Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 436

 

“Тэнгэр даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/01240 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Тэнгэр даатгал” ХХК,

Хариуцагч С.Ганцоож, “Бодь даатгал” ХХК-д холбогдох,

 

Хохирол болон даатгалын төлбөрт 2 389 992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч “Бодь даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах,

Хариуцагч “Бодь даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Ганцоож нь 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Nissan sunny маркийн 67-73 УНО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа “Тэнгэр даатгал” ХХК-ийн даатгуулагч “Рендер” ХХК-ийн Jeep Grand cherokee маркийн 33-39 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан ба уг осолд жолооч С.Ганцоож Замын хөдөлгөөний дүрмийн 11.8-д заасныг зөрчсөн буруутай болохыг тогтоосон байдаг. Үүний улмаас Jeep Grand cherokee маркийн машинд 4 745 984 төгрөгийн хохирол учирсан.

Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу В ангиллын тээврийн хэрэгслийн хувьд тохиолдол бүрт 1 удаа олгох нөхөн төлбөр нь 5 000 000 төгрөг хүртэл байна. Жолооч С.Ганцоож нь хариуцлагын даатгалыг “Бодь даатгал” ХХК-д даатгуулсан ба тус компани нь уг хохирлыг үндэслэлгүйгээр 50 хувь бууруулж 2 372 992 төгрөгийг “Рендер” ХХК-д олгосон. “Рендер” ХХК нь тээврийн хэрэгслийн даатгалыг нэхэмжлэгч “Тэнгэр даатгал” ХХК-д хийлгэсэн тул даатгалын гэрээний дагуу даатгуулагч “Рендер” ХХК нь үлдсэн 2 372 992 төгрөгийг “Тэнгэр даатгал” ХХК-иас гаргуулж авсан.

Даатгуулагч “Рендер” ХХК-ийн даатгалын нөхөн төлбөрийг төлснөөр нэхэмжлэгч “Тэнгэр даатгал” ХХК-д гэм хорыг шаардах эрх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар шилжсэн. Иймд даатгалын нөхөн төлбөрт шилжүүлсэн 2 372 992 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 17 000 төгрөг, нийт 2 389 992 төгрөгийг хариуцагч “Бодь даатгал” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Бид хариуцагч С.Ганцоожоос нэхэмжилсэн нэхэмжлэлээс татгалзаж байна. “Рендер” ХХК нь даатгалын хураамж бүрэн төлсөн ба уг хураамжийг төлсөн гэх баримт энд шаардлагагүй, хураамж төлөгдөхгүй бол даатгалын гэрээ байгуулагдахгүй. Жолооч С.Ганцоож нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.8-д заасныг зөрчин автомашины хаалгаа нээсэн үйлдлээс шалтгаалж осол гарсан, “Рендер” ХХК-ийн жолооч Б.Ганболдын буруутай үйлдэл нотлогдоогүй, 2.5-ын а, г, 9.2-ыг зөрчсөн гэж торгуулсан боловч энэ нь осолд нөлөөлөхгүй гээд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн албан бичгээр нотлогдсон. 2 жолооч 50, 50 хувийн буруутай гэж байхгүй. Зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь С.Ганцоожийн дүрэм зөрчсөн буруутай үйлдэл болох нь тогтоогдсон. Гэтэл С.Ганцоожийн даатгагч болох хариуцагч нь олгох ёстой нөхөн төлбөрийг үндэслэлгүйгээр 50 хувиар бууруулж олгосон. “Рендер” ХХК-д 2 372 992 төгрөгийг шилжүүлсэн баримт байгаа, хэрэгт өгсөн. Мөн нөхөн төлбөрийг олгох “эрсдлийн хороо”-ны тогтоол ч байна, даатгалын гэрээ нь эх хувиараа байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ганцоож шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэмбэрэлдагва шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Тэнгэр даатгал” ХХК нь хариуцагч С.Ганцоожоос нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул хуулийн дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөр нэмж хэлэх тайлбаргүй болно гэжээ.

Хариуцагч “Бодь даатгал” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч гэм хорын нэхэмжлэлээсээ татгалзсан. Хэрэгт авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй. “Тэнгэр даатгал” ХХК-иас нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч шилжүүлж аваагүй байна. Даатгалын тухай хууль, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулиудаар “Бодь даатгал” ХХК нь даатгалын үйл ажиллагааг эрхэлдэг. Nissan sunny маркийн 67-73 УНО улсын дугаартай автомашины жолооч С.Ганцоож нь даатгуулагч тул 5 000 000 төгрөгийн хэмжээнд учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэй.

Даатгалын нөхөн төлбөрийг 50 хувиар бууруулах үндэслэл байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч компанийн жолооч Б.Ганболдын буруутай үйлдэл байна гэж үзсэн. С.Ганцоож Замын хөдөлгөөний дүрмийн 11.8-д заасныг зөрчсөн ч “Рендер” ХХК-ийн автомашины жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-ын г, 9.2-т заасныг зөрчсөн, үүндээ торгуулсан тухай шийтгэвэр хэрэгт байдаг. Замын цагдаагийн дүгнэлт ч ирсэн байдаг.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 230 дугаар зүйлийн 230.3, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч нь гэм хорын хохирлыг бүхэлд нь шаардах эрхгүй. С.Ганцоожийг буруутай болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй, буруутай байсныг нотолсноор хохирол шаардах эрх үүснэ. Б.Ганболдын торгуулийн хуудас нь хуулбараар нотлох баримтын шаардлага хангаагүй авагдсан. “Тэнгэр даатгал” ХХК-д “Рендер” ХХК-ийн шаардах эрх шилжсэн эсэх нь тодорхойгүй, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар шаардах эрх үүсдэг, гэтэл даатгуулагчид нөхөн төлбөр гэж олгосон баримт байхгүй. Тушаал, даалгавраар шаардах эрх шилжүүлж авах боломжгүй. “Тэнгэр даатгал” ХХК шаардах эрх шилжүүлж аваагүй тул эрх бүхий этгээд биш байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Осол гарахад жолооч Б.Ганболын буруутай үйлдэл нөлөөлсөн эсэхийг дүгнэх нь ач холбогдолтой, ийм үйлдэл нь нөлөөлсөн гэж үзэж байгаа. С.Ганцоожийн хаалга онгойлгох ёсгүй газар хаалгаа онгойлгож зогссон нь нотлогдсон, бид гэм буруутай үйлдлийн талаар маргаан байхгүй. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д шийтгэвэр ногдуулахаар заасан, С.Ганцоожид торгууль ногдуулсан шийтгэврийн хуудас хэрэгт байхгүй.

Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т хариуцлага хүлээлгэх тохиолдлыг заасан, өөрөөр хэлбэл 2 жолоочийн буруутай үйлдэл нотлогдсон учраас нөхөн төлбөрийг 50 хувиар өгсөн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт хэрэв гэрээнд заасан бол даатгагч нь гуравдагч этгээдэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөр олгосноор шаардах эрхтэй боловч даатгалын гэрээ нь мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ёстой. Үүнийг хангасан эсэх нь тодорхойгүй байхад шаардах эрх шилжсэн эсэх нь тодорхойгүй байна. Ийм баримт ирээгүй байна. Жолооч Б.Ганболд бас буруутай, хариуцлага хүлээх үндэслэлтэй учраас 50 хувийг төлөх ёстой. Энэ хэрэгт ослын цэг, самбаачлах хугацаа ямар ч хамааралгүй. Жолооч Б.Ганболд нь шийтгэврээр арга хэмжээ авагдсан баримт байна, С.Ганцоожид шийтгэврийн хуудас байхгүй байна. Б.Ганболдын буруутай үйлдлээс манай даатгуулагчийн автомашинд хохирол учирсан байх, үүнийг бид нотлоогүй.

Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.4, 13.5, 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.1.4-т зааснаар нөхөн төлбөрийн 50 хувийг Б.Ганболд төлөх ёстой. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт хэрэв гэрээнд заасан бол даатгагч нь гуравдагч этгээдэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрх үүснэ, гэтэл гэрээнд заасан эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь “Рендер” ХХК-ийг даатгалын хураамж төлсөн гэдгийг нотлоогүй. Бид хохирлын хэмжээний талаар маргах зүйлгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., 443.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Бодь даатгал” ХХК-иас 2 372 992 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Тэнгэр даатгал” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 17 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Тэнгэр даатгал” ХХК нь хариуцагч С.Ганцоожоос нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 189 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52 918 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Бодь даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээ, тухайн гэрээний харилцааг зохицуулж байгаа хуулиудыг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Үйл баримтыг буруу дүгнэсэн тухайд, хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэвэл, нэхэжлэгчийн даатгуулагч нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а болон 9.2-т заасныг тус тус зөрчиж улмаар торгуулийн хариуцлага хүлээсэн байхад, шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэх хэсэгт “...Иргэний хуулийн 514 дүгээр зүйлиин 514.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хор учрах болон түүнээс гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд “Рөндер” ХХК-ийн жолооч Б.Ганболдын хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй...” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу шинжлэн судалж, хэргийг шийдвэрлэсэн байна. Улмаар энэ үндэслэл нь мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хэрэгт “Рендер” ХХК-ийн жолооч Б.Ганболдыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.5-ын “а,г” -д заасныг зөрчсөн гэж үзэж 10 000 төгрөгөөр торгосон шийтгэврийн хуудас авагдсан боловч ...осолд нэрвэгдэсэн хүнийг эмнэлгийн байгууллагад хүргэх гэх зэрэг үүргээ биелүүлээгүй байдал нь дээрх зам тээврийн осолд ...Б.Ганболдыг буруутгах, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл болохгүй байна” гэж буруу дүгнэхэд хүргэсэн гэж үзэж байна.

Нотлох баримтыг дутуу шинжлэн судалсан тухайд, нэхэмжлэгч нь өөрийн даатгуулагчийн хураамж төлөгдсөн эсэх талаар хуульд заасан нотлох баримтаар нотлоогүй байхад шүүх төлөгдсөн мэт дүгнэсэн байна. Тухайлбал шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэх хэсгийн 2-т “... даатгалын хураамжид 1 044 000 тагрөг төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, тус компаниудын хооронд байгуулсан ...513-1554629 тоот Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээт баталгаа зэргээр нотлогджээ.” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.5, 437 дугаар зүйлд тус тус заасныг зөрчиж дүгнэсэн буюу даатгалын хураамж төлөгдсөн нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн тайлбар, гэрээгээр дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Улмаар шүүхийн энэхүү буруу үндэслэл нь хэргийг шийдвэрлэсэн бусад үндэслэлд буруугаар нөлөөлж үндэслэх хэсгийн 4-т “... Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д ...гэсний дагуу ... нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.” гэж хуулийг  буруу  хэрэглэж  дүгнэхэд  хүргэсэн  байна. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгч нь тус нөхөн төлбөрийг нэхэмжлэн авах эрхтэй болохыг нотлох хангалттай нотлох баримт бүрдээгүй, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.6, 123.8, 123.9 дэх хэсэгт тус тус заасан үүргээ биелүүлээгүй байхад хуулийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжпэлийн шаардлага түүний үндэслэлийн хэмжээ болон нотлох баримтад үндэслэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул дээр дурдсан нөхцөл байдал болон үйл баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч “Бодь даатгал” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь, мөн хариуцагчид холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх буруутай этгээдээс төлбөр шаардах даатгуулагчийн эрх, даатгагчид шилжихтэй холбоотой маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрийг залруулах шаардлагатай, талуудын тайлбар, хэргийн баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.   

            Нэхэмжлэгч “Тэнгэр даатгал” ХХК нь “Бодь даатгал” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр болон хохиролд 2 389 992 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ даатгуулагчид нөхөн төлбөр төлснөөр гэм хорыг шаардах эрх даатгагчид шилжсэн гэж тайлбарлажээ.

            Жолооч С.Ганцоож 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Nissan sunny” маркийн 67-73 УНО улсын дугаар бүхий автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зөрчил гаргаж, осол гаргасны улмаас “Рендер” ХХК-ийн “Jeep grand Cherokee” маркийн 33-39УНС дугаартай автомашинд 4 745 984 төгрөгийн хохирол учирсан үйл баримтын талаар талууд маргаагүй, харин уг осолд хохирогч нь мөн адил буруутай гэж үзсэнтэй холбоотойгоор нөхөн төлбөрийг даатгагч бүрэн төлөх үндэслэлтэй эсэхээр маргажээ.

Даатгалын хугацаанд үүсэх хариуцлагатай холбоотойгоор гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс даатгуулагчийг чөлөөлж, даатгагчаас олгох нөхөн төлбөрийн хэлбэрээр хохирогчийг хохиролгүй болгож, эрсдэлээс хамгаалахад хариуцлагын даатгал чиглэх бөгөөд Жолоочийн даатгалын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дэх хэсгийн “даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон бол нөхөн төлбөрийг хохирогчид олгох” тухай болон мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх “хохирогчид хохирол учирсан нь даатгуулагчийн гэм буруутай холбоогүй бол буруутай этгээдээс нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх” эрхтэй байх зохицуулалтаас үзвэл даатгагчаас олгох нөхөн төлбөрийн хэмжээнд хохирогчийн буруутай байдал нөлөөлөхөөр байна.

Ослын газарт үзлэг хийсэн замын цагдаагаас жолооч С.Ганцоожийг Замын хөдөлгөөний дүрмийн 11.8 дахь заалтыг зөрчсөн гэж 10 000 төгрөгөөр, жолооч Б.Ганболдыг мөн дүрмийн 2.5-ыг “г”, 9.2-т заасныг зөрчсөн  гэж 10 000 төгрөгөөр тус тус торгосон баримт /хх-85/ хэрэгт авагдсанаас үзвэл даатгуулагч болон хохирогчийн гэм буруутай эсэх нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзэх тул даатгагч “Бодь даатгал” ХХК нь даатгуулагч С.Ганцоожийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхдөө жолооч Б.Ганболдын гэм буруутай байдлыг харгалзан, хохирогчийн автомашины нөхөн төлбөрийг 50 хувиар олгосон нь хууль зөрчөөгүй байна.

Хэрэгт “Рендер” ХХК нь “Jeep grand Cherokee” маркийн 33-39УНС дугаартай автомашинаа “Тэнгэр даатгал” ХХК-д даатгуулсан 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн  тээврийн хэрэгслийн үндсэн даатгалын баталгаа /хх-82, 117-119/ авагдсан ба тус даатгалын гэрээний 10.6-д “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас учирсан хохирлыг 50 хувиар тооцож нөхөн төлөх”-өөр талууд харилцан тохиролцсоны дагуу “Тэнгэр даатгал” ХХК-иас “Рендер” ХХК-д 2 372 992 төгрөгийн нөхөн төлбөр олгосныг /хх-84/ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Иймд даатгуулагчийн автомашинд учирсан хохирлыг даатгагч нь хууль болон гэрээнд зааснаар нөхөн төлсөн тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан “учирсан хохирлыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдол” бүрдэхгүй бөгөөд  нэхэмжлэгч “Тэнгэр даатгал” ХХК тээврийн хэрэгслийн үндсэн даатгалын гэрээний дагуу даатгуулагчид нөхөн төлбөр олгосноо “Бодь даатгал” ХХК-иас шаардах үндэслэлгүй юм.

Шүүх хэргийн дээрх үйл баримтыг зөв дүгнээгүй, жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөртэй холбоотой зохицуулалт болон гэм хорыг нөхөн төлснөөр гуравдагч этгээдээс шаардах эрх даатгагчид шилжих талаарх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөж дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.   

 Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/01240 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг   “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-иас 2 372 992 төгрөгийг гаргуулах тухай” “Тэнгэр даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын  “...үлдээж, хариуцагчаас 52 918 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “үлдээсүгэй” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 52 918 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ