Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Н.О нарын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар актын нөхөн татварт 10,538,141.9 төгрөг төлүүлэхээр тогтоосныг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтуудаас үзэхэд  С******* дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Э, Н.О нар нь С*******  дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг иргэн Д.Б-ы 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалтыг хийж, татварын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар  актаар орон сууцаа хөлслүүлж, 2012 онд 21,776,538, 00 төгрөгийн, 2013 онд 41,189,315,10 төгрөгийн, 2014 онд 42,415,566,30 төгрөгийн нийт 105,381,419,50 төгрөгийн орлого олсон боловч жилийн эцэст хувь хүний орлогын албан татварын тайлан гаргаж, тайлагнаагүй, татвар ногдуулж, төлөөгүй зөрчил нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1, 19 дүгээр зүйлийн  19.1, 19.1,1, 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.2-т заасныг тус тус зөрчсөнийг тэмдэглээд орон сууцаа бусдад хөлслүүлж, 2012 онд 21,776,538, 00 төгрөгийн, 2013 онд 41,189,315,10 төгрөгийн, 2014 онд 42,415,566,30 төгрөгийн  нийт 105,381,419,50 төгрөгийн татвар ногдуулах орлогод 10,538,141,90 төгрөгийн нөхөн татвар, 3,161,442,60 төгрөгийн торгууль, 4,792,320,00 төгрөгийн алданги нийт 18,491,904,50 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Дээрх татварын улсын байцагчийн актыг эс зөвшөөрч  нэхэмжлэгч  Д.Б нь Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд тус зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 052 дугаар тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг тус тус баримтлан татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан нийт 18,491,904,6 төгрөгийн  төлбөрөөс 3,161,442,6 төгрөгийн торгууль, 4,792,320,1 төгрөгийн алданги нийт 7,953,762,7 төгрөгийг өршөөлд хамааруулж, 105,381,419,4 төгрөгийн зөрчилд ногдох 10,538,141,9 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр актад өөрчлөлт оруулжээ.

Улмаар нэхэмжлэгч Д.Б нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 052 дугаар тогтоолыг хэвээр баталжээ.

 Нэхэмжлэгч Д.Б нь  нэхэмжлэлийн үндэслэлээ “  ... бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх эрх зөвхөн өмчлөгчид байдаг бөгөөд өмчлөгчийг төлөөлөн гэрээ байгуулснаар холбогдох татварыг төлөх үүрэг хүлээхгүй. ... хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг ... хөрөнгө түрээслүүлснээс олсон нийт орлогоос тухайн хөрөнгийг түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хасаж тооцоогүй нь ... хууль зүйн үндэслэлгүй” гэж маргажээ. 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “ Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон ... Монгол Улсад оршин суугч  Монгол Улсын иргэн ... энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна”, 8 дугаар зүйлийн 8.1-д “ Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараах орлогод албан татвар ногдуулна”, 8.1.3-т “ хөрөнгийн орлого”, 13 дугаар зүйлийн 13.1-д “ Хөрөнгийн орлогод дараах орлого хамаарна”, 13.1.1-д “түрээсийн орлого”, 13.2-т “ Түрээсийн орлогод хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлсний орлого хамаарна”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “ Хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно”, 19.1.1-д “хөрөнгө түрээслүүлснээс олсон нийт орлогоос тухайн хөрөнгийг түрээслэхтэй холбогдон гарсан зардлыг хассан зөрүүгээр нь”  гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд хөрөнгөө түрээслүүлж байгаа иргэн нь өөрт олсон түрээсийн орлогоос уг хөрөнгийг түрээслэхтэй холбогдон гарсан зардлыг хасаж, хуульд заасан хувиар ногдуулсан албан татварыг  төсөвт төлөхөөр байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б нь 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газартай “Орон сууц хөлслөх гэрээ” -г  2 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр С******* дүүргийн 7 дугаар хороо, Б*******гийн гудамж, 40-19 тоотод байрлалтай 133,5 м.кв талбай бүхий орон сууцыг сарын 2300 ам доллараар хөлслүүлж, / Монгол банкнаас тогтоосон тухайн үеийн ханшаар долларыг  монгол төгрөгт хөрвүүлснээр/ 2012 онд 21,776,538,0 төгрөгийн, 2013 онд 41,189,315,1 төгрөгийн, 2014 онд 42,415,566,3 төгрөгийн, нийт 105,3818419,5 төгрөгийн орлого олсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Д.Б-ы дансны хуулга  , Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын төлбөр шилжүүлсэн тодорхойлолт  зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д” Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “ татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”,  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “ Албан татвар төлөгч албан татвар ногдуулах орлогоо ... хуулийн дагуу үнэн зөв тодорхойлж, дор дурдсан хугацаанд албан татварыг төсөвт төлнө”,  27.1.3-д “ түрээсийн орлогод ногдох албан татварыг энэ хуулийн 23.1-д заасан хувиар тооцон, улирал тутам албан татвар ногдуулан дараа улирлын эхний 15-ны дотор”, 27.2-т “ Албан татвар төлөгч энэ хуулийн 13.1.1 ...-д заасан орлого олж байгаа бол уг орлогод энэ хуулийн 23.1-д заасан хувиар, ... тус тус албан татвар ногдуулан төлж, албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тухай бүр бүртгэн харьяа татварын албаар баталгаажуулах бөгөөд татварын жилийн эцэст уг албатай татварын тооцоо хийнэ” гэж тус тус заасны дагуу татвар төлөгч Д.Б нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч нар нь энэхүү үүргээ биелүүлээгүй гэж үзэн, 2017 оны ******* дугаар актаар  нөхөн татвар  ногдуулсан нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй байна. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Б нь албан татвар ногдох орлого олсон  Монгол Улсын иргэний хувьд албан татвар төлөгч мөн бөгөөд түүний орон сууцаа бусдад түрээслүүлснээс өөрт олсон  орлогод хуулийн дагуу татвар ногдохоор байх ба харин татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх нь түүний хуулиар хүлээсэн үүрэг гэж үзнэ. 

Иргэний хуулийн 306 дугаар зүйлийн 306.5-т “Орон сууц хөлслөгч буюу түүний гэр бүлийн гишүүний хүсэлтээр орон сууц хөлслөх гэрээг гэр бүлийн аль нэг гишүүнтэй байгуулж болох”-оор тодорхойлон заажээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн орон сууцыг хөлслөх гэрээг өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр түүний эхнэр Д.Б байгуулсан, түүнчлэн уг гэрээний дагуу орон сууцаа бусдад хөлслүүлснээс /түрээслүүлснээс/   тодорхой орлого олсон нь тогтоогдож байх тул  нэхэмжлэгч Д.Бы “  ... бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх эрх зөвхөн өмчлөгчид байдаг бөгөөд өмчлөгчийг төлөөлөн гэрээ байгуулснаар холбогдох татварыг төлөх үүрэг хүлээхгүй” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн Дэлхийн Зөн Олон улсын байгууллага нь тухайн орон сууцны ашиглалттай холбоотой зардлыг төлж байсан байх ба  хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг хөлслүүлэхтэй холбогдон гарсан бусад зардлын талаарх баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул  нэхэмжлэгчийн “ ... хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг ... хөрөнгө түрээслүүлснээс олсон нийт орлогоос тухайн хөрөнгийг түрээслүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хасаж тооцож тодорхойлоогүй” гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй  гэж үзлээ.

Иймд татварын улсын байцаагч нар нь нэхэмжлэгч Д.Б-ыг  2012-2014 онуудад орон сууцаа бусдад хөлслүүлж, 2012 онд 21,776,538,0 төгрөгийн, 2013 онд 41,189,315,1 төгрөгийн, 2014 онд 42,415,566,3 төгрөгийн, нийт 105,381,419,5 төгрөгийн орлого олсон боловч жилийн эцэст хувь хүний орлогын албан татварын тайлан гаргаж тайлагнаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж, акт тогтоосон нь   Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “ Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт ... бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ”, 43 дугаар зүйлийн 43.8-т “ Татварын хуульд заасан хугацаанд төлөөгүй татвар болон нөхөн ногдуулсан татварыг ... энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар тогтоосон журмаар төлүүлнэ” гэж заасантай нийцжээ. 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “ ... санхүүгийн боломжгүй байдал үүссэн, ... аргагүй байдал тохиолдсон “ гэж тайлбарлан маргаж байх боловч энэхүү үндэслэл, тайлбар нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ дээрх үндэслэл нь хуулиар тогтоосон албан татвараас түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий улсын байцаагчийн акт нь холбогдох хуулийг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн   нэхэмжлэлийн   шаардлагыг   бүхэлд  нь   хэрэгсэхгүй   болгох   нь үндэслэлтэй байна гэж  шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Д.Б, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын хооронд байгуулсан “Орон сууц хөлслөх гэрээ”-гээр  хувь хүний  орлогын албан татварыг Дэлхийн Зөн олон улсын байгууллага хариуцахгүй гэж талууд тохиролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасан заалтыг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 43 дугаар зүйлийн 43.8, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,  8 дугаар зүйлийн 8.1, 8.1.3, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1,  27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.2-т заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч Д.Б-ы “С******* дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Э, Н.О нарын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар актын нөхөн татварт 10,538,141.9 төгрөг төлүүлэхээр тогтоосныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дүгээр зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Ц.Б